2010–2019
Тэнгэрлэг гэрэл түгээгчид
2017 оны 10-р сар


2:3

Тэнгэрлэг гэрэл түгээгчид

Та Бурханы санваарыг атгагч, Есүс Христийн шавийн хувьд гэрлийг түгээгч юм.

Ахимаг насны нэг эр шуудангийн марк авахаар шуудангийн салбар дээр дугаарлан зогсож байжээ. Арайхийн алхаж байгааг нь анзаарсан нэгэн бүсгүй түүнд цаг хэмнэхийн тулд автомат машинаас яаж марк худалдаж авахыг үзүүлье гэв. Өнөөх эрхэм “Баярлалаа, гэхдээ би дугаарлаж зогсохыг илүүд үздэг. Автомат машин миний биеийг асуухгүй шүү дээ” гэж хэлжээ.

Бидэнд санаа тавьдаг хэн нэгэнтэй асуудлуудаа ярилцах нь зарим үед тус болдог.

Шаналал, харуусал, өвчин эмгэг хэнийг ч тойрдоггүй бөгөөд саад бэрхшээл, өвчин зовлон, золгүй явдлууд бидний сэтгэлд багагүй зай эзэлдэг.

Биеийн эрүүл мэндийн асуудал яригдахад бид хөгшрөлт, өвчин эмгэгийг мөнх бус аяллын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг. Бид бие махбодын талаар мэдлэгтэй мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг. Бид мөн сэтгэлийн зовлон эсвэл сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон үедээ ийм өвчнийг анагаадаг мэргэжлийн хүмүүсээс тусламж авдаг.

Мөнх бус байдалд бид бие махбодын ба сэтгэл санааны зовлон үздэгийн адил сүнслэг бэрхшээлийг ч бас амсдаг. Гэрчлэл маань дүрэлзэн асаж байсан үе бидний олонхын амьдралд бий. Мөн Тэнгэрлэг Эцэг маань хол байгаа мэт санагдах үе ч тохиож байсан байж болох юм. Бидэнд сүнсний зүйлүүдийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг мөчүүд бий. Тэдгээр нь тийм ч үнэ цэнтэй биш эсвэл ач холбогдол багатай санагдах үе ч тохиож болох юм.

Өнөөдөр би сүнслэг эрүүл оршихуй буюу хэрхэн зогсонги байдлаас гарч, сүнслэг байдлын хувьд эрч хүчтэй болж, эрүүлжих тухай ярихыг хүсэж байна.

Сүнслэг өвчлөл

Сүнслэг өвчин эмгэг заримдаа нүглээс эсвэл сэтгэл санааны зовлонгоос үүдэлтэй байдаг. Сүнслэг хямрал заримдаа тун аажим явагддаг тул бид болж буй зүйлийг анзаардаггүй. Сүнслэг өвчин шаналал тунамал чулуулгийн давхаргуудтай адил цаг хугацааны явцад нэмэгдэж, даагдахгүй болох хүртлээ сүнсийг маань дарсаар байдаг. Жишээ нь, ийм зүйл ажил, гэр орон, сүм дээрх үүрэг хариуцлагууд маань дааж давшгүй болж, бид сайн мэдээнээс ирдэг баяр баяслыг харахгүй болох үед тохиолдож болно. Бидэнд өөрт байгаа бүхнээ шавхсан эсвэл зарлигуудын дагуу амьдрах нь хэрээс маань хэтэрсэн гэж ч бодогдож болно.

Сүнслэг бэрхшээлүүд бодит боловч эдгэшгүй гэсэн үг биш юм.

Бид сүнслэг байдлын хувьд эдгэрч чадна.

Хамгийн гүн, эдгэшгүй мэт харагддаг сүнслэг шархнууд хүртэл эдгэдэг.

Хүндэт найзууд минь, Есүс Христийн эдгээх хүч бидний амьдралд байхгүй болоогүй.

Аврагчийн эдгээх хүч Өөрийнх нь цаг үед байсны адил өнөө үед ч амьдралыг өөрчилж чадна. Хэрэв бид итгэлтэй байх аваас Тэр бидний гараас хөтлөн, бодгалийг маань тэнгэрлэг гэрэл, эдгэрлээр дүүргэж, “Бос, дэвсгэрээ аваад, яв” хэмээх ерөөлт үгсийг хэлэх болно.

Харанхуй ба гэрэл

Сүнслэг өвчин эмгэгүүд маань юунаас ч болсон бай, тэдгээрт нэг нийтлэг зүйл байдаг нь тэнгэрлэг гэрлийн хомсдол юм.

