Христэд ир, гэхдээ ганцаараа бүү ир
Та нарын хувьд дэлхийнхнийг сайжруулах хамгийн сайн арга зам бол бүх хүнийг Христийг дагахад урьснаар дэлхийнхнийг бэлтгэх явдал юм гэдгийг санаарай.
Би саяхан нэгэн сониуч залуу эмэгтэйгээс захидал авсан юм. Тэрээр “Би гацчихлаа. … Би өөрийнхөө хэн гэдгийг сайн мэдэхгүй байгаа ч, энд ямар нэг асар том зүйлийн төлөө байгаа мэт санагдаж байна” гэж бичсэн байв.
Бурхан чиний хэн гэдгийг мэддэг эсэх бас чи Түүнд хэрэгтэй эсэх талаар гайхширч, эрэл хайгуул хийж тунгаан бодох үе чамд гарч байсан уу? Хайрт өсвөр үеийнхэн, ах, эгч нар аа, энэ асуултад “тийм!” гэж хариулна гэдгийг би гэрчилж байна! Их Эзэнд та нарт зориулсан төлөвлөгөө бий. Их Эзэн та нарыг өнөөдөр яг одоо Өөрийнх нь хүчит ажилд сайн сайхны эрч хүч, хүч чадал байхаар бэлтгэсэн. Та нар бидэнд хэрэгтэй! Үнэндээ, энэ нь та наргүйгээр тэгтлээ том байж чадахгүй!
Нэгэн ариун нандин нөхцөл байдалд, бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон та нарын асар том, сүр жавхлант ажлын үндэс суурь болдог хоёр энгийн үнэнийг надад сануулсан юм.
Намайг нөхөртэйгөө хамт буйдан дээр сууж байхад, бошиглогч сандлаа татан бараг өвдөг шүргэм ойртуулаад, хурц цэнхэр нүдээрээ над руу харж билээ. Түүнийг намайг Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчлүүлэхээр дуудах үед миний зүрх хурдан цохилж байсан уу эсвэл бүр зогсчихсон байсан уу, би сайн мэдэхгүй байна. Тэр “Бонни, [өсвөр үеийнхний] мэдэх хэрэгтэй хамгийн чухал зүйл юу вэ?” гэж асуусан нь одоо ч миний зүрх сэтгэлд цуурайтсаар байдаг.
Намайг уг асуултын талаар тунгаан бодоод, “Тэд хэн гэдгээ мэдэх хэрэгтэй” гэж хариулахад,
тэр “ТИЙМ ЭЭ! Бас тэд өөрсдийн зорилгыг мэдэх хэрэгтэй” гэж догдлон хэлсэн.
Бидний бурханлаг мөн чанар
Чи бол Тэнгэрлэг Эцэгийн эрхэм нандин, хайртай хүүхэд. Тэр чамд бүрэн төгс хайртай учраас Өөрийн Хүү Есүс Христийг та бидний төлөө цагаатгал үйлдүүлэхээр илгээсэн. 1 Бид мохож бүдэрч байсан ч бидний төлөөх Аврагчийн хайр мохошгүй билээ. Юу ч биднийг Бурханы хайраас салгаж чадахгүй. 2 Энэ хайрын талаар санаж байх нь тэнгэрлэг мөн чанарын тань чадавхыг хааж эсвэл өөртөө итгэх байдлыг сулруулахыг оролдох тэрхүү дэлхийн төөрөгдлийг цааш түлхэхэд тусална.
Нэгэн ӨҮБББТ чуулганы үеэр би хэцүү байдалтай тулгарсан хоёр залуу эмэгтэйтэй уулзсан. Тэр хоёр хоёулаа патриархын адислалаа эргэн харж, өөрсдөд нь хувьчлан хандсан Их Эзэний хайр, удирдамжийг дахин олж мэдсэнээ дурдсан юм. Патриархын адислалаа олж гаргаад, тоосонд дарагдсан байвал арчиж, үргэлж судалж байгаарай. Патриархын адислалаа аваагүй бол хурдхан аваарай. Та нарын хэн болох талаар Их Эзэний юу хэлэхийг хүсэж байгааг олж мэдэхээ бүү хойшлуул.
Бидний мөнхийн зорилго
Тэр өдөр ерөнхийлөгч Нэлсоны бидэнд хэлсэн хоёр дахь үнэн бол өөрсдийн зорилгыг олж мэдэх явдал байсан. Энэ нь бидний асар том бөгөөд нэр хүндтэй үүрэг билээ.
