Түүний төлөөлөгчид
Ерөнхийлөгч Баллардын оролцсон 2022 оны И ба С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг
2022 оны 1 дүгээр сарын 21, баасан гараг
Би нэг удаа нисэх онгоцны буудал дээрх дараалалд еврей раббигийн ард зогсож байлаа. Түүний урд бага насны охинтойгоо аялж байгаа Мексик паспорттай хүн, мөн түүний урд дуртай спортын багийнхаа өмсгөл, малгайг өмссөн америк хүн зогсож байв. Би энэ гурван хүний хэнтэй нь хамгийн их нийтлэг талтай болохоо тунгааж эхлэв. Эхлээд би америк хүнтэй төстэй байж магадгүй гэж бодлоо. Магадгүй бид өсөж том болохдоо төстэй туршлага туулж, дуртай багаа бодохдоо хэт их цаг зарцуулцгаасан байх. Дараа нь би хоёр дахь эрийн талаар эргэцүүлэв. Би Мексикт хайртай учраас бид ижил хоол, ижил мариачи хөгжмийн хамтлагт дуртай байхыг үгүйсгэхгүй. Гэвч үүнээс илүүтэйгээр охинтойгоо харилцаж байгаа түүнийг хараад, зургаан охины аавын хувьд бидний дунд ямар нэгэн холбоо байгааг мэдрэв. Хамгийн сүүлд нь би раббигийн тухай бодлоо. Биднийг дараалалд зогсохыг харсан ихэнх хүн бидэнд ижил төстэй зүйл байхгүй гэх байсан ч, тэр бид хоёр амьдралаа Бурханд үйлчлэхэд зориулж, Түүний үгийг сурч, зааж, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах хүсэл эрмэлзлээрээ нэгдмэл холбоотой байсан.
Онгоцонд суухдаа ч энэ асуултын талаар бодсоор байсан тул би нэг цаас гаргаж ирээд бичиж эхлэв. “Би бол…” гэсэн энгийн үгээр эхэлсэн бөгөөд санаандаа орсон бүхнийг бичив. Би бол Бурханы хүүхэд, Есүс Христийн шавь бас нөхөр. Би зан чанар, харилцаа холбоо, Сүмийн дуудлага, ажлын үүрэг даалгавруудаа бичив. “Би Mүтаун хөгжим, раклет бяслагт дуртай” гэх мэт зүйлсийг ч оруулав. Ингээд би “Би хэн бэ?” гэсэн асуултад хариулах 300 орчим хувилбарыг бичсэн байлаа. Дараа нь би аль нь миний амьдралд голлох мөн эн тэргүүнд тавих зүйлс болохыг тодорхойлохын тулд хариултуудаа хамгийн чухлаас нь эрэмбэлэв. Жишээлбэл: би өвөө болон муухан гольфчны аль аль нь мөн ч, үнэндээ өвөө байх гэдгийг жагсаалтынхаа эхэнд, гольф тоглох хүсэл эрмэлзлээ хамгийн сүүл хавьцаа эрэмбэлсэн ба энэ нь юунд цаг зав, эрч хүчээ зарцуулж, энэ үүргүүд зөрчилдөх үед юу хийх ёстойг маань сануулж байв.
Хожим нь би ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Би хэн бэ гэдэг асуултад хэрхэн хариулах нь таны бараг бүх зүйлийг тодорхойлно” 1 гэж хэлснийг уншаад энэ туршлага надад яагаад ийм утга учиртай байсныг илүү сайн ойлгосон.
Саяхан би энэ асуултыг эргэцүүлэнгээ суралцагчдынхаа талаар бодсон юм. Би бас нэг цаас гаргаж ирээд, энэ удаад “Манай суралцагчид бол … ” гэсэн энгийн үгсийг бичиж эхлэв.
