Тэнгэрээс бууж ирсэн амьд талх
Хэрэв бид Христ дотор амьдарч мөн Түүнийг өөрийнхөө дотор амьдруулахыг хүсэж байвал ариун байхыг эрэлхийлэх хэрэгтэй.
Есүс 5000 хүнийг Галилд зөвхөн “таван арвайн талх, хоёр загас[аар]” гайхамшигтай хооллосныхоо дараа Капернаумд хүмүүст хандан дахин үг хэлэх болжээ. Олон хүн Түүний сургаалыг сонирхсондоо биш, харин хоол идэх гэж ирснийг Аврагч мэдэрсэн аж. Тийнхүү Тэрээр “мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно” хэмээн хоолноос үнэтэй зүйлийг тэдэнд ойлгуулах гэж хичээжээ. Есүс
“Би бол амийн талх байна.
Та нарын өвөг дээдэс цөлд маннаг идсэн бөгөөд тэд нас барцгаасан.
Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй.
Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм” хэмээн тунхагласан.
Сонсогчид Аврагчийн хэлэх гэсэн үгийг шууд утгаар нь ойлгосон учраас илэрхийлэх гэсэн санаа нь бүрэн алдагдсан аж. Бодож үзээд жигшсэн тэд “Энэ хүн Өөрийнхөө махан биеийг бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ?” гэж гайхсан ажээ. Есүс цааш нь
“Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй.
Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.
Учир нь Миний мах бол жинхэнэ хоол, Миний цус бол жинхэнэ ундаа мөн” хэмээн айлджээ.
Харин дараа нь Тэрээр зүйрлэлийнхээ гүн утга агуулгыг тайлбарласан. Тэр
“Миний махыг идэж, цусыг уусан хүн Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна.
Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч хүн мөн Надаар амьдарна” хэмээн хэлсэн юм.
Тэгсэн атал сонсогчид нь Есүсийн хэлж байсан үгийг сайн ойлгоогүй бөгөөд “олонх нь—Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв.… [Мөн] үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй.”
Түүний махыг ид, цусыг уу гэдэг нь Аврагчтай нэг болохын тулд бид Түүнийг амьдралдаа буюу өөрийн мөн чанарт хэрхэн бүрэн дүүрэн авчрах ёстой вэ гэдгийг тун гайхалтай арга замаар тайлбарласан явдал байлаа. Үүнийг хэрхэн хийх вэ?
Нэгдүгээрт: Есүс Өөрийн мах, цусыг золиосолсноор бидний нүглийг цагаатгаж, бие махбодын болон сүнсний үхлийг ялан дийлсэн. Тиймээс бид Цагаатгалын хүч, адислалыг Түүнээс хүртсэнээр Түүний махыг идэж, цусыг ууж байгаа нь тодорхой.
Христийн сургаал нь цагаатгагч ач ивээлийг хүлээн авахын тулд бидний юу хийх ёстойг хэлж өгдөг. Энэ нь Христэдитгэлтэй болж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, “тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх” гэсэн үг юм. Энэ нь үүд буюу Аврагчийн цагаатгагч ач ивээлээс хүртэн, Түүний хаант улс руу хүргэдэг шулуун бөгөөд нарийн зам руу орох боломж юм.
“Иймийн тул, хэрэв та нар [уг замаар] урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно.
Болгоогтун, энэ нь Христийн сургаал мөн төгсгөлгүй нэг Бурхан болох Эцэгийн болон Хүүгийн, мөн Ариун Сүнсний үнэн бөгөөд цорын ганц сургаал болой.”
Их Эзэний Зоог буюу ариун ёслолын бэлэг тэмдгийн талаар тунгаан бодох сайхан. Талх, ус нь Амийн талх, Амьд ус болох Түүний мах хийгээд цусыг төлөөлдөг бөгөөд биднийг гэтэлгэхийн тулд төлсөн төлөөсийг нь тод томруун сануулдаг. Талхыг хуваахад бид Аврагчийн шархалж бэртсэн бие махбодын өвчин зовиурыг санадаг. Ахлагч Даллин Х.Өүкс нэг удаа үүнийг анзаарч хараад, “Хувааж, тасалсан талхны хэсэг бүр өвөрмөц байдгийн адил талхнаас хүртэж буй хувь хүмүүс мөн адил өвөрмөц байдаг. Бид бүхэнд наманчлах ёстой янз бүрийн гэм нүгэл бий. Бидэнд Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжүүлэх олон янзын хэрэгцээ байдаг бөгөөд бид энэ ёслолоор дамжуулан Түүнийг дурсан санадаг билээ” хэмээн хэлсэн. Усыг ууж байхдаа бид Гетсеманид болон загалмай дээр урсгасан цус мөн уг цусны ариусгагч хүчийн талаар боддог. “Мөн ямар ч цэвэр бус зүйл түүний хаант улсад орж чадахгүй” гэдгийг мэдсэнээр бид “өөрсдийн итгэл, мөн өөрсдийн бүх нүглийн наманчлал, мөн төгсгөл хүртэлх өөрсдийнх нь үнэнч шударга байдлын учир [Аврагчийн] цусанд өөрсдийн өмсгөлийг угаасан” хүмүүсийн дунд байхаар шийддэг.
