Ерөнхий чуулган
Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:52

Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш

Хичээсээр байгаа ч хэтэрхий олон удаа бүтэлгүйтсэн мэт санагдвал Христийн Цагаатгал болон үүнийг боломжтой болгодог ач ивээл жинхэнэ гэдгийг санаарай.

Би нэг удаа утаснаасаа дуу авиаг бичвэр болгон хувиргадаг тохиргоог ашиглан охин, хүргэн хоёртоо зурвас илгээсэн юм. Би тэдэнд “Хүүе, хоёр оо. Үнэхээр хайртай шүү” гэж хэлээд явуулсан. Харин миний зурвас тэдэнд “Үзэн яддаг шүү, хоёр оо. Гэвч хайрлах ёстой л доо” гэсэн өгүүлбэр болж очсон байлаа. Эерэг, сайн зорилготой захиас хэрхэн ийм хялбархнаар буруу ойлгогдож болохыг эндээс харж болохоор байгаа биз? Заримдаа наманчлал, зохистой байдлын талаарх Бурханы захиасыг буруу ойлгох ийм тохиолдол гардаг.

Зарим хүн уг захиасыг наманчлал ба өөрчлөлт онц шаардлагатай зүйл биш юм байна гэж андуурч хүлээж авдаг. Харин тэдгээрийг нэн шаардлагатай гэх нь Бурханы захиас юм. 1 Гэвч Бурхан алдаа, дутагдлуудыг маань харгалзахгүйгээр биднийг хайрладаггүй гэж үү? Мэдээж, тэгдэг! Тэр биднийг төгс хайрладаг. Би ач, зээ нараа алдаа дутагдалтай нь, бүх юмтай нь хайрладаг ч энэ нь тэднийг өсөж хөгжөөсэй, чадах бүхэндээ хүрээсэй гэж хүсдэггүй гэсэн үг биш юм. Бурхан биднийг байгаагаар маань хайрладаг ч одоо байгаа байдалтай маань хэвээр үлдээхээр дэндүү их хайртай. 2 Их Эзэний төлөө сүнслэг байдлаар өсөж хөгжих нь мөнх бус байдлын утга учир. 3 Христийн Цагаатгалын гол зорилго нь өөрчлөлтийг авчрах явдал билээ. Христ биднийг зөвхөн эдгээж, тайтгаруулж, цэвэршүүлж, амилуулаад зогсохгүй энэ бүх үйл явцаар дамжуулан биднийг Өөртэйгөө улам адил болгон өөрчилж чадна. 4

Зарим хүн уг захиасаас наманчлал бол нэг удаагийн үйл явц юм байна гэж андуурч ойлгодог. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасанчлан, “Наманчлал бол … үйл явц” 5 гэдэг бол Бурханы захиас. Наманчлах нь цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг.6 Учир нь нүглээ орхин, 7 “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх” 8 нь насан туршийн үйлдэл. 9

Амьдрал яг л холын замд аялахтай адил. Бид очих газартаа ганцхан удаа дүүргэсэн шатахуунаар хүрэх боломжгүй, саваа дахин дахин дүүргэх шаардлагатай болдог. Ариун ёслолоос хүртэх нь шатахуун түгээх газар зогсохтой адил юм. Наманчилж, гэрээгээ шинэчлэх үедээ бид зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ амладаг бөгөөд Бурхан, Христ хоёр биднийг Ариун Сүнсээр адисалдаг. 10 Товчхондоо, бид аяллаа үргэлжлүүлэхийг амлаж байгаа хэрэг бөгөөд харин Бурхан, Христ хоёр бидний шатахууны савыг дүүргэхээ амладаг.

Зарим нь уг захиасыг ойлгохдоо, муу зуршлаасаа бүрмөсөн салаагүй учир сайн мэдээнд өөрсдийгөө бүрэн дүүрэн зориулахуйц зохистой биш хэмээн андуурч хүлээн авдаг. Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш гэдэг нь Бурханы захиас юм. 11 Зохистой байх гэдэг бол үнэнч шударга, хичээл зүтгэлтэй байхыг хэлнэ. Бид Бурханд болон санваарын удирдагчдад мөн биднийг хайрладаг хүмүүст үнэнч байх ёстой. 12 Бид алдаа гаргадаг ч хэзээ ч бууж өгөлгүй Бурханы зарлигуудыг дагахдаа мэрийх ёстой. 13 Ахлагч Брюс K.Хафэн Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх нь “дутагдалгүй байдлаас илүүтэйгээр тэвчээр, тууштай байдлыг шаарддаг” 14 гэж хэлсэн. Сүнсний бэлгүүдийн талаар Их Эзэн “тэдгээр нь намайг хайрладаг хийгээд миний бүх зарлигийг сахидаг мөн түүнчлэн үйлдэхийг эрэлхийлдэг тэдний ашиг тусын төлөө өгөгддөг болой” 15 хэмээсэн.

