Ерөнхий чуулган
Ай бидний Бурхан Та, зовсон гэгээнтнүүдээ санаач
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:17

Ай бидний Бурхан Та, зовсон гэгээнтнүүдээ санаач

Гэрээнүүдийг дагах нь Есүс Христийн гэтэлгэгч золиосны хүчийг нээн, зовж шаналж буй та нарт хүч чадал, бүр баяр баясгаланг авчирдаг.

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд Түүний бүх хүүхэд соригдож, зовлон бэрхшээлтэй нүүр тулах мөнх бус туршлага багтдаг. 1 Таван жилийн өмнө би хорт хавдартай гэж оношлогдсон юм. Би мэс засал, туяа эмчилгээ, эмийн сөрөг нөлөөнөөс болж, бие махбодоороо өвдөж шаналсан бөгөөд одоо ч шаналж байна. Тарчилж зовон, нойргүй хоносон олон шөнө би сэтгэл санааны хүнд хэцүүг мэдэрсэн юм. Намайг амьдралынхаа утга учир болсон гэр бүлээ ардаа орхиод, бодож байснаасаа эрт энэ мөнх бус дэлхийгээс явах магадлалтай гэдгийг эмчилгээний үзүүлэлтүүд харуулж байв.

Таны хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан янз бүрийн зовлон зүдгүүр, мөнх бус амьдралын сул доройн улмаас бие махбодын эсвэл оюун санааны хувьд зовж шаналах үе одоо эсвэл хэзээ нэг өдөр таны амьдралын нэг хэсэг байх болно.

Бие махбодын зовлон нь жамаараа нас ахих, хүсэн хүлээгээгүй өвчнөөр өвдөх, гэнэтийн осол аваарт орох; өлсөх эсвэл орон гэргүй байх эсвэл хүчирхийлэл, дайн зэргээс үүддэг.

Сэтгэл санааны зовлон нь сэтгэлийн зовнил эсвэл сэтгэл гутрал, хань, эцэг эхийн эсвэл итгэл хүлээсэн удирдагчийн хууран мэхлэлт; ажил эрхлэлт эсвэл санхүүгийн өөрчлөлт; бусдын шударга бус шүүлт; найз нөхөд, хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн хийсэн сонголт; аливаа нэг хүчирхийлэл; гэрлэлтийн эсвэл хүүхдүүдийн тухай биелэгдээгүй мөрөөдөл; хайртай хүмүүс өвдөж, нас барах зэрэг өөр олон шалтгаанаас үүддэг.

Бидний хүн нэг бүрд ирдэг өвөрмөц бөгөөд заримдаа тэнхээ бардаг зовлон шаналлыг та нар хэрхэн тэсэн гарч чадах вэ?

Талархууштай нь, Есүс Христийн сайн мэдээнд найдвар байдаг бөгөөд энэ найдвар таны амьдралын нэг хэсэг байж болно. Өнөөдөр би та нарт судар, бошиглолын сургаал, тохинууллын олон айлчлал, эрүүл мэндийнхээ хувьд туулж яваа бэрхшээл зэргээсээ найдварын дөрвөн зарчмыг хуваалцана. Эдгээр зарчмыг олон хүн хэрэгжүүлж болох төдийгүй нэн хувийн чанартай юм.

Нэгдүгээрт, таны амьдрал Бурханы таалалд нийцээгүйн улмаас та зовж шанална гэсэн үг биш юм. Хоёр мянган жилийн өмнө Есүсийн шавь нар сүмийн хажууд байсан сохор хүнийг хараад, Түүнээс —Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ хүн сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү? гэж асуужээ.

Амьдралын бүхий л хэцүү бэрхшээл, зовлон шаналлыг гэм нүглийн үр дагавар хэмээн Түүний шавь нар буруу итгэж байсан бөгөөд өнөөдөр ч дэндүү олон хүн мөн ийн итгэж байна. Гэхдээ Аврагч “Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм” 2 хэмээн хариулжээ.

Бурханы ажил бол үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг авчрах явдал юм. 3 Гэхдээ сорилт бэрхшээл, зовлон шаналал, ялангуяа сонгох эрхээ гэм нүгэлд ашигласан өөр нэгнээс болж ирэх шаналал нь 4 —эцэстээ хэрхэн Бурханы ажлыг урагшлуулах вэ?

