Жил тутмын нэвтрүүлэг
Семинар миний амьдралыг адисалсан


34170:14

Семинар миний амьдралыг адисалсан

Ерөнхийлөгч Баллардын оролцсон 2022 оны И & С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2022 оны 1-р сарын 21-ний баасан гараг

Өглөөний мэнд. Та бүхэн энэ өглөө гайхалтай сургалтыг авлаа. Та бүхний сонссон бүхнийг би баталж, агуу үүрэг хариуцлага хүлээсэн та бүхэнтэй уулзсан энэ гайхалтай уулзалтад нэмж үг хэлэхэд Их Эзэн надад туслаасай хэмээн би залбирч байна. Би та нартай хамт байгаадаа баяртай байна. Би та нарын хүн нэг бүрд хайртай бөгөөд энэ хайрыг минь та бүхэн гэр бүлийнхэндээ дамжуулна гэж найдаж байна. Би та бүгдэд Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхны хайрыг дамжуулж байна. Сүмийн залуу гишүүдийн маань амьдралыг адисалж, гэрчлэлийг нь хүчирхэгжүүлэх Есүс Христийн сайн мэдээг зааж буй та бүхний онцгой бөгөөд итгэлтэй хичээл зүтгэлд бид талархдаг.

Би эхлээд семинар миний амьдралыг хэрхэн адисалсан тухай ярихыг хүсэж байна. Энэ нь сайн мэдээний гэрчлэлийн үрийг суулгаж, номлолдоо болон удирдагч болох боломжуудад өөрийгөө бэлтгэхэд минь надад тусалсан юм.

Би ээжийнхээ талаас бошиглогч Бага Иосеф Смитийн ах Хайрум Смитийн гуч хүү бөгөөд Сүмийн зургаа дахь ерөнхийлөгч Иосеф Ф.Смитийн жич хүү гэдгийг маань та бүхэн мэддэг байж магадгүй. Би бас аавын маань аав болох ахлагч Хайрум Мак Смит, ээжийн маань аав болох Мелвин Ж.Баллард гэдэг хоёр Төлөөлөгчийн ач хүү билээ.

Энэ эрчүүд миний өвөг дээдэс учраас намайг өсвөр насандаа л сайн мэдээг зүрх сэтгэлийнхээ гүнд шингээсэн байх гэж та бодож байж магадгүй. Гэхдээ тийм байгаагүй. Би та бүхэнд эцэг эхийнхээ тухай мөн номлолын үйлчлэл хийх хүртэлх амьдралынхаа талаар бага зэрэг хуваалцъя.

Аав маань өөрийн гэсэн автомашин борлуулалтын газартай байсан. 1929 онд, намайг дөнгөж 10 сартай байхад их хямрал нүүрлэсэн аж. Энэхүү хямралаас үүдсэн эдийн засгийн хүндрэлүүд миний эцэг, эх, гэр бүлд, ялангуяа аавд маань таагүй эргэлт авчирсан. Энэ хүнд хэцүү үед гэр бүлээ тэжээхийн төлөө аав маань маш их санаа зовох болсон нь түүнийг Сүмийн үйл ажиллагаанаас холдуулсан юм.

Хожим нь намайг том болоход манай санхүүгийн байдал тогтворжиж, аав маань Солт Лэйк хотын зүүн талын ууланд газар худалдаж авсан. Тэрээр ням гарагт тэндээ байшин барьж цагаа өнгөрөөн, бид түүнтэй хамт ажилладаг байлаа. Бид гэр бүлээрээ Сүмийн цуглаанд оролцдоггүй байв.

Эцэг, эх маань Сүмийн үйл ажиллагаанд оролцохоо больсон ч гэрийнхэн маань гэртээ байх үед найзуудтайгаа хамт шүтэн бишрэх цуглаанд очих эсвэл хайрт ээжтэйгээ хамт залбирахыг маань хориглодоггүй байсан юм. Гэсэн хэдий ч би семинарт явдаггүй байсан.

