Ерөнхий чуулган
Өдөр тутмын сэргээлт
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:43

Өдөр тутмын сэргээлт

Бидэнд өдөр тутмын, байнгын бурханлаг гэрлийн тун хэрэгтэй. Бидэнд “сэргээх цаг” хэрэгтэй. Хувийн сэргээлтийн цаг.

Бид энэхүү гайхалтай сайхан Хүндэтгэлийн өдрийн өглөө Христийн талаар ярьж, Түүний сайн мэдээнд баясаж, Аврагчийнхаа “замаар” 1 алхахдаа, нэг нэгнээ дэмжин түшихээр цуглаад байна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид жилийн туршид Хүндэтгэлийн өдөр бүр энэхүү зорилгоор цугладаг. Хэрэв та Сүмийн гишүүн биш бол бид таныг тавтай морилно уу гэж халуун дотноор урьж байна. Мөн Аврагчийг шүтэн биширч, Түүнээс суралцахаар бидэнтэй нэгдсэнд баярлалаа. Хэдийгээр бид төгс биш ч гэсэн, таны л адил илүү сайн хүн, найз, хөрш байхаар хичээн чармайж байгаа 2 бөгөөд бид Үлгэр жишээ үзүүлэгч Есүс Христийг дагаснаар тийн үйлдэхийг эрэлхийлдэг.

Аврагч Есүс Христ

Таныг чин сэтгэлийн гэрчлэлийг маань мэдэрч байгаа гэдэгт найдаж байна. Есүс Христ амьд! Тэр бол амьд Бурханы Хүү бөгөөд өнөө үед энэ дэлхий дээр бошиглогчдыг удирдан чиглүүлдэг. Бид хүн бүгдийг ирээд, Бурханы үгийг сонсож, Түүний сайн сайхнаас хүртэхэд урьж байна. Би Бурхан бидний дунд байдаг бөгөөд Өөрт нь ойр очдог хэн бүхэнд ойртдог гэсэн хувийн гэрчлэлээ хуваалцаж байна. 3

Бид шавийн хувьд Эзэний шулуун бөгөөд нарийн замаар та бүхэнтэй хамт алхаж байгаагаа эрхэмлэн үздэг.

Шулуун шугамаар алхах урлаг

Төөрсөн хүмүүс тойруу замаар тойрч алхдаг гэсэн онолыг олон дахин дэвшүүлсэн байдаг. Хэдхэн жилийн өмнө Биологийн шинжлэх ухааны Макс Планк Институт (Max Planck Institute for Biological Cybernetics)-ийн эрдэмтэд уг онолыг туршиж үзжээ. Тэд оролцогчдыг шигүү ойд аваачаад, “Шулуун шугамаар алх” гэсэн энгийн заавар өгчээ. Ил харагдах шав тэмдэг юу ч байсангүй. Туршилтад оролцогчид зөвхөн өөрсдийн зүг чигийн баримжаанд тулгуурлах хэрэгтэй байв.

Тэднийг яасан гэж та нар бодож байна?

Эрдэмтэд “Хүмүүс алхах чиглэл заасан найдвартай тэмдэг байхгүй тохиолдолд үнэхээр тойрог замаар алх[даг] юм байна” 4 гэсэн дүгнэлтэд хүрчээ. Дараа нь асуухад, зарим оролцогч огтхон ч хазайгаагүй гэж итгэлтэйгээр хариулжээ. Тэдний итгэлтэй байдлыг эс тооцвол байршил тогтоогч (GPS)-ийн үзүүлэлт тэднийг 20 метрийн диаметртэй тойргоор алхсан гэдгийг харуулсан байна.

Шулуун шугамаар алхахад бидэнд яагаад хэцүү байна вэ? Зарим судлаач газар нутаг дахь өчүүхэн жаахан санагдах хазайлт тийм өөрчлөлт гаргасан байна гэж таамагладаг. Бусад нь бид бүгдийн нэг хөл нөгөөгөөсөө үл ялиг илүү хүчтэй гэсэн баримтыг онцолсон. Гэсэн ч “эгц чигээрээ гэж яг хаашаа вэ гэдэг нь улам бүр тодорхойгүй болж байгаа болохоор” эгц чигээрээ алхахад хэцүү байдаг нь “илүү оновчтой байх.” 5

Ямар ч шалтгаантай бай, найдвартай тэмдэггүй л бол замаасаа хазайх нь хүний мөн чанар юм.

