2010–2019
Төлөвлөгөө ба тунхаг
2017 оны 10-р сар


2:3

Төлөвлөгөө ба тунхаг

Их Эзэн одоо тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад туслахын тулд бидэнд хэрэгтэй сайн мэдээний үнэнийг дахин онцлон тэмдэглэсэн нь гэр бүлийн тунхаг юм.

Гэр бүлийн тунхагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд ер бусын сургаал болон дэлхийг харах өөр өөр арга замуудаар адислагдсан гэдгийг тун тодорхой илтгэдэг. Бид дэлхийн олон үйл ажиллагаанд оролцож, бүр амжилт гаргадаг ч Есүс Христийн болон Түүний эрт, эдүгээгийн төлөөлөгчдийн сургаалыг дагахаар эрэлхийлэхдээ заримд нь оролцдоггүй.

I.

Есүс нэгэн сургаалт зүйрлэлээр хүмүүс “үгийг сонссон” ч “дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь” “үгийг шахан зайлуулахад” “үр жимсгүй” (Maтай 13:22) болдог хэмээн дүрслэн хэлсэн байдаг. Хожим нь Есүс Петрийн “Бурханы юмсыг бус, харин хүнийхийг л” боддогийг нь залруулан, “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” хэмээн тунхаглажээ (Maтай 16:23, 26). Тэрээр мөнх бус байдлын сүүлчийн сургаалаараа төлөөлөгчдөдөө “Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, … Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг” (Иохан 15:19; мөн Иохан 17:14, 16-г үзнэ үү) гэж айлдсан.

Үүний адилаар, Есүсийн анхны төлөөлөгчдийн бичээсүүд дэх “дэлхий” хэмээх дүрслэлийг сайн мэдээний сургаалын эсрэг хүчнийг дүрслэхэд ашигладаг. Төлөөлөгч Паул “Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн” (Ром 12:2), “Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ”(1 Коринт 3:19) хэмээн заажээ. Тэрээр мөн “Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий” хэмээн “сэрэмжлэгтүн” (Колоссай 2:8) гэж анхааруулсан. Төлөөлөгч Иаков “ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал … ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм” (Иаков 4:4) хэмээн заасан.

Мормоны Номон дээр “дэлхий”-н эсэргүүцэл гэсэн дүрслэлийг олонтоо ашигладаг. Нифай “дэлхийнхний нүдэнд алдрыг олохоор баригдсан тэд, мөн дэлхийн зүйлийг … эрэлхийлдэг тэд” (1 Нифай 22:23; мөн 2 Нифай 9:30-ийг үзнэ үү) эцэстээ устгагдах болно хэмээн бошиглосон. Aлма “дэлхийн дэмий хоосон зүйлүүдээр … ихэмсэглэж” байсан хүмүүсийг зэмлэн буруушаасан (Aлмa 31:27) ба Лихайн зүүд төмөр бариулыг буюу Бурханы үгийг дагахыг эрэлхийлдэг хүмүүс дэлхийн эсэргүүцэлтэй тулгарах болно гэдгийг харуулдаг. Лихайн зүүдэндээ харсан “агуу хийгээд нүсэр барилгын” оршин суугчид “хуруугаараа занган тохуурхацгаасан” (1 Нифай 8:26–27, 33). Нифай уг зүүдийг тайлсан үзэгдэлдээ тэрхүү тэнэглэл болоод эсэргүүцэл “дэлхийн олн[оос], … дэлхий[н] болон мэргэн ухаан[аас]; … дэлхийн бардамнал[аас]” (1 Нифай 11:34–36) ирдэг гэдгийг ойлгожээ.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны хөрөг зураг

“Дэлхийнх” бус байх судрын анхааруулга, зарлиг мөн “дэлхийн зүйлүүдийг орхих” орчин цагийн зарлиг зэрэг нь ямар учир утгатай вэ? (С ба Г 53:2). (С ба Г 53:2). Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид сүнслэг зүйлээс дэндүү холдсон дэлхийд сонор сэрэмжтэй байх ёстой. Бидний жишигт нийцэхгүй аливаа зүйлсээс татгалзах нь маш чухал. Учир нь тэдгээр нь бидний хамгийн их хүсдэг Бурханы хаант улс дахь мөнх амьдралыг хүлээн авахад саад болдог” хэмээн эдгээр сургаалыг нэгтгэн дүгнэж хэлсэн юм.

