Есүс Христийн сайн мэдээ гайхширмаар
Ерөнхийлөгч Баллардын оролцсон, 2022 оны И ба С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг
2022 оны 1-р сарын 21-ний баасан гараг
Оршил
Юуны түрүүнд би та бүхэнд Сүм даяарх өсвөр үеийнхэн болон залуучуудын төлөө хийж байгаа бүх зүйлд тань талархаж байгаагаа илэрхийлье. Та нарын ангид Сүмийн ирээдүй сууж байгаа бөгөөд суралцагчдадаа үйлчилж, санаа тавьдаг аргууд тань гайхалтай. Ах, эгч нар аа, Есүс Христийн сайн мэдээ бол гайхширмаар.
Өнөөдөр би итгэл, гэрчлэл, Есүс Христийн сайн мэдээний гайхширам байдлын тухай хэрхэн үр дүнтэй зааж болох талаар яримаар байна.
Сэдвээ танилцуулахын тулд би урт хугацааны турш биширсээр ирсэн боловч хааяахан мартагнасан байсан нэгэн урлагийн бүтээлийн тухай та нарт тайлбарлаж өгье. Олон жилийн өмнө, Бостоны дүрслэх урлагийн музейд тайлбарлагчаар ажилладаг найз минь надад зөвлөгөө өгсөн юм. Гэр орондоо урлагийн бүтээл тавихдаа үе үе сэлгэж байрлуулж байхгүй бол яваандаа уг бүтээлээ анзаарч харахаа больчихдог гэж тэр хэлж билээ. Эхнэр бид хоёр Караважиогийн Гэгээнтэн Матайг дуудсан нь хэмээх уран зургийг олон жил биширсэн. Энэ зураг манай гэрт нэг газраа нэлээд хэдэн жил өлгөөтэй байсан тул би энэ бүтээлийн гайхамшгийг өмнө нь зогсож байгаад харахаа больсон байлаа. Энэ намар би уг зургийг Сүмийн удирдах төвд байдаг албан өрөөндөө аваачиж тавив. Яагаад ч юм, уг зургаа шинэ газарт харахад гайхамшигт загвар, сүнслэг өгүүлэмж нь намайг бодлогошроход хүргэсэн юм. Лукийн номоос бид “Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад, —Намайг дага гэж түүнд хэлэхэд тэр бүхнээ орхин босож, Түүнийг дагалаа” 1 гэж Матайн тухай уншдаг. Сонирхолтой нь, Караважио Христийн урих үеийн мөчийг болон Матайн Аврагчтай харц тулгарахын яг өмнөх агшныг дүрсэлдэг. Та нар Христийн сунгасан гар өрөөнд хэрхэн хүрч, гэрлээ тусган, ширээний төгсгөлд мөнгөн дээрээ гараа тавьсан хэвээр байгаа Матай дээр бууж байгааг харж байна. Матай байгаа бүхнээ орхин Христийг дагах шийдвэрээ гаргах торгон агшныг Караважио буулгажээ. Энэ зургийг харан зогсох бүрдээ би илэрхийлж буй утга учрыг нь бахдан гайхширдаг.
Ах, эгч нар аа, Есүс Христийн сайн мэдээ бол гайхширмаар! Аврагч Есүс Христийн төрөлт, амьдрал, тохинуулал, амилуулалт хамгийн ер бусын түүхийг өгүүлдэг. Гэвч эдгээр хэцүү цаг үед 2 бид зүдэрч буй нэгэнд туслахыг хичээхдээ ч гэсэн энэхүү гайхширам захиасыг харалгүй өнгөрчихдөг талтай. Ерөнхийлөгч Нэлсон саяхан бидэнд хандаж, “Хайрт ах, эгч нар минь, энэ бол хожмын өдрүүд юм. Та бидний хүн нэг бүр ирж буй аюул, дарамтыг даван гарахын тулд Есүс Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр сүнслэг сууриа бат бөх тавьсан байх нь зайлшгүй чухал” 3 гэж заасан.
