Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр
Гэрээнүүдээ сахих нь биднийг ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэдэг.
Цаг хугацааны бүрэн байдлын эрин үед авралын болон өргөмжлөлийн ажлын талаар хамтдаа ярилцах энэ цаг мөчид Ариун Сүнс бид бүгдийг гэгээрүүлэх болтугай хэмээн би залбирч байна.
Моронайн Иосеф Смит дээр айлчлан очсон анхны айлчлал
Анхны үзэгдлээс хойш ойролцоогоор гурван жилийн дараа, 1823 оны 9-р сарын 21-ний орой залуу Иосеф Смит нүглээсээ ангижрахын төлөө мөн Бурханы өмнө буй өөрийн байдал хийгээд Түүний өмнө хэрхэн зогсож байгаагаа мэдэхийн тулд залбирчээ. 1 Нэгэн хүмүүн бие түүний орны дэргэд үзэгдэж, Иосефыг нэрээр нь дуудаад, “Бурханы дэргэдээс … илгээгдсэн элч гэдгийг, мөн түүний нэр Моронай гэдгийг” хэлэв. Тэрээр “[Иосефт] зориулсан нэгэн ажил Бурханд бий” 2 гэдгийг тайлбарлаад, дараа нь Мормоны Номыг хэрхэн урагш авчрах талаар зааварлажээ. Моронайн захиас дээрх хамгийн эхний сэдвийн нэг нь Мормоны Ном байсан нь тун чухал юм.
Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрч бөгөөд хожмын үе дэх хөрвөлтийн агуу зэмсэг билээ. Сайн мэдээг хуваалцах бидний зорилго бол Есүс Христэд ирж, 3 сэргээгдсэн сайн мэдээний адислалыг хүртэж, Аврагчид итгэх итгэлээр эцсээ хүртэл тэвчихэд 4 бүх хүнийг урих явдал юм. Хувь хүмүүст зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрч; 5 ариун гэрээ, ёслолуудаар дамжуулан Их Эзэнд амлалт өгөхөд туслах нь сайн мэдээг тунхаглахын үндсэн зорилго мөн.
Моронай Иосеф Смитэд Мормоны Номын талаар танилцуулсан нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үед хөшигний наад талд авралын болон өргөмжлөлийн ажлыг эхлүүлсэн.
Моронай Иосефт өгөх заавраа үргэлжлүүлэн, Хуучин Гэрээний Малахи номоос, Хаан Жэймсийн хувилбарт хэлдгээс арай өөрөөр:
“Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө, бошиглогч Елиагийн гараар би та нарт Санваарыг илчлэх болно.
Мөн тэрээр эцгүүдэд нь хийгдсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно. Хэрэв энэ нь ийм биш байх аваас, түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно” 6 хэмээн эш татжээ.
Бидний ариун сүмүүдийг барьдаг зорилго бол амьд хүмүүст болон нас барагсдад зориулсан гэр бүлүүдийн аврал, өргөмжлөлд шаардлагатай ариун гэрээ, ёслолуудыг гүйцэтгэх ариун газруудыг бэлдэж өгөх явдал юм. Елиа болон санваарын эрх мэдлийн чухал ач холбогдлын талаар Моронайн Иосеф Смитэд өгсөн заавар нь хөшигний наад талд авралын болон өргөмжлөлийн ажлыг дэлгэрүүлж, хөшигний нөгөө талд нас барагсдын төлөөх ажлыг бидний эрин үед эхлүүлсэн юм.
Тоймлон хэлэхэд, 1823 оны 9-р сард Мормоны Номын талаар болон Елиагийн үүрэг зорилгын талаар Моронайн заасан зүйлс хөшигний хоёр талд авралын болон өргөмжлөлийн ажлыг хийх сургаалын суурийг тавьсан билээ.
Бошиглогч Иосеф Смитийн сургаалууд
Моронайгаас сурсан зүйл нь Иосеф Смитийн номлолын бүх талбарт нөлөөлсөн. Жишээ нь, 1837 оны 4-р сарын 6-нд Көртландын ариун сүмд болсон онцгой цугларалт дээр бошиглогч “Эцсийн эцэст, хамгийн аугаа, хамгийн чухал үүрэг бол сайн мэдээг номлох юм” 7 хэмээн тунхаглажээ.