Намайг ахлах сургуулийн 11-р ангид байхад Недра Мортэнсэн гэдэг найз маань надаас яагаад өглөөний семинарт явдаггүйг минь асуув. Дараагийн өдрөөс нь эхлэн би өдөр бүр семинарт явж эхэллээ. Өглөөний семинар 6:30-д эхэлдэг байв. Ахлах сургуулийн суралцагч надад энэ нь хэт эрт байлаа. Өвлийн хүйтэн, цастай өглөөгүүр би семинарт явдаг байснаа санаж байна. Ахлах сургуулийн 12-р анги эхэлдэг жилээ би Ийст Ахлах сургуулийн семинарын ангийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Семинарт явсан маань миний амьдралыг зөв замд оруулсан зүйлсийн нэг байлаа. Семинар зүрх сэтгэлд минь хүрч, бодгальд минь гэрчлэлийн үр таригдсан. Би заасан бүх зүйлийг санахгүй байгаа ч тэнд байхад ямар мэдрэмж төрдөг байсныг санаж байна. Би бас тэнд харьяалагддаг юм шиг санагддаг байснаа санаж байна.

Би та нарын нэг адил Сүнсийг урьсан ач холбогдолтой хичээл бэлтгэхийн тулд маш их цаг заваа зориулдаг байсан семинарын багш нартаа талархаж байна.

Мөн би өсөж томрох хугацаанд нь хүүхдүүдэд маань заасан багш бүрд талархдаг. Тэднийг өсөж торних үед бид гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцдаг байсан ч семинар дээр тэдний хүлээн авсан нэмэлт зааварчилгаа нь тэр үеийн амьдралыг нь адисалсан—мөн одоо ч тэдний амьдралыг адисалсаар байна. Өвөө, өндөр өвгийн хувьд, бид 100 дахь жич хүүхдээ өлгийдөн авлаа. Ач зээ нарт маань заасан мөн зааж байгаа багш нарт баярлалаа. Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрийг Түүний Хүү, Их Эзэн Есүс Христэд ирэхэд бэлтгэх, заах, угтан авах, хайрлах мөн урихын тулд хийсэн та нарын золиосолд би Сүм даяарх бүх эцэг эх, өвөө эмээ нарын өмнөөс талархаж байна.

Ах, эгч нар аа, та нар Их Эзэнд болон Түүний төлөвлөгөөнд чухал хүмүүс юм шүү. Та нарын хүн нэг бүр энэ эрхэм залуу хүмүүсийн зүрх сэтгэлийг хөндөхөд чухал үүрэгтэй. Өсөн өндийж буй үеийнхнийг хүчирхэгжүүлж, Бурханы хаант улсыг байгуулахад та нарын хөдөлмөр, хичээл зүтгэл туйлын чухал юм. Дэлхий даяарх семинар, институтийн хөтөлбөрийг зааж, удирдан явуулахад итгэлтэйгээр зүтгэж, үйлчлэхэд бэлэн байгаад тань бид маш их талархдагийг мэдээсэй гэж хүсэж байна.

Би ахлагч Холландад болон гүйцэтгэх хорооныхон, бүрэн эрхт төлөөлөгч ахлагч Кларк Гилберт, зохицуулагч Чад Вэбб ах мөн бүх албаны удирдагч, ажилтан, багш бүрд талархаж байгаагаа илэрхийлж байна. Бид та бүхэнд хайртай бөгөөд шашны боловсролд та бүхний оруулсан хичээл зүтгэлд талархаж байна.

Өмнө дурдсанчлан, семинарт явсан минь надад гэрчлэлтэй болж, гэрээний зам дээр урагшлахад тусалсан. Үүний ачаар би эцэг эхдээ дахин идэвхтэй болоход нь тусалсан юм. Би номлолд үйлчилсэн ба энэ нь семинарт танилцсан, надад номлолд гарахыг зөвлөсөн сайн найзууд маань байгаагүй бол боломжгүй зүйл байсан байх.

