Хэмжээлшгүй үнэ цэн
Бид сүнслэг үнэ цэнийг маань нотолдог Ариун Сүнсний таатай шивнээг байнга сонсох боломжтой.
Би Баруун Африкийн улс Сьерра Леонд айлчилж байхдаа гадасны Хүүхдийн хэсгийн удирдагчийн хөтлөн явуулсан цуглаанд оролцсон юм. Мариама цуглааныг хайр, нигүүлсэл дүүрэн мөн итгэлтэйгээр хөтөлсөн нь олон жил Сүмийн гишүүн байсан гэж бодохоор байв. Харин Мариама хөрвөгдөөд удаагүй гишүүн байсан юм.
Охин дүү нь Сүмд элсээд, Мариамаг өөртэйгөө хамт Сүмийн ангид суухад урьсан аж. Түүнд захиас гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд уг хичээл ариун явдлын хуулийн талаар байв. Тэр номлогчдоос илүү ихийг зааж өгөхийг хүсэж, удалгүй бошиглогч Иосеф Смитийн талаар гэрчлэлтэй болжээ. Мариама 2014 онд, харин охин нь өнгөрсөн сард баптисм хүртсэн юм. Мариамаг хөрвөгдөхөд хүргэсэн сургаалууд нь ариун явдлын хууль, бошиглогч Иосеф Смит буюу ихэвчлэн дэлхийнхний ач холбогдолгүй, үеэ өнгөрөөсөн, тохиромжгүй гэж үздэг хоёр зүйл байв. Харин Мариама гэрчлэлдээ өөрийгөө гэрэлд татагдсан дэнгийн эрвээхий адил байсан гэж хэлсэн. Тэрээр “Би сайн мэдээг олсноор өөрийгөө олсон” гэв. Тэр бас өөрийн үнэ цэнийг бурханлаг зарчмаар дамжуулан олж мэдсэн юм. Бурханы охины хувьд ямархуу үнэ цэнтэй болохыг нь түүнд Ариун Сүнсээр дамжуулан илчилсэн байлаа.
Харин одоо Энэтхэгийн эгч дүү Сингхийнхэнтэй танилцацгаая. Хамгийн баруун захад байгаа Рэну бол эгч дүү таван эмэгтэйгээс Сүмд элссэн анхны хүн бөгөөд тэр бодлоо хуваалцсан юм.
“Би Сүмийг судалж эхлэхээсээ өмнө өөрийгөө тийм ч онцгой гэж боддоггүй байсан. Би зүгээр л олноос ялгарахааргүй нэгэн байсан бөгөөд хувь хүнийхээ хувьд үнэ цэнтэй гэдгийг манай нийгэм, ёс заншилд огт заагаагүй. Харин сайн мэдээнд суралцаж, Тэнгэрлэг Эцэгийнхээ охин гэдгээ мэдсэн минь намайг өөрчилсөн. Гэнэт би өөрийгөө онцгой хэмээн мэдэрч, Бурхан намайг болон миний бодгаль, амьдралыг үнэ цэнтэй, зорилготой бүтээсэн гэдгийг олж мэдсэн.
Би амьдралдаа сайн мэдээг олохоос өмнө үргэлж бусдад өөрийгөө онцгой гэдгийг нотлох гэж хичээдэг байсан. Харин би үнэнийг, өөрийгөө Бурханы охин гэдгийг мэдсэнээр хэнд ч, юуг ч нотлох хэрэггүй болсон юм. Би өөрийгөө онцгой нэгэн гэдгээ мэдсэн. Та өөрийгөө хэн ч биш гэж бүү бод.”
Ерөнхийлөгч Томас С.Монсон үүнийг “Хүмүүний бодгалийн үнэ цэн бол Бурхантай адилхан болох хүч чадал мөн” гэж маш сайхан хэлсэн.
Саяхан надад яг энэ үнэнийг ойлгодог өөр нэгэн залуу эмэгтэйтэй танилцах аз завшаан тохиосон юм. Түүний нэрийг Тайана гэдэг. Би түүнтэй Солт Лэйк Ситигийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт танилцсан. Тайана ахлах сургуулийн 11-р ангид байхдаа хорт хавдартай гэж оношлогдсон байв. Тэр 18 сарын турш өвчинтэйгөө зоригтой тэмцсээр хэдхэн долоо хоногийн өмнө нас барсан. Тайана гэрэлтсэн, хайраар дүүрэн нэгэн байсан. Түүнийг бусдад нөлөөлдөг инээд, “хоёр эрхий хуруугаа гозойлгодог” дохио зангаагаар нь мэддэг байв. Хүмүүс түүнээс “Тайана, яагаад чи гэж?” асуухад, “Яагаад би биш гэж” хэмээн тэр хариулдаг байлаа. Тэр асар их хайрладаг Аврагчтайгаа адилхан болохыг эрэлхийлдэг байв. Тайанаг эргэж очих бүрдээ би бурханлаг үнэ цэнээ ойлгодог болохыг нь мэдэрдэг байлаа. Бурханы охин гэдгээ мэдсэн нь түүнд дааж давшгүй сорилт бэрхшээлтэй нүүр тулахдаа амар тайван, өөдрөг байх чадварыг өгсөн юм.