Итгэлийн талаарх суралцагчдын асуултад хариулах
Өнөөдөр манай олон суралцагч сэргээгдсэн сайн мэдээ болон Мормоны Ном үнэн эсэх, бүр амьдралд нь Бурханы оршихуй байдаг эсэхийг асуухад хүргэдэг итгэлийн сорилтуудтай тулгарч байна. Цахим эх сурвалжууд сайн мэдээний үнэнээс тэднийг холдуулдаг. Эдгээр эх сурвалж бүгд итгэлийг сорьдоггүй ч байгаа асуултуудыг дөвийлгөж, шинэ асуултуудыг гаргаж ирдэг. Танай суралцагчдын амьдралд ойр санагдах гурван хүний түүхийг би хуваалцъя.
Стефани: Стефани Сүмд өссөн боловч эцэг эхийнх нь гэрлэлт асуудалтай байгаагаас болж тойрог, найз нөхдийн хүрээллийн гадна байгаа мэт мэдэрсээр иржээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр уурлаж хорссоор, яагаад ч юм Сүмийг энэ бүхэнтэй холбож ойлгох болов. Стефани Сүмийн эсрэг байр сууриа илэрхийлсэн эх сурвалжуудыг идэвхтэй хайх болж, Иосеф Смитийн бошиглогчийн хувьд гүйцэтгэсэн үүргийг үл ойшоон, түүнийг шүүмжилсэн зүйлүүд дээр төвлөрөх болжээ. Стефани одоо ихэвчлэн сошиал медиагаар найз нөхдийнхөө итгэл үнэмшлийг хууртагдсан, цаг үеэсээ хоцрогдсон гэж үзэн, дайрч давшилдаг болов. Энэ нь түүний уур хорслыг улам дэвэргэж, сүүлдээ тэрээр Сүмийн эсрэг байр суурьтай аливаа зорилго, бүлэгт нэгдэх сонирхолтой болжээ.
Дэвид: Дэвидийн асуултууд дээрхтэй адил ихэвчлэн Сүмийн түүх рүү чиглэсэн боловч нөхцөл байдал нь тэс өөр юм. Тэрээр маш итгэлтэй эхэлсэн боловч номлолоосоо ирээд, номлолын өмнө бүрэн мэддэггүй байсан сэдвээрээ асуулт тавьж эхлэв. Эдгээр асуулт Сүмийн эсрэг байр суурь бүхий эх сурвалжууд руу түүнийг хөтөлж, улмаар тэрээр гэрчлэл, итгэл үнэмшилдээ эргэлзэж эхэлжээ. Дэвид сайн мэдээний үнэний талаар олон удаа гэрчлэл олж авсан туршлагатай хэдий ч амьд бошиглогчдын үгийг судалж, Мормоны Номыг уншихаа больсон аж. Дэвидийн сүнслэг асуултуудад өөр эх сурвалжууд хариулт өгч эхэлсэн байна. Тэрээр Сүмийг эсэргүүцэхгүй байгаа ч гэсэн төөрөлдөж, зогсонги байдалд орон, улмаар институт болон Ням гаргийн цуглаандаа оролцохдоо хойрго болсон юм.
Конни: Конни Стефани шиг дайрч давшлаагүй, Дэвид шиг зогсонги байдалд ороогүй. Эцэг эх нь саяхан салж, гэр орон доторх байнгын үг хэл болон сэтгэл санааны дарамттай холбоотой амьдралд нь ирсэн сорилтуудын улмаас тэрээр зовж шаналж байгаа. Үүнээс үүдэлтэй сэтгэлийн шархнаасаа болж тэрээр тайтгарах арга замыг хайж эхэлсэн юм. Гэвч Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан эдгэрэх гэж эрэлхийлэхийн оронд Конни өөрийгөө ойлгуулах, өрөвдүүлэхийн тулд өөр бүлгүүд рүү хандаж эхэлжээ. Тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн болон ижил хүйстэндээ татагдах асуудалдаа шаналсан мөн сэтгэл гутралд орж, амьдралдаа эргэлзсэн хүмүүстэй нийлж эхэлсэн юм. Ийм хүмүүстэй нийлснээр Коннигийн сэтгэл тайтгарсан ч шинэ асуултуудтай тулгарчээ. Тэр болон түүний шинэ найзууд тулгарсан асуудлууддаа Сүмийг буруутгаж, Бурханы хуулиудыг тоохгүй орхивол сэтгэлийн шарх нь арилна гэж найддаг байв. 4 Тэр Сүмд болон институтэд оролцохоо болиод зогсохгүй, өөрчлөгдөж, бусдыг уучлах хэцүү замаас холдуулан, шаналлыг нь мартуулахад тусална гэж найдсандаа өөр зан үйлүүд хийж эхэлжээ.