Дэмон гэж миний нэрлэх нэгэн залуу надад “Би өсвөр насандаа порнографын асуудалтай байсан. Би юмыг зөв хийж бас наманчилж чадахгүй байгаадаа үргэлж ичиж зовдог байсан” гэж бичсэн байв. Дэмон алдаа гаргах бүрдээ харамсал шаналлыг улам хүчтэй мэдэрч байсан ба аливаа ач ивээл, өршөөлийг төдийгүй Бурханы дахин нэг удаа өгөх боломжийг хүртэхүйц зохисгүй хэмээн өөртөө хатуу хандаж байжээ. Тэр “Би үргэлж аймшигтай мэдрэмж тээж явах ёстой юм байна гэж бодсон. Илүү сайн хичээж, асуудлаа бүрмөсөн даван туулахад бэлэн биш байгаа болохоор Бурхан намайг үзэн ядаж байгаа байх гэж би бодож байлаа. Би долоо хоног, заримдаа бүр бүтэн сарын турш уруу татагдахгүй явдаг байсан ч эргээд унах үедээ ‘Би хэзээ ч хангалттай сайн байж чадахгүй юм байна. Тэгэхээр хичээгээд ч яах юм билээ?’ гэж боддог байсан” гэж хэлж билээ.

Нэг ийм сэтгэлээр унасан үедээ Дэмон санваарын удирдагчдаа хандан “Би сүмд ирэхээ больсон нь дээр байх. Би хоёр нүүртэн байхаас залхаж байна” гэж хэлжээ.

Санваарын удирдагч нь түүнд “Чи муу зуршлаа даван туулахыг хичээж байгаа учир хоёр нүүртэн биш. Хэрэв чи үүнийгээ нууж, худлаа хэлэхийг оролдож эсвэл ийм өндөр жишиг тавьдаг нь Сүмийн л асуудал гэж өөртөө итгүүлэхийг хичээж байвал хоёр нүүртэн болно. Өөрийн үйлдлийг нуулгүй, урагшлах алхам хийж байгаа нь хоёр нүүртэн гэсэн үг биш. Энэ бол шавь байна гэсэн үг” 16 гэж хариулжээ. Удирдагч нь ахлагч Ричард Г.Скоттын заасан “Их Эзэн сул дорой байдлыг эсэргүүцлээс өөрөөр авч үздэг. … Их Эзэн сул дорой байдлын тухайд үргэлж нигүүлсэнгүйгээр ярьдаг билээ” 17 хэмээх үгсийг эш татав.

Энэхүү харах өнцөг Дэмонд найдвар төрүүлсэн аж. Бурхан дээрээс хараад, “Дэмон дахиад л бүтэлгүйтчихлээ” гэхийн оронд “Дэмон хэчнээн их өсөж хөгжиж байгааг хар даа” хэмээн хэлнэ гэдгийг тэр ухаарчээ. Энэ залуу эцэст нь ичгүүртэй байдалд толгой гудайлгалгүй байж, шалтаг тоочихоо мөн ухаалаг тайлбар хайхаа больсон юм. Тэрээр тэнгэрлэг тусламж эрэлхийлж, үүнийгээ ч олсон. 18

Дэмон “Өнгөрсөн хугацаанд ганцхан удаа Бурханд хандсан маань өршөөл гуйхын төлөө л байсан. Харин одоо би үүнээс гадна Түүний ‘боломж олгогч хүчийг’ буюу ач ивээлийг гуйдаг [Bible Dictionary, “Grace”]. Би үүнийг өмнө нь огт хийж байгаагүй. Одоо би хийсэн зүйлсийнхээ төлөө өөрийгөө үзэн ядахаас илүүтэй, хийсэн зүйлийнх нь төлөө Есүсийг хайрлахад илүү их цагийг зориулдаг болсон” гэж хэлсэн.

Дэмоныг хэр удаан тэмцсэнийг бодох үед, түүнд тусалж байсан эцэг эх, удирдагчид нь “хэзээ ч дахин тэгэхгүй” гэж хэт эрт хэлүүлэх юм уу “зохистой” гэж үзэх цээрлэсэн жишгийг дур зоргоороо бууруулсан байсан бол үйл явц нь бодит бус бөгөөд тусыг эс олох байсан. Харин тэд энгийн бөгөөд хүрч болохуйц зорилго тавьж эхэлжээ. Тэд төгс хийж чадахгүй л бол юу ч биш гэсэн бодолтой болгохын оронд удаан хугацааны өсөлт хөгжил дээр төвлөрсөн нь Дэмонд бүтэлгүйтлийн оронд олон жижиг амжилт дээр тулгуурлан босож ирэх боломжийг олгосон юм. 19 Тэрээр Лимхайн боолчлогдсон хүмүүсийн адилаар “бага багаар дэгжиж” 20 чадна гэдгээ ойлгосон.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Бид ямар нэг маш том асуудлыг шийдэхийн тулд үүнийг олон хэсэг болгон, өдөр бүр багахан хэсэг дээр ажиллах хэрэгтэй. … Шинэ бөгөөд эрүүл саруул дадал зуршлыг зан байдалдаа төлөвшүүлэх эсвэл муу зуршлыг буюу донтолтыг даван туулах нь ихэнхдээ олон өдөр, сар, бүр олон жил үргэлжилж болох, өдөр тутмын, өөрөөр хэлбэл, өнөөдрөөс маргааш, маргаашаас нөгөөдөр тасралтгүй үргэлжлэх хүчин чармайлт байх нь олонтоо тохиолддог. Гэвч бид өдөр тутамдаа хэрэгтэй тусламжийг … Бурханаас гуйж болох учир үүнийг хийж чадна” 21 гэж зөвлөсөн.

