Ерөнхий чуулган
Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:36

Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй

Биднийг Их Эзэний зөвлөгөөг Түүний амьд бошиглогчдод илчлэгдсэний дагуу чин хүсэлтэйгээр дагах үед, ялангуяа энэ нь бидний анхны бодлоос зөрсөн, даруу байх болон золиос гаргахыг шаардсан үед, Тэрээр биднийг илүү их сүнслэг хүчээр адисалдаг.

2018 оны 8-р сарын 16-нд болсон хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Нэлсон “Их Эзэн Өөрийн Сүмийн буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөө илчилсэн нэр хэчнээн чухал болохыг оюун санаанд минь ойлгуулан мэдрүүлсэн юм. 1 Бид өөрсдийн зүгээс Түүний хүсэлд нийцүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна” 2 гэж хэлсэн билээ.

Хоёр хоногийн дараа, 8-р сарын 18-нд би ерөнхийлөгч Нэлсонтой хамт Канадын Монреал хотод очсон юм. Сэтгэл татам Палайс дэ Конгрэд болсон гишүүдтэйгээ хийсэн уулзалтын дараа ерөнхийлөгч Нэлсон сурвалжлагчдын асуултад хариулав. Тэрээр “[Сүмийн нэрийг дахин тогтооно мөн] зуу гаруй жилийн уламжлалыг буцаана гэдэг хэцүү” гэж хэлсэн ч “Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй” 3 гэж нэмж хэлсэн.

Түүнээс хойш 7 долоо хоногийн дараа, Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон “Их Эзэн Өөрийн Сүмийн буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөө илчилсэн нэр хэчнээн чухал болохыг оюун санаанд минь ойлгуулан мэдрүүлсэн. … Миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой хэмээн Аврагч Өөрөө хэлсэн билээ” гэж хэлээд, “Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй” 4 хэмээн давтан хэлсэн.

Сайн асуулт

Хэдэн арван жилийн туршид бид “Мормон” гэх хоч нэр, “Мормон табэрнэклын найрал дуу,” “Би мормон” видео толилуулга, “Би мормон хүү” хэмээх Хүүхдийн хэсгийн дуу зэргийг ашигласан атлаа “Яагаад одоо гэж?” гэсэн сайн асуулт урган гарсан юм.

Христийн сургаал хувиршгүй бөгөөд үүрдийнх. Харин Аврагчийн үйлс дэх тодорхой хийгээд чухал алхмууд зохих цагтаа илчлэгддэг. Өнөө өглөө ерөнхийлөгч Нэлсон “Сэргээлт бол үйл явдал биш, харин үйл явц” гэж хэлсэн. 5 Мөн Их Эзэн “Бүх зүйл тэдний цаг үед тохиохоор ирэх ёстой” 6 хэмээн айлдсан. Энэ бол бидний цаг үе. Бид Сүмийн илчлэгдсэн нэрийг дахин тогтоож байна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн танигдах шинж, хувь заяа биднийг Түүний нэрээр нэрлэгдэж байхыг шаардаж байна. Сүмийн цөөхөн гишүүнтэй хамт байхдаа бошиглогч Иосеф Смитийн “Энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг дүүргэнэ—энэ нь дэлхийг дүүргэнэ” 7 хэмээн бошиглосон Огайогийн Көртландад би саяхан байсан юм. Их Эзэн энэхүү эриний ажлыг “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл” 8 хэмээн дүрслэн айлдаад, “газар дэлхийн бүх үндэстэн адислагдах” “эцсийн өдрүүдэд биелэгдэх ёстой гэрээ” 9 -ний тухай ярьсан.

Энэхүү чуулганы үгсийг 55 хэл дээр орчуулан, шууд дамжуулж байна. Яваандаа, эдгээр үгийг 220 гаруй улс орон, газар нутагт 98 хэл дээр сонсож бас унших болно.