Олон жилийн өмнө хүү Таннэр маань тав орчим настай байхдаа анхныхаа хөл бөмбөгийн тэмцээнд оролцсон юм. Тэр маш их догдолж байв!
Бид тэмцээн үзэхээр ирээд, гоол оруулах жижигхэн хаалга биш, харин 5 настай хүүхдүүдэд дэндүү томдмоор, насанд хүрэгчдийн тэмцээнд хэрэглэдэг маш том торыг ашиглах гэж байгааг харсан.
Тэмцээн сүртэй эхлэхэд би Таннэрыг хаалгачийн байрлалд очихыг харлаа. Би их гайхав. Тэрээр торыг хамгаалах ёстойгоо үнэхээр ойлгож байсан болов уу?
Шүгэл дуугарч, бид тэмцээнийг сонирхон үзэж эхэлсэн бөгөөд Таннэрын талаар мартаж орхисон байв. Гэнэт өрсөлдөгч багийн нэг гишүүн бөмбөг аваад, Таннэрын зүг өшиглөн, хурдан гүйж эхлэв. Би Таннэрыг байрлалаа эзэлж, бөмбөг хамгаалахад бэлэн байгаа эсэхийг шалгахаар түүний зүг харлаа. Гэтэл би санаанд оромгүй зүйлийг олж харсан.
Тэмцээний үеэр Таннэрын анхаарал сарниж, торны нүхнүүдээр зүүн гараа нааш цааш оруулж эхэллээ. Тэгээд тэр баруун гараа ч бас торонд хийлээ. Дараа нь зүүн хөлөө оруулав. Эцэст нь баруун хөлөө ч орууллаа. Таннэр тэр чигээрээ торонд орооцолдож орхилоо. Тэр зорилгоо бас өөрт нь итгэж даалгасан зүйлийг мартсан байв.
Таннэрын хөл бөмбөгийн замнал удаан үргэлжлээгүй ч тэр өдөр түүний надад заасан хичээл хэзээ ч мартагдаагүй юм. Бидний анхаарал энд байгаа шалтгаанаасаа олонтоо сарниж, бид эрч хүчээ өөр зүйлд зориулах нь бий. Сатаны хамгийн хүчирхэг зэмсгүүдийн нэг нь биднийг хэрэгтэй үед сайн болон илүү сайн зүйлсээр сатааруулж, энэ дэлхийд гүйцэтгэхээр дуудагдсан тэрхүү ажил буюу хамгийн чухал үйл хэргээс маань биднийг халхалж, хүлэх явдал юм. 3
Бидний мөнхийн зорилго бол Христэд ирж, Түүний агуу ажилд идэвхтэй нэгдэх явдал билээ. Энэ нь “Хэн нэгэнд Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслах ямар нэгэн зүйл хийснээр бид Израилыг цуглуулж байгаа хэрэг юм” 4 гэж ерөнхийлөгч Нэлсоны заасан шиг энгийн зүйл юм. Бид Түүний ажлыг хамтдаа хийж байхдаа Түүнийг илүү таньж мэдэн, бас хайрладаг.
Бид итгэл, ариун нандин наманчлал болон гэрээнүүдээ сахиснаар Түүнд ойртохыг үргэлж эрэлхийлдэг. Биднийг гэрээ, ёслолуудаар дамжуулан Түүнтэй холбогдох үед амьдрал маань итгэлтэй байдал, 5 хамгаалалт, 6 гүн хийгээд үүрдийн баяр хөөрөөр 7 дүүрдэг.
Бид Түүнд ирэх үедээ бусдыг Түүний мэлмийгээр хардаг. 8 Христэд ир. Одоо ир, гэхдээ ганцаараа бүү ир! 9
Есүс Христийн сайн мэдээ зүгээр нэг сайхан зүйл биш, харин зайлшгүй чухал зүйл юм. “Зөвхөн Христэд мөн түүгээр бус аваас хүмүүн аврагдаж чадах өөр зам эсвээс арга үгүй.” 10 Бидэнд Есүс Христ хэрэгтэй! Дэлхийнхэнд Есүс Христ хэрэгтэй. 11
Та нарын хувьд дэлхийнхнийг сайжруулах хамгийн сайн арга зам бол бүх хүнийг Христийг дагахад урьснаар дэлхийнхнийг бэлтгэх явдал юм гэдгийг санаарай.
Амилсан Аврагч нифайчуудтай хамт байгаа талаар хүчтэйхэн өгүүлсэн нэгэн түүх Мормоны Номд гардаг. Ингэх нь ямар байхыг та нар төсөөлж чадах уу?