Номлолд явахын өмнө, намайг ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх үед аав минь миний ярихыг сонсохоор ирсэн байсан. Миний санаж байгаагаар амьдралдаа анх удаа аав минь надтай хамт сүмд ирсэн нь тэр байв. Номлолоосоо эргэж ирээд, би эцэг эхтэйгээ Сүмийн цуглаанд оролцохын ач холбогдлын талаар ярилцсан. Эцэг эх маань сүмийн үйл ажиллагаанд эргэн очихыг сонгосон төдийгүй тэд үлдсэн амьдралынхаа туршид янз бүрийн дуудлага, үүрэг даалгаврыг хүлээж авсан.

Саяхан, Сүм Юта муж дахь өсвөр үеийнхний дунд дүн шинжилгээ хийсэн. Ирээдүйн таван жилд Сүмийн үйл ажиллагаанд оролцох “өндөр магадлалтай” өсвөр үеийнхэн гэсэн шалгуур үзүүлэлтүүдийн шалтгааны нэг нь тэд семинарт хамрагдаж, ариун сүмийн эрхийн бичигтэй байх явдал байв. 1

Мөн Сүмийн Холбоо Хамаарал Судлалын Алба семинар, институт, сүмийн коллежуудын нөлөөллийн талаар судалсан. Тэдний судалгаагаар семинар нь насан туршийн Сүмийн үйл ажиллагаа, гэрчлэл, харьяалагдах мэдрэмж, Сүнсийг мэдрэх, хувийн болон гэр бүлийн сүсэг бишрэл зэрэгт тэргүүлэх нөлөө үзүүлдэг болохыг харуулсан. 2

Ах, эгч нар аа, та нар өөрчлөлт хийж байна. Их Эзэн Есүс Христийн шавь нарын хувьд өөрийгөө зориулах болон ариусгах хүчирхэг сүнс та нараас гэрэлтэн цацарч байна. Амьдралынхаа туршид тэрхүү сүнсийг тээж мөн тэр сүнсийг ангидаа урьдагт баярлалаа. Өсвөр үеийнхэн ба залуучуудын маань зүрх сэтгэлд хүрч байгаад баярлалаа.

Тэдний зүрх сэтгэлд хүрч заах энэхүү үүрэг хариуцлагынхаа талаар бодоход, олон жилийн өмнө Солт Лэйкийн ариун сүмд надад тохиолдсон нэгэн явдал санаанд орж байна. Солт Лэйкийн ариун сүмийн дөрөвдүгээр давхарт болсон гэрчлэлийн цуглаан дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хүмүүс сайн мэдээг өөрсдөдөө шингээж, үүнээс тууштай зууран барихын чухлыг гэрчилсэн юм. Хүмүүс үүнийг өөрсдөдөө шингээхийн тулд тэдэнд оюун санааны хөрвүүлгээс илүү—сүнслэг хөрвүүлэг хэрэгтэй гэж тэр хэлсэн. Тэрээр бид сайн мэдээнд талархах талархлаа оюун бодлоосоо зүрх сэтгэлдээ хүргэж суулгах чадвартай байх хэрэгтэй гэж хэлсэн. Суралцагч нартаа ийм зүйл хийхэд тусалдагт тань баярлалаа.

2015 оны 6-р сарын 25-нд буюу Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч болохоосоо хэдхэн долоо хоногийн өмнө, Номлогчийн Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгчээр үйлчилж байхдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2015 оны номлолын удирдагчдын семинарт үг хэлсэн. Тэрээр номлогчид Их Эзэний захиа болох талаар заасан. Тэрээр, “Бид Их Эзэний төлөөлөгчдийн хувьд Түүний сайн мэдээг номлох онцгой эрхтэй. Төлөөлөгч Паул гайхалтай ойлголтыг заасан. Тэрээр төлөөлөгч бүр, дагалдагч бүр, тийм ээ, номлогч бүр ‘бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр … махбодын зүрхэн самбарт [шигтгэгдсэн] Христийн амьд захиа’ болж чадна хэмээн тунхагласан [2 Коринт 3:3].” 3 Суралцагч бүр семинарт хамрагдсанаар сургаал тэдний зүрх сэтгэлд нөлөөлж чадна гэдгийг би гэрчилж байна; тэд зүрх сэтгэлд нь бичигдсэн сургаалыг хадгалж чадна.

