Ерөнхий чуулган
Сэтгэцийн эрүүл мэндийн талаар хөндөн ярихад
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


9:27

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар хөндөн ярихад

Гэр бүл минь зовлон бэрхшээл туулж өнгөрүүлэх үед ажигласан хэдэн зүйлээ хуваалцахыг минь зөвшөөрнө үү.

Манай гэр бүлийн хувьд гэрээний замаар баяр баясгалантай алхахдаа элбэг дэлбэг адислал хүртэж байсны зэрэгцээ асар өндөр уулсыг давах үе ч бас тулгарч байсан. Би сэтгэцийн өвчний талаарх зарим нэг хувийн чанартай туршлагаасаа хуваалцмаар байна. Эдгээрт клиникийн сэтгэл гутрал, хүнд хэлбэрийн сэтгэл түгшүүр, хоёр туйлт эмгэг, анхаарал дутмагшлын хэт хөдөлгөөнтөх эмгэг зэрэг нь орно. Заримдаа тэдгээрийн хосолсон хэлбэр ч тохиолддог. Би эдгээр нандин туршлагыг холбогдох хүмүүсийнх нь зөвшөөрөлтэйгөөр хуваалцаж байна.

Тохинууллынхаа үеэр би үүнтэй төстэй зүйл туулсан зуу зуун хувь хүн, гэр бүлтэй таарсан юм. Сударт дурдагдсан байдаг уг нутгийг бүрхэх эзгүйрүүлэгч өвчин 1 гэдэгт сэтгэцийн өвчин багтаж болох юм гэж би заримдаа боддог. Энэ нь дэлхий даяар, тив, соёл бүрийг хамран, хөгшин, залуу, баян, ядуу гэлтгүй бүгдэд нөлөөлж байна. Сүмийн гишүүд ч үүнийг тойрч гарахгүй.

Гэсэн хэдий ч сургаал бидэнд Есүс Христтэй адил болохыг хичээж, Түүгээр төгөлдөржихийг заадаг. Хүүхдүүд маань “Би Есүс шиг байхыг хичээнэ” 2 гэж дуулцгаадаг. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр төгсийн адил төгс байхыг эрмэлздэг. 3 Сэтгэцийн өвчин нь бидний төгс төгөлдөр байдлын талаарх ойлголттой зөрчилдөж болох учраас ихэнхдээ үүнийг цээрлэн өнгөрөөдөг. Үүнээс болж хэт их үл тоомсорлол, хэт чимээгүй зовлон, хэт их цөхрөл бий болдог. Олон хүн өөрсдийн ойлгосон жишигт нийцэхгүй байгаадаа сэтгэлээр унаж, Сүмд өөрсдийнхөө орон зайг байхгүй гэж андуурдаг.

Иймэрхүү ташаа ойлголттой тэмцэхийн тулд дараах зүйлийг санах нь чухал. “Аврагч Эцэгийнхээ хүүхэд бүрийг хайрладаг. Тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн өргөн цар хүрээ бүхий бэрхшээл дунд амьдарч буй хүмүүсийн зовлон шаналал, тэмцлийг бүрэн ойлгодог. Тэрээр ‘бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчиж; … өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ [авсан]’ (Алма 7:11; тодотгол нэмэгдсэн; мөн Еврей 4:15–16; 2 Нифай 9:21-ийг үзнэ үү). Тэр бидний зовлон зүдгүүрүүдийг ойлгодог учраас хэрхэн ‘шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээхээ’ мэддэг (Лук 4:18-ыг мөн Исаиа 49:13–16-г үзнэ үү).” 4 Сорилт бэрхшээлүүд ихэвчлэн нэмэлт арга хэрэгсэл, дэмжлэг хэрэгтэй байгааг илтгэдэг бөгөөд зан чанарын дутагдалтай байдлын илрэл биш юм.

Гэр бүл минь зовлон бэрхшээлийг туулж өнгөрөх үед ажигласан хэдэн зүйлээ хуваалцахыг минь зөвшөөрнө үү.

Нэгдүгээрт, олон хүн бидэнтэй хамт гашуудах бөгөөд биднийг шүүхгүй. Хүнд хэлбэрийн гэнэтийн цочрол, түгшүүр, сэтгэл хямралын улмаас манай хүү ердөө дөрвөн долоо хоногийн дараа номлолоосоо гэртээ эргэж ирсэн юм. Түүний амжилтын төлөө маш их залбирч байсан эцэг эх бидний хувьд урам хугаралт, уйтгар гунигаа даван туулахад хэцүү байлаа. Бүх эцэг эхийн нэгэн адил бид хүүхдүүдээ сайн сайхан, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Номлол хүүгийн маань өсөлт хөгжилд чухал үйл явдал байх ёстой байв. Бид бас бусад хүн юу гэж бодох бол хэмээн боддог байлаа.