Харанхуй нь бидний сайн харах чадварыг бууруулдаг. Энэ нь аливааг тод харах харааг маань муутгадаг. Бид харанхуйд байхдаа зам дээрх аюулыг харж чадаагүйгээс тааруу сонголт хийх магадлал өндөр байдаг. Бид харанхуйд байхдаа найдвараа алдах магадлал их байдгийн учир нь бид зүгээр л урагш зүтгэсээр байвал биднийг хүлээж буй амар амгалан, баяр баяслыг харж чаддаггүйд оршино.

Нөгөөтэйгүүр, гэрэл нь аливаа зүйлийг байгаагаар нь харахад бидэнд тусалдаг. Энэ нь үнэн ба худал, амин чухал ба аар саар зүйлийг ялгах боломжийг бидэнд олгодог. Гэрэлд байхдаа бид үнэн зарчмууд дээр үндэслэн зөв шударга сонголтуудыг хийж чадна. Гэрэлд байхдаа бид мөнх бус бэрхшээлүүдээ мөнхийн талаас нь харж чаддаг учраас бидэнд “найдварын төгс гэрэл” байдаг.

Бид дэлхийн сүүдрээс гарч, Христийн үүрдийн гэрэлд ээх юм бол сүнслэг байдлаар эдгэрэх болно.

Бид гэрлийн тухай сургаалын зарчмыг хэдий чинээ сайн ойлгож мөн хэрэгжүүлнэ тал бүрээс ирэх сүнслэг өвчин эмгэгүүдээс өөрсдийгөө төдий чинээ хамгаалж, санваарыг эрч хүчтэй, зоригтой, халамжтай, даруухнаар атгаж мөн хайрт мөнхийн Хааныхаа жинхэнэ үйлчлэгч, шавь нарын хувьд илүү сайн үйлчилж чадна.

Дэлхийн гэрэл

Есүс Христ “Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” хэмээн хэлсэн.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Есүс Христийг даруухнаар дагадаг хүн Түүний гэрлийг хүлээн авч, уг гэрлийг хуваалцдаг. Уг гэрэл нь түнэр харанхуйг арилгах хүртлээ нэмэгдсээр байх болно.

Энэ нь Аврагчаас хүч чадал, хүчтэй нөлөө цацардаг гэсэн үг юм. Энэ нь “сансрын хязгааргүй уудмыг дүүргэхийн тулд Бурханы дэргэдээс урагш гардаг буюу.” Энэ хүч гэгээрүүлж, урам зориг өгч, бидний амьдралыг гэрэлтүүлдэг учраас судрууд үүнийг ихэвчлэн гэрэл, түүнчлэн сүнс ба үнэн гэж нэрлэдэг.

Бид Сургаал ба Гэрээнээс “Учир нь Их Эзэний үг бол үнэн мөн ямар ч үнэн нь гэрэл юм, мөн ямар ч гэрэл нь Сүнс, бүр Есүс Христийн Сүнс билээ” хэмээн уншдаг.

Гэрэл бол сүнс мөн үнэн юм. Уг гэрэл энэ дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг гэсэн гүн гүнзгий ойлголт нь найдвар төрүүлдэг шигээ чухал юм. Христийн гэрэл Сүнсний дуу хоолойг анхаардаг хүн болгоны бодгалийг гэгээрүүлж мөн дүүргэдэг.

Христийн гэрэл орчлон ертөнцийг дүүргэдэг.

Энэ нь дэлхийг дүүргэдэг.

Мөн зүрх сэтгэл бүрийг дүүргэж чадна.

“Бурхан бол нүүр тал хардаггүй.” Түүний гэрэл том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол гээд бүх хүнд боломжтой.

Хэрэв та нар Христийн гэрлийг хүлээж авахаар оюун, зүрх сэтгэлээ нээж, Аврагчийг даруухнаар дагавал илүү их гэрэл хүлээн авна. Та нар амьдралаас чинь харанхуй арилах хүртэл бодгальдаа илүү их гэрэл, үнэнийг шат шатаар, энд бяцхан тэнд бяцханыг хүлээн авах болно.

Бурхан та нарын нүдийг нээнэ.

Бурхан та нарт шинэ зүрх сэтгэл өгнө.

Бурханы хайр, гэрэл, үнэн нь идэвхгүй зүйлсийг амь оруулах ба та нар Христ Есүс дотор шинэ амьдралд дахин төрөх болно.

