Сүнслэг хиртэлт
Тэнгэрлэг гэрлээ амьдралын сатаарлын хиртэлтээр бүү халхлуул.
Энэ жилийн 8-р сарын 21-нд дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн анхаарлыг татсан ховорхон тохиолддог хоёр үйл явдал болсон. Эхнийх нь бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсоны 90 насны төрсөн өдөр байсан. Тэр үед би Номхон далайн бүсэд томилолтоор ажиллаж байсан бөгөөд Австрали, Вануату, Шинэ Зеландын болон Францын Полинезын гэгээнтнүүд түүний амьдралын чухал үйл явдлыг мэдээд зогсохгүй, тэмдэглэн баярлаж байсанд миний сэтгэл хөдөлж байлаа. Энэ гайхалтай хүнд итгэж мөн хайрлаж байгаа тэдний чин сэтгэлийн илэрхийллийг хуваалцсандаа би өөрийгөө азтай гэдгийг мэдэрсэн. Хожмын үеийн гэгээнтнүүд бошиглогчтойгоо харилцаа холбоотой байдгийг харах нь ямар сүнслэг нөлөөлөл вэ!
Мэдээж, төрсөн өдрийн мэнд хүргэхийг хүссэн хүмүүсийг ойлгож байсан ерөнхийлөгч Монсон өөрт нь зориулсан хамгийн тохиромжтой бэлэг бол “Хэцүү зүйл тохиолдсон, өвчтэй, ганцаардаж буй хэн нэгнийг олж, тэдний төлөө ямар нэгэн зүйл хийгээрэй. Миний хүсэх юм энэ л байна” хэмээн тайлбарлан хэлсэн. Ерөнхийлөгч Монсон, бид танд хайртай мөн таныг дэмжин баталдаг.
Нар хиртэлт
Үүнтэй нэг өдөр давхцаж, дэлхий даяар сая сая хүний сонирхлыг татсан өөр нэг ховор бөгөөд тэнгэрлэг үйл явдал бол нарны бүтэн хиртэлт байсан. Энэ нь сүүлийн 99 жилд анх удаагаа Нэгдсэн Улсыг хөндлөн гулд тохиосон хиртэлт байлаа. Та нар нарны хиртэхийг харж байсан уу? Би үүнийг илүү нарийн тайлбарлаж чадна.
Сар дэлхий, нар хоёрын дундуур орж, нарнаас ирж буй гэрлийг бараг бүхэлд нь халхлах үед нарны бүтэн хиртэлт тохиодог. Энэ үйл явдал тохиолддог гэдэг нь миний хувьд гайхамшигтай зүйл юм. Хэрэв нарыг унадаг дугуйны дугуйн хэмжээтэй гэж төсөөлбөл үүнтэй харьцуулахад сар дөнгөж жижигхэн хайрга чулууны хэмжээтэй гэсэн үг.
Дулаан илч, гэрэл, амьдралын маань эх үүсвэр өөртэй нь харьцуулахад өчүүхэн жижиг биетээр халхлагддаг гэхэд итгэмээргүй.
Хэдийгээр нар сарнаас 400 дахин том ч дэлхийгээс 400 дахин хол оршдог. Дэлхийн өнцгөөс харахад энэхүү бүтэц нар, сар хоёрыг ижил хэмжээтэй болгож харагдуулж байна. Энэ хоёр яг давхцахад сар нарыг бүтэн халхалж харагддаг. Нар хиртэлт тохиосон бүс нутагт амьдардаг манай гэр бүлийнхэн, найз нөхөд хэрхэн гэрэл харанхуйгаар солигдсон, одод түгсэн, шувууд жиргэхээ больсныг дүрслэн ярьж байлаа. Хиртэлтийн үед Фаренгейтийн термометрийн хэмжээгээр агаарын хэм 20-иос (Цельсийн 11 хэм) доош буурч, хүйтэн жихүүн болдог аж.
Хиртэлт тодорхой хэмжээгээр аюул дагуулдаг гэдгийг мэддэг байсан тэд сэтгэл түгших, гайхширах, тэр бүү хэл сэтгэл тавгүйтэх мэдрэмж мэдрэгдсэнийг хэлж байв. Гэхдээ тэд бүгдээрээ нар хиртэлтийн үеэр нүдэнд арилшгүй гэмтэл буюу “хиртэлтийн сохрол” учрахаас болгоомжлон сэргийлжээ. Тэд ямар нэгэн болзошгүй гэмтлээс нүдийг хамгаалдаг тусгай шүүлтүүр бүхий линзтэй нүдний шил зүүсэн учраас аюулгүй байдлаа хангаж чаджээ.
