Чухал үнэнүүд, тэдгээрийн дагуу үйлдэх нь
Анхны үзэгдэл болон бошиглогч Иосеф Смит нь энэ амьдрал дахь бидний аз жаргалд болон Бурханы оршихуй дахь өргөмжлөлд маань зайлшгүй чухал нэмэлт мэдлэг, үнэнийг тодорхой болгож өгсөн.
Би долоо орчим настай байхдаа ээжээсээ “Та бид хоёр нас бараад тэнгэр рүү явахад та миний ээж хэвээрээ байх уу?” гэж асуусан юм. Ээж минь тийм асуулт сонсоно гэж бодоогүй ч мэддэг бүхнээ ашиглан, “Үгүй дээ. Тэнгэрт бид ах, эгч, дүү нар байх болно. Би чиний ээж биш болно” гэж хариулав. Түүний хэлсэн үгс миний хүссэн хариулт биш байлаа.
Энэ ярианаас хэсэг хугацааны дараа, манай гэрийн үүдэнд хоёр залуу ирсэн бөгөөд гайхалтай нь аав маань тэднийг орохыг зөвшөөрсөн юм. Тэд өөрсдийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид гэж танилцуулав.
Бид тэднийг ахлагчид гэж дууддагийг мэдэж авсан ба тэд ч гэр бүлийнхэнд маань зааж эхэлсэн. Тэднийг манайд ирэх бүрд бид аз жаргал, баяр хөөр мэдэрдэг байсныг би тодхон санаж байна. Нэгэн залуу эрэгтэй аль сүм үнэн болохыг Бурханаас асуухаар ойн цоорхойд очиж, Бурхан, Есүс Христ хоёрыг харсан гэдгийг тэд бидэнд хэлсэн. Ахлагчид тухайн үзэгдлийн зургийг бидэнд харуулахад би харсан даруйдаа л Иосеф Смит үнэхээр Бурхан Эцэг, Есүс Христийг харсан гэдгийг мэдсэн билээ. Уг үзэгдлээс улбаалан Есүс Христийн үнэн Сүм дэлхий дээр дахин бий болсон гэж номлогчид хэлсэн.
Номлогчид мөн Бурханы аз жаргалын төлөвлөгөөг бидэнд зааж, шашны талаарх манай гэр бүлийн асуултуудад хариулан, гэр бүлүүд энэ амьдралын дараа ч аав, ээж, хүү, охин хэвээр хамт байх болно гэдгийг номлосон юм.
Манай гэр бүл баптисм хүртсэн. Хуучин дадал зуршлаа өөрчилж, ёс заншлаа орхин, Сүмийн идэвхтэй гишүүн болох зам тийм ч дардан байгаагүй. Бид Бурханы нигүүлсэл, хайрын ачаар мөн олон удирдагч, гишүүний тусламжтай эхний хүнд хэцүү жилүүдийг даван туулсан билээ.
Сүмд аль хэдийнээ нэгдсэн сая сая хүн мөн шинээр долоо хоног бүр хөрвөгдөж, баптисм хүртэж байгаа олон хүн Анхны үзэгдлийн талаар гэрчлэлтэй байдаг. Бид бүхнийг Есүс Христийн сайн мэдээний энгийн үнэнээр амьдрахыг хичээхэд Ариун Сүнс үүнийг дахин гэрчилдэг.
Анхны үзэгдэл болон бошиглогч Иосеф Смит нь энэ амьдрал дахь бидний аз жаргалд болон Бурханы оршихуй дахь өргөмжлөлд маань зайлшгүй чухал нэмэлт мэдлэг, үнэнийг тодорхой болгож өгсөн. Нэгэн залуу хөвгүүн өвдөг сөгдөн чин сэтгэлээсээ залбирсны ачаар бидний олж авсан бөгөөд тэдгээрийн дагуу үйлдэх ёстой үнэнүүдээс би гурвыг нь дурдъя.
Бурхан биднийг удирдан чиглүүлэх бошиглогчдыг дууддаг
Бурхан бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг бидэнд зааж, чиглүүлж, сануулж, удирдуулахаар дууддаг нь Анхны үзэгдлээс болон бошиглогч Иосеф Смитээс бидний мэдэж авсан нэгэн чухал үнэн юм. Энэ эрчүүд бол Бурханы дэлхий дээрх төлөөлөгчид бөгөөд Их Эзэний нэрээр ярих, үйлдэх эрх мэдэлтэй. Бид тэдний зөвлөгөөг чанд дагаснаар энэ дэлхий дээрх аяллынхаа турш хамгаалагдаж, агуу адислалууд хүлээн авах болно.
Би залуухан, ганц бие эргэж ирсэн номлогчийн хувьд Бригам Янгийн Их Сургуульд суралцаж байхдаа нэгэн удаа Ариун сүмийн талбай дахь табернеклд Ерөнхий чуулганы санваарын хуралдаанд оролцсон юм. Тухайн үед Сүмийн ерөнхийлөгч байсан ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон эргэж ирсэн номлогч бүрийг гэрлэлтийг чухалчлан үзэж, амьдралынхаа эн тэргүүнд хийх зүйлээ болгохыг ятгасан. Тус хуралдааны дараа би наманчилж, бошиглогчийн зөвлөгөөний дагуу үйлдэх ёстойгоо ойлгосон юм.
