Ерөнхий чуулган
Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:36

Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна

Жижиг хүчин чармайлтууд нийлээд том нөлөө үзүүлж, Есүс Христийн шавь нарын хувьд бидний хийдэг хувь хүний олон зүйлийг нэмэгдүүлдэг.

Фило зуурмаг, ангаахай самраар хийсэн энэ жигнэмэг бол талархсан сэтгэлийн илэрхийлэл юм. Үүнийг Сирийн Дамаск хотод хэдэн арван жилийн туршид нарийн боовны гурван дэлгүүр ажиллуулж ирсэн Кададогийн гэр бүлийнхэн хийсэн юм. Дайн эхлэхэд бүслэлтийн улмаас хүнс, хангамж тэдний байсан хотын хэсэгт хүрдэггүй болов. Кададогийнхан өлсөж эхэлжээ. Энэхүү зовлон цөхрөлийн ид үеэр Хожмын үеийн энэрлийн байгууллагын болон Рахма Ворлдвайдын зарим нэг тун зоригтой ажилтнууд халуун хоол, сүүгээр бага насны хүүхдүүдэд өдөр бүр үйлчилж эхлэв. Хүнд хэцүү цаг өнгөрөхөд энэ гэр бүлийнхэн шинэ улсад дахин амьдралаа эхэлж, нарийн боовны дэлгүүрээ ч ажиллуулж эхэлжээ.

“Хоёр сар гаруй хугацаанд бид Рахмагийн болон Хожмын Үеийн Гэгээнтний [Энэрлийн байгууллагуудын] гал тогооны хоолноос авсан. Энэ хоолыг бид аваагүй байсан бол өлбөрөөд үхчих[сэн байх] [байсан]. Манай дэлгүүрийн жигнэмгийн дээжийг … талархсан сэтгэлийн маань тэмдэг болгон хүлээн авна уу. Бүхнийг Чадагч Бурхан та нарыг … хийж буй бүх зүйлд тань адислаасай гэж би гуйж байна” 1 гэсэн захиас бүхий хайрцаг жигнэмэг Сүмийн оффист саяхан ирсэн юм.

Талархлын болон дурсамжийн жигнэмэг. Та нарт зориулсан жигнэмэг. Мэдээгээр түүх үзээд залбирсан, сайн сайхныг бүтээнэ гэдэгт найдан, таагүй байсан ч гэсэн сайн дураараа тусалсан эсвэл сайхан сэтгэлээр хүмүүнлэгийн санд мөнгө хандивласан хүмүүст баярлалаа.

Ядуусыг халамжлах тэнгэрлэг үүрэг

Есүс Христийн Сүм ядуусыг халамжлах тэнгэрлэг үүрэг хүлээдэг. 2 Энэ бол аврал, өргөмжлөлийн ажлын чухал хэсэг юм. 3 “Мөн тийн, тэд нүцгэрсэн, эсвэл өлссөн, эсвэл цангасан, эсвэл өвдсөн, эсвэл асаргаагүй байсан нэгнийг ч хангалуун байдалдаа тэд буцаагаагүй болой; мөн тэд зүрх сэтгэлээ баялаг дээр тулгуурласангүй; тиймийн тул тэд, настай мөн залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь, эрэгтэй мөн эмэгтэй аль алинд нь, сүмийнх биш ч бай, мөн ч бай, чухам ямар хүмүүс байгаагаас нь үл хамааран гачигдах тэднийг бүгдийг энэрч байв.” 4

Сүм энэ хариуцлагаа янз бүрийн арга замаар гүйцэтгэж байна. Үүнд:

  • Халамжийн нийгэмлэг, санваарын чуулга, ангиудаар дамжуулан бидний хийдэг тохинуулал

  • Мацаг барих ба мацгийн өргөлийг ашиглах

  • Хангамжийн фермүүд ба хүнсний агуулахууд

  • Цагаачдыг хүлээн авах төвүүд

  • Шоронд хоригдогсдод үзүүлдэг тусламж дэмжлэгийн хөтөлбөрүүд

  • Сүмийн хүмүүнлэгийн төслүүд

  • Сайн дурынхныг үйлчлэх боломжоор хангах JustServe аппликэйшн зэрэг юм.

Эдгээр нь санваараар дамжуулан зохион байгуулагдсан ба жижиг хүчин чармайлтууд нийлээд том нөлөө үзүүлэх, Есүс Христийн шавь нарын хувьд бидний хийдэг хувь хүний олон зүйлийг нэмэгдүүлэх бүх арга зам юм.