Адилтгал
Өчүүхэн жижиг сар асар том нарыг халхалж, гэрлийг болон дулаан илчийг бөхөөдөгтэй адил Есүс Христийн гэрлийн болон Түүний сайн мэдээний ач холбогдол, гэрэл гэгээ, дулаан илчийг харанхуйлан халхлахуйц ойртон ирэхийг өдөр тутам тулгардаг өчүүхэн жаахан, түвэг удсан саад тотгорт зөвшөөрөх үед сүнслэг хиртэлт болж болно.
Ахлагч Нийл А.Максвэлл энэхүү адилтгалыг “Бүр хүний эрхий хуруу шиг жижиг зүйлийг ч нүдэндээ ойртуулахад агуу том нарыг халхалж чаддаг. Гэвч нар байрандаа байж л байдаг. Хүн өөрөө өөрийгөө л харалган болгодог. Бид бусад зүйлийг хэтэрхий ойртуулж, тэдгээрийг нэгдүгээрт тавих үедээ тэнгэрийн хараагаа халхалдаг” хэмээн илүү гүнзгийрүүлэн тайлбарласан.
Мэдээж, бидний хэн нь ч тэнгэрийн хараагаа албаар, зориуд халхлахыг эсвэл амьдралдаа сүнслэг хиртэлт тохиолдох боломж бүрдүүлэхийг хүсдэггүй. Сүнслэг хиртэлт бидэнд эдгэшгүй сүнслэг гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлэхэд тусалж болох өөрийн бодлоос хэдийг хуваалцъя.
Сайн мэдээний нүдний шил буюу сайн мэдээний алсын хараатай байх
Нүдэнд гэмтэл учруулах, бүр сохроход ч хүргэж болох нар хиртэлтийг харахдаа зүүдэг нүд хамгаалагч тусгай шилний тухай тайлбарласныг минь санаж байна уу? Сүнслэг хиртэлтийг Сүнсний хамгаалалтын, бууралттай линзээр харах нь сайн мэдээний алсын хараатай болгодог бөгөөд биднийг сүнслэгээр сохрохоос хамгаалдаг.
Хэдэн жишээ авч үзье. Зүрх сэтгэлдээ бошиглогчдын үгсийг тээж, Ариун Сүнсийг зөвлөгчөө болгож байгаа үед бид сүнслэг хиртэлтийн аюулаас зайлсхийн, “сайн мэдээний нүдний шилээр” хагас халхлагдсан тэнгэрлэг гэрэл рүү харж чадна.
Тэгэхээр бид нүдний шилээ хэрхэн зүүх вэ? Зарим нэг жишээг доор өгүүлье. Их Эзэн биднээс долоо хоног бүр ариун ёслолоос хүртээсэй мөн судраас суралцаж, өдөр тутам залбирдаг байгаасай хэмээн хүсдэг болохыг сайн мэдээний нүдний шил маань бидэнд мэдэгддэг. Энэ нь Сатан биднийг эдгээрийг хийхгүй байхад уруу татдаг гэдгийг ч хэлдэг. Түүний төлөвлөгөө бол дэлхийн сатаарал, уруу таталтуудаар дамжуулан бидний сонгох эрхийг булаах явдал гэдгийг бид мэддэг. Тэр бүү хэл Иовын өдрүүдэд ч “Өдрөөр тэд харанхуйтай учирч, үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг” хэмээн дүрслэн тайлбарласнаар зарим хүн сүнслэг хиртэлтэд өртөж байсан байх.
Ах, эгч нар аа, би “сайн мэдээний нүдний шилээр” харах тухай ярихдаа дэлхий дээр бидэнтэй тулгардаг сорилт бэрхшээлийг хүлээн зөвшөөрөхгүй эсвэл ярилцах хэрэггүй эсвэл бидний өмнө тавьсан дайсны хилэнцэт арга мэх, урхийг аз жаргалтайгаар үл тоон алх хэмээн хэлээгүй гэдгийг минь ойлгоорой. Нүдний халхавч зүүх тухай яриагүй, харин ч яг эсрэгээрээ юм шүү. Би эдгээр сорилт бэрхшээлийг сайн мэдээний томруулагч шилээр харахыг санал болгож байна. Ахлагч Даллин Х.Өүкс “Алсын хараа гэдэг нь холбогдох бүх мэдээллийг утга учиртай харилцаан дотор харах чадвар” гэдгийг олж мэджээ. Сайн мэдээний алсын хараа бидний харааг мөнхийн дүр зургийг бүхэлд нь харахуйц болгож өргөжүүлэн тэлдэг.