Хоёр дахь ирэлт

Аврагчийг сүр хүч, алдар суутай буцаж ирэх үед Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүд дэлхийн бүх үндэстэн, бүх ард түмэн, бүх арьс өнгө, бүх хэл, бүх соёлын дунд байх болно.

Сүмийн өргөжин тэлж буй нөлөө

Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн нөлөө зөвхөн Сүмийн гишүүдээр хязгаарлагдахгүй. Есүст Христэд үл итгэхийн бараан сүүдэр дэлхийг харанхуйлж буй үед бидний өдрүүд дэх тэнгэрлэг тунхаглал, газар дэлхийд сэргээгдсэн ариун судар, Ариун Сүнсний хүчирхэг бэлэг байгаа учраас бид уулын оргил дээрх гэрэл байх болно. Хэдийгээр олон хүн Гэтэлгэгчид итгэх итгэлээ дэлхийнхнээр бүрхүүлэх ч бид “байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй” 10 . Манай гишүүнчлэлд байдаггүй, Христэд итгэгч хүмүүс бидний үүрэг, Христийн баттай гэрчийг хүлээн авах болно. Тэр ч байтугай одоо бидэнд эргэлзэнгүй ханддаг Христэд итгэгч хүмүүс биднийг найз нөхдөө хэмээн тэврэн авах болно. Ирэх өдрүүдэд бид Христийн нэрээр нэрлэгдэх болно.

Сүмийн жинхэнэ нэрийг урагш гаргахын тулд өгөөмөр сэтгэл гаргасан хичээл зүтгэлийн тань төлөө бид та нарт талархаж байна. Гурван жилийн өмнөх чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон “Аврагчийн Сүмийн … зөв нэрийг хэрэглэхэд хичээнгүйлэн анхаарах нь … сүнслэг хүчнээс илүү их хүртэх өсөн нэмэгдсэн боломж хийгээд итгэл рүү [биднийг хөтөлнө]” 11 гэж амласан.

Энэхүү амлалтыг дэлхий даяарх үнэнч шавь нар нь ухаарч байна. 12

Нэгдсэн Улсын Зүүн хэсгээс ирсэн Лаури Ахола ах заримдаа Сүмийн бүтэн нэрийг хуваалцахад эвгүй байдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ тэрээр бошиглогчийн зөвлөгөөг дагаж, тууштай хичээж байв. Тэрээр нэгэн арга хэмжээний үеэр өөр итгэл бүхий сүм дээр нэг найзындаа зочилсон ажээ. Тэрээр:

“Хүмүүстэй танилцах үед надаас ‘Та мормон уу?’ гэж асуухад

“Тийм ээ, би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн” гэж би хэлсэн. Тэрээр надаас ‘Мормоны Сүмийнхэн ийм ийм … зүйлд итгэдэг үү?’ хэмээн хэд хэдэн асуулт асууж эхлэв. Асуух бүрд нь ‘[Есүс] Христийн сэргээгдсэн Сүмд бид ийм ийм … зүйлд итгэдэг’ хэмээх үгээр би хариултаа эхэлсэн.

Тэрээр намайг “мормон” гэдэг нэрийг хүлээн авахаас татгалзаж байгааг ажиглан, “та мормон биш юм уу?” хэмээн асуув.

Би түүнээс Мормон гэж хэн гэдгийг мэдэх эсэхийг асуухад тэр мэдэхгүй гэсэн учир Мормон бол эртний Америкийн бошиглогч, түүхч, цэргийн генерал мөн улс төрч байсныг тайлбарлаж өгч билээ.

“‘Гэвч Мормон миний нүглийн төлөө амиа золиослоогүй юм. Мормон Гетсеманид [миний төлөө] зовж шаналаагүй мөн загалмай дээр үхээгүй. … Харин Есүс Христ бол миний Бурхан мөн миний Аврагч. Түүний энэ нэрээр намайг таньдаг байгаасай хэмээн би хүсэж байна.’… гэсэн юм.