Бошиглогчид бүх дэлхийн төлөө хариуцлага үүрдэг

Бошиглогчид зөвхөн Сүмийн гишүүдийг төдийгүй бүх газар дэлхийг хариуцах үүрэгтэй. Би хувийн туршлагаасаа Тэргүүн Зөвлөлийнхөн энэхүү хариуцлагаа хэрхэн хувиараа, чин зүтгэлээр үүрдэг гэдгийг хэлж чадна. Хэрэгцээ нэмэгдэх тусам Тэргүүн Зөвлөлийнхөн бидэнд хүмүүнлэгийн тусламжаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Тэд хамгийн өргөн хүрээтэй бас хамгийн нарийн ширийн зүйлсэд ч анхаарлаа хандуулж байна.

Саяхан бид тэдэнд цар тахлын үед эмнэлгүүдэд ашиглах зориулалтаар Бийхайв Клотингийн оёсон эмнэлгийн хамгаалалтын хувцаснаас нэгийг авчирч өгсөн юм. Эмч хүний хувьд ерөнхийлөгч Нэлсон энэ хувцсыг маш их сонирхов. Тэр үүнийг зөвхөн харахыг хүссэнгүй, ханцуйг бас уртыг нь шалгаж, ар талдаа зангиддаг аргыг нь шалган, өмсөж үзэхийг хүссэн. Дараа нь тэр бидэнд “Даалгаврынхаа дагуу хүмүүстэй уулзахдаа тэдний мацаг, өргөл, Их Эзэний нэрээр тохинуулж байгаад талархлаа илэрхийлж байгаарай” хэмээн хоолой зангируулан хэлсэн юм.

Хүмүүнлэгийн тусламжийн талаарх мэдээлэл

Ерөнхийлөгч Нэлсоны удирдамжийн дагуу би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хар шуурга, газар хөдлөлт, дүрвэгчдийг байршуулах, тэр байтугай цар тахалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж буй талаар мэдээлж байна. Энэ бүхэн хожмын үеийн гэгээнтнүүдийн болон олон найз нөхдийн сайхан сэтгэлийн ачаар бүтсэн билээ. Ковид-19-ийн 1500 гаруй төсөл бол сүүлийн 18 сарын турш Сүмийн хамгийн их анхаарал хандуулсан зүйл байсны зэрэгцээ Сүм 108 оронд 933 удаа байгалийн гамшиг болон дүрвэгчдийн хямралыг багасгахад тусламж үзүүлжээ. Гэхдээ статистик тоо баримт бүх түүхийг өгүүлэхгүй. Юу болсон талаар багаханыг танд мэдрүүлэх үүднээс дөрвөн товчхон жишээ хуваалцахыг зөвшөөрнө үү.

Ковидын үед Өмнөд Африкт үзүүлсэн тусламж

Өмнөд Африкийн Вэлко хотын арван зургаан настай Дийка Мпути олон жилийн өмнө эцэг эхээ алдаж, гурван дүүгээ ганцаараа өсгөх болжээ. Хангалттай хоол хүнс олно гэдэг үргэлж туйлын хэцүү зүйл байдаг байсан тэдэнд Ковидоос шалтгаалсан нийлүүлэлтийн хомсдол, хорио цээр үүнийг бүр боломжгүй болгожээ. Тэд ихэнхдээ өлсөж, хөршүүдийнхээ өгөөмөр сэтгэлээр арайхийн амь зогоодог байв.

Дийка Мпути

2020 оны 8-р сарын нэгэн сайхан нарлаг өдөр тэдний хаалгыг хэн нэгэн тогшихыг сонсоод, Дийка ихэд гайхжээ. Түүнийг хаалга нээхэд Йоханнесбург дэх Бүсийн ажлын албанаас Сүмийн нэг төлөөлөгч, Өмнөд Африкийн Нийгмийн хөгжлийн газраас нэг ажилтан гээд хоёр танихгүй хүн зогсож байв.

Энэ хоёр байгууллага эрсдэлтэй өрхүүдэд хүнс аваачихаар хамтарсан байжээ. Сүмийн хүмүүнлэгийн сангаар худалдан авсан эрдэнэ шишийн гурил, бусад хүнсний бүтээгдэхүүнийг хальт хараад, Дийка тайвшрав. Эдгээр хоол хүнс тэднийд засгийн газрын тусламжийн багц иртэл хэдэн долоо хоногийн турш гэр бүлээ хоолтой байлгахад туслах зүйл байлаа.

Дийкагийн түүх бол та нарын зориулсан хувь нэмрийн ачаар Ковидын цар тахлын үеэр тусламж дэмжлэг хүлээн авсан дэлхий даяарх мянга мянган хүний нэг жишээ юм.