Та нар сайн мэдээний нүдний шилээ зүүхдээ анхдагч хэрэгцээ, асуудал бэрхшээл, уруу таталт болон түүгээр ч барахгүй алдаа дутагдлынхаа тухай бодох өргөн хүрээний хараа, чиглэл, дүр зураг олж харах болно. Та шилгүй үедээ харж чадаагүй тийм илүү тод гэрлийг харах болно.
Сонирхолтой нь, бидний амьдрал дахь сүнслэг хиртэлтийг зөвхөн сөрөг зүйл үүсгэдэггүй. Бидний зүрх сэтгэлээ зориулдаг ихэвчлэн гайхалтай, эерэг оролдлогууд хэт их ойртсоор, сайн мэдээний гэрлийг халхлан, харанхуйг авчирч болно. Ийм аюул, сатааралд боловсрол ба хөгжил дэвшил, эрх мэдэл ба хүч нөлөө, хүсэл зориг, тэр бүү хэл авьяас билэг, ур чадвар орж болно.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Хэтрүүлэх юм бол ямар ч сайн гэгдэх зүйл муу зуршил болж болдог билээ. … Ингэснээр ололт амжилт нь дарамт болж, хүсэл эрмэлзэл нь хүзүүндээ зүүсэн тээрмийн хүнд чулуу мэт санагдах үе ирдэг” хэмээн заасан.
Бидний сүнслэг хиртэлтэд нөлөөлж болох илүү дэлгэрэнгүй жишээнээс хуваалцъя.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хэдэн сарын өмнө би Бригам Янгийн Их Сургуулийн эмэгтэйчүүдийн чуулган дээр үг хэлсэн юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг технологи нь “Аврагчийн талаарх мэдлэг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс бүрийн дунд тархахад” түлхэц болох тухай би тайлбарласан. Эдгээр технологид Сүмийн вэбсайт болох LDS.org болон Mormon.org, Сайн мэдээний номын сан, Мормон суваг, ХҮГ хэрэгсэл, Family Tree зэрэг гар утасны аппликэйшн, Facebook, Instagram, Twitter, Pinterest зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн талбар багтдаг. Цаг хугацааны туршид эдгээр арга хэрэгслийн лайк дарсан, хуваалцсан, үзсэн, давтан жиргэсэн, пин хийсэн тоо хэмжээ сая саяар хэмжигдэж байсан ба сайн мэдээг гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран зүтгэгчидтэйгээ хуваалцах маш үр дүнтэй, өгөөжтэй арга хэрэгсэл болсоор ирсэн.
Бид эдгээр технологийг зохистой, журамтай хэрэглэж байгаа ч гэсэн, хэрэв эдгээрийг хэтрүүлж хэрэглэх юм бол сайн мэдээний гэрэл, дулаан илчийг халхлан биднийг сүнслэг хиртэлтэд оруулна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гар утасны аппликейшн, тоглоом зэргийг хэрэглэх нь ихээхэн цаг үрэхээс гадна нүүр нүүрээ харан харилцах амьд харилцааг багасгадаг. Ийнхүү хувийн харилцаа багасах нь гэрлэлтэд нөлөөлж, ялангуяа өсвөр үеийнхний дунд бусадтай харилцах чадвараа хөгжүүлэхэд саад болж, үнэ цэнтэй сүнслэг дадал хэвшлийн байрыг эзлэх болно.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой өөр хоёр төрлийн эрсдэл бол үнэн бодит байдлыг хэтрүүлэх, харьцуулалтаас болж уруу дорой харагдуулах явдал юм.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавигдсан олон (эсвэл ихэнх) зураг амьдралыг хамгийн сайнаар, ихэвчлэн бодит бус байдлаар харуулдаг. Бид бүгдээрээ гэрийн гайхалтай сайхан засал чимэглэл, аялал зугаалгын сайхан газар, инээмсэглэсэн зураг, уран нарийн чимэглэсэн хоол хүнс, харьцуулшгүй биеийн дүрс зургуудыг харж байсан.