Мариама, Рэну, Тайана нарын түүх Сүнс бидний бурханлаг үнэ цэнийг хүн нэг бүрд баталж өгнө гэдгийг заасан. Үнэхээр Бурханы охин гэдгээ мэдэх нь таны амьдралын бүхий л хэсэгт нөлөөлөх бөгөөд өдөр бүрийн үйлчлэлийг тань удирдан чиглүүлэх болно. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл үүнийг дараах гайхалтай үгсээр тайлбарласан.
“Бурхан бол таны Эцэг. Тэр танд хайртай. Тэр болон тэнгэр дэх эх тань таныг хэмжээлшгүй их үнэлдэг. … Та өвөрмөц бөгөөд мөнх амьдралыг хүлээн авах эрхийг олгодог мөнхийн оюун билгээс бүтээгдсэн онцгой нэгэн билээ.
Хувь хүний хувьд өөрийн үнэ цэнд бүү эргэлз. Сайн мэдээний төлөвлөгөөний нийтлэг зорилго бол та нарын хүн нэг бүрд чадавхынхаа оргилд хүрэх буюу мөнхөд өсөж хөгжин, бурхан лугаа адил болох боломжийг олгох явдал юм.”
Би үнэ цэн, зохистой байдал гэсэн хоёр чухал үгийг хооронд нь ялгаж салгах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Тэд адилхан биш, өөр өөр утга агуулгатай. Сүнслэг үнэ цэн гэдэг нь өөрөө өөрсдийгөө дэлхийнхний адил биш, харин Тэнгэрлэг Эцэгийн адил үнэлэхийг хэлнэ. Бидний үнэ цэнийг энэ дэлхийд ирэхээс бүр өмнө тодорхойлсон. “Бурханы хайр хязгааргүй бөгөөд үүрд мөнхөд байх болно.”
Нөгөөтэйгүүр, дуулгавартай байснаар зохистой болдог. Хэрэв бид гэм нүгэл хийсэн бол зохисгүй болж болох ч үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Бид наманчилж, үнэ цэнээ алдалгүй Есүстэй адилхан байхыг үргэлжлүүлэн хичээх болно. Ерөнхийлөгч Бригам Янгийн зааснаар “Дэлхий дээрх одоо байгаа хамгийн өчүүхэн жижиг, хамгийн доод зиндааны сүнс ч гэлээ… ертөнцүүдтэй тэнцэхуйц үнэ цэнтэй.” Юу ч болсон бай, бид Тэнгэрлэг Эцэгийн мэлмийд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй.
Ийм гайхамшигт үнэн байсаар байхад бидний дунд хэчнээн олон хүн заримдаа өөрсдийн талаарх муу бодол, мэдрэмжинд шаналж явдаг бол? Надад ч бас ийм бодол, мэдрэмж төрдөг. Энэ бол хялбар урхи. Сатан бол бүх худал хуурмагийн эцэг бөгөөд бидний бурханлаг шинж чанар, зорилгын талаар буруу тайлбарлахдаа бүр ч гарамгай. Өөрсдийгөө өчүүхэн гэж бодох нь биднийг урагшлуулдаггүй. Харин ч хойш татдаг. Бидэнд байнга заадагчлан “Хэн ч таны зөвшөөрөлгүйгээр таныг дорд үзэх боломжгүй.” Бид өөрсдийн хамгийн муу гэснээ бусдын хамгийн сайн гэсэнтэй харьцуулахаа болих хэрэгтэй. Учир нь “Харьцуулах нь баяр баясгалангийн хулгайч юм.”
Үүний эсрэгээр, Их Эзэн биднийг сайн бодол санаа өвөрлөх юм бол өөртөө итгэх итгэл буюу үнэхээр өөрсдийгөө хэн болохыг мэдэх итгэлээр адисална хэмээн амласан. Түүний үгийг анхаарч сонсох нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Тэрээр “Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг. Тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно … Ариун Сүнс чиний байнгын хамтрагч байх болно” хэмээн хэлсэн.
“Бурханаас хүлээн авдаг тэрээр, үүнийг Бурханаас хэмээн тооцог; мөн тэрээр хүлээн авахад зохистой хэмээн Бурханаар тооцогдсондоо баясаг” гэсэн энэ нэмэлт үнэнийг Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд илчилсэн билээ. Энэ шүлэгт тайлбарласанчлан, бид Сүнсийг мэдэрснээр энэ мэдрэмж Тэнгэрлэг Эцэгээс маань ирдэг болохыг таньж мэддэг. Тэрээр биднийг адисалдаг учраас бид Түүнийг хүлээн зөвшөөрч, магтан дуулдаг билээ. Харин дараа нь биднийг хүлээн авахуйц зохистой гэсэнд нь бид баярладаг.