Хэдэн хором чимээгүй байсны эцэст тэр “Тэгэхээр та Христэд итгэгч юм байна!” 13 гэж [танилцсан нөгөө хүн маань] хэлсэн”.

Ерөнхийлөгч Нэлсон Ерөнхий чуулган дээр

Та нар ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгсийг санаж байна уу? “Их Эзэний Сүмийн зөв нэрийг сэргээхийн тулд бид хамгийн сайнаараа хичээвэл, мөн Түүний Сүм болохоор Тэрээр хожмын үеийн гэгээнтнүүдийн тэргүүн дээр урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүйгээр Өөрийн хүч, адислалуудыг асгах болно гэдгийг би амлая.” 14

Их Эзэн замыг үргэлж нээдэг

Их Эзэн амлалтаа үргэлж биелүүлдэг. Биднийг Түүний ажлыг хийх үед Тэрээр замыг нээдэг.

Олон жилийн туршид бид интернэтийн ChurchofJesusChrist.org, ChurchofJesusChrist.com гэх домэйн нэрсийг худалдаж авна гэж найдаж байсан. Аль нь ч худалдаанд гараагүй байв. Ерөнхийлөгч Нэлсоны зарлалын үеэр гэнэт л хоёулаа худалдаалагдах боломжтой болсон байсан. Энэ бол гайхамшиг байсан. 15

Олон жилийн туршид Сүмийн нэрэнд хавсралт болж байсан нэрсийг хянаж үзэхэд гаргасан хүчин чармайлтыг Их Эзэн өсгөн томруулсан.

Итгэлээ харуулан, Мормон табэрнэклын найрал дуучид хэмээх нэр Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучид болж өөрчлөгдсөн. Сар болгон 21 сая гаруй хүн зочилдог LDS.org вэбсайт ChurchofJesuChrist.org руу шилжсэн. 16 LDS Business College-ийн нэр Ensign College болж өөрчлөгдсөн. Mormon.org сайтыг ChurchofJesusChrist.org руу шилжүүлсэн. “Мормон” эсвэл “LDS” гэсэн шошготой нэг мянга гаруй бүтээгдэхүүний нэр өөрчлөгдсөн. Хожмын үеийн итгэлтэй гэгээнтнүүд вэбсайт, подкаст, жиргээн дэх аккаунтаа засаж өөрчилсөн.

Сүмийн шинэ бэлгэ тэмдэг

Бид Есүс Христэд төвлөрсөн бэлгэ тэмдгийг шинээр авсан.

“Бэлгэ тэмдгийн голд Торвалдсэны Christus хэмээх гантиг хөшөөний төлөөлөл байна. Энэ нь Өөрт нь ирэх бүгдийг хүлээн авахаар мутраа сунгаж буй амилсан, амьд Их Эзэнийг дүрсэлдэг.

Бэлгэдлээр, Есүс Христ нуман хаалганы доор зогсож байгаа юм. Нуман хаалга нь булшнаас гарч ирж буй амилсан Аврагчийг бидэнд сануулна.” 17

Өөр өөр хэл дээрх Сүмийн нэр
Сүмийн нэр бусад хэлээр

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм шинэ бэлгэдэл, загвараа тавь гаруй хэл дээр танилцууллаа. Шинэ домэйн нэрсийг хэдэн арван хэл дээр хүлээн авчээ.

Бусдын тусламжид талархах

Зөв нэрээрээ дуудуулах бидний хүслийг хүндэтгэн хандаж байгаа сайн бөгөөд өгөөмөр олон хүнд бид талархаж байна. Нэгэн католик шашны их ламын “Хожмын үеийн гэгээнтнүүдэд 18 хэмээн хандсан нийтлэлийг би уншсан юм. Би Нэгдсэн Улсын зүүн хэсгийн Христийн сүмийн нэгэн удирдагчийнд нэг сарын өмнө зочилсон бөгөөд тэрээр Сүмийг бүтэн нэрээр нь нэрлэж, дараа нь “Есүс Христийн Сүм” гэж ярьж байв.

