Эзэн, нүд маань нээгдэхийг би хүсэж байна
Бид бусдыг Аврагчийнхаа нүдээр харах ёстой.
Араатны хаан арслан бол Африкийн ойт хээрийн амьтдын тухай сонгодог хүүхэлдэйн кино юм. Араатны хаан арслан хүүгээ аврах гэж яваад амь эрсдэж, балчир ханхүүг хөөгдөн цөлөгдсөн хойгуур харгис удирдагч ширэнгэн ойн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Харин ханхүү арслан нэгэн зөвлөгчийн тусламжтайгаар хаант улсаа эргүүлэн авдаг билээ. Ширэнгэн ойн амьдралын агуу тойрогт тэнцвэрт байдал шаардлагатай байдгийг харахын тулд түүний нүд нээгддэг. Залуу арслан хаан болохоор бэлтгэгдэж байх үедээ “харж буй юмнаасаа цаашихыг олж харах” зөвлөгөөг хүлээн авсан.
Эцэгт маань байгаа бүхний өвлөгчид болохоор суралцах явцад сайн мэдээ бидэнд харж байгаагаасаа цаашихыг харахыг сургадаг. Бид харж байгаагаасаа цаашихыг харахын тулд бусдыг Аврагчийнхаа нүдээр харах ёстой. Сайн мэдээ бол янз бүрийн хүмүүсийг багтаасан их айл юм. Бид энэ дэлхийн хүмүүсийн болон Сүмийн хамт олон, тэр ч бүү хэл гэр бүлийнхээ хүмүүсийн сонголт, сэтгэл санааны учир шалтгаан, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй, учир нь бидэнд тэдний талаарх бүрэн дүр зураг байхгүй байдаг. Бид өнгөцхөн таамаг, хэвшмэл ойлголтыг давж харж, өөрийн туршлагаар дамжуулан хардаг өчүүхэн дурангийнхаа харах өнцгийг тэлэх ёстой.
Би номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа “харж байгаагаасаа цаашихыг хардаг” болж, мэлмий минь нээгдсэн юм. Нүдэнд нь айдас тодорсон нэгэн залуу ахлагч над руу ирэв. Биднийг ярилцах үед тэр гунигтайгаар “Би гэртээ харимаар байна” гэж хэлсэн. “За яахав, бид үүнийг зохицуулж чадна” гэж би дотроо бодлоо. Би түүнд шаргуу ажиллан, долоо хоног бодож байгаад үүнийхээ төлөө залбирч, дараа нь над руу утасдахыг зөвлөв. Долоо хоногийн дараа бараг яг тухайн цагт тэр утасдлаа. Тэр гэртээ харихыг хүссэн хэвээр байлаа. Би дахин залбирч, шаргуу ажиллахыг түүнд дахин зөвлөөд, долоо хоногийн дараа утасдахыг хүслээ. Бидний дараагийн ярилцлаган дээр юу ч өөрчлөгдсөнгүй. Тэрээр гэртээ харина гэж зүтгэсээр байв.
Би ийм зүйл болохыг хүсээгүй болохоор түүнд дуудлагынх нь ариун нандин байдлын талаар зааж эхлэв. Түүнд өөрийгөө мартаж, ажиллахаар явахад урамшууллаа. Гэвч би хэчнээн хичээгээд, түүний бодлыг өөрчилж чадсангүй. Эцэст нь би нөхцөл байдлыг бүхэлд нь харж чадахгүй байгаа юм болов уу гэсэн бодол толгойд минь орж ирэв. “Ахлагч аа, чамд юу нь хэцүү байна вэ?” гэж асуу гэсэн мэдрэмж надад төрсөн юм. Тэр, “Ерөнхийлөгч өө, би уншиж чаддаггүй” гэж хэлсэн нь зүрхийг минь зүсэх шиг л болсон.