Сүнс бидний Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн зүрх сэтгэлд хүрч болохын тулд та нар өөрсдийн сайн хийдэг зүйл болох Есүс Христийн сайн мэдээг заах хувийн бэлтгэлээ хийдэгт баярлалаа.

Өнөөгийн зөрчилдөөнтэй ертөнцөд бидний Аврагч Есүс Христийн Өөрийн сайн мэдээгээр дамжуулан өгдөг баяр баясгалан, амар амгалан энэ залуучуудад хэрэгтэй байна. Тэд Аврагчийн тэдний хүн нэг бүрийг хайрладаг хайрыг зүрх сэтгэлдээ мэдрэх ёстой.

Одоо би ирээдүйн удирдагчдыг бий болгох талаар ярья. Өнөөдрийн өсвөр үеийнхэн ба залуучууд бол бидний ирээдүйн удирдагчид гэдгийг та бүхэн мэднэ. Тэд ирээдүйд гэр бүлээ удирдана эсвэл одоо аль хэдийн удирдаж байгаа. Тэд хөршүүддээ болон нийгэмдээ нөлөөлнө. Тэд сүм, гэр орон, сургууль эсвэл нийгэмдээ заахдаа бүгд удирдагчид байх болно. Зарим нь Хүүхдийн хэсэг, Залуу эмэгтэйчүүд эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр хүртэл үйлчилнэ. Зарим нь бишопын зөвлөлд эсвэл гадасны ерөнхийлөгч эсвэл номлолын удирдагчаар үйлчилнэ. Зарим нь 20, 30 жилийн дараа дэлхий даяарх Сүмийг удирдах болно. Та бүхэн энэ цаг үед мэдэж мөн ойлгохгүй ирээдүй, хувь заяа бүхий залуучуудад зааж байгаа билээ. Ангид чинь ирээдүйн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байж ч мэднэ. Үүнийг та бүхэн мэдэхгүй ч мэддэг мэт заахад чинь Их Эзэн та бүхнийг адислах болтугай.

Сүмийн сайн удирдагч байхын тулд өсвөр үеийнхэн маань эхлээд гэр орондоо сайн удирдан чиглүүлэгч байх хэрэгтэй. Тэдэнд, ялангуяа залуу эрэгтэйчүүдэд “Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар” болон “нинжин сэтгэл, мөн цэвэр мэдлэгээр энэ нь зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр оюун санааг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг” 4 гэдгийг заа.

Багш нарын хувьд, та нар зааж буй хүмүүсийнхээ амьдралд анхаарлаа хандуулж, тусалж байгаарай. Та тэднийг зүгээр нэг номлогчийн үйлчлэлд эсвэл коллежид явахад бэлтгэж байгаа юм биш шүү. Та тэднийг сайн эцэг эх болоход бэлтгэж байгаа. Та нар тэднийг Сүмийн сайн гишүүн, удирдагчид байхад бэлтгэж байна. Та тэднийг ирээдүйн бүхий л хичээл зүтгэлдээ амжилттай байхад бэлтгэж байгаа. Та суралцагч бүрээ хараад 5, 10, 20 жилийн дараа тэдний юу хийж байхыг төсөөлж, дараа нь тэднийг тэр үед бэлтгэхэд нь хэрхэн туслахаа мэдэхийн тул тэнгэрээс сүнслэг нөлөөллийг эрэлхийлээрэй.

Тэдэнд манлайлах боломжийг олго. Өмнө дурдсанчлан, би ахлах сургуулиа төгсөх жилээ Ийст Ахлах сургуулийн семинарын ангийн ерөнхийлөгч байсан. Багш нар маань намайг ерөнхийлөгч болгосон нь эрсдэлтэй алхам байв. Учир нь би 11-р анги хүртлээ семинарт явж байсангүй. Би олон жил семинарт явсан гэх батлагдсан ирцтэй суралцагч байгаагүй. Та нар чадамж бүхий залуу эмэгтэй эсвэл эрэгтэйг олоод, түүнд боломж олгоно гэж найдаж байна. Суралцагч бүрийг өөрийгөө бага зэрэг хүчлэхэд нь тусал. Тэднийг зүгээр л сул орхиж, өөрсдөө манлайлна гэж бүү хүлээ. Харин тэдэнд хэрхэн удирдахыг зааж, дараа нь тэднээр удирдуул, тэгээд үргэлжлүүлэн тэдэнд илүү сайн хийхэд зааж сурга.