Тэгээд би эхнэр болох хүнээ олохоор өөрийн төрөлх эх орон Бразил руу явахаар шийдэж билээ. Би Бразил руу хоёр сарын дадлага хийхээр явахаасаа өмнө ээжтэйгээ болон зарим найзтайгаа утсаар ярьж, эхнэр болохуйц арваад бүсгүйн нэрийг жагсаав.
Бразилд байхдаа би нэлээд тунгаан бодож, залбирсны эцэст уг жагсаалтад байсан бүсгүйчүүдийн нэгтэй уулзаж, болзоод, сүй тавин, гэрлэх огноогоо товлож билээ. Энэ хугацаа Ютагийн Провогийн оюутнуудын болзож, сүй тавьдаг хугацааны амжилтыг эвдэхээргүй ч Бразилын жишгээр бол хурдан байв.
Хэдэн сарын дараа би Илэйнтэй гэрлэсэн. Эхнэр минь миний амьдралын цорын ганц хайр, агуу адислал юм.
Би хүн бүрийг тийм жагсаалт гарга гэж байгаа юм биш. Харин амьд бошиглогчийнхоо хэлсэн зүйлийг байнга үйлдэл болгож байх хэрэгтэйг сануулж байна. Магадгүй энэ нь сануулгаас ч чухал байж мэднэ.
Өнөөдөр ерөнхийлөгч Томас С.Монсон бол Бурханы бошиглогч бөгөөд бид түүний зөвлөгөөг ягштал дагаснаар адислагдах болно.
Бурханы жинхэнэ мөн чанарын тухай мэдлэг
Анхны үзэгдэл, бошиглогч Иосеф Смитээс бидний ойлгож авсан бас нэгэн үнэн бол Бурханы жинхэнэ мөн чанар юм. Бурхан биднийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэйг мөн Өөрийгөө болон Өөрийн Хүүг эрт эдүгээгийн бошиглогчдодоо илчилсэн, бодит бөгөөд бидэнд ойлгогдохуйц Бурханыг шүтэн биширдэг гэдгээ мэдэх нь бидний хувьд ямар их адислал болохыг төсөөл дөө. Тэр бол бидний залбирлуудыг сонсож, хариулдаг Бурхан; дээд тэнгэрээс биднийг хардаг бөгөөд бидний сүнслэг болон материаллаг сайн сайханд байнга санаа тавьдаг Бурхан; Түүнийг дагаж, Түүний зарлигуудад дуулгавартай байх эсэхээ дарамт шахалтгүйгээр өөрсдөө шийдэх сонгох эрхийг бидэнд өгсөн Бурхан; өсөж хөгжин, Түүнтэй адил болохын тулд бидэнд адислалуудыг өгч, зовлон зүдгүүрээ өөрсдөө туулах боломж олгодог Бурхан.
Тэр бол биднийг энэ амьдралд төдийгүй үүрд мөнхөд аз жаргалтай байлгах төлөвлөгөөг өгсөн хайрт Бурхан билээ.
Есүс Христ бол бидний Аврагч
Бид Анхны үзэгдлээс болон бошиглогч Иосеф Смитээс манай шашны булангийн чулуу болох Их Эзэн Есүс Христийн бодит үнэн, ариун нандин номлолын талаарх мэдлэгийг хүлээн авсан.
Дэлхийд үхэл бий болсон учраас бид одоо амьд буйгийн адил хэзээ нэгэн өдөр нас барах нь тодорхой. Үхлийн нөлөөний нэг нь бид бие махбодоо алдаж, түүнийгээ эргүүлэн авахын тулд юу ч хийж чадахгүй байх явдал юм. Цаашлаад бид бүхэн дэлхий дээрх аялалдаа нүгэл үйлддэг тул Тэнгэрлэг Эцэгийн оршихуй руу хэзээ ч эргэн очиж чадахгүй байсан.
Та Бурханы оршихуйгаас тусгаарлагдаж, хэзээ ч дахин бие махбодтой болохгүйн үр дагаврыг төсөөлж чадах уу?
Биднийг үхэл болон нүглээс чөлөөлөхөд Аврагч, Гэтэлгэгч хэрэгтэй байлаа. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн шийдвэрээр дэлхийд ирж, зовж шаналан, загалмай дээр нас барж, амилсан бөгөөд бид ч мөн амилж, чин сэтгэлийн наманчлал, ариун гэрээнүүдийг хийж, сахиснаар дахиад Бурханы оршихуйд байж чадна.
Иаков “Энэхүү аймшигт мангасын атганаас зугтах бидний замыг бэлтгэх, Ай Бурханы маань сайн сайхан хичнээн агуу билээ; тийм ээ, тэр мангас, үхэл болон там, биеийн үхэл мөн түүнчлэн сүнсний үхэл гэж миний нэрлэх тэр буюу” гэж тайлбарласан байдаг.
Есүс бол амлагдсан Мессиа, Хууль тогтоогч, Израилийн Ариун Нэгэн, бидний Их Эзэн, Аврагч, Гэтэлгэгч, Хаан, Бүх зүйл маань билээ.
Бид бүгдээрээ Бурханд болон Түүний Хайрт Хүүд дуулгавартай байж, эдгээр чухал үнэн, мэдлэгийн дагуу үргэлжлүүлэн үйлдэх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.