Миний бодож олсон мэргэн зөвлөгөө түүнд үнэхээр чухал байсан ч хэрэгцээнд нь огт нийцээгүй байжээ. Би энэ ахлагчийн толгойдоо юу бодож явааг мөн түүнд яг юу хэрэгцээтэй байгааг мэдэхэд туслахыг Сүнсэнд зөвшөөрөн, өөрийн хөнгөн хуумгай дүгнэлтээс цаашихыг харах нь хамгаас чухал байсан юм. Би түүнийг зөвөөр харж, итгэж найдах шалтгааныг түүнд санал болгох хэрэгтэй байсан. Гэтэл би тус болох нь бүү хэл, байдлыг улам дордуулж байж. Энэ зоригтой ахлагч маань уншиж сурсан бөгөөд Есүс Христийн чин үнэнч шавь болсон билээ. Тэрээр “Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол Эзэн зүрхийг нь хардаг”(1 Самуел 16:7) гэсэн үгийг надад ойлгуулж, миний мэлмийг нээсэн юм .
Их Эзэний Сүнс бидний ойлголтыг тэлдэг нь хэчнээн гайхалтай адислал гээч. Бошиглогч Елишаг сэрээд хартал морьд, тэргүүд хөлөглөсөн Сирийн цэргүүд хотыг нь тойрон хүрээлсэн байдгийг санаж байна уу? Зарц нь ихэд айж, Елишагаас энэ хүч тэнцвэргүй байдалд одоо юу хийх билээ гэж асуусан. Елиша түүнд санаа бүү зов гээд, ”Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм” (Хаадын дэд 6:16) хэмээх мартагдашгүй үгсийг хэлдэг. Зарц нь бошиглогчийн юуны тухай ярьж буйг ер мэдэхгүй байв. Тэр өөрийн харж байгаагаас цаашихыг огт харж чадахгүй байсан. Гэсэн ч Елиша өөрийнх нь хүмүүсийн төлөө тулалдах тэнгэр элчүүдийн армийг харж байв. Тиймээс Елиша залуугийн нүдийг нээлгэхээр Эзэнд залбирч, “тэгээд тэр харав, харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв” (Хаадын дэд 6:17).
Бид юмсыг өөр өөрөөр хардгийн улмаас өөрсдийгөө бусдаас байнга тусгаарладаг. Бид өөртэйгөө адил бодож, ярьж, хувцаслаж бас үйлддэг хүмүүсийн дэргэд чөлөөтэй байдаг бол өөр нөхцөл байдалтай, өөр орчноос ирсэн хүмүүстэй хамт байхдаа тав тухгүй байдаг. Үнэн хэрэгтээ, бид бүгдээрээ л өөр өөр орноос ирсэн, өөр өөр хэлээр ярьдаг биш гэж үү? Бид бүгд өөрсдийн амьдралын өчүүхэн туршлага дээр тулгуурлан ертөнцийг хардаггүй гэж үү? Зарим нь бошиглогч Елиша шиг сүнслэгээр харж бас ярьдаг бол зарим нь бичиг үсэг мэддэггүй байсан номлогчоосоо олж авсан миний туршлагатай адил байгаа чигээр нь харж харьцдаг.
Бид жишиж харьцуулах, нэр хаяг зүүх, шүүмжлэхийг чухалчилдаг дэлхийд амьдарч байна. Олон нийтийн сүлжээний өнцгөөс аливааг харахын оронд бид сэтгэл рүүгээ өнгийж, хүн бүр өөртөө олж авахыг хичээдэг бурханлаг зан чанаруудыг эрэлхийлэх хэрэгтэй. Энэхүү бурханлаг чанар, хүсэл тэмүүлэл нь Пинтерест, инстаграм дээр тавигддаггүй.