Жишээлбэл, шинэ Далын ерөнхий эрх мэдэлтнийг дуудагдахад, бид тэднийг дэлхий дээрх бие даасан томилолтоор явуулахын өмнө тэдэнд зааж мөн зааварчилгаа авах боломжийг олгодог. Бид тэднийг томилолтоор авч явдаг. Тэд бол Сүмийн удирдлагын талаар гайхалтай туршлагатай эрчүүд юм; гэсэн хэдий ч бид тэднийг илгээхээсээ өмнө тэдэнд заасаар л байдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд жилдээ хэд хэдэн удаа Далын гишүүдийн хуралд оролцож, тэдэнд гэрчлэлээ хүчирхэгжүүлж, илүү үр дүнтэй удирдагч болоход нь туслах зааварчилгаа өгдөг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан бид хүртэл нэг нэгнийдээ зочилж, бие биедээ заан, бие биеэсээ суралцдаг. Та бүхэн биднийг энэ дуудлагадаа удаан үйлчилсэн учраас бүгдийг мэднэ гэж бодож магадгүй. Их Эзэн дэлхийн өөр өөр газар Арван хоёр Төлөөлөгчийг номлолд үйлчлүүлэхээр дуудсан юм. Гэхдээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн хувьд, бид Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд үүрэг хариуцлагаа хэрхэн илүү сайн биелүүлэх талаар бие биедээ заахыг хүлээдэг.

Би та нарыг ирээдүйн удирдагчдад маань туслахыг урьж байна. Тэдний олонх нь таны удирдагчийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаа. Институт, семинарын суралцагчидтай хамт байх хугацаа богино ч гэсэн хүн нэг бүрд нөлөөлж болох тэр мөчүүдэд анхаараарай.

Одоо би асуултад зөв ухаалаг хариулах шаардлагын талаар дурдъя. Асуулт асуух нь суралцагчдын хувьд суралцах гайхалтай арга зам гэдгийг бид бүгд мэднэ. Ихэнх асуулт тэдний суралцах хүслийг харуулдаг. Суралцагчдыг асуулт асуухад урамшуулж, тэгээд тэдэнд судалж, залбирах замаар хариултаа хэрхэн олохыг сурахад нь тусал. Сайн мэдээ нь амьдралын ихэнх асуултын хариултыг өгдөг. Гэсэн хэдий ч, бүрэн зөв хариулт өгөхөд шаардлагатай мэдээлэл дутмаг учраас зарим хүнд та хариулт өгч чадахгүй байж болно. Ийм нөхцөлд таамгаар хариулт бүү өг. “Би мэдэхгүй” эсвэл “бид мэдэхгүй” гэж хэлж болно. Бид үнэнийг зааж байхдаа, мэддэг зүйлсээ зааж байхдаа үргэлж аюулгүй, хамгаалагдсан байх болно. Үнэнээс холдож, бидний хараахан ойлгоогүй зүйлсийн талаар бүү таамаглан ярь. Ихэнх тохиолдолд та судрууд, сайн мэдээний зарчим, сүмийн түүх болон өөрсдийн ойлгодог сэдвийн талаар итгэлтэй, бодолтой, үнэн зөв тайлбар өгч чадна. Танд өгсөн сургалтын тоймтой ойр байж, баталгаатай, эрх мэдэл бүхий эх сурвалжийг ашиглахыг би танд зөвлөж байна.