Замаасаа хазайх

Өчүүхэн жаахан санагдах хүчин зүйл бидний амьдралд маш том өөрчлөлт авчирч болдог нь сонирхолтой байгаа биз?

Нисгэгч хүний хувьд миний хувийн туршлага надад энэ нь үнэн болохыг харуулсан. Би онгоцны буудалд ойртож очих бүрдээ газардах зурвас руугаа онгоцыг аюулгүй чиглүүлэхийн тулд чиглэлийн өчүүхэн жижиг засварыг тогтмол хийх нь миний үлдсэн ажил гэдгийг мэддэг.

Та бас жолоо барьж байх үедээ үүнтэй адил зүйлтэй тулгардаг байх. Салхи, замын энхэл донхол, тэнхлэг тохиргоо алдагдах, анхааралгүй байдал, бусад жолоочийн үйлдэл зэрэг нь таныг зорьсон замаас тань түлхэн гаргаж болно. Эдгээр хүчин зүйлд анхаарал хандуулахгүй бол хэцүүхэн зүйл тохиолдож ч магадгүй. 6

Усан сан доторх машин

Энэ нь бие махбодын хувьд бидэнд хамааралтай.

Мөн сүнслэг байдлын хувьд ч хамаатай юм.

Бидний сүнслэг байдал дахь эерэг, сөрөг өөрчлөлтийн ихэнх нь алхам алхмаар аажим явагддаг. Макс Планкийн оролцогчдын адилаар, бид зорьсон замаасаа хазайж байгаагаа анзаарахгүй байж болно. Бид шулуун шугамаар алхаж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байж ч болох юм. Гэвч үнэндээ чиглүүлэх тэмдгийн тусламжгүйгээр бид өөрийн мэдэлгүй замаасаа хазайж, хэзээ ч бодож байгаагүй газраа очсон байдаг.

Энэ нь хувь хүмүүсийн хувьд үнэн. Түүнчлэн нийгэм, үндэстнүүдийн хувьд ч үнэн байдаг. Судруудаар дүүрэн жишээнүүд байгаа.

Хуучин Гэрээний Шүүгчид номд Иошуаг нас барсны дараа “ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилын төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарсан” 7 тухай цэдэглэсэн байдаг.

Мосе, Иошуа хоёрын амьдарч байх үед Израилын үр удмын үзэж, гэрчилсэн гайхалтай бурханлаг оролцоо, айлчлал, чөлөөлөлт, гайхамшигт ялалтуудыг үл харгалзан нэгэн үе дотроо хүмүүс Замыг орхин, өөрсдийн хүслийн дагуу алхаж эхэлсэн. Мөн мэдээж хэрэг, тэдэнд тэрхүү үйлдлийнхээ төлөөсийг төлөхөд тийм ч урт хугацаа шаардагдаагүй.

Заримдаа энэхүү уналт тохиох хүртэл хэд хэдэн үе улиран өнгөрдөг. Зарим үед хэдхэн жил, бүр хэдэн сарын дотор ч тохиодог. 8 Гэвч бид бүгд унахдаа амархан. Бидний сүнслэг туршлага өмнө нь хэчнээн хүчирхэг байснаас үл хамааран хүмүүний хувьд бид амархан хазайдаг. Адамын үеэс эхлэн одоог хүртэл ийм байсаар ирсэн.

Одоо сайн мэдээ дуулгая

Гэвч найдвар алга болоогүй. Туршилтын төөрөлдсөн хүмүүсээс ялгаатай нь, бидэнд замаа тооцоолоход ашиглаж болох найдвартай, нүдэнд харагдахуйц тэмдгүүд бий.

Эдгээр нь ямар тэмдгүүд вэ?

Үүнд өдөр бүр залбирах, судруудыг тунгаан бодох, Ирээд, Намайг дага зэрэг сүнслэг нөлөө бүхий хэрэгслүүдийг ашиглах зэрэг нь багтдаг нь гарцаагүй. Өдөр бүр бид даруу, шударга байдалд Бурханы сэнтийн өмнө очиж чадна. Бид үйлдлүүдээ эргэцүүлэн бодож, хүсэл, сонирхлоо Түүнийхтэй нийцүүлэн, тухайн өдрийнхөө мөчүүдийг эргэн санаж чадна. Хэрэв бид хазайсан бол буцааж сэргээж өгөхийг Бурханаас гуйж, илүү сайн байхыг амладаг.