Аврагчийн цагаатгагч ач ивээлийг хүлээн авч, гэм нүглүүд, тэдгээр нүглийн толбыг арилгах талаар би ярьсан. Түүний махыг идэж, цусыг уух гэдэг зүйрлэл нь илүү гүн утга учиртай бөгөөд энэ нь Христийн онцлог шинж, зан чанарыг өөрийн болгон, эгэл хүнээ ардаа орхиж, “Их Эзэн Христийн цагаатгалаар ” гэгээнтэн болох гэсэн утгатай юм. Ариун ёслолын талх, уснаас долоо хоног бүр хүртэж байхдаа Түүний зан чанар, нүгэлгүй амьдралын загварыг өөрсдийн амьдрал, мөн чанарт бүрэн дүүрэн нэгтгэх талаар бодох нь бидэнд тустай. Есүс Өөрөө гэм нүгэлтэй байсан бол бусдын нүглийг цагаатгаж чадахгүй байх байсан. Шударга ёс Түүнийг хамаарах эрхгүй байсан тул Тэрээр шударга ёсны төлөөсийг бидний өмнөөс Өөрийн биеэр төлж, нигүүлслийг авчирсан билээ. Бид Түүний цагаатгагч золиослолыг санаж, эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ Түүний нүгэлгүй амьдралын талаар бодох ёстой.
Энэ нь бидэнд асар их хичээл зүтгэлтэй байх хэрэгтэйг сануулдаг. Бид байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх ёсгүй. Харин “Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд” хүрэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөх ёстой. Мормоны Номын хаан Лемонайн аавын адил бид бүх нүглээ орхих хүсэлтэй байж, тус бүрдээ болон хамтдаа Их Эзэний хийгээсэй гэж хүсэж байгаа тэр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
Саяхан миний нэг найз номлолын ерөнхийлөгч байхад нь тохиолдсон явдлаа надад ярьсан юм. Тэр хагалгаа хийлгэснийхээ дараа хэдэн долоо хоног тэнхрэх хэрэгтэй байжээ. Тэнхэрч байхдаа тэр цаг зав гарган судраас уншсан байна. Нэгэн удаа үдийн цагаар тэр 3 Нифайн 27-р бүлэг дэх Аврагчийн үгсийн талаар тунгаан бодож байгаад өөрийн эрхгүй нойронд автан унтав. Дараа нь юу болсныг тэр ийнхүү өгүүлсэн юм.
“Би зүүдэндээ өөрийн амьдралыг маш тод, дэлгэцэн дээр байгаа мэт үзэв. Надад миний нүгэл, буруу сонголт, заримдаа хүмүүст тэвчээргүй хандаж байсан … цаг үеэс гадна хүмүүст хэлж, хийж болох байсан сайн зүйлсийг ч гэсэн харуулсан юм. … Миний амьдралыг тоймлон үзүүлэхэд хэдхэн минут болсон байтал түүнээс ч удаан цаг хугацаа өнгөрсөн мэт санагдсан. Би сэрэнгүүтээ цочирдож орныхоо хажууд шууд өвдөг сөгдөн өршөөл гуйж, урьд өмнө хэзээ ч хийж байгаагүйгээрээ зүрх сэтгэлээ уудлан залбирсан юм.
Тэр зүүдийг зүүдлэхийн өмнө би наманчлах хэрэгтэй гэдгээ мэдээгүй байсан. Алдаа дутагдал, сул талууд маань гэнэт тодорхой болж ирсэн бөгөөд миний байгаа байдал, Бурханы цэвэр ариун, сайн сайхан хоёр өдөр шөнө шиг ялгаатай санагдаж билээ. Тэр өдөр, нар хэвийх үед хийсэн залбиралдаа би Тэнгэрлэг Эцэгийн болон Аврагчийн миний төлөө хийсэн зүйлсэд мөн эхнэр хүүхдүүдийнхээ эрхэм нандин харилцаанд талархаж явдгаа Тэдэнд чин сэтгэлийнхээ угаас илэрхийлж билээ. Би өвдөг сөгдөн сууж байхдаа өөрийгөө зохисгүй гэж бодож байсан ч Бурханы хайр, нигүүлслийг хүчтэй мэдэрсэн юм.