Энгийн байлга. Би энэ хэллэгийг амьдралынхаа туршид маш их ашигласан болохоор хүүхдүүд маань эхнэрийн маань булшны чулуун дээр энэ үгийг бичсэн ба хэзээ нэг өдөр би ч гэсэн түүний дэргэд нойрсох болно. Миний булшны чулуун дээр ч бас “энгийн байлга” гэж бичнэ. Намайг нас барсны дараа миний чухалчлан үздэг байсан зүйлийг хүн бүр ойлгоосой гэж би найдаж байна. Сайн мэдээг энгийн байлга. Энэ нь энгийн гайхалтай, тодорхой, гайхамшигтай билээ. Та сайн мэдээг заахдаа үүнийг энгийн байлгаж, бидний Аврагч, Их Эзэн Есүс Христийн бурханлаг тохинууллын талаар тогтмол гэрчил.

Нифай энгийн тодорхой байдалд бахадсаныг санаарай. 5 Тэрээр “мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” 6 хэмээн заасан. Таныг Христийн тухай зааж, номлож, гэрчлэх үед суралцагчид тань таны гэрчлэлийг мэдэрч, Есүс Христэд болон Түүний сайн мэдээний сайн сайханд баясах болно гэдгийг би гэрчилж байна.

Би Ахлагч Мэлвин Ж.Баллардын зээ хүү билээ. Тэр төлөөлөгчөөр 20 жил үйлчилсэн. Би түүнийг таалал төгсөх үед 11 настай байсан. Гэвч намайг ойлгох насанд хүрэх үед өвөөг маань төлөөлөгч байхдаа номлож, заахыг сонссон олон хүн байсан юм. Дэлхийн өнцөг булан бүрд өвөөг маань сайн мэдээг номлож, заахыг сонссон олон хүнтэй би таарч байсан. Намайг асуух бүрд тэд “би түүний яг юу хэлж байсныг санахгүй байгаа ч юу мэдэрснээ хэзээ ч мартахгүй” гэдэг байлаа. Бидний заадаг хүмүүс хэлсэн зүйлсийг маань санахгүй байж болох ч бид Есүс Христийн энгийн гайхалтай сургаалыг заах үед тэд мэдэрсэн зүйлээ хэзээ ч мартахгүй байх болтугай.

Багш, тохинуулагчийн хувьд та бүхний үүрэг хариуцлага ямар чухал болох талаар би ярилаа. Эдгээр үүрэг хариуцлага чухал бөгөөд шаардлагатай. Гэсэн хэдий ч, өөрийн тань гэр бүл дэх таны үүрэг хариуцлага илүү агуу юм. Бид энэ дэлхий дээр том гэр бүлийн нэгэн хэсэг болох өөрсдийн гэр бүлийг үүсгэх чадвартай болж, тэрхүү том гэр бүлийн нэг хэсэг болохын тулд ирсэн юм. Бидний гэр бүлийн нөхцөл байдал бүгд өөр өөр байдаг. Нөхцөл байдал тань ямар ч байлаа гэсэн гэр бүлийн харилцаагаа тордож мөн бэхжүүл. Гэр бүл болсон хүмүүсийн хувьд хань ижилтэйгээ цагийг өнгөрөө. Эхнэр, нөхрийнхөө зөвлөгөөг эрэлхийлж, мөрд. Хайрт эхнэр Барбарагийн минь эелдэг, хайраар дүүрэн зөвлөгөөний ачаар би илүү сайн аав, нөхөр, сүмийн удирдагч байсан. Гэрлээгүй хүмүүсийн хувьд эцэг эх, гэр бүлийн бусад гишүүн эсвэл итгэж найддаг хүнийхээ зөвлөгөөг эрэлхийлээрэй. Гэр бүл нь энэ амьдралын дараа ч үргэлжлэх болохоор бид бүгдээрээ гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэх ёстой. Энэ хөтөлбөрийн багшийн хувьд танд үүрэг хариуцлага буюу дуудлагаас чөлөөлөгдөх өдөр ирэх ч, харин таны гэр бүлийн харилцаа холбоо үүрд мөнхийнх юм.

Хайраар дүүрэн үгийнхээ төгсгөлд би та бүхэнтэй хамт энэ чухал ажилд оролцох нь ямар их баяр баясгалан болох талаар бодож байна. Аммон ах нартаа хандан дараах үгийг хэлэх үедээ мэдэрсэнтэй ижил баяр баяслыг би мэдэрч байна.

“Бидэнд баясаж болох ямар агуу шалтгаан байнав. … ?