Манай суралцагчид бол бошиглогчдын хэлсэн тэрхүү хүмүүс гэдэгт би итгэдэг. Тэд бол Эцэгийн төлөвлөгөөг дагахыг сонгож, Бурханы Хурганд итгэх итгэл болон гэрчлэлийнхээ хүчээр дайсныг ялсан Тэнгэрлэг эцэг, эхийн хайрт хүүхдүүд юм. 2 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр Их Эзэн тэднийг “дэлхийн түүхэн дэх хамгийн чухал цаг үед буюу яг энэ цаг үед” 3 дэлхийд ирэхээр хадгалсан. Тэрээр тэднийг “[Аврагчийн] мянган жилийн хаанчлалд хүмүүсийг бэлтгэхэд нь туслуулахаар” 4 сонгосон юм. “[Тэд] бол Израйлын найдвар, амлагдсан өдрийн хүүхдүүд юм.” [Израйлын найдвар, дуулал] 5
Тэд “Сүнсээр өлсөж байна; … сайн мэдээнээс суралцахыг мөн үүнийг бүрэн бүтнээрээ, цэгцтэй байхыг эгээрэн хүсэж байна. … Тэд бол … эргэлзэгч биш харин эрэлхийлэгчид, тэд бол үнэний эрэлчид.
[Тэд] … итгэлийг … [мөн] өөрсдийгөө ажилд дуудагдах боломжтой байхыг ихээр хүсдэг.” 6
Гэвч зарим нь Бурханы хүүхдүүд гэдэг мөн чанараа мартаж, түр зуурын, ач холбогдол багатай хоёрдогч шинж чанартаа хэт анхаарлаа хандуулсан нь үнэн. Сатан бол хувь хүний мөн чанарын агуу хулгайч. Түүний заль мэх нь итгэл, ариун журмыг элэглэн шоолдог мэдээллээр дүүрэн ч, мэргэн ухаан ховордсон, бошиглогдсон тэрхүү өдөр болох хүмүүс “үргэлж суралцавч үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй” 7 ; “сайныг муу гэх, мууг сайн гэх” 8 олон нь “[асаасан] галынхаа гэрэлд мөн өөрт асаасныхаа очинд алхдаг.” 7 Eртөнцийн Гэрлийг үгүйсгэдэг 10 үймээн самуунтай, өөрчлөгдөж буй дэлхийд зарим хүнийг төөрөгдөлд оруулж, анхаарлаа сарниулахад хүргэсэн.
Гэсэн хэдий ч бид өсвөр үеийнхэн болон залуучуудынхаа талаар өөр нэг зүйлийг мэднэ. Аврагч:
“Та нар бол бошиглогчдын хүүхдүүд; мөн та нар бол Израилын угсааных; …чиний үр удмаар дэлхийн бүх үндэстэн адислагдах болно.
“Эцэг та нарын төлөө намайг түрүүнд нь босгосон, мөн та нарын хүн нэг бүрийг алдсуудаас нь эргүүлснээр адислахын тулд намайг илгээсэн; мөн та нар гэрээний хүүхдүүд учраас энэ юм” 11 хэмээн хэлсэн.
Их Эзэн тэднийг нүглүүдэд нь аврахын тулд бус харин нүглээс нь аврахын тулд тэдэн дээр ирэх болно 12 хэмээн амласан. Ийм учраас бид суралцагчдадаа Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг таньж, Эцэгийн мөнхийн төлөвлөгөө болон Аврагчийн жинхэнэ сургаалын талаар зөв ойлголттой болоход туслах нь зайлшгүй чухал юм. Тэд өөрсдийгөө хэн гэдгийг, Их Эзэн тэднээр юу хийлгэхийг хүсэж байгааг 11 , мөн хэрхэн хийхийг мэдэх хэрэгтэй.