Манай нэр дээр зургаан үг нэмэх нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхний хувьд төгс биш хувилбар гэдгийг бид ухаарсан ч ерөнхийлөгч Нэлсон “хариуцлагатай мэдээллийн хэрэгсэл бидний хүсэлтийн хариуд уриалгахан хандах болно” 19 хэмээн урьдчилан хэлсэн билээ. Соёл, спорт, улс төр, нийгмийн байгууллагуудыг анхаардагтай яг ижил биднийг анхааран авч үздэгт баярлалаа.

Бидний зорилгын ач холбогдлыг сулруулах эсвэл багасгах гэж найддаг цөөхөн хүн биднийг “мормончууд” эсвэл “Мормон Сүм” гэж дуудсан хэвээр байх болно. Эелдгээр хэлбэл, бараг 200 насалсан нэрээрээ дуудуулах хүслийг маань хүндэтгэхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн шударга хүмүүсээс дахин хүсэж байна.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн эр зориг

Сүмийн нэрийг зоригтой зарладаг хожмын үеийн гэгээнтнүүд мянга мянгаараа байна. Биднийг өөрсдийн хийх ажлыг хийх үед бусад хүн дагах болно. Тахитигийн дараах түүхэнд би дуртай.

Арван настай Ириура Жийн ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг дагах зорилго тавьжээ.

“Хичээл дээр тэднийг амралтын өдрийнхөө тухай ярилцахад, … Ириура … сүмийн талаар ярьжээ.

Түүний багш Вэйтэ Пифао ‘Аан, чи мормон уу?’ гэж хэлэв.

Ириураг ‘Үгүй ээ. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн!’ гэж зоригтой хэлэхэд

багш нь ‘Тийм, Чи мормон юм байна’ гэв.

Ириура “Үгүй ээ, багш аа. Би бол Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн” гэж дахин хэлэв.

“Хатагтай Пифао Ириурагийн хэлсэнд гайхасхийж, түүний яагаад сүмийнхээ урт нэрийг хэрэглэнэ хэмээн зөрүүдэлснийг сонирхжээ. [Тэр эмэгтэй Сүмийн талаар илүү ихийг мэдэхээр шийдэв.]

“Ириура ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг сонсож дагасан учраас [хожим Сүмийн эгч болсон] Ваитэ Пифао баптисм хүртсэн юм [тэр талархлаа илэрхийлсэн шүү].” 20

Энэ эгч сурагчийнхаа ачаар Сүмийн талаар олж мэдсэн юм.

“Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй.” Бүгдээрээ итгэлээр үргэлжлүүлцгээе. Бид Их Эзэний зөвлөгөөг Түүний амьд бошиглогчид илчлэгдсэний дагуу чин хүсэлтэйгээр дагах үед, ялангуяа энэ нь бидний анхны бодлоос зөрсөн, даруу байх болон золиос гаргахыг шаардсан үед, Тэрээр биднийг илүү их сүнслэг хүчээр адисалдаг бөгөөд биднийг дэмжиж, бидэнтэй хамт байхын тулд тэнгэр элчүүдээ илгээдэг. 21 Бид Их Эзэний баталгаа, зөвшөөрлийг хүлээж авдаг.

Бидний хайртай бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дээр тэнгэрийн хүч буусан гэдгийг би өөрийн нүдээр харсан гэрч билээ. Түүний чин сэтгэлийн хүсэл бол Их Эзэний таалалд нийцэх, бидний Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адислах явдал юм. Ариун нандин хувийн туршлагаасаа хараад, түүнийг Их Эзэн хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Тэр бол Бурханы бошиглогч.

Есүс бол Христ, Бурханы Хүү гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. 3 Нифай 27:7–9; Сургаал ба Гэрээ 115:3-ыг үзнэ үү.