Их Эзэн гэрээт хүмүүстээ “Би чамайг цэвэршүүлсэн … ; би чамайг зовлон зүдгүүрийн зууханд сонгосон бөлгөө 5 хэмээн айлджээ. Зовлон шаналал чинь ямар ч шалтгаантай байсан Хайрт Тэнгэрлэг Эцэг тань таны бодгалийг цэвэршүүлэхийн тулд тэдгээрийг чиглүүлж чадна. 6 Цэвэршүүлэгдсэн бодгалиуд бусдын ачаа дарамтыг сэтгэлээсээ өрөвдөн, үүрэлцэж чадна. 7 “Үлэмж их зовлонгоос гарсан” цэвэршүүлэгдсэн бодгалиуд Бурханы оршихуйд мөнхөд баяр баясгалантай амьдрахад бэлтгэгдсэн байдаг ба “Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно.” 8

Хоёрдугаарт, та нарын зовлон шаналлыг Тэнгэрлэг Эцэг маш сайн мэддэг. Сорилт бэрхшээл дунд байхдаа бид Бурхан хол байгаа мөн бидний зовлон шаналлыг анхаарахгүй байна гэж андуурч боддог байх. Бүр бошиглогч Иосеф Смит амьдралынхаа хамгийн хэцүү үеийг туулж байхдаа энэ мэдрэмжийг илэрхийлсэн. Мянга мянган хожмын үеийн гэгээнтнийг орон гэрээсээ хөөгдөж байхад Либерти шоронд байсан Иосеф “Ай Бурхан минь, Та хаана байна вэ? Мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ?” хэмээн залбирч, ойлголтыг эрэлхийлжээ. Тэрээр залбирлаа “Ай бидний Бурхан Та, зовсон гэгээнтнүүдээ санаач” 9 хэмээх гуйлтаар төгсгөсөн аж.

Их Эзэний хариулт Иосефт мөн зовж шаналж буй бүгдэд

“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;

Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно” 10 гэдгийг баталсан юм.

Зовж шаналсан олон гэгээнтэн сорилт бэрхшээлийнхээ үеэр Бурханы хайрыг хэрхэн мэдэрсэн тухайгаа надтай хуваалцаж байсан. Миний хурц өвдөлтийн шалтгааныг эмч нар хараахан оношлоогүй байхад би хорт хавдартайгаа тэмцэж байсан үеэ маш тодорхой санаж байна. Заншил ёсоороо би өдрийн хоолоо адислах гээд эхнэртэйгээ хамт сууж байв. Гэтэл би “Тэнгэрлэг Эцэг минь, надад туслаач. Би маш их өвдөж байна” хэмээн уйлахаас өөр юу ч хэлж чадсангүй. Дараах 20-30 секундийн турш би Түүний хайраар хүрээлэгдэв. Би өвчнийхөө шалтгааныг төдийгүй энэ бүхний эцсийн үр дүн, өвдөлт намжаах тайтгарлыг хүлээн аваагүй. Би Түүний цэвэр хайрыг л мэдэрсэн. Энэ нь л надад хангалттай байсан, одоо ч мөн тийм байна.

Ганц бор шувууны унахыг хүртэл анзаардаг Тэнгэрлэг Эцэг маань таны зовлонг мэддэг гэдгийг би гэрчилж байна. 11

Гуравдугаарт, Есүс Христ зовлон шаналлаа дажгүй даван туулах хүчтэй байхад тань туслах Өөрийн боломж олгогч хүчийг санал болгодог. Энэхүү боломж олгогч хүч Түүний Цагаатгалаар дамжин боломжтой болдог. 12 Маш олон Сүмийн гишүүн хэрэв тэд бага зэрэг л илүү хатуужилтай байвал ямар ч зовлон шаналлыг өөрсдөө даваад гарч чадна гэж боддог нь надад харамсалтай санагддаг. Энэ бол амьдрах хэцүү арга зам. Таны түр зуурын хүч чадлыг, бодгалийг тань тэтгэх Аврагчийн хязгааргүй хүчтэй хэзээ ч харьцуулшгүй. 13