Семинар, институт зааж, үйлчилж, дэмжлэг үзүүлдэг хүмүүсийн хувьд бид хэн бэ гэдгээ ойлгох нь суралцагчдадаа эдгээрийг мэдэхэд туслахад ихээхэн нөлөөтэй гэдэгт би итгэдэг. Энэхүү бодол намайг гурав дахь жагсаалтыг гаргахад хөтөлсөн юм. Би өөр нэг цаас аваад, та нарын талаар талархаж, биширдэг зан төлөв, шинж чанаруудыг хэдэн хуудас дүүрэн бичсэн. Би бичиж байхдаа нэгэн гол санаанд төвлөрч байснаа анзаарсан юм. Бид хэн бэ гэсэн асуултын хамгийн чухал хариулт бол биднээс Есүс Христийн төлөөлөгч байхыг хүсдэг явдал гэдэгт би итгэдэг. 14
Бидний хичээл зүтгэлийн гол зорилго бол өсвөр үеийнхэнд болон залуучуудад Есүс Христийг таньж мэдэн, Түүнд болон цагаатгагч золиост нь найдахад туслах явдал юм. Бид Түүнийг үлгэр жишээгээ гэж харахын зэрэгцээ Түүний хүслийг биелүүлэхийн тулд Түүний ач ивээлд найддаг. Хувийн сорилт, бэрхшээл, бүтэлгүйтлийг үл харгалзан бид итгэл найдвар, өөдрөг үзлийг тээн амьдардаг. Бид байнга наманчилдаг учраас, Түүний хайр, нигүүлслээс амсаж, өөрчлөгдсөн, талархалтай зүрх сэтгэлээр бусдад заах үедээ энэ нигүүлслийг тэдэнд түгээдэг. Бусдад “нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг” 15 мэдэхэд нь туслахын тулд бид Түүний тухай байнга ярьж, Түүнийг гэрчилж, Түүний сайн сайхан, агуу байдалд баясдаг. Бид өдөр бүр Түүний төлөөлөгч байхыг хичээдэг.
Би залуухан номлогч байхдаа хамтрагчтайгаа хаалга тогшиж яваад, энэ санааны ач холбогдлыг ойлгосон юм. Нэг айлын хаалган дээр очоод би “Сайн байна уу, бид Есүс Христийн төлөөлөгчид байна” гэж хэлэв. Намайг үргэлжлүүлж амжаагүй байтал тэр хүн миний яриаг таслан “Үгүй ээ, та нар биш. Энэ нь юу гэсэн утгатай болохыг ч чи сайн мэдэхгүй шүү дээ” гэв. Төлөөлөгч гэдэг нь өөр нэгний оронд өөрийгөө тавьж, тэр хүн байсан бол юу хэлж, хийх байсан тэдгээрийг хэлж, хийдэг хүнийг хэлдэг гэж тэр тайлбарлав. Тэрээр төгсгөлд нь “Хэрэв та нар Түүний төлөөлөгчид юм бол, хэрэв Тэр өөрийн биеэр энд байсан бол Тэр надад юу хэлэх байсныг та нар надад хэлэх гэж байна” гэж хэлсэн. Би анхааралтай сонсоод тэр хүний төлөөлөгчийн талаарх ойлголт зөв гэдэгтэй санал нийлэв. Дараа нь би түүнд талархлаа илэрхийлж, энэхүү ойлголт дээр тулгуурлан дахин эхэлж болох эсэхийг асуув. Тэгээд дараа нь би “Өглөөний мэнд, Энэ бол ахлагч Аранда, харин би ахлагч Вэбб. Бид Есүс Христийн төлөөлөгчид ба Түүний захиасыг тантай хуваалцахаар ирлээ” гэв.
Бидний хүн бүр ариун нандин итгэлийг хүлээдэг. Бид Түүний нэрээр залбирч, хичээл болон гэрчлэлээ Түүний нэрээр төгсгөснөөр хэлсэн зүйлс маань Түүний оюун мөн хүслийг төлөөлж буйг баталдаг. Энэхүү итгэлийг дааж, үнэнч байхын тулд бид Түүний сайн мэдээг гүн гүнзгий хайрлаж, ойлгох ёстой бөгөөд судрууд болон тэдгээрийн заадаг сургаалыг үнэхээр мэдэхийн тулд зохих төлөөсийг төлөхөд бэлэн байх ёстой. Үг юунаас ч “илүү хүчтэйгээр нөлөө” 16 үзүүлдэг, амьдралын асуултуудад үнэхээр хариулдаг гэдгийг бид ойлгодог учраас судрууд нь суралцагчидтайгаа хуваалцах туршлагын маань гол эх сурвалж болдог. Бид илүү олон суралцагчтай холбогдохын тулд заах арга барилаа үргэлжлүүлэн шинэчлэхдээ судруудад гүн гүнзгий суурилахаас өөр юуг ч хийх ёсгүй.