Аврагч хоньдоо хөтөлдөг

Өөрийгөө шинжих энэ мөч бол өөрийгөө дахин тохируулах боломж юм. Энэ бол бидний Их Эзэнтэй хамт алхаж, Тэнгэрлэг Эцэгийн сүнсээр илэрхийлсэн, бичигдсэн үгсээр цэвэршигдэж, зааварлуулж, засуулж болох бодрол эргэцүүллийн цэцэрлэг юм. Энэ нь бидний номхон дөлгөөн Христийг дагах ариун гэрээнүүдээ санах, өсөлт хөгжлөө дүгнэж, Бурханы хүүхдүүддээ бэлдэж өгсөн сүнслэг тэмдгүүд рүү өөрсдийгөө чиглүүлэх ариун нандин цаг хугацаа билээ.

Үүнийг өдөр тутмын сэргээлт гэж бод. Алдар суунд хүргэх зам дээр аянчны хувиар аялахдаа бид үүнээс хазайн уруудах нь хэчнээн амархан гэдгийг мэднэ. Гэвч багахан хазайлт л биднийг Аврагчийн замаас холдуулж чаддаг бол дахин чиглүүлэх энгийн жижиг үйлдэл бас биднийг уг зам руу буцаан удирдах нь гарцаагүй. Бидний амьдрал руу харанхуй үргэлж гэтэж байдаг бөгөөд тэр үед бидний өдөр тутмын сэргээлт бурханлаг гэрэл өөд бидний зүрх сэтгэлийг нээж, сүүдэр, айдас, эргэлзээг хөөн, бодгалийг маань сэнхрүүлдэг .

Жижигхэн залуур, асар том усан онгоц

Бид үүнийг эрэлхийлэх юм бол “Бурхан Ариун Сүнсээрээ тийм ээ, өгүүлшгүй Ариун Сүнсний бэлгээр … мэдлэгийг [бидэнд] өгөх” 9 нь лавтай. Бид асуухын хэрээр Тэр бидэнд Замыг зааж, дагахад туслах болно.

Энэ нь мэдээж бидний зүгээс байнгын хүчин чармайлт шаарддаг. Бид өнгөрсөн үеийнхээ сүнслэг туршлагад сэтгэл хангалуун байж болохгүй. Бид байнга урагшлах ёстой.

Бид бусдын гэрчлэлд үүрд тулгуурлаж болохгүй. Өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болох ёстой.

Бидэнд өдөр тутмын, байнгын бурханлаг гэрлийн тун хэрэгтэй.

Бидэнд “сэргээх цаг” 10 хэрэгтэй. Хувийн сэргээлтийн цаг.

“Хуйлрагч уснууд” удаан “цэвэр биш үлдэж” 11 чадахгүй. Бид бодол санаа, үйлдлээ цэвэр байлгахын тулд үргэлжлүүлэн хичээсээр байх хэрэгтэй.

Эцэст нь сайн мэдээний болон Сүмийн Сэргээлт бол ганцхан удаа тохиогоод дууссан зүйл биш юм. Энэ нь үргэлжилж буй үйл явц бөгөөд өдөр өдрөөр, зүрх зүрхээр өөрчилнө.

Бидний өдөр тутамдаа хийж буй зүйлс бүхэл амьдралыг маань тодорхойлно. Нэгэн зохиолч энэ тухай ийн хэлсэн байдаг. “Нэг өдөр бүхэл амьдралтай адилхан. Та нэг зүйл хийж эхлээд, эцэст нь өөр зүйл хийгээд дуусгадаг. Нэг ажил амжуулахаар төлөвлөдөг ч хэзээ ч амжуулж чаддаггүй. … Амьдралын тань төгсгөлд таны бүхэл бүтэн оршихуй мөн л санаандгүй өнгөрөхтэй адил байдаг. Таны бүхий л амьдрал таны нэг өдөртэй адилхан хэв маягтай.” 12

Та амьдралынхаа хэв маягийг өөрчилмөөр байна уу?