Афган эмэгтэйчүүдэд зориулсан Рамштэйн дэх тусламж

Бид бүгд мэдээгээр хэдэн мянган нүүлгэн шилжүүлэгчид Афганистанаас онгоцоор нисэн ирж байгаа саяхны дүр зургийг харж байсан. Олон хүн очих газраа хүрэхээсээ өмнө Катар, Нэгдсэн Улс, Герман, Испани дахь түр байрлах байр эсвэл нислэгийн баазад иржээ. Тэдний хэрэгцээ хойшлуулшгүй яаралтай байсан бөгөөд Сүм хангамж, сайн дурынхныг илгээж туслав. Сүм Герман дахь Рамштэйн нисэх хүчний бааз руу хүүхдийн живх,хүүхдийн тэжээл, хүнс, гутал бүхий их хэмжээний хандив илгээжээ.

Дүрвэгчдэд зориулсан хүмүүнлэгийн тусламж
Афган дүрвэгчдэд зориулан оёж буй эмэгтэйчүүд

Кабулын нисэх онгоцны буудал дээр болсон үймээн самуунаар олон афган эмэгтэйн уламжлалт толгойн өмсгөл урагдсан учраас тэд толгойгоо халхлахын тулд эр нөхрүүдийнхээ цамцыг ашиглаж байсныг Халамжийн нийгэмлэгийн зарим эгч анзаарчээ. Аль ч шашны буюу соёлын хил хязгаарыг давсан нөхөрлөлийн үйлс болгож, Рамштэйны 1-р тойргийн эгч нар афган эмэгтэйчүүдэд зориулан мусульман үндэсний хувцас оёхоор цугласан байв. Бэтани Холлс эгч “Эмэгтэйчүүдэд залбирлын өмсгөл хэрэгтэй байсныг бид сонсоод, тэднийг залбирч байхдаа [тав тухтай] байгаасай гэсэндээ оёж байна” 5 гэж хэлсэн.

Гаити дахь газар хөдлөлтийн үед авсан хариу арга хэмжээ

Дараагийн энэ жишээ сайн сайхны зэмсэг байхын тулд заавал чинээлэг эсвэл том хүн болсон байх албагүй гэдгийг харуулна. 18 настай Мари “Жажоу” Жакийс бол Гаити дахь Каваиллон тойргийн гишүүн юм. 8-р сард, амьдардаг хотынх нь ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас хэдэн арван мянган байшин нурж унасны нэг нь тэднийх байв. Орон гэрээ алдах тэр цөхрөлийг төсөөлөх ч боломжгүй юм. Гэвч энэ цөхрөлд бууж өгөхөөс илүүтэй Жажоу бусдад анхаарлаа чиглүүлжээ.

Мари Жакийс
Гаити дахь газар хөдлөлт

Ассошэйтэд прэсс (Associated Press)

Тэрээр настай хөршид нь ихэд хэцүү байгааг хараад, түүнийг халамжилж эхэлсэн байна. Тэр бусдад нурангийг цэвэрлэж, зайлуулахад тусалжээ. Хэдий ядарсан ч тэрээр Сүмийн бусад гишүүнтэй нийлэн хүнс, ариун цэврийн багц түгээхэд туслав. Жажоугийн түүх бол өсвөр үеийнхний болон залуучуудын Есүс Христийн үлгэр жишээг дагахаар чармайхдаа үзүүлсэн үйлчлэлийн олон хүчирхэг жишээний ердөө нэг нь юм.

Германы үерийн үеэр авсан хариу арга хэмжээ

Газар хөдлөхөөс ердөө хэдхэн долоо хоногийн өмнө залуучуудын өөр нэг бүлэг Атлантын далайн нөгөө эрэгт ижил төстэй үйлчлэл үзүүлжээ. Долоодугаар сард Баруун Европ даяар болсон үер бол сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хамгийн хүчтэй үер байв.