Есүс Христ биднийг халамжилж болохын тулд “өөрийн дээр” бидний өвдөлт зовуурь, өвчин эмгэг, сул доройг авдаг 14 хэмээн Мормоны Ном заадаг. Та зовж шаналах үедээ таныг хүчирхэгжүүлж, халамжлахын тулд Есүс Христийн санал болгодог хүчийг хэрхэн хүлээн авч болох вэ? Үүний гол түлхүүр нь бид Түүнтэй байгуулсан гэрээгээ дагах замаар Аврагчтай холбоотой байх явдал юм. Бид санваарын ёслолууд хүлээн авах үедээ эдгээр гэрээг байгуулдаг. 15

Алмагийн хүмүүс баптисмын гэрээнд орж, хожим нь боолчлогдон, зовж шаналсан бөгөөд тэдэнд олон нийтийн газар шүтэн бишрэх эсвэл чанга залбирах хориотой байв. Гэвч тэд зүрх сэтгэлдээ чимээгүй залбирч, чадах чинээгээрээ гэрээнүүдээ дагадаг байсан. Үүний үр дүнд тэнгэрлэг хүч тэдэнд иржээ. “Тэд ачаагаа амархан зааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ.” 16

Өнөө үед Аврагч “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” 17 хэмээн урьдаг. Түүнийг үргэлж дурсан санах ариун ёслолын гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн Сүнсийг бидэнтэй хамт байлгана хэмээн амладаг. Сорилт бэрхшээлийг даван туулж, өөрсдийн хийж чадахгүй зүйлсийг хийхэд Сүнс бидэнд хүч чадал өгдөг. Хэдий ерөнхийлөгч Жэймс Э.Фауст “Энэ эдгэрлийн зарим нь өөр дэлхийд хийгдэж магад” 18 гэж заасан ч Сүнс биднийг анагааж чадна.

Бид мөн “бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг” 19 ариун сүмийн гэрээ, ёслолуудаар адислагддаг. Нэгэн аймшигтай ослоор өсвөр насны охиноо алдаж, дараа нь хорт хавдраар нөхрөө алдсан нэгэн эмэгтэйгийнд би зочилсон юм. Би түүнээс хагацал, шаналлаа хэрхэн даван туулж чадаж байгааг нь асуув. Тэрээр ариун сүмд шүтэн биширч байхдаа хүлээн авсан мөнхийн гэр бүлийн тухай сүнслэг нотолгооноос хүч ирсэн гэж хариулсан. Амлалтын дагуу Их Эзэний өргөөн дэх ёслолууд түүнийг Бурханы хүчээр зэвсэглэжээ. 20

Дөрөвдүгээрт, өдөр болгон баяр баясгалан олохыг сонго. Зовж шаналж буй хүмүүст шөнө үргэлжилсээр, өдрийн гэгээ хэзээ ч ирэхгүй мэт мэдрэгддэг. Уйлах зүгээр шүү. 21 Харин хэрэв та зовж шаналж, олон харанхуй шөнийг өнгөрүүлж байгаа бол итгэлийг сонгосноор та баяр баясалтайгаар өглөөг угтан сэрэх боломжтой. 22

Хэдэн жишээ хэлье. Хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан залуухан ээж дээр намайг зочлоход тэрээр унасан үс, өвдсөн биеэ үл тоон инээмсэглэн угтсан юм. Хүүхэдтэй болох боломжгүй болсон дунд эргэм насны хоёр хос өсвөр үеийнхний удирдагчаар аз жаргалтай үйлчилж байхтай би таарсан. Хэдхэн хоногийн дараа нас барах залуухан эмээ, ээж мөн эхнэр болох нэгэн хүндэт эмэгтэйтэй уулзахад гэр бүл нь нулимс дүүрэн инээмсэглэн, жаргалтай дурсамжаа ярьж байсан юм.

Зовж шаналж буй эдгээр гэгээнтэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасан зүйлийг үлгэр жишээгээрээ харуулдаг юм.

“Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.

Бид амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой” 23 хэмээн заасныг үлгэрлэж байдаг.

Хайрт Тэнгэрлэг Эцэг маань зовсон гэгээнтнүүдээ санадаг бөгөөд та нарт хайртай мөн та нарыг маш сайн мэддэг гэдгийг би гэрчилж байна. 24 Бидний Аврагч таны юу мэдэрч байгааг мэддэг. “Гарцаагүй тэр бидний гашуудлыг хүлээн авч, мөн бидний харамслыг үүрсэн.” 25 Гэрээнүүдийг дагах нь Есүс Христийн гэтэлгэгч золиосны хүчийг нээн, зовж шаналж буй та нарт хүч чадал, бүр баяр баясгаланг авчирдаг болохыг өдөр бүр уг хүчийг хүлээн авагчийн хувьд 26 би мэднэ.