Тэгвэл өдрийнхөө хэв маягийг өөрчил.

Та өдрөө өөрчилмөөр байна уу?

Тэгвэл энэ цагийг өөрчил.

Бодож, мэдэрч, хийдэг зүйлсээ яг энэ цаг мөчид өөрчил.

Жижигхэн залуур асар том усан онгоцыг залж чадна. 13

Жижиг тоосгонууд сүрлэг том орд харшийг бүтээдэг.

Бяцхан үр саглагар өндөр сэкояа мод болон ургадаг.

Зөв зарцуулсан минут, цаг нь сайн сайхан амьдралыг бүтээсэн жижиг хэсгүүд юм. Тэдгээр нь сайн сайхныг урамшуулж, төгс бус байдлын боолчлолоос биднийг чөлөөлж, өршөөл, ариусгал, гэтэлгэлийн зам өөд чиглүүлдэг.

Шинэ эхлэлийн Бурхан

Би та бүхэнтэй хамт шинэ боломж, шинэ амьдрал, шинэ найдварын гайхамшигтай бэлгийн төлөө зүрх сэтгэлийнхээ угаас талархаж байна.

Бид өгөөмөр, өршөөнгүй Бурханаа магтан, дуу хоолойгоо өргөж байна. Тэр бол гарцаагүй шинэ эхлэлийн Бурхан мөн. Түүний ажлын эрхэм зорилго бол үхэшгүй байдал, мөнх амьдралыг олох эрэл хайгуулдаа амжилт олоход маань бидэнд, Өөрийн хүүхдүүдэд туслах явдал юм. 14

Бурхан “миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно,” 15 “тэдгээрийг нь цаашид санах нь үгүй” 16 хэмээн амласан учир бид Христ дотор шинэ бүтээл болж чадна.

Хайрт ах, эгч нар болон хүндэт найзууд аа, бид бүгдээрээ цагаас цагт замаасаа хазайж байдаг.

Гэвч бид буцаад зам руугаа орж чадна. Бид Түүний бэлдсэн сүнслэг тэмдгүүдийг эрэлхийлж мөн хүлээн зөвшөөрч, хувийн илчлэлт хүлээн авч, өдөр тутмын сэргээлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэх аваас амьдралын сорилт бэрхшээл, харанхуй манан дундуур явж, хайрт Тэнгэрлэг Эцэгтээ хүрэх замаа олж чадна. Ийнхүү бид Аврагч Есүс Христийн үнэнч шавь нар болдог.

Биднийг ийнхүү үйлдэхэд Бурхан бидний дээрээс инээмсэглэх болно. “ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө. Эзэн чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна.” 17

Бид өдөр тутмын сэргээлтийг эрэлхийлж, Есүс Христийн замаар алхахыг үргэлжлүүлэн хичээх болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Есүс “Зам, үнэн, амь бол Би байгаа юм” (Иохан 14:6) хэмээн заасан. NIV First-Century Study Bible (Олон улсын шинэ хувилбар, Нэгдүгээр зууны Библи)-д дараах тайлбар байдаг. “Еврей Библид зам, харгуйн дүрслэл нь үргэлж Бурханы сургаал эсвэл зарлигуудыг дагахыг илэрхийлдэг [Дуулал 1:1; 16:11; 86:11-ийг үзнэ үү]. Энэ нь итгэл үнэмшил, сургаал эсвэл уламжлалын бүлэгт идэвхтэй оролцох эртний түгээмэл зүйрлэл юм. Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичээсний нийгэмлэг өөрсдийгөө ‘замыг’ дагагчид гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тэд Бурханыг баясгах замын талаар өөрсдийн ойлголтыг дагадаг гэсэн үг ажээ. Паул болон анхны Христэд итгэгчид мөн өөрсдийгөө ‘Замыг дагагч[ид]’ [Үйлс 24:14] хэмээн нэрлэж байсан (i“What the Bible Says about the Way, the Truth, and the Life,” Bible Gateway, biblegateway.com/topics/the-way-the-truth-and-the-life).