Эдгээр суралцагч бүр итгэлийн уналтад орсон ч уналтынх нь шалтгаан өөр өөр байсан юм. Нэг нь уур хорсолд автаж, ил тодоор эсэргүүцэж эхэлсэн бол, нөгөө нь төөрөлдөж, гадны дуу хоолойн нөлөөнд автсан, гурав дахийнх нь сэтгэл шаналсандаа бачимдаж, Сүм дэх хэцүү зам гэж харагдсан зүйлээс зугтаж, нуугдахыг хичээсэн. Тэд Z үеийнхний (буюу Жен З) төлөөлөл бөгөөд зохион байгуулалттай газарт итгэдэггүй, сүмд цөөн ирдэг мөн энэ бүгдийн дээр зөв бурууг нь тогтоодог албан ёсны жишиг байдаггүй буюу ёс суртахууны харьцангуй онолыг дагадаг бүлэг юм. Барна группээс явуулсан саяхны судалгаанд “Ёс суртахууны харьцангуй онол нь Z үеийнхний ертөнцийг үзэх үзэлд уусаад зогсохгүй бүр олонхын үзэл болж чадсан” 5 гэж тайлбарласан байдаг.
Сайн мэдээний багш нарын хувьд бид Стефани, Дэвид, Конни нартай адил суралцагчдад хүрэх арга замыг олох ёстой. Тэдний асуултууд, санаа зовнидог зүйлс бодит бөгөөд тэдгээрийг тоохгүй орхиж болохгүй. Бид тэдний асуултуудад энэрч хайрлах, ойлгох сэтгэлээр хандаж, аюулгүй орчин нөхцөлд асуумаар байгаа зүйлээ асуух боломжоор хангах хэрэгтэй. Бид тэдний асуудлуудыг ойлгож хариулах чадвартай болох хэрэгтэй. Шашны институт, семинарын [И ба С] эх сурвалж дахь Сүнслэг мэдлэг олж авах гэсэн хэсэгт “Зарим үед Сүмийн сургаал, зан үйл, түүхийн талаар ойлгоход бэрх шинэ мэдээлэл, асуулт гарч ирж магадгүй. Асуулт тавьж, хариулт эрэлхийлэх нь үнэнийг мэдэж авахын төлөөх бидний хүчин чармайлтын амин чухал хэсэг юм” 6 гэсэн байдаг. Энэхүү институт, семинарын [И ба С] эх сурвалжид суралцагчдын итгэлийн асуултуудад хариулахдаа, тэдэнд 1) итгэлээр үйлдэж, 2) аливаа ухагдахууныг мөнхийн талаас нь харж судлах, мөн 3) найдвартай эх сурвалжаас судалж байх талаар заахыг зөвлөсөн байдаг. Үүнтэй адилаар, BYU Studies саяхан “Багшийн гуйлт” нэртэй нийтлэл гаргасан бөгөөд зохиогч нь шашны боловсролын багш нарыг зааж буй зүйлсийнхээ эх сурвалжийн талаарх нарийн мэдээллийг тайлбарлах, түүхийг хэт хялбарчлахаас зайлсхийх, олон хүний зүрх сэтгэлд байдаг асуудлыг авч хэлэлцэх хүсэлтэй байхад уриалсан юм. 7 Үүнтэй адилаар Эрик, Сара Де Эвэгнийс хоёрын “буцаж хөрвөх” сэдвээр саяхан явуулсан судалгаа нь биднийг хүмүүсийн шашны асуудалд туслахдаа, тэднийг Бурхантай харилцах харилцаанаас нь холдуулахгүй байх арга замаар тусалж байхыг дэмжсэн. 8 Мэдээж, Сүм өөрөө олон суралцагчийн гаргаж ирдэг түүхэн, сургаалтай холбогдолтой асуултуудад хариулж, эдгээрийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд сайн мэдээний сэдвүүдийг гаргасан. Байгааг нь хүлээн зөвшөөрч, хариултыг нь өг, гэхдээ хоёрдогч асуултын араас бүү хөөцөлд.