Германд тохиолдсон үер

Үерийн ус татрахад Германы Ахрвейлерийн голын эргийн дагуух хотын нэгэн дэлгүүрийн эзэн эвдрэл сүйрлийг тооцоолж үзээд, цөхрөнгөө барсан байлаа. Католик сүмийн тэр даруухан шавь Бурхан өөрт нь туслах хэн нэгнийг илгээгээсэй хэмээн шивнэн залбирчээ. Дараа өдрийн өглөө нь Германы Франкфурт номлолын ерөнхийлөгч Дан Хаммон Тусч гар гэсэн бичигтэй шар хантааз өмссөн номлогчдын багтай хамт тэдний гудамжинд ирэв. Үерийн ус дэлгүүрийн хананд 3 метр хүрч, шавар давхарга үлдээсэн байв. Сайн дурынхан шаврыг хүрздэн, хивс, хуурай хана зэргийг авч, бүх зүйлийг гудамжинд гарган овоолжээ. Баярлаж хөөрсөн дэлгүүрийн эзэн тэдэнтэй хамт хэдэн цагийн туршид ажиллаж, Их Эзэн залбиралд нь хариулахын тулд 24 цагийн дотор Өөрийн үйлчлэгчдийг илгээсэнд гайхан бахдаж байв. 6

“Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна”

Ахлагч Жэффри Р.Холланд Сүмийн хүмүүнлэгийн тусламжийн талаар “Бурхан залбирлуудыг … ихэнх тохиолдолд … бусад хүнийг ашиглах замаар хариулдаг. Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна. Бид хүмүүсийн залбирлын хариулт байх болтугай хэмээн залбирч байна” 7 гэж онцлон хэлсэн.

Ах, эгч нар аа, та нар хийсэн тохинуулал, өргөсөн хандив, зарцуулсан цаг зав, өгсөн хайраараа дамжуулан бусдын залбирлын хариулт байсаар ирсэн. Гэсэн хэдий ч бидэнд хийх зүйл их байна. Баптисм хүртсэн Сүмийн гишүүд бид тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах гэрээнд нэгдсэн. Хувь хүнээс мөнгө өгөх эсвэл алс хол явах хүчин чармайлт гаргахыг шаарддаггүй 8 ; харин Ариун Сүнсний чиглүүлэг, Их Эзэнд “Би энд байна, намайг явуулаач” 9 гэж хэлэх эрмэлзэгч сэтгэлтэй байхыг шаарддаг.

Эзэний тааламжит жил

Лук номын 4-р бүлэгт Есүс Өөрийн өсөж торнисон Назар хотод синагогт босож, судраас уншсан тухай цэдэглэсэн байдаг. Энэ нь Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллын эхэн үе байсан бөгөөд Тэрээр Исаиагийн Номоос дараах эшлэлийг эш татжээ.

“Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь зовж шаналагсдыг эдгээх, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу,

Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой. …

… Энэхүү бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ.” 10

Энэ судар бидний цаг үед бас биеллээ олж байгааг би гэрчилж байна. Есүс Христ шархалсан зүрхтэй тэднийг эдгээхээр ирсэн гэдгийг би гэрчилж байна. Түүний сайн мэдээ бол сохор хүмүүст хараа оруулах явдал юм. Түүний Сүм бол олзлогсдод эрх чөлөөг номлох явдал бөгөөд Түүний шавь нар дэлхий даяар дарамтад байгсдыг чөлөөлөхөөр хичээн зүтгэж байна.

Би Есүсийн Өөрийн төлөөлөгч Симон Петрээс асуусан “Чи Намайг хайрладаг уу?” 11 гэсэн асуултыг давтан хэлж, хэлэх үгээ төгсгөе. Сайн мэдээний үндсэн мөн чанар нь бид энэ асуултад өөрсдөдөө хэрхэн хариулж мөн “[Түүний] хоньдыг тэжээхэд” 12 оршдог. Бидний Багш Есүс Христийг шүтэн биширч, хайрлах хайраар би та нарын хүн нэг бүрийг Түүний сүр жавхлант тохинууллын нэг хэсэг байхад урьж, Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Abdul Razaq, personal correspondence, May 2021.

  2. Сургаал ба Гэрээ 104:11–18-ыг үзнэ үү.

  3. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  4. Алма 1:30

  5. Бэтани Холлс,“Aiding Afghan Evacuees,” Europe Area Welfare and Self-Reliance Newsletter-ээс эш татав, 2021 оны 8-р сар.

  6. Дан Хаммон (Герман Франкфурт номлолын ерөнхийлөгч), Тай Жонсон руу илгээсэн э-мэйл, 2021.

  7. Jeffrey R. Holland, “Neonatal Resuscitation with Elder Holland” (video), The Church of Jesus Christ of Latter-day Saints, Nov. 10, 2011, youtube.com.

  8. See Sharon Eubank, “16 Things You Can Do to Be a Humanitarian,” Oct. 3, 2021, ChurchofJesusChrist.org.

  9. Исаиа 6:8-ыг мөн Abraham 3:27-г үзнэ үү.

  10. Лук 4:18–19, 21

  11. Иохан 21:15–17-г үзнэ үү.

  12. Иохан 21:15–17