Тэр биднийг яаж хайрласны адил бие биенээ хайрлагтун
Бид мөн бусдад үйлчилж, жинхэнээсээ хайрлан уучилснаар эдгээгдэн, өөрсдийн зовлон бэрхшээлийг даван гарах хүчийг хүлээн авна.
Сүүлчийн зоогийн үеэр Аврагч шавь нартаа нэгэн шинэ зарлиг өгсөн. Тэрээр
“Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна.
Бие биендээ хайртай аваас та нарыг Миний шавь нар гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” хэмээн хэлсэн.
Аврагчийн шавь нар илүү их, илүү агуу, илүү бурханлаг зүйлийг хийх шинэ зарлиг хүлээн авсан юм. Энэ шинэ зарлиг буюу урилга нь “Би та нарыг яаж хайрласны адил” гэсэн түлхүүр үгээр товч илэрхийлэгддэг.
Хайр бол үйлдэл; Хайр бол үйлчлэл
“Хайр бол үнэнч байх, санаа тавих, энхрийлж хайрлах гүн гүнзгий мэдрэмж юм. Бурханы Өөрийн хүүхдүүдийг гэсэн хайрын хамгийн агуу жишээ нь Есүс Христийн хязгааргүй Цагаатгалаар илэрсэн.” “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй, харин мөнх амьтай байх болно” хэмээн Иохан тэмдэглэсэн. “Бурханыг болон хүмүүсийг хайрлах нь Есүс Христийн шавийн зан чанар юм”
Хэдэн жилийн өмнө, манай дөрвөн настай, ууган ач Хосе эхнэртэй маань тоглож байв. Инээлдэн, цагийг хамтдаа сайхан өнгөрүүлж байхдаа ач хүү маань “Эмээ, та надад хайртай юу?” гэж асуулаа.
Тэр “Тийм ээ, Хосе. Би чамд хайртай” гэж хариулсан юм.
Дараа нь ач хүү маань “Надад хайртай гэдгээ та яаж мэдэж байгаа юм бэ?” гэж асуув.
Эхнэр маань түүнд өөрийн мэдрэмжийг тайлбарлахын зэрэгцээ түүний төлөө хийсэн болон хийхийг хүсэж байгаа бүх зүйлээ хэлэв.
Дараа нь эхнэр маань Хосегоос “Хайртай гэдгээ чи яаж мэдэж байгаа юм бэ?” зэрэг өөрийнх нь асуусан яг тэр асуултуудыг асуусан юм.
Ач хүү маань гэнэн ч гэлээ “Сэтгэл зүрхэндээ мэдэрсэн учраас би танд хайртай” гэж чин сэтгэлээсээ хариулж билээ. Тэр өдрөөс хойш Хосегийн эмээдээ хандах хандлага нь хайр бол үйлдэл, гүн гүнзгий мэдрэмж хоёрыг хослуулсан байдаг гэдгийг харуулсан юм.
Бенжамин хаан “Мөн болгоогтун, би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” хэмээн заасан.
Янз бүрийн нөхцөл байдлын улмаас маш их зовлон зүдгүүрт автсан өнөөгийн энэ дэлхийд хөгжилтэй эможитэй мэссэж илгээх эсвэл “Би чамд хайртай” гэсэн үгтэй сайхан зураг тавих нь зөв бөгөөд ач холбогдолтой зүйл юм. Гэхдээ бидний хийх ёстой зүйл бол зөөврийн хэрэгслээ ардаа орхин, тусламж хэрэгтэй хүмүүст өөрийн биеэр туслах явдал. Үнэхээр үйлчлэл үгүй хайр нь үйлдэл үгүй итгэлийн адил үхмэл зүйл бөлгөө.
Хайр бол өршөөл
Христийн цэвэр хайр болох энэрэл нь биднийг үйлдэл хийж, үйлчлэл үзүүлэхээс гадна нөхцөл байдлаас үл хамааран бусдыг уучлах хүчтэй байх хүслийг төрүүлдэг. Би амьдралд минь нөлөөлж, өөрчлөлт авчирсан нэгэн явдлыг та бүхэнтэй хуваалцмаар байна. Өнөөдөр энд байгаа Күүпэрийн аав ээж болох Тед, Шэрон хоёр надад гэр бүлд нь ес гаруй жилийн өмнө тохиолдсон нэгэн явдлын талаар хуваалцахыг зөвшөөрсөн юм. Би үүнийг Күүпэрийн аав Тедийг төлөөлж ярья.
2008 оны 8-р сарын 21 хичээлийн жилийн эхний өдөр байсан бөгөөд Күүпэрийн гурван ах Айван, Гаррэтт, Логан нар бүгд буудал дээр автобусаа хүлээн зогсоцгоож байжээ. Дөрвөн настай Күүпэр унадаг дугуйгаа унан, харин эхнэр Шэрон маань явган явж байж.
Эхнэр маань замын нөгөө талд байсан бөгөөд Күүпэрийг замаар хөндлөн гараад ир гэж гараараа далласан аж. Яг тэр үед, нэг машин алгуурхнаар зүүн гар тийш эргэхдээ Күүпэрийг дайрчээ.
Хөрш маань над руу утасдаж, Күүпэр машинд мөргүүлсэн гэж хэллээ. Би автобусны буудал руу хурдан очихоор давхилаа. Күүпэр зүлгэн дээр амьсгалж чадахгүй хэвтэх хэрнээ ил харагдах гэмтэлгүй байв.