    1873 онд Didache хэмээгдэх эртний ном Константиноплд Иерусалимын патриархын номын сангаас олджээ. Олон судлаач үүнийг нэгдүгээр зууны (МЭ 80–100) сүүлээр бичигдэж, ашиглагдаж байсан гэж итгэдэг. Didache дараах үгсээр эхэлдэг. “Амьдралын болон үхлийн гэсэн хоёр зам байдаг ч энэ хоёр замын хооронд маш том ялгаа байдаг. Амьдралын зам гэдэг нь: нэгдүгээрт, өөрийг тань бүтээсэн Бурханаа хайрла; хоёрдугаарт, хөршөө өөрийн адил хайрла” юм (Teaching of the Twelve Apostles, trans. Roswell D. Hitchcock and Francis Brown [1884], 3).

    The Expositor’s Bible Commentary гэх зэрэг бусад эх сурвалжид “сүмийн эхэн үед Есүсийг Мессиа гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрсдийн Их Эзэн гэж зарласан хүмүүс өөрсдийгөө ‘Зам’-ын хүмүүс гэж нэрлэжээ [Үйлс 19:9, 23; 22:4; 24:14, 22-ыг үзнэ үү]” (ed. Frank E. Gaebelein and others [1981], 9:370) гэдгийг онцолсон байдаг.

  2. Мозая 2:17-г үзнэ үү.

  3. Сургаал ба Гэрээ 88:63-ыг үзнэ үү.

  4. “Walking in Circles,” Aug. 20, 2009, Max-Planck-Gesellschaft, mpg.de.

  5. “Walking in Circles,” mpg.de. Доорх зураг нь туршилтад оролцсон дөрвөн оролцогчийн байршил тогтоогч дээрх зам мөрийг харуулж байна. Гурав нь бүрхэг өдөр алхсан. Нэг нь (SM) нар үүлний цаагуур орсон байхад алхаж эхэлсэн ба 15 минутын дараа үүл замхарч, оролцогчид нарны гэрлийг харж байсан. Нар ил харагдах үеэр алхаж байсан хүн шулуун шугамаар илүү амжилттай алхаж байсныг харж байна уу?

  6. Чиглүүлэхдээ гаргасан ердөө хоёрхон градусын алдаа хэрхэн 257 зорчигчтой зорчигч тээврийн онгоцыг Антарктидын Эрэбус уулыг мөргүүлсэн талаарх жишээг Дийтр Ф.Угдорф, “A Matter of a Few Degrees,” Liahona, May 2008, 57–60-аас үзээрэй.

  7. Шүүгчид 2:10

  8. Христийг Америк тивд айлчилсны дараа хүмүүс чин сэтгэлээсээ нүглээ наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авчээ. Нэгэн үед тэд зөрчилдөөнтэй, бардам хүмүүс байсан бол одоо “тэдний дунд зөрчилдөөн мөн арцалдаан байсангүй, мөн хүмүүн бүр нэг нэгэнтэйгээ шударгаар харьцаж байлаа” (4 Нифай 1:2). Энэхүү зөв шударга үе нь бардамнал хүмүүсийг Замаас холдуултал хоёр зууны турш үргэлжилсэн. Сүнслэг хазайлт мөн илүү хурдан тохиож болно. Хэдэн арван жилийн өмнө Мормоны Номд шүүгчдийн засаглалын 50-р онд хүмүүсийн дунд “үргэлжийн амар амгалан” байв гэсэн жишээ байдаг. Гэвч Сүмийн гишүүдийн зүрх сэтгэлд бардамнал үүссэний улмаас дөрөвхөн жилийн дараа “сүмд олон тэрслэл байж, мөн түүнчлэн хүмүүсийн дунд зөрчилдөөн байж, үүний хэрээр ихээхэн цус урсгалт байв” (Хиламан 3:32–4:1-ийг үзнэ үү).

  9. Сургаал ба Гэрээ 121:26

  10. Үйлс 3:19

  11. Сургаал ба Гэрээ 121:33

  12. Michael Crichton, Jurassic Park (2015), 190.

  13. “Мөн усан онгоцнуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч жижигхэн залуураар залуурчийн хүссэнээр жолоодогддог” (Иаков 3:4; Олон улсын шинэ хувилбар).

  14. Мосе 1:39-ийг үзнэ үү.

  15. Мозая 26:30

  16. Сургаал ба Гэрээ 58:42

  17. Дэд хууль 28:8–9-ийг мөн 1–7-р шүлгийг үзнэ үү.