  2. Russell M. Nelson, in “The Name of the Church,” Newsroom, Aug. 16, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org.

  3. President Nelson Discusses the Name of the Church,” Newsroom, Aug. 21, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org.

  4. Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84–87-г үзнэ үү.

  5. Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 94.

  6. Сургаал ба Гэрээ 64:32

  7. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 157.

  8. 2 Нифай 27:26

  9. 1 Нифай 15:18

  10. Сургаал ба Гэрээ 101:17

  11. Рассэлл М.Нэлсон, “Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119.

  12. Хэнри Б.Айринг, “Thus Shall My Church Be Called,” 202№ оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6-9-ийг үзнэ үү.

  13. Lauri Ahola, “Using the Full Name of the Church Was Awkward but Worth It” (digital-only article), Liahona, Apr. 2020, ChurchofJesusChrist.org.

  14. Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” 86.

  15. Сүмийн Оюуны Өмчийн Газар (The Church’s Intellectual Property Office) ChurchofJesusChrist.org-ын домэйн нэрийг 2006 оноос хойш хянан үзэж байсан бөгөөд худалдаанд гараагүй байв. Ерөнхийлөгч Нэлсоны зарласан яг тэр үед домэйн нэрийг худалдахаар зарласан байсан нь гайхамшиг байсан бөгөөд Сүм боломжийн үнээр уг домэйн нэрийг худалдан авсан.

    Сүм энэ маягаар 2011 оноос хойш ChurchofJesusChrist.com-ын домэйн нэрийн төлөвийг болон худалдаалагдаж буй эсэхийг хянаж байв. Гайхалтай нь, энэ нь бас 2018 оны 8-р сард худалдаанд гарч, Сүм үүнийг худалдаж авчээ.

  16. 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон

    “Ах, эгч нар аа, Сүмийн зөв нэрийг сэргээхийг эсэргүүцсэн дэлхийн тайлбар дүгнэлт их бий. Бидний амьдарч байгаа цахим ертөнц Их Эзэний Сүмийн тухай мэдээллийг төдийгүй, хэрэгтэй мэдээллээ бараг тэр даруй олоход бидэнд тусалдаг хайлтын хэрэгслийг оновчтой болгосон учраас шүүмжлэгчид энэ үед алдааг засах нь ухаалаг бус гэж хэлдэг.

    … Их Эзэний Сүмийн зөв нэрийг сэргээхийн тулд бид хамгийн сайнаараа хичээвэл, мөн Түүний Сүм болохоор Тэрээр хожмын үеийн гэгээнтнүүдийн тэргүүн дээр урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүйгээр Өөрийн хүч, адислалуудыг асгах болно гэдгийг би амлая” (”The Correct Name of the Church,” 88, 89) гэжээ.

    LDS.org-ыг ChurchofJesusChrist.org руу шилжүүлсэн цагаас хойш домэйн нэрийн эрхийн (интернэтийн хайлтын системд сайтын дээгүүрх жагсаалтад орох эрх болон боломж) асуудал урьд өмнөхөөс илүү хүчтэй болов. Жишээлбэл: the ChurchofJesusChrist.org-ын нүүр хуудас одоо ч, жил гаруйн өмнө ч Нэгдсэн Улс дахь Гүүглийн хайлтаар дээгүүрт байсан бөгөөд “сүм” гэсэн үгийг бичиж хайхад өмнө нь энэ ялгааг харуулдаггүй байв.

  17. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Тусламж гуйн, Тэнгэрийг нээх нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73.

  18. Tad Walch, “‘If We Can’t Get Along, It’s Downright Sinful’: The Partnership between Catholics and Latter-day Saints,” Deseret News, July 1, 2021, deseret.com.

  19. Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” 86.

  20. The Correct Name of the Church: A Tahitian Story,” Pacific Newsroom, Sept. 15, 2019, news-nz.ChurchofJesusChrist.org.

  21. Сургаал ба Гэрээ 84:88-ыг үзнэ үү.