Бусдыг хүлээн зөвшөөрч, хайрлана гэдэг нь тэдний үзэл бодлыг зөвшөөрөх ёстой гэсэн үг биш юм. Мэдээж, үнэнч байдал бидний эрхэмлэх хамгийн дээд зөв зүйл ч нинжин сэтгэлд хэзээ ч саад болох учиргүй. Бусдыг чин үнэнчээр хайрлана гэдэг нь бид тэдний амьдралын туршлага, хязгаарлагдмал байдлыг хэзээ ч бүрэн дүүрэн мэдэхгүй байж болох ч тэр хүмүүсийн хамгийн сайнаараа хичээж байгаа хүчин зүтгэлийг хүлээн зөвшөөрөх дадлага туршлагатай байхыг шаарддаг. Харж буйгаасаа цаашихыг харах нь ухамсартайгаар Аврагч дээр төвлөрөхийг шаардана.
2016 оны 5-р сарын 28-нд 16 настай Биу Ричи найз Аустины хамт Колорадо дахь ферм дээрээ байжээ. Биу, Аустин хоёр бартаат замын дөрвөн дугуйт унан, тэр өдрийн гайхалтай адал явдлыг сэтгэл догдлон хүлээж байсан юм. Гэвч тэд тийм ч хол явалгүй эмгэнэлт осолд өртөн, аюултай нөхцөл байдалд оржээ. Биугийн барьж явсан дөрвөн дугуйт гэнэт хөмөрч, тэрээр 400 гаруй паунд (180 кг) жинтэй төмөр доор дарагдсан байна. Найз Аустин нь түүнийг олох үед Биу амь тэмцэн байжээ. Тэр байдаг чадлаараа дөрвөн дугуйтыг найзынхаа дээрээс татан авахыг чармайсан боловч хөдөлгөж чадаагүй юм. Тэр Биугийн төлөө залбирч, тусламж эрэн сандарч тэвдэн гүйв. Эцэст нь түргэн тусламж ирсэн ч гэсэн хэдхэн цагийн дараа Биу нас баржээ. Тэр мөнх бус энэ амьдралыг орхин одов.
Уй гашууд автсан эцэг эх нь ирлээ. Биугийн хамгийн сайн найз, гэр бүлийн гишүүд тэр жижигхэн эмнэлгийн өрөөнд зогсож байх үед цагдаагийн офицер орж ирэн, хүүгийн гар утсыг ээжид нь өгсөн байна. Ээж нь утсыг автал утасны сэрүүлэг чанга дуугарав. Тэрээр утсыг нээж харахдаа Биугийн тавьсан өдөр тутмын сэрүүлгийг олж харав. Зугаацаж тоглох, адал явдал хайх дуртай өсвөр насны хүүгийнхээ өдөр бүр унших гэж тавьсан мессежийг тэр чангаар уншлаа. Үүн дээр “Өнөөдөр та Есүс Христийг амьдралынхаа төвд байлгахаа сана” гэсэн байлаа.
Биугийн Гэтэлгэгч дээр төвлөрч байсан нь түүнийг алдсан хайртай хүмүүсийнх нь уй гашууг багасгаж чадаагүй юм. Гэсэн хэдий ч энэ нь Биугийн амьдралд төдийгүй амьдралын сонголтуудад агуу итгэл найдвар, утга учрыг өгдөг. Энэ нь гэр бүл, найз нөхдийг нь зөвхөн түүнийг дэндүү эрт одсонд нь гашуудах биш, ирэх амьдралын баяр хөөрт бодит байдлыг олж харахад хүргэсэн. Хүүгийнхээ хамгаас их дээдэлж явсан зүйлийг түүний мэлмийгээр олж харах нь Биугийн эцэг эхэд хэчнээн их энхрий хайрыг мэдрүүлээ бол?
Аливааг эгэл амьдралын нүдээр харж, авралаас хол байх үед биднийг сэрэмжлүүлж байдаг хувийн сүнслэг сэрүүлгүүдийг Сүмийн гишүүдийн хувьд бидэнд бэлэг болгон өгсөн байдаг. Долоо хоног тутмын ариун ёслол бол бид үргэлж Түүнийг санаж, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд Есүс Христ дээр байнга төвлөрч байхыг сануулагч мөн (C ба Г 20:77-г үзнэ үү). Гэсэн ч бид хааяа эдгээр сануулагч сэрүүлгийн талаарх мэдрэмжээ үл тоомсорлодог. Есүс Христийг амьдралынхаа төвд байлгах юм бол зөвхөн өөрсдийнхөө хүчээр олж авч чадахгүй илүү их боломжуудыг олж харах мэлмийг бидэнд нээж өгөх болно.