Их Эзэн “Мөн хэрэв та нар миний сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас, та нарын бүхэл бие гэрлээр дүүргэгдэх болно, мөн та нарт харанхуй байх нь үгүй; мөн гэрлээр дүүргэгдсэн тэрхүү бие бүх зүйлийг ухамсарладаг бөлгөө” хэмээн амласан.

Энэ бол сүнслэг өвчлөлийг анагаах хамгийн сайн эмчилгээ юм. Гэрэл байгаа үед харанхуй замхран арилдаг.

Сүнслэг харанхуйн тухай зүйрлэл

Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн гэрлийг хүлээн ав гэж биднийг хүчилдэггүй.

Хэрэв бид харанхуйд байхдаа ая тухтай байдаг болчихвол зүрх сэтгэл маань өөрчлөгдөх найдвар бага байна.

Бид өөрчлөлт гаргахын тулд гэрлийг идэвхтэй эрэлхийлэх хэрэгтэй.

Нисэх онгоцны ахмад байхдаа дэлхийг тойрон хийсэн олон нислэгийнхээ үеэр харсан Бурханы бүтээлийн гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр байдал намайг гайхшируулдаг байсан. Ялангуяа дэлхий, нар хоёрын харилцан хамаарал миний сэтгэлийг өөрийн эрхгүй татдаг байсан. Энэ бол харанхуй ба гэрэл хэрхэн оршдогийн бодит жишээ гэж би боддог.

Бид бүхний мэддэгчлэн 24 цагийн дотор өдөр, шөнө солигдож байдаг.

Тэгвэл шөнө гэж чухам юу вэ?

Шөнө нь сүүдэр төдий зүйл юм.

Хамгийн харанхуй шөнө ч нар гэрлээ цацруулсаар, хурцаар гэрэлтсэн хэвээр байдаг. Харин тэр үед дэлхийн тал нь харанхуйд байдаг.

Гэрэл байхгүй үед харанхуй бий болдог.

Шөнийн харанхуй ирэх үед бид нар дахин мандахгүй нь гэж санаа зовон цөхөрдөггүй. Нар үгүй боллоо эсвэл мөхчихлөө гэж бид ярьдаггүй. Бид сүүдэр талд нь байгаа ба дэлхий эргэлдсээр нарны туяа бидэн дээр дахин тусна гэдгийг мэддэг.

Харанхуй бол гэрэл байдаггүй гэсэн шинж тэмдэг биш. Ихэнхдээ энэ нь бид зүгээр л гэрлийг хүлээн авах зөв газартаа байхгүй байна гэсэн үг. Саяхан болсон нар хиртэлтийн үеэр олон хүн нартай цэлмэг өдөр сарны бий болгосон нарийхан сүүдэрт орох гэж их хүчин чармайлт гаргасан.

Үүний адилаар, сүнслэг гэрэл Бурханы бүх бүтээл дээр туссаар байдаг. Сатан сүүдэр гаргах гэж эсвэл биднийг өөрсдийн маань бий болгосон сүүдэрт байлгахын тулд чадах бүхнээ хийнэ. Тэр биднийг гэрлээс тусгаарлахаар албадан шахаж, харанхуй руугаа биднийг түлхэх болно.

Сүнслэг харанхуй нь нэгэн цагт Их Эзэний гэрэлд алхаж мөн үүнд баясаж байсан хүмүүсийн эргэн тойронд марталтын хөшиг бий болгож чадна. Гэсэн хэдий ч түнэр харанхуйд ч бид “Их Эзэн, би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач” хэмээн залбирах үед Бурхан даруухан гуйлтыг маань сонсдог.

Алмагийн өдрүүдэд сүнслэг зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхдөө хойрго хүн олон байсан. Тэд “итгэлгүйн учир” Бурханы гэрэл ба үнэн тэдний бодгальд орж чадаагүй ба “тэдний зүрх сэтгэл хатуурсан байв.”

Бид бол гэрэл түгээгчид

Ах нар аа, Есүс Христийн сайн мэдээний тэнгэрлэг гэрэл, үнэнийг харахын тулд зөв газартаа байх эсэх нь биднээс шалтгаална. Шөнө болж, дэлхий харанхуй мэт санагдавч бид Христийн гэрэлд алхаж, зарлигуудыг сахин, Түүний бодит байдал хийгээдсайн сайхныг зоригтой гэрчлэх сонголтыг хийж чадна.