Их Эзэний сонгосон үйлчлэгчид ялангуяа одоогийн Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд дээр оюун бодол, зүрх сэтгэлээ төвлөрүүлж, тэдний заасан сургаалын төлөө хэзээ ч гэмшиж, тэдгээрт тайлбар хийхгүй, эсвэл чиний өөрийн “ойлголт ямар ч эх сурвалжтай, хэчнээн тааламжтай, оновчтой мэт санагдлаа ч … ” тэдгээртэй зөрчилдүүлэхгүй байх нь мөн адил чухал юм. 17 Маш олон сэтгэл татам дуу хоолой, нийгмийн хэм хэмжүүртэй энэ дэлхийд Бурханы амьд бошиглогчоор дамжуулан Түүний оюун бодлыг мэдэх нь үнэхээр гайхалтай адислал юм. Бид сургаал, үнэнч байдал, эн тэргүүний зүйлсээ Их Эзэн болон Түүний бошиглогчтой уялдуулах юм бол бид баттай суурин дээр байх ба жинхэнэ усан үзмийн модны мөчир шиг их үр жимс ургуулах хүч чадалтай байх болно. 18
Заримдаа үнэнийг заах, хайраа харуулах хоёр зөрчилддөг мэт санагдаж магадгүй. Хоёуланд нь ижил төстэй шинж байдаг учир биднийг төөрөгдүүлж болзошгүй юм. Хэцүү, ээдрээтэй асуултуудад хариулахыг хичээж байхдаа та үнэнийг хэлснээр хэн нэгнийг гомдоож, шархлуулж магадгүй юм шиг санагдаж болох юм. Хайр болон тусархаг байдлаар хариулахын тулд бид Есүс Христ өөрийн Сүмийг удирдуулахаар томилсон хүмүүсээр дамжуулан Сүмээ удирддаг гэдэгт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Бид тусламж гуйн залбирахын зэрэгцээ, суралцагчдыг асуулт, эргэлзээгээ Тэнгэрлэг Эцэгт хандан асуухад урамшуулах ёстой. Есүс Христ бол төөрөгдөл, харанхуйд сууж буй хүмүүсийн гэрэл юм. Тэрээр дуулгавартай байдлыг тодорхой заадаг төгс үлгэр жишээ ба өөрсдийн алдааны үр дагаврын улмаас зовон шаналж буй хүмүүсийн хувьд Гилеадын гавар юм. Хайраар үнэнийг заадаг багш нарын хувьд Тэр бол бидний хэн болохыг хичээж буйн төгс жишээ юм.
Аврагчийн хайрыг 19 өөрсдөдөө тусгах нь маш чухал байдгийн нэг шалтгаан бол суралцагчдад маань тулгарч буй эсэргүүцэл юм. Хожмын Үеийн Гэгээнтэн өсвөр үеийнхний талаар хийсэн сүүлийн үеийн судалгаа итгэлээ хадгалж, Сүмд идэвхтэй үлдэхийн төлөө тэмцэж буй хүмүүс ерөнхийдөө дараах гурван сорилтоос нэг юм уу түүнээс олон тодорхой сорилттой тулгардаг болохыг харуулжээ.
-
Эцэг, эх нь салсан эсвэл гэр бүлийн гишүүний нэг нь Сүмийг орхисон зэрэг нөхцөл байдлын өөрчлөлтийн улмаас тэд шүүгдэж байгаа мэт санагддаг.
-
Тэд хийсэн алдаанаасаа болж өөрийгөө буруутгаж, цөхөрдөг.
-
Эсвэл тэд сүнслэг туршлагатай гэдэгтээ итгэдэггүй. 20
Бид Аврагчийн адил хайрлахыг хичээснээр суралцагчдадаа эдгээр нөхцөл байдлаас гарахад туслах боломжтой байна.