Байгааг нь хүлээн зөвшөөрч, хариултыг нь өг, гэхдээ хоёрдогч асуултын араас бүү хөөцөлд
Суралцагчдад итгэлийнх нь уналтыг даван туулахад туслах мөн сайн мэдээний талаарх асуултуудыг нь шийдвэрлэх эх сурвалжууд бий болсон нь бахархууштай гэдгийг би манай шашны бүх багшид тодорхой хэлмээр байна. Үнэндээ өнөөдрийн нөхцөл байдалд суралцагчдынхаа итгэлийн асуудлуудыг олж мэдэхгүйгээр сайн мэдээний үр дүнтэй багш болох боломжгүй гэж би бодож байна. Суралцагчдынхаа асуултуудад хариулахын тулд бидэнд эдгээр эх сурвалжийг илүү сайн ашиглах шаардлага тулгарна.
Суралцагчдад асуудлаа шийдэхэд нь туслахдаа, тэдний итгэлийн тодорхой нэг асуултад хэт төвлөрч, Есүс Христийн сайн мэдээ ямар гайхширам болохыг заах боломжоо алдахгүй байхад анхаарвал зохино. Чад Х Вэбб ах энэ нь “хүмүүст харанхуйн манангаас гарахад нь туслахын тулд харанхуйд төвлөрөхтэй адил” гэж надад тайлбарласан. Бид харанхуй оршин байгааг үл анзаарахуйц харалган байж болохгүй, гэвч зөвхөн үүн дээр төвлөрөөд байж бас болохгүй. Ахлагч Лорэнс Э.Корбриж үүнийг хоёрдогч асуултуудыг анхдагч асуултаас дээгүүр тавих гэж хэлсэн байдаг. БЯИС-ийн онцгой цугларалт дээр ахлагч Корбриж:
“Хоёрдогч асуулт хэзээ ч дуусахгүй. Тэдгээрт Сүмийн түүх, олон эхнэртэй байх ёс, африк гаралтай хүмүүс ба санваар, эмэгтэйчүүд ба санваар, Мормоны Ном хэрхэн орчуулагдсан тухай, Агуу Үнэт Сувд, ДНХ болон Мормоны Ном, ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлт, Анхны үзэгдлийн тухай өөр өөр түүх гэх мэт олон асуулт багтдаг.
Хэрэв та анхдагч асуултуудын хариултыг авах юм бол хоёрдогч асуултууд хариулагддаг, эсвэл тэдгээр нь үүний дэргэд ялихгүй чухал зүйл мэт санагдаж, улмаар та ойлгодог, ойлгодоггүй, санал нийлдэг, нийлдэггүй зүйлсээ нааш цааш үсчилгүйгээр шийдвэрлэж чадна” 9 гэж дурдсан байдаг.