Та Бурханы санваарыг атгагч, Есүс Христийн шавийн хувьд гэрлийг түгээгч юм. Түүний тэнгэрлэг гэрлийг хурц тод болгох зүйлсийг үргэлжлүүлэн хий. “Гэрлээ өргөгтүн” мөн хүмүүс үүнийг хараад, та нарыг шагшин магтах бус, харин “та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд … [энэ нь] тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

Хайрт ах нар аа, та нар Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн бодгальд гэрэл авчирч, тэднийг эдгээх зорилготой Их Эзэний мутар дахь зэмсгүүд билээ. Шуудангийн салбарын ажилтанд үе мөчний өвчнийг эдгээх чадвар байхгүйтэй адил та нарт сүнслэг байдлын хувьд өвдсөн хүмүүсийг эдгээх чадвар байхгүй гэж санагдаж болох юм. Магадгүй, та нар өөрсдөө сүнслэг бэрхшээлтэй тулгарсан байж болно. Гэсэн ч Их Эзэн та нарыг дуудсан. Тэр та нарт тусламж хэрэгтэй хүмүүст туслах эрх мэдэл, үүргийг өгсөн. Тэрээр харанхуйд гэрэл авчирч, Бурханы хүүхдүүдийг дэмжиж мөн адислахын тулд та нарт ариун санваарын хүчээ хүртээсэн билээ. Бурхан “шархадсан зүрх сэтгэлийг эдгээгч” Сүмийг болон эрхэм нандин сайн мэдээгээ сэргээсэн. Тэр сүнслэг эрүүл оршихуйд хүрэх арга замыг буюу зогсонги байдлаас гарч, сүнслэг байдлын хувьд эрч хүчтэй болж, эрүүлжих арга замыг бэлтгэсэн.

Та нар даруухнаар залбирч, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах бүрдээ Түүний гэрлийг мэдэрдэг. Та нарыг судруудаас Түүний үг болон хүслийг эрэлхийлэх бүрд уг гэрэл улам хурц болдог. Та нарыг тусламж хэрэгтэй хэн нэгнийг анзаарч, хайраар хүрч туслахаар тав тухаа золиослох бүрд уг гэрэл өсөн нэмэгдэж байдаг. Та нарыг уруу таталтыг эсэргүүцэж, цэвэр ариун байдлыг сонгох бүрд, өршөөл эрэлхийлж мөн үзүүлэх болгонд, түүнчлэн үнэнийг зоригтойгоор гэрчлэх бүрд уг гэрэл харанхуйг үлдэн хөөж, гэрэл, үнэнийг эрэлхийлэгчдийг татаж байдаг.

Ариун сүмд болон ариун ёслолын ширээн дээр мөн залбирч тунгаан бодох нам гүм мөчид, түүнчлэн гэр бүлийн цугларалт дээр болон санваарын үйлчлэлээр Бурханд төдийгүй бусдад үйлчлэх үед тэнгэрлэг гэрэл амьдралд чинь гэрэлтэж байсан хувийн туршлагуудаа бодоод үз. Тэр мөчүүдээ гэр бүл, найз нөхөд, ялангуяа гэрлийг эрэлхийлж буй өсвөр үеийнхэнтэй хуваалц. Энэ гэрэл хав харанхуй дэлхийд хүртэл найдвар, эдгээлт авчирдаг гэдгийг тэд та нараас сонсох хэрэгтэй.

Христийн гэрэл найдвар, аз жаргал, бүх төрлийн сүнслэг шарх, өвчин эмгэгийг эдгээх хүчийг авчирдаг. Энэ цэвэршүүлэгч нөлөөг мэдэрсэн хүмүүс дэлхийн гэрэл болсон Түүний мутарт зэмсэг болж, бусдад гэрлийг түгээж чадна. Тэд Лемонай хааны “Харанхуйн үүлс ярагдсаны дараа энэ гэрэл түүний бодгальд маш их баяслыг төрүүлснийг мөн үүрдийн амьдралын гэрэл түүний бодгальд [гэрэлтсэн]” гэж мэдэрснийг мэдрэх болно.

Хайрт ах нар аа, хайрт найзууд аа, Их Эзэний мөнх амьдралын гэрэл бидний дотор хурцаар гэрэлтэж, гэрчлэл маань түнэр харанхуйд ч бат бөх, хүчтэй болох хүртэл Түүнийг эрэлхийлэх нь бидний эрэл хайгуул юм.

Та бүхэн бүхнийг чадагч Бурханы санваарыг атгагч, Түүний тэнгэрлэг гэрлийг үргэлж баяртайгаар түгээгч байх эрхэм үүргээ амжилттай биелүүлээсэй хэмээн би залбирч, та нарт адислалаа үлдээж байна. Бидний Эзэн, Есүс Христийн ариун нэрээр, амен.