Жишээлбэл, энэ бол хэн нэгний олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрээс харж болох дүр зураг. Гэвч энэ нь жинхэнэ бодит амьдралд үнэхээр болж байгаа зүйлийг бүрэн харуулахгүй байна.
Бид өөрсдийн илэрхий дундаж амьдралыг бусдын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавьсан янзын сайхан засварлаж, төгс урлан бүтээсэн амьдралтай харьцуулах нь заримдаа урам хугарах, атаархах, амьдралдаа ямар нэгэн зүйлийг алдаж байгаа мэт азгүйдлийн мэдрэмжтэй хоцроход хүргэдэг.
Өөрийнхөө тоо томшгүй олон зургийг тавьсан нэг хүн “Зургаа тавихгүй бол аз жаргалтай байгаагийн хэрэг юу байх вэ?” хэмээн тоглоом шоглоом болгон хэлж байсан.
Бонни Л.Оскарсон эгчийн өнөө өглөө бидэнд сануулснаар амьдралын амжилт хэдэн лайк авснаар эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрээ хэдэн “найз” эсвэл “дагагчтай” байснаар ирдэггүй. Харин амжилт нь бусадтай утга учиртай харилцаатай байж, амьдралдаа гэрэл нэмэхтэй холбоотой байдаг билээ.
Бид бодит байдлыг хэтрүүлсэн зургийг мөн бусдынхтай харьцуулснаас болж урам хугарахад дэндүү их нөлөөлдөг зургийг харахдаа илүү бодитой хандаж, хошигносон байдлаар хүлээн авч, урам хугарах мэдрэмжийг арай цөөн удаа мэдэрч сурах байх гэж найдаж байна.
Харьцуулалт бол зөвхөн бидний энэ цаг үеийн тэмдэг биш бөгөөд өнгөрсөн үед ч байсан бололтой. Төлөөлөгч Паул тэр үеийн хүмүүст “тэд өөрсдийгөө өөрсдөөрөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг. Тэд ухаангүй ажээ” хэмээн сэрэмжлүүлсэн.
Технологийн зөв зохистой, урам өгсөн олон хэрэглээгээр дамжуулан зааж, урамшуулан, өргөж, хамгийн сайнаараа байхыг урамшуулан дэмжихэд үүнийг ашиглацгаая. Бид өсөж буй үеийнхэнд технологийг зөв зохистой ашиглахыг зааж, үзүүлж, үүнийг буруу ашиглахаас мөн аюултай байдалд орохоос сэрэмжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг сайн мэдээний линзээр харснаар энэ нь бидний амьдралд сүнслэг хиртэлт болохоос сэргийлж чадна.
Бардамнал
Одоо олон жилийн турш тээглэх чулуу болж байгаа бардамналын тухай ярилцъя. Бардамнал нь “Их Эзэний хүсэл зоригийг нэгдүгээрт тавих”-ын эсрэг буюу даруу байдлын эсрэг байдаг. Бид бардамнасан үедээ бусдад мөн Их Эзэнд алдар хүндийг өгөхөөс илүү өөртөө авахыг хичээдэг. Бардамнал голдуу өрсөлдөөнд суурилсан байдаг бөгөөд илүү их зүйл олж авахыг эрэлхийлж, өөрсдийгөө бусдаас илүүд тооцдог. Бардамнал ихэвчлэн уур, үзэн ядах сэтгэлийн үр дүн байдаг бөгөөд хүнд атаа хорсол төрүүлж, уучлахаас татгалзахад хүргэдэг. Гэвч бардамнал нь Христийнхтэй адил зан чанар буюу даруу байдалд дарагддаг.
Ойрын гэр бүл, хайртай хүмүүс, ялангуяа ойр дотно гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүс, эхнэр нөхрийн хоорондын харилцаа даруу байдлаар тэжээгддэг бөгөөд үүнд бардамнал саад болж байдаг.