Шүүгдсэн мэт мэдэрч байгаа өсвөр насны хүүхдэд та хэрхэн туслах вэ? 21 Харилцаа, нөхцөл байдалд гарсан томоохон өөрчлөлтүүд нь хувь хүний мөн чанарын хямралыг үүсгэж, суралцагчид өөрсдийгөө хэн бэ гэдгийг, хэрхэн үүнд зохицох талаар эргэлзэхэд хүргэдэг гэдгийг ойлгохоос эхэлж болно. Ийм нөхцөл байдалд та тэдэнд Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах хувиршгүй харилцаагаа санахад нь тусалж чадна. Нөхцөл байдал болон хүмүүс түүний талаар юу гэж боддогт үндэслэн өөрийн үнэлэмжийг дүгнэдэг байсан нэгэн залуу эмэгтэйг би мэднэ. Тэр өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй төөрсөн байв. Тэрээр тусламж хүсэн залбирч эхлэв. Нэгэн өдөр түүнд өөрийгөө хэн болохыг мэдэхийг хүсвэл эхлээд Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрыг мэдэх хэрэгтэй гэсэн тодорхой бодол төржээ. Энэ бодол түүнийг эрэл хайгуул хийхэд хөтөлсөн. Тэрээр Бурханыг мэдэхэд анхаарлаа төвлөрүүлж, судруудыг судалж, залбирч, үйлчилж эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөхөд Их Эзэн түүнд Өөрийгөө илчилж эхлэв. Тэр Түүний хайр, тайтгаруулал, ойлголтыг мэдэрсэн. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийг таньж мэдсэнээр өөрийгөө таньж, Түүнтэй харилцах харилцаагаа ойлгосон. Тэрээр өөрийн бурханлаг мөн чанар, Бурханы хүүхэд гэсэн үнэ цэнийг олж мэдсэн юм. Энэхүү ойлголт нь түүнийг гэрэл гэгээ, баяр хөөрөөр дүүргэжээ.
Та сорилт бэрхшээлтэй тулгарсан суралцагчдадаа Тэнгэрлэг Эцэг тэднийг хайрладаг гэдгийг мэдэхэд нь тусалж чадна. Та цаг зав, өрөвдөх сэтгэл, сонсох хүсэл эрмэлзлээрээ тэдэнд хайртай гэдгээ харуулж чадна. Та Тэнгэрлэг Эцэгээс тэднийг хувь хүн талаас нь харж, тэдний өвөрмөц сорилт бэрхшээл, боломж, хэрэгцээг таньж мэдэхэд туслахыг хүсэж болно. Асуулттай тулгарч, гэрчлэл нь ганхах үед та тэдэнд аюулгүй байдлыг мэдрэхэд тусалж, танд болон Их Эзэнд хандаж болно гэдгийг ойлгуулж чадна.
Алдааныхаа улмаас гэм буруугаа мэдэрч, цөхөрч байгаа хүмүүст бид хэрхэн туслах вэ? Аврагчийн адил бид тэднийг орхидоггүй. Зовлонт ертөнцөд зөв зүйл хийхээр хичээх тэдний тэмцлийг бид хүндэтгэдэг. Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш 22 гэдгийг бид тэдэнд заадаг. Бид наманчлалын баяр баясгаланг гэрчилж, энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний гол цөм гэдгийг мэдэхэд, гэрээний зам дээр үлдэхэд тэдэнд тусалдаг. Тэр тэднийг хайрласан хэвээр байгаа бөгөөд тэдэнд туслахад бэлэн гэдгийг ойлгуулахад бид тусалдаг.