Эргэж ирсэн явдал нь хүүд маань хэмжээлшгүй хүнд туссаныг бидний хэн нь ч таамаглаагүй. Тэр Их Эзэнд хайртай, үйлчлэхийг хүсэж байсан ч гэсэн өөрөө ч ойлгоход хэцүү шалтгаанаар чадаагүй гэдгийг анхаарна уу. Удалгүй тэрээр найдваргүй байдлын мухардал, гэм буруутайн гүнзгий мэдрэмжтэйгээ тэмцэлдэх болсон. Түүнд хүлээн зөвшөөрөгдөөгүй санагдаж, сүнслэг байдлыг ч мэдрэхээ болив. Үхэх тухай бодол түүнд байнга төрдөг болсон байв.

Ийнхүү эрүүл ухаанаа алдсан байхдаа хүү минь өөрийнх нь хийж чадах цорын ганц зүйл бол амиа хорлох явдал гэж итгэсэн байлаа. Түүнийг аврахад Ариун Сүнс болон хөшигний хоёр тал дахь олон олон тэнгэр элч оролцсон юм.

Түүнийг амьдралынхаа төлөө тэмцэж байх асар хүнд цаг үед манай гэр бүл, тойргийн удирдагчид, гишүүд, найз нөхөд бүгд биднийг дэмжиж, тохинуулахаар чадах бүхнээ хийсэн.

Би хэзээ ч ийм их бялхсан хайрыг мэдэрч байгаагүй. Тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг би хэзээ ч үүнээс илүү хүчтэй, хувийн байдлаар мэдэрч байгаагүй. Манай гэр бүл тэрхүү бялхам хайранд үргэлж талархах болно.

Эдгээр үйл явдлыг дагалдан ирсэн тоо томшгүй олон гайхамшгийг бүгдийг нь би дүрсэлж чадахгүй. Аз болоход, хүү маань амьд үлдсэн ч хайрлагддаг, үнэ цэнтэй, хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, эдгэрэхэд нь түүнд урт хугацаа, эм эмчилгээ, сүнслэг байдлын асар их халамж хэрэгтэй болсон юм.

Ийм тохиолдол болгон биднийх шиг дуусдаггүй гэдгийг би ойлгож байна. Хайртай хүмүүсээ дэндүү эрт алдаж, өдгөө уй гашуу, хариултгүй асуултуудтай үлдсэн хүмүүстэй хамт би харуусаж байна.

Миний дараагийн ажигласан зүйл бол хүүхдүүдийнхээ зовлон бэрхшээлийг тодорхойлоход эцэг эхчүүдэд хэцүү байж болох ч бид өөрсдөө сурч, мэдэх ёстой. Ердийн өсөлт хөгжилтэй холбоотой бэрхшээл, өвчний шинж тэмдэг хоёрын ялгааг бид хэрхэн мэдэж чадах вэ? Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ амьдралын бэрхшээлийг даван туулахад нь туслах ариун үүрэг хүлээдэг боловч бидний дунд сэтгэцийн эрүүл мэндээр мэргэшсэн мэргэжилтэн цөөн байдаг. Гэсэн хэдий ч бид зохих хүлээлтэд хүрэхийн төлөө хичээж буй хүүхдүүддээ чин сэтгэлийн хичээл зүтгэлдээ сэтгэл хангалуун байж сурахад нь туслах замаар тэднийг халамжлах хэрэгтэй. Сүнслэг өсөлт бол тасралтгүй үргэлжлэх үйл явц гэдгийг бидний хүн бүр хувийн дутагдлуудаасаа мэддэг.

“Сэтгэл санааны болон сэтгэцийн эрүүл мэндийг бүгдийг нь эмчлэх энгийн арга зам байхгүй. Унасан дэлхийд унасан биетэй амьдарч байгаа учраас бид стресс, үймээн самууныг мэдрэх болно. Түүнчлэн нөлөөлж буй олон хүчин зүйл нь сэтгэцийн өвчний онош руу хөтөлж болох юм. Бидний сэтгэцийн болон сэтгэл санааны сайн сайхан байдлаас үл хамааран өсөлт хөгжилтөд анхаарлаа хандуулах нь алдаа дутагдлаасаа болж зовж шаналснаас илүү эрүүл байдаг” 5 гэдгийг бид ойлгодог.

Эхнэр бид хоёрын хувьд бидэнд үргэлж тусалдаг байсан зүйл бол Их Эзэнтэй аль болох ойр байх явдал байсан. Эргээд харахад, тодорхойгүй цаг үеүдэд Их Эзэн бидэнд тэвчээртэйгээр хэрхэн зааж сургаж байсныг одоо бид хардаг. Түүний гэрэл хамгийн харанхуй цаг үед ч биднийг алхам алхмаар удирддаг байсан. Их Эзэн бидэнд мөнхийн төлөвлөгөөнд хувь хүний бодгалийн үнэ цэн дэлхийн ямар ч үүрэг даалгавар, ололт амжилтаас хамаагүй чухал гэдгийг олж мэдэхэд тусалсан юм.