Олон жилийн өмнө нэгэн том худалдааны компанийн гүйцэтгэх захирал над руу залгаад, өөрийнх нь өрсөлдөгч компанийг нь худалдаж авсан талаар ярилцахыг хүссэн юм. Тэр бас удирдах ажилтай бусад олон хүн ажлаа алдаж магадгүй хэмээн маш их сандарч байв. Худалдаж авсан уг компанийн ахлах удирдлагын ажилтнуудыг сайн таньдгийг минь мэддэг учир тэр намайг тэдэнд өөрийг нь танилцуулж, онцгой сайшаан үнэлж ярих, бүр тэдэнтэй уулзах уулзалт товлож өгөх боломжтой эсэхийг минь лавласан юм. Тэрээр төгсгөлд нь хүмүүс “’Сул дорой нь үрэгдэх болно’ гэж хэлдгийг та мэдэж байгаа биз дээ?” гэв.
Тэр энэ үгийг хошин маягаар хэлсэн гэдгийг би ойлгосон. Би хошигнолыг нь ч ойлгосон. Гэхдээ яваандаа түүнд хэрэгтэй болж магадгүй гэж миний мэдэрсэн нэгэн чухал зарчим байсан юм. Би хариуд нь “Үнэндээ хүмүүс тэгж хэлдэггүй. Харин ч эсрэгээрээ байдаг. ‘Номхон дөлгөөн хүмүүс дэлхийг өвлөнө’ гэж хүмүүс ярьдаг шүү дээ” гэж хэлж билээ.
Сүм дэх болон мэргэжлийн ажлынхаа туршлагаас харахад, миний мэдэх хамгийн агуу, хамгийн үр нөлөөтэй хүмүүс хамгийн даруу, номхон дөлгөөн хүмүүс байдаг.
Даруу байдал, номхон дөлгөөн зан хоёр нягт холбоотой. Бид “хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байхаас бусдаар, хэн ч Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөхүйц байхгүй” гэдгийг санах болтугай.
Бид даруу байдлын ариун журмыг дээдэлснээр бардамналын сүнслэг хиртэлтээс зайлсхийхийг хичээх болтугай хэмээн би залбирч байна.
Дүгнэлт
Дүгнэн хэлэхэд, харьцангуй өчүүхэн жижиг зүйл нарны үзэсгэлэнт төрх, дулаан илчийг болон гэрлийг халхалснаас хүйтэн, харанхуйг бий болгодог үзэгдлийг нар хиртэлт гэдэг ч энэ нь байгалийн гайхалтай онц сонин үзэгдэл билээ.
Үүнтэй төстэй онц сонин үзэгдэл сүнслэг хэлбэрээр давтагдаж болох ба өчүүхэн жижиг зүйлийг хэтрүүлбэл Есүс Христийн сайн мэдээний тэнгэрлэг гэрэл, илч, үзэсгэлэн гоог халхалж, хүйтэн, харанхуйгаар орлуулах болно.
Нар хиртэлтийн бүсэд байгаа хүмүүст зориулан харааг хамгаалах мөн тэр бүү хэл сохрохоос хамгаалах нүдний шил нь нүдийг эдгэшгүй гэмтлээс сэргийлэх боломжтой. Сайн мэдээний зарчим, ёслолуудын мэдлэг, гэрчлэл дээр үндэслэсэн сайн мэдээний нүдний шил нь сүнслэг хиртэлтэд өртсөн хүнийг сүнслэг хамгаалалт, тодорхой байдлыг өгдөг сайн мэдээний алсын хараагаар хангадаг.
Хэрэв амьдралын тань сайн мэдээний гэрэл, баяр баяслыг халхлах аливаа зүйл байгааг олж мэдвэл үүнийг сайн мэдээний алсын хараагаар харахад та нарыг урьж байна. Сайн мэдээний томруулдаг шилээр харж, амьдралын чухал бус, эмх замбараагүй асуудлуудад аз жаргалын агуу төлөвлөгөөг харах мөнхийн харааг маань харанхуйлах боломжийг олгохгүйн тулд сэргэг бай. Товчхондоо, тэнгэрлэг гэрлээ дэлхийн сатаарлын хиртэлтээр бүү халхлуул.
Гэрчлэл
Бидний сайн мэдээний гэрлийг харах боломжийг халхлах ямар саад тотгор байгаа эсэхээс үл хамааран гэрэл байсаар байдаг гэдгийг би гэрчилж байна. Тэрхүү дулаан илч, үнэн, гэрлийн эх сурвалж нь Есүс Христийн сайн мэдээ юм. Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн болон Түүний Аврагч хийгээд Гэтэлгэгчийн үүргийн талаар би гэрчлэлээ хуваалцаж байна. Есүс Христийн нэрээр, амен.