Тиймээс суралцагчдынхаа асуудлуудыг сонсож, асуултаа тавих аюулгүй орчин нөхцөлийг нь бүрдүүлж, найдвартай эх сурвалжуудаас гаргаж ир. Харин ингэх явцдаа Есүс Христийн сайн мэдээний гайхширам шинж чанарыг анзаарахгүй өнгөрч болохгүй. Караважиогийн сод бүтээлийн тухай миний ярьсан түүхэнд гарсан шиг нүдний чинь өмнө байгаа гайхширам шинж чанарыг анзаарахгүй бүү өнгөрөөгөөрэй. Үүнийг нүдний торлогийн өвчинтэй адилтган тайлбарлая. Энэ өвчин нь харааны гол хэсгийг хаадаг бөгөөд зөвхөн захын хараа нь үлддэг. Энэ өвчнөөр өвдсөн хүн зах ирмэг хавьд харж байгаа зүйлээрээ урдах зүйлээ тодорхойлох хэрэгтэй болдог. Суралцагчдадаа өмнөө байх ёстой сайн мэдээний гайхамшигт шинж чанарыг захад харагдаж байгаа зүйлсээрээ хаахыг бүү зөвшөөр. Ерөнхийлөгч Өүкс бидэнд “Бид [төв] үзэл баримтлалаа эдгээр үнэнд суурилуулахгүй бол бидний дүгнэлт үнэн эсэх нь эргэлзээтэй байх болно” 10 гэж заасан. Жишээ нь, хэрэв бид энэхүү төвлөрсөн зорилгоо умартвал “Институтийг шинэчлэх” ажил ч бүтэлгүйтэх болно. Бид таныг зааж байгаа хичээлээ илүү холбоо хамааралтай, илүү нээлттэй, нийтлэг байлгахад уриалж байна. Гэвч ийм их хүчин чармайлт гаргасан ч Есүс Христэд хөрвөх суурь зарчмаа орхигдуулах юм бол “хоёрдогч асуултууд” болж хувирах эрсдэлтэй. Аврагч дээр сүнслэг сууриа тавьж байж л суралцагчид маань энэхүү хожмын өдрүүдийн дарамт, аюул заналыг давж чадна. 11
Есүс Христийн сайн мэдээ гайхширмаар
Есүс Христийн сайн мэдээ гайхширмаар гэдгийг би хэд хэдэн удаа хэлсэн. Би энэ ухагдахууны талаар анх ахлагч Жэффри Р.Холландыг шашны багш нарт хандан, Есүс Христийн сайн мэдээ ямар гайхширмаар болохыг заах ариун үүрэг хариуцлагын талаар ярьж байх үед сонссон юм. Сайн мэдээний гайхширам байдлын талаарх яриа Аврагчтай Өөртэй нь холбогдсон байдаг нь, үл итгэгч хүмүүст синагогт заасан судар дээр гардагчлан “Амралтын өдөр Есүс синагогт сургаал зааж эхлэхэд, сонссон олон гайхаж—Хаанаас энэ хүн эдгээрийг авав?” 12 гэж гайхширдгаас харагдана. Уулан дээрх номлолын төгсгөлд “Тэгээд Есүсийг үгээ гүйцээмэгц ард олон сургаалыг нь гайхаж байлаа” 13 гэж гардгийг бид мэднэ. Мормоны Ном дээр Аммоны итгэлтэй байдалд Лэмонай “үлэмж гайхан балмагд[жээ]” 14 гэж гардаг. Эдгээр болон бусад олон жишээнд гайхширах гэдэг үг нь итгэн үнэмшиж чадахгүй байсан хүмүүс эцэст нь сайн мэдээний хүч болон гайхамшгийг хүлээн зөвшөөрснийг илэрхийлэхэд ашиглагддаг. Хиламаны номд хүмүүс “үлэмж гайхан цочирдож, үүний хэрээр тэд газар унав; учир нь тэд … Нифайн ярьсан үгсэд итгээгүй байжээ” 15 гэж гардаг. Үүнээс харахад, үл итгэх байдал нь Есүс Христийн сайн мэдээний гайхалтай байдал болон сургаалтай нүүр тулах үед ийн гайхширахад хүргэдэг бололтой. Энэ нь эргэлзээнд автсан хүн бүрд, тэр тусмаа миний өмнө дурдсан Стефани, Дэвид, Конни нарын хувьд үнэн юм. Тэд зөвхөн Христийн гайхширам шинж чанартай тулснаар л хорсол, эргэлзээ, шаналлаа давж чадна.