Яг долоон жилийн дараа, 1844 оны 4-р сарын 7-нд Иосеф Смит эдүгээ Фоллетт хааны номлол хэмээн нэрлэгдсэн нэгэн номлолыг айлдсан. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ дэлхийд Их Эзэний бидэнд ноогдуулсан хамгийн агуу үүрэг бол нас барагсдаа хайж олох явдал мөн” 8 гэж мэдэгдсэн юм.
Сайн мэдээг тунхаглаж, нас барагсдаа хайх нь яагаад Бурханы бидэнд ноогдуулсан хамгийн агуу үүрэг, хариуцлага болдог вэ? Бошиглогч Иосеф Смит энэ хоёр мэдэгдэлдээ санваарын эрх мэдлийн дагуу гүйцэтгэсэн ёслолоор дамжуулан байгуулсан гэрээнүүд биднийг Их Эзэн Есүс Христтэй холбодог төдийгүй хөшигний хоёр талд авралын болон өргөмжлөлийн ажлын гол цөм нь болдог хэмээх үндсэн үнэнийг чухалчилж байсан гэдэгт би итгэдэг.
Номлолын болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь нэгэн агуу ажлын хоорондоо хамааралтай, бие биеэ дэмждэг хэсгүүд бөгөөд бидний амьдралд бурханлаг хүчийг авчирснаар Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очих боломжтой болгодог ариун гэрээ, ёслолууд дээр төвлөрдөг. Тиймээс бошиглогчийн хэлсэн хоёр мэдэгдэл эхэндээ хоорондоо зөрүүтэй мэт харагдавч, үнэндээ бол хожмын үе дэх энэхүү агуу ажлын гол цэгийг тодотгож өгдөг.
Гэрээ, ёслолуудаар дамжуулан Аврагчтай холбогдох
Аврагч:
“Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.
Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” 9 хэмээсэн.
Бид ариун гэрээ, ёслолуудын талаар суралцаж, зохистойгоор хүлээн авч мөн сахиснаар Аврагчийн буулгыг өөрсөд дээрээ авдаг. Бид хүлээн зөвшөөрсөн үүрэг амлалтаа итгэлтэйгээр санаж, эдгээрийг дагаж амьдрахын төлөө чадах бүхнээ хийснээр Аврагчтай бат холбогддог. Түүнтэй холбогдсон энэ холбоос амьдралын ямар ч үед сүнслэг хүч чадлын эх сурвалж болдог юм.
Их Эзэний гэрээт хүмүүс
Есүс Христийн гэрээгээ сахидаг шавь нарт өгөгдсөн амлалтыг бодож үзэхийг би та бүхэнд уриалж байна. Жишээ нь, Нифай “[Хожмын үе дэх] Бурханы Хурганы сүмийг болгоов, мөн тэд тоогоороо цөөн байв; … Бурханы гэгээнтнүүд байсан Хурганы сүмийнхэн түүнчлэн бүх дэлхийн гадаргуугаар оршин байхыг би болгоов; мөн тэдний эзэмшил нь газрын гадаргуугаар бага байв” 10 гэсэн байдаг.
Мөн тэрээр “Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв.” 11
“Ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэх” хэмээх өгүүлбэр нь судар дээрх зүгээр л нэг сайхан санаа эсвэл сайхан хэллэг биш юм. Харин эдгээр адислал Их Эзэний тоолж барамгүй олон хожмын үеийн гэгээнтний амьдралд илэрдэг.
Арван хоёрын гишүүний хувьд гүйцэтгэдэг ажил үүргийнхээ дагуу би дэлхий даяар аялах хэрэгтэй болдог. Тиймээс ч би та бүгдийн олонтой нь уулзаж, мартагдашгүй зүйлсийг та нараас сурсан. Их Эзэний гэрээт хүмүүс өнөөдөр үнэхээр ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байгааг би гэрчилж байна. Би мөнх бус хүмүүний хэрээс хэтэрсэн, зөвхөн Бурхан л өгч чадах хэмжээний итгэл, зориг, ойлголт, тууштай байдал, аз жаргалыг харж байсан.
Би аймшигт ослын улмаас бие нь хагас мэдээгүй болсон Сүмийн залуухан гишүүн ялгуусан алдар сууд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчийг гэрээ, ёслолуудад итгэлтэй байснаар дамжуулан хүлээн авсныг харсан. Ослын дараах эдгэрэх, хөдөлгөөн нь хязгаарлагдсан шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хүнд хэцүү цаг үеийг туулсных нь дараа би энэ зоригт бодгальтай уулзсан юм. Энэ үеэр би түүнээс “Энэ туршлага чамд юуг сурч мэдэхэд тусалсан бэ?” гэж асуулаа. Тэр “Би гуниглаагүй. Би уурлаагүй. Бүх зүйл дажгүй болно” гэж шуудхан хариулсан юм.
Баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг авсан Сүмийн шинэ гишүүдийн амьдралд ялгуусан алдар сууд зөв шударга байдал хийгээд Бурханы хүч гэрээ, ёслолуудад итгэлтэй байснаар дамжин ирж байгааг би харсан. Эдгээр хөрвөгч шинийг сурч үйлчлэхэд бэлэн, хуучин зуршлууд болон хүчирхэг ёс заншлыг халах хүсэлтэй, гэхдээ үүнийг хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа ч “ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх” 12 болохдоо баяртай байсан.
Би эдгэршгүй өвчин туссан хүнийг асарч байгаа гэр бүл ялгуусан алдар сууд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчийг гэрээ, ёслолуудад итгэлтэй байснаар дамжуулан хүлээн авсныг харсан. Энэхүү итгэлтэй шавь нар, гэр бүл нь цор ганцаараа болсон мэт мэдэрсэн цаг үе, Их Эзэний мутар тэднийг өргөж, хүчирхэгжүүлж байсан цаг үе аль аль нь байсныг ярьсан. Тэнгэрлэг Эцэг, бидний Гэтэлгэгч Есүс Христ хоёртой адил болоход туслах мөнх бус амьдралын хэцүү давааг өгсөнд энэ гэр бүл чин сэтгэлээсээ талархаж байсан юм. Бурхан энэ гэр бүлийг Ариун Сүнсний нөхөрлөлөөр адисалж, гэр орныг нь ариун сүм мэт ариун хоргодох газар болгосон билээ.
Би гэр бүл нь салснаар сэтгэл нь шархалсан Сүмийн гишүүн ялгуусан алдар сууд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчийг гэрээ, ёслолуудад итгэлтэй байснаар дамжуулан хүлээн авсныг харсан. Нөхөр нь гэрээгээ зөрчиж, гэр бүлээ салахад хүргэсэн нь түүнд шударга бус санагдаж, уг эгчийн сэтгэл улам хямарч байв. Тэр шударгаар шүүлгэж, хариуцлага хүлээлгэхийг хүссэн.
Энэ итгэлтэй эмэгтэй өөрт тохиолдсон бүхнээс болж зовж шаналж байхдаа Аврагчийн Цагаатгалыг амьдралдаа өмнө нь хэзээ ч судалж байгаагүйгээрээ гүн гүнзгий судалж, тунгаан боджээ. Христ гэтэлгэгчийн хувьд бидний нүгэл, өвдөлт, сул дорой байдал, зүрх сэтгэлийн зовлонг өөр дээрээ авч зовж шаналж байсныг тэр аажмаар илүү гүн гүнзгий ойлгож эхэлсэн байна. Тэгээд тэрээр сүнсээр өдөөгдөн, “Эдгээр нүглийн төлөөс аль хэдийн төлөгдсөн юм бол хоёр дахь удаа төлүүлэхийг чи шаардана гэж үү?” гэж өөрөөсөө асуужээ. Энэ шаардлага шударга бус төдийгүй нигүүлсэнгүй бус гэдгийг тэр ойлгосон.
Гэрээ, ёслолуудаар дамжуулан өөрийгөө Христтэй холбох нь бусад хүний чөлөөт сонголтоороо үйлдсэн шударга бус үйлдлийн шархыг эдгээхэд тэдэнд туслаад зогсохгүй, уучлах, амар амгалан, нигүүлсэл, хайрыг хүлээн авах боломжийг нээж өгдгийг энэ эмэгтэй сурсан.
Амлалт ба гэрчлэл
Гэрээний амлалт ба адислалуудыг бидний Аврагч Есүс Христ л боломжтой болгосон. Тэрээр биднийг Өөрийг нь харж, 13 Өөрт нь ирж, 14 Өөрөөс нь суралцаж, 15 Түүний сэргээгдсэн сайн мэдээний гэрээ, ёслолуудаар дамжуулан Өөртэй нь холбогдоход 16 урьдаг. Гэрээнүүдээ сахих нь биднийг ялгуусан алдар сууд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэдэг гэдгийг би амлаж мөн гэрчилж байна. Би амьд Их Эзэн Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг гэрчилж байна. Би эдгээр үнэнийг Есүс Христийн ариун нэрээр баяр хөөртэй гэрчилж байна, амен.