Тэр өдрөөс хойш би өөр хүн болсон гэж хэлж болно. … Миний зүрх сэтгэл ч гэсэн өөрчлөгдсөн. … Энэ үйл явдлын дараа би бусдын зовлонг илүү сайн ойлгодог болж, хайрлах чадвар, сайн мэдээг номлох хүсэл маань нэмэгдсэн юм. Би Мормоны Номоос олж болох итгэл, найдвар, наманчлалын бэлгийн талаарх сургаалуудтай урьд нь хэзээ ч холбогдож байгаагүйгээр холбогдох болсон.”
Энэ сайн хүнд нүгэл, сул талуудынх нь талаар ирсэн тодорхой илчлэлт урмыг нь хугалж, сэтгэлээр унагаагаагүй гэдгийг ойлгох нь чухал юм. Тийм ээ, тэр цочирдож, хийсэн зүйлдээ харамссан. Тэр наманчлах хэрэгтэй гэдгээ хүчтэй мэдэрсэн. Даруусгагдсан ч “тэнгэрээс бууж ирсэн амьд талх” болох Есүс Христийн ачаар тэрээр талархал, амар амгалан, найдварыг—жинхэнэ найдварыг— мэдэрсэн билээ.
Найз маань уг зүүдийг зүүдэлж байхад өөрийнх нь амьдрал, Бурханы цэвэр ариун байдал хоёр хоорондоо ямар ялгаатай байсан талаар ярьсан. Цэвэр ариун байдал бол яг тохирсон үг юм. Христийн махнаас идэж, цуснаас ууна гэдэг нь цэвэр ариун байхыг эрэлхийлэх гэсэн утгатай билээ. Бурхан бидэнд “Би ариун учраас та нар ариун байгтун” хэмээн зарлиг буулгасан.
Енох бидэнд “Иймийн тул хүмүүн хаа сайгүй наманчлах ёстой, үүнийг хүүхдүүддээ заагтун, эс бөгөөс тэд Бурханы Хаант улсыг өвлөж чадах нь үгүй, учир нь цэвэр ариун бус зүйл тэнд оршиж чадах нь үгүй, эсвээс түүний дэргэд орших нь үгүй; учир нь Адамын хэлээр Ариун Хүн гэдэг нь түүний нэр болой, мөн түүний Төрсөн Ганцын нэр нь Хүний Хүү, бүр Есүс Христ … бөлгөө” хэмээн зөвлөсөн. Би хүүхэд байхдаа яагаад Шинэ Гэрээнд Есүсийг Бурханы Хүү байтал ихэвчлэн Хүний хүү (Тэрээр өөрийгөө ч ийнхүү нэрлэдэг байсан) хэмээн бичсэн байдаг юм бол гэж боддог байсан. Гэхдээ энэ нэр нь үнэндээ Түүний бурханлаг, ариун байдал буюу Тэрээр Бурхан Эцэг, Ариун Хүний Хүү гэдгийг илэрхийлж буйг Енохын мэдэгдэл тодорхой болгож өгдөг.
Хэрэв бид Христ дотор амьдарч мөн Түүнийг өөрийнхөө дотор амьдруулахыг хүсэж байвал биеийн болон сүнсний хувьд ариун байхыг эрэлхийлэх хэрэгтэй. Бид үүнийг “Эзэнд ариун” гэж сийлсэн ариун сүмээс эрэлхийлдэг. Бид бас үүнийг гэрлэлт, гэр бүл, гэр орондоо долоо хоног бүр Их Эзэний ариун өдөр баясгалантай байснаар эрэлхийлдэг. Бид үүнийг хэл яриа, хувцаслалт, бодол санаа зэрэг өдөр тутмын амьдралын үйлдлээсээ эрэлхийлдэг. Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлснээр “Бид өөрсдийн уншдаг, үздэг, сонсдог, боддог бүх зүйлийнхээ эцсийн бүтээгдэхүүн нь юм.” Тиймээс бид загалмайгаа өдөр бүр үүрснээр ариун байдлыг эрэлхийлдэг билээ.
Кэрол Ф.Макконки эгч “Биднийг Бурханы хувьд сайн сайхан, магтууштай бүх зүйлээс холдуулж болох олон сорилт, уруу таталт, бэрхшээл байдгийг бид мэднэ. Гэхдээ мөнх бус амьдрал дахь туршлагууд маань бидэнд ариун байдлыг сонгох боломж олгодог. Гэрээгээ сахихын тулд гаргадаг золиослолууд нь ихэнхдээ биднийг ариусган цэвэршүүлдэг юм. Харин би үүн дээр бидний гаргадаг золиослол, хийдэг үйлчлэлийг нэмж хэлмээр байна.