Бурхан бүх хүүхдэдээ хүссэн алдар сууг авахад шаардлагатай нэгэн алхам болох мөнх бус байдлыг үзэж туулах газраар сүнсэн хүүхдүүдээ хангахын тулд Өөрийн төлөвлөгөөний дагуу энэ дэлхийг бүтээсэн. Янз бүрийн хаант улс, алдар суу байдаг бөгөөд гэр бүлүүдийн өргөмжлөл болох ерөнхийлөгч Монсоны нэрлэсэнчлэн “Бурханы хаант улс дахь мөнх амьдрал” нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийнхээ төлөөх эцсийн хүсэл юм. Энэ бол авралаас ч илүү зүйл. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурханы мөнхийн төлөвлөгөөнд аврал нь хувь хүмүүсийнх бол; [харин] өргөмжлөл нь гэр бүлийн хэрэг явдал” хэмээн бидэнд сануулдаг.

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ ба сүнслэгээр өгөгдсөн гэр бүлийн тунхаг нь өргөмжлөл хүртэхээр мөнх бус амьдралд хийх бэлтгэлийг удирдан чиглүүлэх чухал сургаал юм. Би тунхгийн талаар дараа ярих болно. Хэдийгээр бид уруудан доройтож буй дэлхийн гэрлэлтийн хууль, өөр бусад уламжлалт зан заншлын дагуу амьдрах ёстой ч өргөмжлөлийг хүртэхээр эрмэлзэж буй хүмүүсийн хувьд гэр бүлийн амьдралдаа дэлхийнхний хэлж ярьдгаас өөр байсан ч гэсэн Их Эзэний арга замын дагуу хувийн сонголтоо хийх ёстой.

Биднийг төрөхөөс өмнө байсан ой санамж энэхүү мөнх бус амьдралд байдаггүй бөгөөд бид одоо эсэргүүцэлтэй тулгардаг. Бид дараалсан зөв сонголтууд хийж, Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг сонгох замаар өсөж хөгжин, сүнслэг байдлын хувьд төлөвшиж байдаг. Тухайлбал, сонголт маань буруудсан үед ч гэсэн гэрээ, ёслол, наманчлал зайлшгүй шаардлагатай. Эсрэгээрээ, хэрэв бид Бурханы төлөвлөгөөнд итгэх итгэл дутмаг, дуулгаваргүй эсвэл шаардлагатай үйлдлүүдийг хийхээс санаатай зайлсхийж байвал өсөж хөгжих, төлөвших боломжоо алддаг. Мормоны Номонд “энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе”(Aлмa 34:32) хэмээн тунхагласан.

II.

Бурханы авралын төлөвлөгөөг ойлгодог хожмын үеийн гэгээнтнүүдэд ертөнцийг үзэх үзэл нь өвөрмөц байдаг. Энэ нь тэдэнд Бурханы зарлигуудын цаад шалтгаан, Түүний биднээс шаарддаг ёслолуудын хувиршгүй мөн чанар, Аврагч Есүс Христийн чухал үүргийг ойлгож харахад тусалдаг. Аврагчийн маань Цагаатгал биднийг үхлээс аврах ба наманчилсан нөхцөлд гэм нүглээс авардаг. Ийм үзэл бодлоос улбаалж хожмын үеийн гэгээнтнүүдийн нэн тэргүүнд тавих зүйл болон сүсэг бишрэл нь ялгаатай байдаг бөгөөд тэд мөнх бус амьдрал дахь бүтэлгүйтэл, өвчин шаналлыг даван туулах хүчээр адислагддаг.