Ах, эгч нар аа, итгэлийн талаар асуулттай тулгарсан хүмүүсийг сонсож, хайрлаж, ойлгохыг хичээж байгаарай. Үүнийг бүх суралцагчид аюулгүй, нээлттэй орчин бүрдүүлж, найдвартай эх сурвалжууд руу тэднийг чиглүүлж, асуудлуудыг нь шийдэх замаар хайрлах сэтгэлээр хийгээрэй. Ингэхдээ Есүс Христийн сайн мэдээний анхдагч асуултын гайхширам хариултуудад төвлөрөхөө бүү март.
Амьдрал дахь “уран зургуудын байрыг сольж,” суралцагчдадаа яг өмнөө байгаа Аврагчийн гайхширам байдлыг цаг гарган тунгаан бодоход нь тусалцгаая. Сорилтууд тулгарах нь мэдээж бөгөөд энэ нь бидний мөнх бус амьдралын замналын нэгээхэн хэсэг юм. Бурханы хүүхдүүдийн амьдралын замналыг Есүс Христ хэрхэн үндсээр нь өөрчилж байгаа тоолж баршгүй олон арга замыг олж харахад нь залуу үеийнхэндээ тусалцгаая.
Жишээ нь, Бостон хотын төв дүүргийн маань өсвөр үеийнхэн Есүс Христийн сайн мэдээнээс зууран барьснаар, энэ нь тэднийг номлолд, их сургуульд, ариун сүмийн гэрлэлтэд, мөн одоо эцэг эх болоход, түүнчлэн Сүмийн удирдагчид болоход хөтөлсөнд би гайхширдаг. Тэдний хаанаас эхэлснийг бодож үзэх юм бол тэдний амьдралд юу тохиолдсон нь үнэхээр ойлгохын аргагүй. Саяхан Гилбэрт эгч бид хоёр Сан Антониод нэгэн залуухан аавтай таарсан ба түүний талаар бодох үед надад гайхширал төрж байна. Тэрээр сайн мэдээний шалгууруудад хэзээ ч хүрч чадахгүй гэж айж байжээ. Эцэст нь тэр бидний хэн нь ч төгс биш бөгөөд зөвхөн Есүс Христээр дамжуулан хувь хувьдаа хөгжиж чадна гэдгийг ойлгосон юм. Энэ бол Луис Варгас ах, эхнэр Андриа, охин Софиа хоёрынхоо хамт, номлогчидтой уулзсанаас хойш таван жилийн дараа баптисм хүртэхээр амлалт өгсөн өдөр юм. Христэд итгэх түүний итгэл, өөрчлөлтийг хараад би гайхширч билээ. Миний найз Жон Раасс эхнэр, хүүхдүүд нь итгэлийн сайн үлгэр жишээг үзүүлдэг байсан ч Сүмд оролгүй 30 жил болсон бөгөөд би түүнтэй уулзаад бас гайхширсан. Гэр бүлд нь тохиолдсон хүнд явдлаас болж дарууссан Раасс ах адислал хүссэн бөгөөд номлогч эгч нартай уулзахыг зөвшөөрөв. Улмаар тэр шийдвэр нь түүнийг хүү, охин хоёртойгоо хамт баптисм хүртэж, гэрээний зам дээр гарахад хөтөлжээ. Өөрийн амьдралын тухайд хэлэхэд, би үйлчилж, тохинуулдаг хүмүүс болон хүүхдүүдийн маань залбиралд хариулж, гэрчлэлийг маань батлан, надад ярьж буй Их Эзэнийг сонсох үедээ гайхширдаг.
Ах, эгч нар аа, Есүс Христийн сайн мэдээ бол гайхширмаар. Бурханы хүүхдүүдийн амьдралыг Аврагч хүчтэйгээр, үр нөлөө нь урт хугацаанд байхаар өөрчилдөг. Тэр биднийг илүү сайн болж, бусдад үйлчилж, биднийг өөрсдийнхөө хүчээр болж чадахаас илүү сайн хүмүүс болоход уриалдаг. Есүс Христийн сайн мэдээ ямар гайхширам болохыг харуулах арга замаар суралцагчдадаа заацгаая. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.