Христ Эцэгт буцаж очих ёстой хэмээн хэлэхдээ “тэрбээр дахин цугларсан олны зүг хараа бэлчээ[в.]” 12 Хүмүүсийн нүдэн дэх нулимсыг хараад, Тэрээр Өөртэй нь хамт байхсан гэсэн сэтгэлийг нь мэджээ.
Тэрээр “Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Доголон, эсвээс хараагүй, … эсвээс дүлий, эсвээс ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно” 13 гэж асуусан.
Агуу нигүүлсэлдээ Тэрээр ямар ч хязгаар тогтоогоогүй бөгөөд “ямар нэгэн байдлаар зовж зүд[эрсэн]” бүгдийг дуудсан юм. Есүс Христийн хувьд эдгээхэд юу ч дэндүү их эсвэл дэндүү бага байдаггүйд би дуртай.
Тэр бидний зовлон бэрхшээлийг мэддэг бөгөөд сэтгэл түгшсэн, хямарсан, ядарч туйлдсан, бардам бас буруугаар ойлгогдсон, ганцаардсан эсвээс “ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн” хүмүүсийг авчрахад урьдаг.
Мөн бүгд “урагшлав. Мөн тэрбээр тэднийг … нэг бүрчлэн эдгээв.
Мөн тэд бүгд, эдгээгдсэн тэд мөн эрүүл байсан тэд аль аль нь, түүний хөлд доош бөхийн мөн түүнийг бишрэв.” 14
Би энэ түүхийг унших болгондоо, би хэнийг Христэд авчрах вэ гэж өөрөөсөө асуудаг. Та хэнийг авчрах вэ?
Хэн ч орхигдоогүйг, бас Түүнийг мэдэхээр ирэхэд хүн бүрийг урьсан эсэхээ бататгахаар бид Есүсийн адил дахин харж болох уу?
Энэ нь ямар энгийн болох талаар нэг жишээ хуваалцъя. Миний 15 настай найз Пэйтон өдөр бүр өглөөний цайны үеэр судраас 5 шүлэг унших зорилго тавьсан байв. Гэхдээ тэр үүнийг ганцаараа хийгээгүй. Тэрээр дахин харж, эцэг эх, ах эгч дүүсээ, бүр 5 настай эрэгтэй дүүгээ хүртэл урьсан байна. Христ “тэднийг нааш авчрагтун” гэж урихдаа, ийм л жижигхэн үйлдлийг зааж байсан юм.
Их Эзэн энэхүү урилгаа өнөөдөр ч бидэнд өгдөг. Залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд ээ, гэрээсээ яг одоо эхэл. Та нар Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, эцэг эхээ үргэлжлүүлэн Христэд ирэхэд нь хэрхэн дэмжиж болохыг залбирч, асуух уу? Чамд тэд хэр их хэрэгтэйн адил чи ч тэдэнд хэрэгтэй.
Тэгээд ах эгч дүү, найз нөхөд болон хөршүүдээ дахин хар. Чи хэнийг Христэд авчрах вэ?
Аврагч “Болгоогтун би бол гэрэл; би та нарт үлгэр жишээ үзүүлсэн билээ” 15 хэмээн тунхагласан. Бид Аврагчтай хамт Бурханы гэр бүлийг аврах ажилд зүтгэснээр Түүний хайр, амар амгаланг мэдрэх болно. Учир нь тэрээр “Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” 16 хэмээн амласан билээ.
Христийн үйл хэрэгт оролцох ямар агуу цаг үе вэ!
Тийм ээ, та нар асар том зүйлийн төлөө энэ дэлхийд ирсэн. “Их Эзэнд дэлхийг өөрчлөхөд нь та нар хэрэгтэй байна. Таны төлөө Түүний хүслийг хүлээн авч, дагахын хэрээр та боломжгүй зүйлийг ч гүйцэлдүүлэх болно!” 17 хэмээн хэлсэн ерөнхийлөгч Нэлсонтой би нэгдэж байна.
Их Эзэн чамайг хэн гэдгийг мэддэг бөгөөд чамд хайртай гэдгийг би зоригтой гэрчилж байна. Энэ дэлхий дээр Христ Өөрөө буцаж ирээд, бидний хүн нэг бүрийг “нааш” ирэхийг дуудах тэрхүү агуу өдрийг хүртэл бид хамтдаа Түүний зорилгыг урагшлуулах болно. Христэд ирэх хүмүүс нь бид бөгөөд бид ганцаараа ирэхгүй учраас хамтдаа баяр хөөртэй цугларах болно. Есүс Христийн нэрээр, амен.