Нэгэн өглөө таныг судраас уншиж байхад уншиж байгаа зүйл тань үнэн гэдгийг Сүнс танд аяархан шивнэж байна гэж төсөөл дөө. Та тэр үед Сүнсийг таньж, Бурханы хайрыг мэдэрч, хүлээн авахуйц зохистой байсандаа баярлаж чадах уу?
Ээжүүд та нар дөрвөн настай хүүхдээ орондоо орохынхоо өмнө залбирахад дэргэд нь өвдөг сөгдөн суудаг байх. Түүнийг сонсож суухад сэтгэл тань огшиж, халуун дулаан, амар амгалан мэдрэмж танд төрдөг болов уу. Уг мэдрэмж агшин зуур төрөөд өнгөрөх ч та яг тэр мөчид хүлээн авахуйц зохистойд тооцогдсоноо мэднэ. Амьдралын явц дунд бидэнд асар хүчтэй сүнслэг үйл явдал тохиолдох нь ховор ч бид сүнслэг үнэ цэнийг маань нотолдог Ариун Сүнсний таатай шивнээг байнга сонсох боломжтой.
Их Эзэн бидний үнэ цэн, Өөрийн гэтэлгэгч золиослолын хоорондын уялдаа холбоог тайлбарласан. Тэрээр
“Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун;
Учир нь, болгоогтун, Их Эзэн чиний Гэтэлгэгч махан бодид үхлийг амссан билээ; иймийн тул бүх хүмүүн наманчилж, мөн түүнд ирж болохын тулд бүх хүмүүний зовлонг тэрээр биеэрээ амссан бөлгөө” хэмээсэн.
Эгч нар аа, Тэрээр бидний төлөө үүнийг хийсэн учраас “бид Түүнтэй хайрын холбоосоор холбогдсон билээ.” Тэр “Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би загалмай дээр өргөгдсөний дараа, би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд [бөлгөө]” хэмээн хэлсэн.
“Мөн үз, тэрээр уруу таталтыг, мөн биеийн өвчин, өлсгөлөн, цангаа, мөн зүдрэлийг, энэ нь үхэлд хүргэхээс бусдаар бол, бүр хүмүүний тэвчиж чадахаас илүүг тэвчих болно; учир нь болгоогтун, арьсных нь сүв бүрээс цус шүүрэх болно, өөрийнхөө хүмүүсийн ёс бус мөн жигшүүрт хэргүүдийн төлөөх түүний тарчлал ийм агуу байх болно” хэмээн Бенжамин хаан биднийг Аврагчтай холбодог тэрхүү холбоосыг тайлбарласан. Харин уг зовлон шаналал, үр дагавар бидний зүрх сэтгэлийг хайр, талархлаар дүүргэдэг. Ахлагч Пол Э.Колликэр “Дэлхийн зүг чангаах самуурлуудыг бид зайлуулж, Их Эзэнээ эрэлхийлэх чөлөөт сонголтыг хөгжүүлснээр Түүнд ойртуулах селестиел хүчинд зүрх сэтгэлээ нээдэг” хэмээн заажээ. Хэрэв Аврагчийг болон Түүний бидний төлөө хийсэн зүйлийг хайрлах хайр маань сул тал, өөртөө эргэлзэх эсвэл муу дадал хэвшил гэх мэт зүйлсэд зарцуулдаг хүчин зүтгэлээс илүү байх юм бол Аврагч амьдралд зовлон бэрхшээл авчирдаг зүйлийг ялан дийлэхэд бидэнд тусална. Тэр биднийг өөрсдөөс маань авардаг.
Би нэг зүйлийг тодруулъя. Хэрэв дэлхийн татах хүч Аврагчид итгэх итгэл, найдвараас хүчтэй байх юм бол дэлхийн татах хүч үргэлж дийлнэ. Хэрэв бид Аврагчаас зуурахын оронд сөрөг бодол дээрээ төвлөрөн, үнэ цэнтэй гэдэгтээ эргэлзэх юм бол Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд улам хэцүү болно.
Эгч нар аа, өөрсдийгөө хэн гэдэгт эргэлзэхээ больцгооё. Хэдийгээр бурханлаг шинж чанараа санаж, хүлээн зөвшөөрөхийн тулд сүнслэг хүчин зүтгэл гаргахаас сүнслэг байдлын хувьд идэвхгүй байх нь амархан боловч энэ хожмын өдрүүдэд бид иймэрхүү байдалтай байж болохгүй. Бид эгч хүний хувьд хэлэхэд, “Христэд итгэлтэй бай; … Христ [биднийг] өргөн, мөн түүний зовлон хийгээд үхэл, … мөн түүний нигүүлсэл хийгээд тэвчээр, мөн түүний алдар суугийн мөн мөнх амьдралын найдвар [бидний] оюунд үүрд байг.” Аврагч биднийг илүү өндөр газар өргөн аваачихад бид өөрсдийн хэн болохыг төдийгүй Түүнтэй төсөөлж ч байгаагүй тийм ойр дотно гэдгээ илүү тод харах болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.