Ах, эгч нар аа, КОВИД-19 цар тахал хүн бүрд амаргүй байж, хөл хорионы тусгаарлалт нь ялангуяа муу зуршилтайгаа тэмцэж буй хүмүүсийн амьдралд хүндрэл учруулсан. Өөрчлөлт бол боломжтой зүйл, наманчлал бол үргэлжлэх үйл явц бөгөөд зохистой байх гэдэг бол ямар ч дутагдалгүй байх гэсэн үг биш гэдгийг санаарай. Хамгийн чухал нь Бурхан, Христ хоёр бидэнд нэн даруй туслахад бэлэн байгааг санаарай. 22

Зарим хүн уг захиасыг Бурхан биднийг наманчилсны дараа туслахаар хүлээж байдаг гэж андууран ойлгодог. Тэр бидэнд наманчлах явцад тусална гэдэг нь Бурханы захиас юм. Түүний ач ивээл бидний “дуулгавартай байдлын замын хаана нь байгаагаас үл хамааран” 23 бидэнд ирдэг. Ахлагч Дийтр Ф.Угдорф “Бурханд дутагдалгүй хүн хэрэггүй. Тэрээр ‘зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюун’ [Сургаал ба Гэрээ 64:34]-аа өргөх хүмүүсийг эрэлхийлдэг бөгөөд тэднийг ‘Христэд төгс болгох болно’ [Моронай 10:32–33]” 24 хэмээн хэлсэн.

Маш олон хүн таагүй муудсан харилцаанаас болж сэтгэл санаагаар хямарсан байдаг ба энэ нь тэдэнд Бурханы нигүүлсэл, тэвчээрт итгэхэд хүндрэл учруулдаг. Тэд Бурхан бол бидний хэрэгцээ шаардлагыг хангадаг 25 мөн ”Өөрөөс нь асуух тэдэнд хэрхэн сайн зүйлсийг өгөхөө мэддэг,” 26 хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг гэдгийг харж чаддаггүй. Түүний ач ивээл зөвхөн зохистой хүмүүст зориулсан шагнал биш. Энэ бол биднийг зохистой болоход туслах Түүний өгч буй “тэнгэрлэг тусламж” юм. Энэ нь зөвхөн зөв шударга хүмүүст зориулсан урамшуулал биш. Энэ бол биднийг зөв шударга болоход туслах Түүний өгч буй “хүч чадлын бэлэг” 27 юм. Бид зөвхөн Бурхан, Христ хоёр луу алхдаггүй. Бид тэдэнтэй хамт алхдаг. 28

Сүм даяар өсвөр насныхан Залуу эмэгтэйчүүдийн болон Аароны санваарын чуулгын уриаг чанга хэлдэг. Шинэ Зеландаас Испани, Этиопоос Япон хүртэлх залуу эмэгтэйчүүд “Би наманчлалын бэлгийг хүндлэн дээдэлж” хэмээн уншдаг. Чилээс авахуулаад Гватемала, Юта мужийн Моронай хотын залуу эрэгтэйчүүд “Би өдөр бүр үйлчилж, итгэлээ хөгжүүлж, наманчилж, сайжрахыг хичээхийн хэрээр ариун сүмийн адислалуудыг болоод сайн мэдээний төгсөшгүй баяр баясгаланг хүлээн авах боломжтой болно” гэж хэлдэг.

Эдгээр адислал мөн тэрхүү баяр хөөр бодит бөгөөд бүх зарлигийг сахидаг мөн түүнчлэн “үйлдэхийг эрэлхийлдэг” 29 хүмүүст хүртээмжтэй гэдгийг би амлаж байна. Хичээсээр байгаа ч хэтэрхий олон удаа бүтэлгүйтсэн мэт санагдвал Христийн Цагаатгал болон үүнийг боломжтой болгодог ач ивээл жинхэнэ гэдгийг санаарай. 30 “[Түүний] нигүүлслийн мутар чиний зүг сунгаастай байна.” 31 Чи өнөөдөр ч хайрлагдаж байна. 20 жилийн дараа ч мөн үүрд мөнхөд хайрлагдах болно. Есүс Христийн нэрээр, амен.