Би хамгаалалтын сэрүүлгийн тухай тун сонирхолтой захидлыг нэгэн итгэлтэй эгчээс хүлээн авсан юм. Тэрээр өөрт нь ямар байгааг нөхөртөө ойлгуулахын тулд гар утсан дээрээ нөхрийнхөө хийсэн, хэлсэн, түүнийг бухимдуулж буй зүйлсийг жагсаан тэмдэглэж эхэлжээ. Тохиромжтой цаг гарахад, бичиж баримтжуулсан зүйлсээ нөхөртэйгөө хуваалцаж, энэ нь нөхөрт нь өөрийгөө өөрчлөхөд тусална гэж бодсон. Гэвч нэгэн ням гарагт тэрээр ариун ёслолоос хүртэн, Аврагчийн Цагаатгал дээр төвлөрч байхдаа нөхрийнхөө талаарх сөрөг мэдрэмжээ бичиж баримтжуулах нь Сүнснээс өөрийг нь холдуулж байгааг, энэ нь нөхрийг нь хэзээ ч өөрчилж чадахгүй гэдгийг ухаарчээ.
Сүнслэг сэрүүлэг түүний зүрх сэтгэлд орж ирэн, “Үүнийг арилга, бүгдийг арилга. Тэр тэмдэглэлүүдийг устга. Эдгээр нь ямар ч тус болохгүй” гэжээ. Би түүний бичсэн хэсгээс эш татъя. “Утсан дээрээ ‘бүгдийг сонго’ товчлуурыг, дараа нь ‘устга’ гэсэн товчлуурыг дарахад нэлээд хугацаа орсон. Гэтэл би энэ бүхнийг хийнгүүт, бүх сөрөг мэдрэмж маань замхран алга болов. Зүрх сэтгэл минь нөхрөө хайрлах, Их Эзэнийг хайрлах хайраар дүүрсэн байв” гэж тэр бичсэн байлаа. Дамаск орох замд Саулын харах хараа өөрчлөгддөг шиг түүний хараа өөрчлөгдсөн юм. Харалган болгогч хаалт нүднээс нь авагдсан байв.
Аврагч маань сүнслэгээр болоод бодитоор сохорсон тэдний мэлмийг үргэлж нээж өгдөг байсан. Тэнгэрлэг үнэнийг бодитоор болон сүнслэгээр харахын тулд нүдээ нээх нь мөнх бус амьдралд өнгөц хардаг байдлаасаа эдгээгдэхэд биднийг бэлтгэдэг. Засаж залруулах эсвэл илүү мөнхийн хэтийн төлөв рүү хандах дохиог бидэнд өгч сануулдаг энэ сүнслэг “сэрүүлгүүдэд” анхаарлаа төвлөрүүлснээр бид Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах ариун ёслол дээрх амлалтыг хүлээн авах болно. Энэ нь мөн Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг Көртландын ариун сүмд байхад мөнх бус амьдралын хязгаарлагдмал “хөшиг” “[тэдний] оюунаас авагдаж, [тэдний] ойлголтын мэлмий нээгдэх [болно]” хэмээн амласан Есүс Христ тэдэнд гайхалтай үнэний талаар заасан тэр үед тохиолдсон билээ (С ба Г 110:1).
Есүс Христийн хүчээр дамжуулан бид бодитоор харж буйгаасаа цааш сүнслэгээр харж чадах боломжтой гэдгийг би гэрчилж байна. Бид Түүнийг санаж, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаснаар ойлголтын маань мэлмий нээгдэх болно. Дараа нь хүн бүрийн дотор буй тэнгэрлэг байдал зүрх сэтгэл рүү маань илүү их хүчтэйгээр орж ирэх болно. Есүс Христийн нэрээр, амен.