Бурханы авралын төлөвлөгөөг дагахыг хичээдэг хүмүүсийн үйлдэл үүний зарчимд итгэдэггүй гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэйгөө үл ойлголцол, бүр зөрчилдөөн үүсгэх магадлалтай юм. Ийм зөрчилдөөн байнга үүсэх болно. Бурханы төлөвлөгөөг дагахыг эрэлхийлдэг бүх үеийнхэнд асуудал бэрхшээл тулгарч байсан. Эрт үед бошиглогч Исаиа “Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэн” хэмээн нэрлэсэн израильчуудад “Хүний зэмлэлээс бүү ай. Тэдний доромжлолоос бүү эмээгтүн” (Исаиа 51:7; мөн 2 Нифай 8:7) гэж хүч чадал өгчээ. Гэхдээ Бурханы төлөвлөгөөг ойлгодоггүй, итгэдэггүй хүмүүстэй зөрчилдсөн зөрчилдөөний шалтгаан ямар ч бай, төлөвлөгөөг ойлгодог, итгэдэг хүмүүст дэлхийн арга замыг сонгохын оронд үргэлж Их Эзэний арга замыг сонгохыг зарлигладаг.

III.

Сүм 1995 онд гаргасан “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-таа гэр бүл бүрийн мөнх амьдралд болон өргөмжлөлд бэлтгэхийн тулд дагавал зохих сайн мэдээний төлөвлөгөөг тоймлосон. Энэ тунхаг одоогийн зарим хууль тогтоомж, хэрэгжүүлж буй арга туршлага, бидний амьдарч буй дэлхийн ухуулга сурталчилгаанаас илэрхий өөр байдаг нь мэдээж. Бидний цаг үед хамгийн илт мэдэгддэг ялгаанууд гэвэл, гэрлэхгүйгээр хамтран амьдрах, ижил хүйстний гэрлэлт, ийм харилцаатай гэр бүлийн орчинд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх зэрэг асуудал юм. Өргөмжлөлд итгэдэггүй эсвэл түүн рүү тэмүүлдэггүй мөн дэлхийн арга замын ятгалгад автсан хүмүүс энэхүү гэр бүлийн тунхгийг өөрчлөгдөж байх ёстой жирийн нэг мэдэгдэл гэж үздэг. Харин хожмын үеийн гэгээнтнүүд гэр бүлийн тунхаг бол бидний мөнхийн өсөлт хөгжлийн хамгийн чухал хэсэг тохиолдож болох гэр бүлийн харилцааг тодорхойлдог хэмээн нотолдог.

Бид гэрлэхгүйгээр хамтран амьдрах, ижил хүйстнүүдийн хоорондоо гэрлэхийг олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөх хандлага тун хурдацтай өсөж буйг харж байна. Холбогдох мэдээллийн хэрэгслийн ухуулга сурталчилгаа, боловсрол, тэр бүү хэл мэргэжлийн шаардлагууд ч хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд хүндрэл бэрхшээлийг үүсгэж байна. Бид хувийн амьдралдаа ч, тэр байтугай бүхнийг хайрлах гэж хичээж байхдаа ч сайн мэдээний хуулийн дагуу тавигдах шаардлагуудыг тэнцвэртэй баримтлах ёстой. Бид ийнхүү үйлдэхдээ заримдаа Исаиагийн хэлсэнчлэн “хүний зэмлэл”-тэй тулгардаг ч айх хэрэггүй.

Их Эзэн одоо тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад туслахын тулд бидэнд хэрэгтэй сайн мэдээний үнэнийг дахин онцлон тэмдэглэсэн нь бараг хорин таван жилийн өмнө гарсан бөгөөд одоогоор олон хэл дээр орчуулагдаад байгаа гэр бүлийн тунхаг юм. Үүний хоёр жишээ бол ижил хүйстний гэрлэлт мөн хамтран амьдрах явдал юм. Гэр бүлийн тунхаг гарснаас хойш ердөө 20 жилийн дараа Нэгдсэн Улсын Дээд шүүх олон мянган жилийн туршид гэрлэлтийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой гэснээ няцааж, ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн. Нэгдсэн Улсад гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдийн тоо 1960 онд 5 хувь, 1995 онд 32 хувь байсан бол одоо 40 хувь болон өссөн нь сэтгэл түгшээж байна.

IV.

Гэр бүлийн тунхаг “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” гэж тунхагласнаар эхэлдэг. Мөн “хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” гэдгийг баталдаг. Тунхагт цааш нь “үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээн Бурхан тушаасан” гэж тунхагладаг.