Дахин хэлэхэд, сэтгэцийн өвчний талаар мэдлэгтэй болох нь өөртөө болон зовж шаналж буй хүмүүст туслахад биднийг бэлтгэдэг. Бие биетэйгээ нээлттэй, шударгаар ярилцах нь энэхүү чухал сэдвийг зохих ёсоор анхаарахад тусална. Эцэст нь хэлэхэд, мэдээлэл нь өдөөлт, илчлэлтээс өмнө байдаг. Ихэнхдээ үл үзэгдэх эдгээр сорилт хэнд ч нөлөөлж болох бөгөөд бидэнд ийм сорилт тулгарах үед дааж давшгүй мэт санагддаг.

Бидний сурах ёстой хамгийн эхний зүйлсийн нэг бол бид огтхон ч ганцаараа биш гэдгээ мэдэх явдал юм. Би та бүхнийг Gospel Library аппликэйшны Амьдралд зориулсан тусламж хэсэг дэх сэтгэцийн эрүүл мэндийн сэдвийг судлахад урьж байна. Суралцах нь илүү их ойлголт, илүү их хүлээн зөвшөөрөл, илүү их энэрэл, хайр луу хөтлөх болно. Энэ нь эрүүл хүлээлт, эрүүл харилцааг хөгжүүлж, зохицуулахад туслахын сацуу эмгэнэлт явдлыг бууруулж чадна.

Миний сүүлчийн ажигласан зүйл бол бид бие биеэ байнга харж хандах хэрэгтэй. Бид ялангуяа бидний хүлээлтэд хүрэхгүй байх үед нэг нэгнээ хайрлаж, бага шүүмжилдэг байх ёстой. Бид хүүхэд, өсвөр үеийнхэндээ өөрсдийгөө хайрлах хайрыг хувьдаа мэдэрч чадахгүй байсан ч гэсэн амьдралдаа Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь туслах ёстой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Орсон Ф.Витни эцэг эхчүүдэд хандан, зовж шаналж буй хойч үедээ хэрхэн туслах талаар “Хүүхдүүдийнхээ төлөө залбир. Итгэлээрээ тэднээс зууран барь” 6 гэж зөвлөсөн.

Итгэлээрээ тэднээс зууран барь гэсэн нь чухам юу гэсэн үг болохыг би олонтоо бодож үзсэн. Энэ нь хайр, номхон дөлгөөн байдал, нинжин сэтгэл, хүндэтгэлийн энгийн үйлдлүүдийг багтаадаг гэдэгт би итгэдэг. Энэ нь тэдэнд өөрсдийнх нь хурдаар өсөж хөгжих боломжийг олгож, Аврагчийн хайрыг мэдрэхэд нь туслах гэрчлэлээ тэдэнтэй хуваалцана гэсэн үг юм. Энэ нь биднээс тэднийг илүү их бодож, өөрийгөө эсвэл бусдыг арай бага бодохыг шаарддаг. Энэ нь ихэвчлэн бага ярьж, илүү их сонсоно гэсэн үг юм. Бид тэднийг Бурханд итгэлтэй байхад мөн амжилтад хүрэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэлийг нь магтаж, хайрлаж, хүчирхэгжүүлэх ёстой. Эцэст нь хэлэхэд, бид Бурхантай ойр байдгийн адил тэдэнтэй ойр байхын тулд чадах бүхнээ хийх ёстой.

Сэтгэцийн өвчнөөр шаналж буй хүн байвал, энэ үед Бурханы хайрыг мэдэрч чадахгүй байж болох ч гэрээнээсээ зууран бариарай. Өөрсдийн хийж чадах бүхнийг хийвэл, “… бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно.” 7

Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг мэддэг. Тэр бидэнд хайртай бөгөөд бидэнд найдан хүлээсээр байх болно. Гэр бүлд маань тохиолдсон зовлон бэрхшээлийн үед би Түүнийг ямар ойр байдгийг мэдэж авсан. Түүний хэлсэн дараах амлалтууд үнэхээр үнэн.

Бүү ай! Бүү зов! Би чамтай хамт байх болно.

Чиний Бурхан би чамайг энэрэн ивээнэ.

Чамайг би ивээн, тусалж, зоригжуулна …

Миний шударга хүчит гараас хөтлөөрэй.

Бидний суурь хэчнээн бат бөх болохыг мэдээд, бид ийн баяр хөөртэйгөөр тунхаглах болтугай.

Авралын төлөө Есүст итгэж найдсан

Аль ч хүнийг Би дайсных нь гарт орхихгүй.

Там итгэлийг нь сулруулахыг оролдсон ч …

Би хэзээ ч орхихгүй, түүнийг орхихгүй! 8

Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Сургаал ба Гэрээ 45:31

  2. “Би Есүс шиг байхыг хичээнэ,” Хүүхдийн дууны ном, 40–41.

  3. 3 Нифай 12:48-ыг үзнэ үү.

  4. Like a Broken Vessel,” Mental Health: General Principles, ChurchofJesusChrist.org.

  5. Sheldon Martin, “Strive to Be—a Pattern for Growth and Mental and Emotional Wellness,” Liahona, Aug. 2021, 14.

  6. Orson F. Whitney, in Conference Report, Apr. 1929, 110.

  7. Сургаал ба Гэрээ 123:17

  8. “Бат бөх суурь,” Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном, 7-г үзнэ үү.