“… Мөн бид энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд Бурханы мутар дахь зэмсгүүд болгогдсон. …

“Бурханы минь нэр алдаршиг; түүнийг магтахад дуугаа өргөцгөөе, тийм ээ, түүний ариун нэрэнд талархал өргөе, учир нь тэр зөв шударгын ажлыг үүрд үйлддэг билээ. …

“… Миний баясал дүүрч, тийм ээ, зүрх сэтгэл минь баяслаар халгинам, мөн би Бурхандаа баярлах болно.” 7

Хайрт ах, эгч, хамтрагч багш нар минь, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн хувьд бидний үндсэн үүрэг заах учраас би та бүхнийг хамтрагч багш нар гэлээ. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бид сайн мэдээний дагуу амьдарч, үүнийг зааж, Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаж, үнэнд алхсанаар сайн мэдээний баяр баясгалан, амар амгаланг мэдэрч чадна гэдгийг би гэрчилж байна.

Есүс Христийн амьдрал, тохинуулал, сайн мэдээ нь тэрхүү баяр баясгаланг өгдөг. Шинэ Гэрээн дээр Есүс дагалдагч нартаа хандан “Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв” 8 хэмээсэн байдаг.

Бошиглогч Лихай сайн мэдээний үр жимсний баяр баясгаланг мэдэрч, гэр бүлээ ч мөн түүнээс хүртэхийг хүсдэг. Тэр ийн хэлсэн: “Мөн би түүний жимснээс хүртэхийн сацуу энэ нь миний сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэв; иймийн тул, гэр бүлийнхэн маань үүнээс түүнчлэн хүртээсэй хэмээн би хүсч эхлэв; би энэ нь бүхий л жимснээс дээгүүр дур булаам болохыг бибээр мэдсэний учир буюу.” 9

Хүн бүр Иоханы “Миний хүүхдүүд үнэний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй билээ” 10 гэж хэлсэнтэй адилхан мэдрэмжийг мэдэрдэг гэдэгт би итгэлтэй байна.

Өнөөгийн дэлхий ертөнц урам хугаралт, санал зөрөлдөөн, сэтгэл ханамжгүй байдал, ялгаварлан гадуурхал, үл хүндэтгэл, тээнэгэлзэл, гай зовлонгийн улмаас тогтворгүй байна. Есүс Христийн сайн мэдээ биднийг эдгээр хүнд хэцүү цаг үеийг туулахад тусалж чадна. Бошиглогч Лихай нь Их Эзэнээр илчлэгдсэн энгийн зарчмыг заасан. Тэрээр “Тэд баясгалантай байж болохын тул [эрэгтэй, эмэгтэй] хүмүүн байх бөлгөө” 11 гэжээ.

Их Эзэний нэрээр, ариун төлөөлөгчийн эрх мэдлээр би та бүхний хүн нэг бүрийг гэр бүлдээ, сайн мэдээнд, Сүмийн институт, семинарын хөтөлбөрийн багш зохицуулагчийн үүрэг хариуцлагадаа баяр баясгаланг олохыг адислахыг би Их Эзэнээс гуйж байна. Би та нарын хүн нэг бүрд болон та нарын суралцагчдад хайртайгаа дахин илэрхийлье.

Есүс Христ амьд бөгөөд энэ бол Түүний Сүм мөн Түүний сайн мэдээ гэдгийг би гэрчилж байна. Хайрт хамтрагч багш нар аа, бид зүрхнийхээ бүх хүчээр Есүс бол Христ, Тэрээр бошиглогч Иосеф Смитийг үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхээр дуудсан, энэ амьдралд амар амгалан, баяр баяслыг олоход шаардлагатай бүх зүйл илчлэгдсэн, мөн эдгээр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байдаг гэдгийг Эцэгийнхээ хүүхдүүдийн оюун ухаанд төдийгүй, зүрх сэтгэлд нь хүргэхэд Их Эзэн та бүхнийг адислах болтугай. Би Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын өмнөөс таныг болон гэр бүлийг тань адисалж байна. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр даруухнаар үйлдэж байна, амен.