Мөн тунхагт эхнэр, нөхрийн өсөн үржиж, дэлхийг дүүргэх үүргийг төдийгүй бие биенээ болон хүүхдүүдээ хайрлан халамжлах онцгой үүргийг “Хүүхдүүд гэр бүлийн дотор төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй” хэмээн дурддаг. Энэ тунхаг эхнэр, нөхрөө болон үр удмаа хүчирхийлэхгүй байхыг нухацтай сануулсан бөгөөд “Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ” хэмээн баталдаг. Эцэст нь энэ тунхаг бол “нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг хамгаалан, бэхжүүлэхэд туслан дэмжих” албан ёсны уриалгад урин дууддаг юм.

1995 онд Сүмийн ерөнхийлөгч болон Их Эзэний бусад 14 төлөөлөгч эдгээр сургаалын чухал мэдэгдлийг гаргажээ. Эдгээр төлөөлөгчөөс одоо амьд сэрүүн байгаа долоон төлөөлөгчийн нэгний хувьд би хамаарах бүхий л хүний сонорт гэр бүлийн тунхаг яаж бий болсон тухай хуваалцах хэрэгцээ байгааг мэдэрч байна.

Гэр бүлийн тунхаг бий болох шаардлага хэрэгцээг танин мэдэх сүнслэг өдөөлт Сүмийн удирдлагад 23 гаруй жилийн өмнө ирсэн. Гэрлэлт, гэр бүлийн талаарх сургаалын үнэнийг нэмэлт тайлбаргүйгээр сайн ойлгодог хэмээн бодож байсан хүмүүсийн хувьд энэ зүйл гэнэтийн байлаа. Гэсэн хэдий ч бид баттай мэдрэмж хүлээн авч, үүний дагуу ажилласан. Чуулгын гишүүдийг тунхагт оруулах сэдвүүдийг тодорхойлж, хэлэлцэхэд жил орчим хугацаа орсон. Бичвэрийг санал оруулж, нягталж, хянан сайжруулсан. Бид залбирч, юу гэж хэлэх, хэрхэн хэлэх зэрэг асуудал дээр Их Эзэний өдөөлтийг эрэлхийлэн, Түүнээс үргэлжлүүлэн тусламж гуйж байсан. Бид бүгдээрээ Их Эзэний амласан ёсоор “шат, шатаар, дүрэм, дүрмээр”(С ба Г 98:12) суралцаж байв.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хөрөг зураг

Илчлэлт авах энэхүү үйл явцад тунхгийн бичвэрийн талаарх саналыг Сүмийн сургаал, заасан зүйлд хяналт тавьж, нийтэд мэдэгддэг Тэргүүн Зөвлөлд танилцуулсан юм. Тэргүүн Зөвлөлийг өөрчлөлт хийсний дараа Сүмийн ерөнхийлөгч Гордон Б.Хинкли гэр бүлийн тунхгийг зарласан билээ. 1995 оны 9-р сарын 23-нд болсон эмэгтэйчүүдийн хуралдаан дээр тэрээр “Дэлхийн гүн ухаан/мэргэн ухааны ихээхэн хэсгийг үнэн болгон ярьж, ёс зүйн жишиг, үнэт зүйлсийн талаар олон худал хуурмаг зүйл яригдаж, дэлхийн бузар булайд аажмаар уусгах уруу таталт, заль мэх асар их байгаа нөхцөлд бид сэрэмжлүүлж, урьдаас сануулах ёстой гэдгээ мэдэрсэн билээ” хэмээн тунхгийг танилцуулсан юм.

Гэр бүлийн тунхаг бол мөнхийн үнэний тухай мэдэгдэл, мөнх амьдралыг эрэлхийлдэг хүүхдүүдээ гэсэн Их Эзэний хүсэл гэдгийг би гэрчилж байна. Энэ тунхаг сүүлийн 22 жилийн туршид Сүмийн сургаалын болон амьдралд хэрэгжүүлж байгаа зүйлийн үндэс суурь байсаар ирсэн бөгөөд цаашдаа ч байх болно. Тунхгийг ийнхүү авч үзээд, үүнийг зааж мөн үүний дагуу амьдар. Та нар мөнх амьдралын төлөө урагш тэмүүлэхийн хэрээр адислагдах болно.