“Бусдадаа үйлчилж байгаа нь [бид] зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” хэрэг гэдгээ бид мэднэ. Ийм үйлчлэл нь Их Эзэний амьдрал, зан чанарын гол цөм байдаг гэдгийг Тэр бидэнд сануулсан. Тэрээр “Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлд[сан].” Ерөнхийлөгч Марион Ж.Ромни “Үйлчлэл нь селестиел хаант улсад амьдрах эрхийг олж авахын тулд хийх ёстой зүйл биш юм. Үйлчлэл нь селестиел хаант улс дахь өргөмжлөгдсөн амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг юм” хэмээн ухаалаг тайлбар өгсөн байдаг.
Захариа Их Эзэнийг мянган жил хаанчлахаар ирэх өдөр морьдын хонхнууд дээр “Эзэнд ариун” гэж сийлэгдсэн байх болно хэмээн бошиглосон. Яг үүний адил эдгээр хөндийд ирсэн анхдагч гэгээнтэн “Эзэнд ариун” гэсэн сануулгыг ердийн, өдөр тутмын хэрэглээний зүйлс дээр мөн шашны зан үйлтэй холбоотой газруудад бичдэг байсан. Энэ үгийг ариун ёслолын аяга, тавган дээр бичиж, Далд томилсон гэрчилгээ, Халамжийн нийгэмлэгийн уриан дээр хэвлэсэн байдаг байв. “Эзэнд ариун” гэсэн үгийг Zion’s Cooperative Mercantile Institution (Сионы Хоршоодын Худалдааны Байгууллага) буюу ZCMI их дэлгүүрийн үзвэрийн цонхнуудад хүртэл тавьдаг байжээ. Бас алхны толгой, бөмбөр дээрээс энэ үгийг харж болох байлаа. “Эзэнд ариун” гэсэн үгийг ерөнхийлөгч Бригам Янгийн гэрийн төмөр бариул дээр цутгасан байдаг. Ариун байдал гэсэн үг сонирхол татсан эсвэл санаанд оромгүй газруудад байгаа нь зохимжгүй мэт санагдаж болох ч тэдгээр нь ариун байдал дээр хэрхэн анхаарлаа үргэлж төвлөрүүлж байх ёстой вэ гэдгийг бидэнд сануулдаг.
Аврагчийн махнаас идэж, цуснаас ууна гэдэг нь Христийн зан чанарыг өөрийн болгож, уг зан чанартай таарахгүй аливаа зүйлсийг өөрсдийн амьдралаас зайлуулахыг хэлнэ. Энэ нь наманчлалын илүү өргөн ойлголт бөгөөд өмнөх нүглээсээ татгалзаад зогсохгүй “сэтгэл зүрх, хүсэл эрмэлзлэлээ Бурханд хандуулан” урагш явахыг хэлдэг. Найзад маань зүүдээр нь илчлэлт ирсний адил Бурхан бидэнд дутагдал, сул талуудыг маань харуулахын зэрэгцээ сул талыг хүчирхэг болгоход бидэнд тусална. Хэрэв бид чин сэтгэлээсээ “Надад өөр юу дутагдаж байна вэ?” гэж асуувал Тэр биднийг өөрсдөө олж мэд гээд орхидоггүй бөгөөд биднийг хайрлаж, бидний аз жаргалын төлөө хариулт өгдөг. Тэр бас бидэнд итгэл найдвар өгдөг.
Үүнд ихээхэн хүчин чармайлт шаардагддаг бөгөөд хэрэв бид ариун болохыг цор ганцаараа эрэлхийлдэг байсан бол бидэнд үнэхээр хэцүү байх байсан. Бид ганцаараа биш гэдэг нь хамгийн гайхалтай үнэн билээ. Бидэнд Бурханы хайр, Христийн ач ивээл, Ариун Сүнсний тайтгарал, удирдамж болон Христийн бие доторх бусад гэгээнтний нөхөрлөл, тусламж дэмжлэг бий. Бүгдээрээ байгаа байдалдаа сэтгэл хангалуун байлгүй, итгэл алдалгүй байцгаая. Энгийн бөгөөд гүн утга бүхий үгтэй дуулал биднийг урьдгийн адил
Би “тэнгэрээс бууж ирсэн амьд талх” Есүс Христийг гэрчилж, “[Түүний] махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай” байна гэдгийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.