Өнгөрсөн долоо хоногт бидний судалсан Мосе 4-т заасан хичээл надад таалагддаг. Адам, Ева хоёр буруу зүйл хийсний дараа тэдний мэлмий нээгдэж, нүцгэн байгаагаа мэдсэн. Тэдний нүцгэн биеэ халхлах анхны оролдлого нь инжрийн навчийг нийлүүлж оёх явдал байв. Цэцэрлэгт Их Эзэний хоолойг сонсоод, тэд “ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ.”(Мосе 4:14).” Тэдэнд Бурханаас нуугдахыг хэн хэлсэн нь сонирхолтой. Одоо би үүнийг тоглоом болгож байгаа юм биш, гэхдээ тэд Их Эзэнээс яаж нуугдаж чадах вэ дээ? Тэнгэр дэх Эцэг маань тоо томшгүй олон бүтээлээс энэ нарны аймаг, энэ гараг, тэр цэцэрлэг рүү очдог хэрнээ, модон дундах Адам Ева хоёрыг олж чадахгүй байна гэж та төсөөлж чадах уу? Яг тэр үед Их Эзэн тэднээс “Чи хааччихав аа?” Moсe 4:15 эсвэл Хуучин Гэрээнд гарснаар “Чи хаа байна вэ?” хэмээн асуудаг. (Эхлэл 3:9). Тэр үнэхээр мэдээгүй байх боломжтой гэж та бодож байна уу? Тэгвэл Түүний асуулт ямар утгатай вэ? Магадгүй энэ нь та нар нүгэл үйлдсэн, харин одоо хаачих вэ? Та нар надаас нуугдах уу, эсвэл над дээр ирж, надаар халхлуулах уу? гэсэн утгатай асуулт байсан болов уу? Цагаатгал гэдэг үг нь Kippur хэмээх еврей үгнээс гаралтай бөгөөд энэ нь “халхлах” 23 гэсэн утгатай юм. Тэнгэр дэх Эцэгт маань бидний нүглийг халхлах инжрийн навч, модноос хамаагүй дээр арга бий. Гэвч дайсан биднийг Бурханаас нуугдах хүсэлтэй болгохын тулд худал зүйлсийг шивнэдэг. Тэрээр биднийг илүү хариуцлагатай байх ёстой байсан эсвэл дэндүү их нүгэлтэй учраас Бурхан бидэнд хайргүй, биднийг өршөөхгүй гэж ятгахыг хичээдэг.
Би нэг удаа нэгэн залуу эмэгтэйг өсвөр үеийнхэнтэй хамт ариун сүм явахыг урьсан юм. Тэр ариун сүмд орох зохисгүй гэж хариулав. Би түүнд бид зүгээр л ариун сүмийн талбайгаар алхах гэж байгаа ба түүнийг бидэнтэй хамт ирэхийг хүсэж байна гэж хэлсэн. Гэвч тэр “Би арай болоогүй байна. Яг одоо Бурхан намайг анзаарахыг би хүсэхгүй байна” гэж хариулсан. Алдаа гаргасан үедээ бид ихэвчлэн залбирч, судраас уншиж, сүмд явахыг хүсдэггүй. Магадгүй бид Бурханд анзаарагдахгүй юмсан гэж хүсдэг байх.
Суралцагчдадаа тэд алдаа гаргасан үедээ нигүүлсэнгүй Тэнгэрлэг Эцэгийн хайраар дүүрэн, дэлгээстэй энгэрт очиж уучлал, амар амгаланг олж чадна гэдгийг ойлгоход туслаарай. Тэр биднийг халхлах, биднийг гэтэлгэх замыг бэлдсэн.
Өөрийгөө сүнслэг туршлагагүй гэж боддог суралцагчдад та хэрхэн туслах вэ? Заримдаа өсвөр үеийнхэн маань гайхамшгийн гэлтэй түүхүүдийг сонсчхоод, сүнслэгээр нөлөөлсөн асуулт тавих эсвэл судруудыг уншиж, ямар нэг зүйлийг тэмдэглэх бодол төрөх зэргээр Ариун Сүнс тэдэнтэй ч бас энгийн олон арга замаар ярьдаг гэдгийг ойлгодоггүй. Бидэнтэй Их Эзэний ярьдаг арга нь Түүний хүмүүстэй ярих цор ганц арга гэж заахын оронд Их Эзэн хувь хүн бүртэй хэрхэн харилцдагийг сурахад нь тусалцгаая. Суралцагчдад хэзээ Ариун Сүнсийг мэдэрч байгаа талаар нь хэлэхээс болгоомжилцгооё. Багшийн хувьд бид Сүнсийг мэдэрлээ гээд суралцагч бүр яг тэр мөчид ижил зүйлийг мэдэрч байна гэсэн үг биш юм. Сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутралд орсон хүмүүст эдгээрийг мэдрэх нь хэцүү гэдгийг ойлгох нь зүйтэй. Гэхдээ Их Эзэн сэтгэл зүйн өвчнөөр хязгаарлагддаггүй. Тэр тэднийг мэддэг, ойлгодог ба Өөрийн хайр, удирдамжийг дамжуулах арга замыг олж чадна. Хувийн илчлэлт хүлээн авч, үйлдэж сурахад нь туслахаас илүү бидний хийж чадах зүйл тун цөөхөн байдаг.