40 жилийн өмнө ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Үе үеийнхэн баттай зогсон, өөрийгөө нотлох өөр өөрийн гэсэн сорилт мөн боломжтой байдаг” хэмээн заасан. Гэр бүлийн тунхагт хандаж байгаа хандлага, хэрхэн ашиглаж байгаа зэрэг нь энэ үеийн сорилтуудын нэг гэдэгт би итгэдэг. Би хожмын үеийн гэгээнтнүүдийг энэхүү сорилтод баттай зогсоосой хэмээн залбирч байна.

Гэр бүлийн тунхгийг зарласнаас хойш хоёр жилийн дараа хэлсэн ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн үгээр би хэлэх үгээ өндөрлөе. Тэрээр “Энэ ойлгомжгүй дэлхийд би гайхамшигтай ирээдүйг харж байна. Хэрэв бид үнэ цэнтэй зүйлээсээ зууран баривал, хэрэв бид өв дээрээ тулгуурлавал, хэрэв бид Их Эзэний өмнө дуулгавартай байдалд алхах юм бол, хэрэв бид сайн мэдээний дагуу л амьдарч байвал гайхамшигтай бөгөөд гайхалтай арга замаар адислагдах болно. Биднийг онцгой аз жаргалын түлхүүр олсон хосгүй хүмүүс хэмээн харах болно” хэмээн хэлжээ.

Гэр бүлийн тунхаг үнэн бөгөөд мөнхийн ач холбогдолтой, үүнийг Их Эзэн Есүс Христ Бурханы хүүхдүүдийн өргөмжлөлийн төлөө төлөөлөгчдөдөө илчилсэн (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү) гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен.

Эшлэлүүд

  1. Tомас С.Монсон, “Ариун газруудад зогсогтун,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83.

  2. Рассэлл М.Нэлсон, “Salvation and Exaltation,” Liahona, 2008 оны 5-р сар, 7, 10.

  3. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү.

  4. Даллин Х.Өүкс, “Хайр ба хууль,” 2009 оэы 10-р сарын Ерөнхий чуулган, 28-32.

  5. “‘Disastrous’ Illegitimacy Trends,” Washington Times, 2006 оны 12-р сарын 1, washingtontimes.com-ийг үзнэ үү

  6. Стэфэни Ж.Вэнтура ба бусад, “Report of Final Natality Statistics, 1996,” Monthly Vital Statistics Report, 1998 оны 6-р сарын 30, 9-ийг үзнэ үү.

  7. Бради И.Хамилтон ба бусад, “Births: Provisional Data for 2016,” Vital Statistics Rapid Release, 2017 оны 6-р сар, 10-ыг үзнэ үү.

  8. Манай Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч үүнийг 20 жилийн дараа “Тэр үед бид энэ үндсэн тунхгийг хэвлэл мэдээлэл, интернэт, зурагт, кино зэргээс болон эрдэмтэд, хууль тогтоогчдын зүгээс хуйлран ирэх дэлхийн хоосон шинэ сургаал бүрийг шүүх шалгуур нь болно гэж бүрэн ойлгоогүй байсан юм. Гэр бүлийн тунхаг нь дэлхийн гүн ухааныг шүүх бидний жишиг хэмжүүр болон хувирсан бөгөөд энэхүү мэдэгдэл дээрх зарчмууд 20 жилийн өмнө Бурханы бошиглогчоор бидэнд өгөгдөж байсантай адил өнөөдөр ч гэсэн үнэн хэвээр гэдгийг би гэрчилж байна” хэмээн хэлсэн (Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132).

  9. Гордон Б.Хинкли, “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 98, 100.

  10. Эзра Тафт Бэнсон, “Our Obligation and Challenge,” бүсийн төлөөлөгчдийн семинар, 1977 оны 9-р сарын 30, 2–3; хэвлэгдээгүй гар бичмэл, Дэвид А.Бэднар, “On the Lord’s Side: Lessons from Zion’s Camp,” 2017 оны 7-р сарын Liahona-д эш татав.

  11. Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley (2016), 186; мөн “Look to the Future,” Ensign, 1997 оны 11-р сар, 69-ийг үзнэ үү.