Би Күүпэрийн хажууд сөхрөн суугаад, “Бүх юм зүгээр болно. Тэвчээрэй” гэх мэт урмын үгс хэлж байлаа. Яг тэр үед манай дээд пристийн бүлгийн удирдагч Нэйтан эхнэртэйгээ хүрч ирэв. Эхнэр нь Күүпэрт санваарын адислал өгөхийг санал болгосон юм. Бид ч Күүпэрийн толгой дээр гараа тавив. Би адисалж байхдаа яг юу гэж хэлснээ санахгүй байгаа ч хүмүүс хүрээлэн тойрсон байсныг мөн яг тэр мөчид Күүпэрийг нас барна гэдгийг мэдэж байснаа тод санадаг.
Күүпэрийг эмнэлэг рүү нисдэг тэргээр аваачсан ч тэр нас барсан юм. Тэнгэрлэг Эцэг надад энэ дэлхийд Күүпэрийн төлөө хийх ажил чинь дууссан, харин одоо тэр Миний халамжинд байна хэмээн хэлэхийг би мэдэрсэн.
Бидэнд эмнэлэгт Күүпэртэй хэсэг хугацаанд хамт байх боломж олдсон. Тэндэхийн ажилчид түүнийг бэлдэн, бидэнд түүнтэй хангалттай цагийг хамт өнгөрүүлж, хүссэнээрээ тэврэн, салах ёс үйлдэх боломж олгосон юм.
Гэртээ харих замдаа уй гашууд автсан эхнэр бид хоёр бие бие рүүгээ харж, машин жолоодож явсан залуугийн талаар ярьж эхэлсэн. Хэдийгээр тэр ганцхан гудамжны цаана, манай тойргийн харьяалалд амьдардаг байсан ч бид түүнийг мэддэггүй байв.
Бид маш их уй гашууд автсан байсан тул дараа өдөр нь ч бидэнд хүнд хэцүү байлаа. Би өвдөг сөгдөн суугаад, хэзээ ч залбирч байгаагүйгээрээ, үнэхээр чин сэтгэлээсээ залбирсан юм. Би Тэнгэрлэг Эцэгээс Аврагчийн нэрээр энэ их уй гашууг маань аваач хэмээн гуйв. Тэрээр ч гуйлтыг минь биелүүлсэн юм.
Орой нь манай гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг зөвлөх машиныг жолоодож явсан залуу болон түүний эцэг эхтэй биднийг уулзуулах ажлыг зөвлөхийн гэрт зохион байгуулав. Шэрон бид хоёр хүүг эцэг эхтэйгээ ирэхийг хүлээж суулаа. Хаалга нээгдэхэд бид тэдэнтэй анх удаагаа уулзсан юм. Бишоп миний чихэнд “Түүн рүү оч” гэж шивнэв. Шэрон бид хоёр түүнийг чанга гэгч тэврэн авч билээ. Бид ийнхүү хамтдаа удаан хугацааны туршид мэгшин уйлцгаав. Бид түүнд болсон явдал гэнэтийн осол байсан гэдгийг ойлгож байгаагаа хэлсэн.
Шэрон бид хоёр хоёулаа ийнхүү бодож байсан маань гайхалтай байсан бөгөөд бид одоо ч гэсэн тийн бодсон хэвээр байгаа. Бурханы ач ивээлээр бид агуу бөгөөд тодорхой, цорын ганц замыг сонгож, уг залууг хайрлах тэрхүү алхмыг хийж чадсан.
Он жил улиран өнгөрөхийн хэрээр бид түүнтэй болон гэр бүлийнхэнтэй нь ихэд дотноссон юм. Тэр амьдралынхаа хамгийн чухал цаг мөчүүдийг бидэнтэй хуваалцсан. Тэр ч байтугай номлолд явахаар бэлдэж байхад нь бид түүнтэй хамт ариун сүмд орсон юм.
Ах, эгч нар аа, Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай гэдгийг Тед ямар ч эргэлзээгүйгээр мэднэ. Түүнээс гадна бусдыг уучилж, өөрийн ачааг хөнгөлөх нь өршөөл хүлээн авахтай адилхан сайхан зүйл гэдгийг тэр мэднэ. Энэ сайхан мэдрэмж бидний агуу үлгэр дуурайл болсон Түүний жишээг дагаснаар ирдэг юм. Мормоны Номонд Алма Аврагчийн талаар “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө” хэмээн тунхагласан.
Ах эгч нар аа, энэ нь жинхэнэ хайр, өршөөлийн ямар гайхалтай сайхан түүх вэ! Бид ч гэсэн үүний адил бусдад үйлчилж, бусдыг уучилснаар баяр баясгалантай, аз жаргалтай байх боломжтой. Манай өөр нэгэн ач хүү Жоржи үргэлж “Бид ямар гэр бүл билээ?” гэж асууснаа, “Бид аз жаргалтай гэр бүл” гэж хариулдаг.
Ерөнхийлөгч Томас С.Монсон бидэнд “Амьдралдаа дүн шинжилгээ хийж, нинжин сэтгэл, хайр, энэрлийг үзүүлснээр Аврагчийн үлгэр жишээг дагах шийдвэр гаргацгаая” хэмээн зөвлөсөн.
Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ бидэнд хайртай бөгөөд биднийг нэг нэгнээ хайрлаж, үйлдэхэд туслахыг хүсдэг гэдгийг би мэднэ. Бид мөн бусдад үйлчилж, жинхэнээсээ хайрлан уучилснаар эдгээгдэн, өөрсдийн зовлон бэрхшээлийг даван гарах хүчийг хүлээн авна гэдгийг би мэднэ. Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр тунхаглаж байна, амен.