Саяхан би нэгэн залуу АНУ-ын зүүн хэсэгт байдаг нэр хүндтэй их сургуульд сурч байгаа тухай түүхийг сонссон юм. Тэр маш хэцүү логикийн хичээл авч эхэлжээ. Тэр сайн сурахыг хүссэн учраас хувийн багш хөлслөхөөр шийдсэн байна. Профессорын туслахаар ажиллаж байсан, бүр яг тэр их сургуульд хичээл зааж байсан хүнийг тэр олж чаджээ. Хувийн багш нь ихээхэн тустай байсан хэдий ч, залуу улирлын шалгалтынхаа талаар санаа зовсон хэвээр байв. Профессор оюутнуудад хандан шалгалт маш хүнд байх учраас нэг цаасан дээр хэрэгтэй гэж бодсон бүх зүйлээ багтаагаад авч ирэхийг зөвшөөрч буйгаа хэлэв. Оюутнууд томруулдаг шил ашиглан аль болох жижигхэн бичээд, шалгалтад хэрэгтэй зүйлсээ уншиж эхэлжээ. Шалгалтын өдөр ирж, залуу ангидаа орлоо. Түүний хажууд хувийн багш нь байв. Профессор яах гэж байгааг нь асуухад, залуу хоосон цаас гаргаж ирээд шалан дээр тавив. Тэгээд хувийн багш нь тэр цаасан дээр зогсов. Залуу “та намайг энэ цаасан дээр хүссэн бүхнээ байрлуулж болно гэж хэлсэн. Би хувийн багшаа энд байлгахыг хүсэж байна” гэв. Залууг хувийн багштайгаа хамт шалгалт өгөхийг зөвшөөрсөн ба тэр түүний чихэнд хариултуудыг шивнэж байлаа.
Ариун Сүнсний бэлэгтэй, Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид амьдралын аливаа сорилтуудыг яагаад боломжит тусламжгүйгээр даван туулах гэж? Амьдралынхаа бүхий л тал дээр Ариун Сүнстэй нөхөрлөхүйц зохистой байхыг хичээж, хийж буй бүх зүйлдээ Түүний нөлөөг эрэлхийлдэгт баярлалаа.
Би өсвөр үеийнхэн болон залуучууд маань Тэнгэр дэх Эцэгээ таньж, Түүнийг хэн болохыг мэдсэнээр өөрсдийгөө хэн болохыг ойлгоосой хэмээн залбирч байна. Түүний өршөөх хүчээр бид ариусаж чадна. Түүний эдгээх хүчээр бид эрүүл болж чадна. Түүний цэвэршүүлэх хүчээр бид Түүнтэй адил болж чадна. Түүний сургаалыг зааж, Түүний хайрыг хуваалцдаг Есүс Христийн төлөөлөгчдийн хувьд та бүхэн тэдэнд мөнхийн мөн чанараа танихад нь туслах боломжтой. Энэ нь таныг үргэлж төгс бай гэсэн үг биш юм. Та төгс байх шаардлагагүй. Таныг Есүс Христ дээр төвлөрч, суралцагчид дээр анхааран, Бурханы үгэн дээр суурилж, сэргээгдсэн сайн мэдээг заахаар хичээх үед Ариун Сүнс хичээлийг тань амьд болгож, ач холбогдлыг өгч, үнэнийг гэрчлэх болно. Та нар, гэр бүлийнхэн мөн суралцагчид тань Израилын найдвар, амлалтын хүүхдүүд мөн Бурханы хайрт хүүхдүүд гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.