Зовж шаналж буй хүмүүсийн төлөө “Түүний Хүүгийн баяслаар танд үүрэг чинь хөнгөн байж болохыг Бурхан соёрхох болтугай” 27 хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. 1 Петр 4:12–13-ыг үзнэ үү.

  2. Иохан 9:1–3-ыг үзнэ үү.

  3. Мосе 1:39-ийг үзнэ үү.

  4. Сонгох эрх чөлөөг бусдыг зовж шаналахад хүргэх байдлаар гэм нүгэлтэй ашигласан тохиолдлыг бичвэл дэндүү урт жагсаалт болох ч мэдээж энд завхайрсан эхнэр/нөхөр мөн хүүхэд, насанд хүрэгчдийг хүчирхийлсэн хүн, хэн нэгний хайртай хүнийг бэртээсэн эсвэл амийг бүрэлгэсэн согтуу жолооч эсвэл олон хүн рүү буудсан буудагч юм уу олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон эсвэл алсан, халдан түрэмгийлэгч бөмбөгдөгч орно.

  5. Исаиа 48:10-ыг мөн Зехариа 13:9-ийг үзнэ үү.

  6. 2 Нифай 2:1–2-ыг үзнэ үү.

  7. Ахлагч Робэрт Д.Хэйлс “Бид өөрсдөө зовж шаналж байх үедээ бусдыг анхаардаг байх чадварыг хөгжүүлэх ёстой. Энэ бол бидний сүнсний өсөлт хөгжлийн үндсэн элемент юм. Бид нэг нэгэндээ үйлчлэхэд амьдралаа зориулах үедээ өөрсдийгөө олдог” (“Your Sorrow Shall Be Turned to Joy,” Ensign, Nov. 1983) хэмээн заажээ.

  8. Илчлэлт 7:13–17; 21:3–4-ийг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 121:1, 6

  10. Сургаал ба Гэрээ 121:7–8

  11. Матай 10:29–31-ийг үзнэ үү.

  12. Судруудын удирдамж, “Ач ивээл”-ийг үзнэ үү.

  13. Филипп 4:13, 19; Алма 26:12-ыг мөн 2 Шастир 32:7–8-ыг үзнэ үү.

  14. Алма 7:11–13-ыг мөн 2 Nephi 9:21-ийг үзнэ үү.

  15. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.5, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  16. Мозая 24:13–15-ыг үзнэ үү.

  17. Сургаал ба Гэрээ 6:36

  18. James E. Faust, “Where Do I Make My Stand?,” Liahona, Nov. 2004, 21.

  19. Сургаал ба Гэрээ 84:20

  20. Сургаал ба Гэрээ 109:22-ыг мөн 1 Нифай 14:14-ийг үзнэ үү.

  21. Иохан 11:35; Сургаал ба Гэрээ 42:45-ыг үзнэ үү.

  22. Ахлагч Жозэф Б.Вөртлин “Sunday Will Come,” Liahona, Nov. 2006-аас санаа авав. Мөн Иаков 1:2–4 (Иосеф Смитийн орчуулга дээрх зүүлт тайлбар 2a); 5:10–11-ийг үзнэ үү.

  23. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72.

  24. 20 жилийн өмнө төлөөлөгч, ахлагч Нийл А.Максвэлл өөрийг нь зовоосон, эцэстээ амь насанд халтай өвчнийхөө талаар тунгаан боджээ. Сүнс “Чамайг миний хүмүүст жинхэнээсээ зааж болохын тулд чамд би уяман өвчин өгсөн” гэсэн аж (Bruce C. Hafen, A Disciple’s Life: The Biography of Neal A. Maxwell [2002], 562-ыг үзнэ үү).

  25. Мозая 14:4-ийг мөн Исаиа 53:4-ийг үзнэ үү.

  26. Судрын хүлээн авагч гэсэн үгэнд хүртэгч гэсэн үг илүү тохирно (Ифер 12:6–9-ийг үзнэ үү).

  27. Aлмa 33:23