Их Эзэн Өөрийн Сүмийг удирддаг
Их Эзэний Сүмийн удирдлага дэлхий дээр Түүнд үйлчилж байгаа бүх хүнээс агуу болоод тууштай итгэлтэй байхыг шаарддаг.
Бурханы санваарыг атгадаг хүндэт ах нар аа! Энэ орой би Их Эзэний газар дэлхий дээрх хаант улсаа удирддаг гайхамшигт арга замын талаар ярихыг хүсэж байна. Та нар үндэс суурийг нь аль хэдийн мэднэ. Тухайлбал: Ариун Сүнс тэдгээрийг та нарт батлах болтугай хэмээн би залбирч байна.
Нэгд, Есүс Христ бол энэ дэлхий дээрх Сүмийн тэргүүн мөн.
Хоёрт, өнөөдөр Тэрээр илчлэлтээр дамжуулан бошиглогчид хэмээн нэрлэгддэг хүмүүстэй ярьж Сүмээ удирддаг.
Гуравт, Тэрээр өнө эртний цагт ч бошиглогчдодоо илчлэлт өгдөг байсан, одоо ч өгсөөр байгаа, цаашдаа ч өгөх болно.
Дөрөвт, Тэрээр бошиглогчдынх нь удирдлаган доор үйлчилдэг хүмүүст бататгах илчлэлтийг өгдөг.
Эдгээр суурь ойлголтоос бид Их Эзэний Сүмийн удирдлага энэ дэлхий дээр Түүнд үйлчилж байгаа бүх хүнээс илүү агуу болоод тууштай итгэлтэй байхыг шаарддаг болохыг олж харж болно.
Жишээлбэл, Амилсан Их Эзэн хаант улсад нь өдөр тутам болж буй үйл явдлыг нэг бүрчлэн харж байдаг гэдэгт итгэхэд итгэлтэй байх шаардлагатай. Түүнчлэн, Тэрээр хариуцлагатай албан тушаалд төгс бус хүмүүсийг дууддаг гэдэгт итгэх итгэлтэй байх шаардлагатай. Эцэст нь, Тэр бас дууддаг хүмүүсээ болон тэдний чадавх, чадамжийн аль алиныг нь төгс мэддэг учраас дуудлагадаа ямар ч алдаа гаргадаггүй гэдэгт итгэх итгэлтэй байх шаардлагатай.
Үүнийг сонсоод энэхүү зааланд сууж байгаа зарим хүн, тухайлбал өөрсдийн дуудлагыг алдаа гэж боддог мөн таньдаг хэн нэгнээ Их Эзэний хаант улсад эзэлж буй байр сууриндаа сайн тохирох хүн биш гэж боддог хүмүүсийн аль аль нь мушилзаж эсвэл толгойгоо сэгсэрч байж магадгүй. Энэ хоёр бүлгийн хүмүүст хандан хэлэхэд, Их Эзэний хардаг зүйлийг илүү сайн хардаг болтлоо ийнхүү шүүхээ хойш тавих нь зүйтэй хэмээн зөвлөе. Харин та нар үүний оронд өөрсдөд тань илчлэлт хүлээн авч, үүнийхээ дагуу зоригтой үйлдэх чадавх байгаа гэдгийг эргэцүүлэн бодох хэрэгтэй.
Энэ бүхнийг хийхэд итгэл хэрэгтэй. Харин Их Эзэн та нарыг удирдахаар төгс бус хүмүүс болон үйлчлэгчдийг дуудсан гэдэгт итгэх нь үүнээс ч илүү итгэлтэй байхыг шаарддаг. Өнөө оройн миний хэлэх үгийн зорилго бол Бурхан Өөрт нь зориулан хийх таны үйлчлэлийг удирдан залж байдаг гэдэгт итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх явдал юм. Үүнээс ч илүү чухал зүйл бол Их Эзэн та нарын удирдагчаар дуудагдсан төгс бус хүмүүсээ сүнслэгээр өдөөж байдаг гэдэгт итгэх итгэлийг тань өсгөн нэмэгдүүлэх байх хэмээн би найдаж байна.
Та нар эхэндээ ийм итгэл Их Эзэний Сүмд болон хаант улсын амжилтад чухал биш гэж бодож магадгүй. Гэхдээ Их Эзэний бошиглогчоос эхлээд Аароны шинэ санваартан хүртэл санваарын үйлчлэлийн гинжин хэлхээний хаана ч байсан бай, итгэл нэн чухал гэдгийг та нар олж мэднэ.
Багш нарт эсвэл диконы чуулгын ерөнхийлөгчид итгэл ямар утга учиртай болохыг эхлээд ярилцацгаая. Их Эзэн уг багшийн сул болон хүчтэй талыг мэдэж байгаа тул түүнийг Өөрийн биеэр дуудсан гэдэгт итгэлтэй байх нь түүнд чухал юм. Тэр бас өөрт нь дуудлага өгсөн хүн Бурханы Сүнсээр илчлэлт хүлээн авсан гэдэгт итгэх итгэлтэй байх хэрэгтэй. Чуулгын зөвлөхүүд ба гишүүд нь мөн адил түүнийг зоригтой дагах итгэлтэй байх хэрэгтэй.
Нэг ням гаргийн өглөө диконы чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт сууж байсан нэгэн хөвгүүнээс би ийм итгэлийг олж харсан юм. Тэр тэдний шинээр дуудагдсан нарийн бичиг байв. Залуу ерөнхийлөгчийн зөвлөл хамтдаа зөвлөлдөн, идэвх султай нэгэн хүүг Сүмд эргүүлэн авчрах бишопынхоо хүсэлтийг биелүүлэх хэд хэдэн арга замын талаар ярилцав. Тэд залбирч, ярилцсаны дараа цуглаанд хэзээ ч ирж байгаагүй нэгэн хүүгийн гэрт очиж, урих даалгаврыг нарийн бичигтээ өгчээ.
Нарийн бичиг тэр хүүг танихгүй ч эцэг эхийнх нь нэг нь идэвх султай, нөгөөх нь Сүмийн гишүүн биш мөн нөхөрсөг бус нэгэн гэдгийг мэдэж байв. Сэтгэл нь түгшиж байсан ч тэр айсангүй. Бурханы бошиглогч санваартнуудаас алдагдсан хонийг эргүүлэн авчрахыг хүссэн гэдгийг тэр мэдэж байлаа. Тэр ерөнхийлөгчийн зөвлөлийнхөө залбирлыг мөн тэд аврагдах ёстой уг хүүг болон түүний нэрийг санал нэгтэй дэмжиж шийдвэр гаргахыг нь сонссон.
Нарийн бичиг маань идэвх султай хүүгийн гэрийг чиглэн гудамжаар алхаж явахыг би харсан юм. Тэр нэлээд аюултай газар руу орох гэж байгаа мэт удаан гэгч алхлаа. Гэтэл хагас цаг ч хүрэхгүй хугацаанд тэрээр нөгөө хүүтэй аз жаргалтай инээмсэглэсээр замаар бууж ирэх нь тэр. Тухайн үед түүний мэдэж байсан эсэхийг би мэдэхгүй ч тэрээр Их Эзэний үйл хэрэгт оролцож байгаадаа итгэлтэй явсан. Тэрхүү итгэл нь түүнтэй хамт үлдэж, номлогч, эцэг, залуу эрэгтэйчүүдийн удирдагч, бишоп байсан он жилүүдэд нь өсөн нэмэгдсэн юм.
Ийм итгэлтэй байх нь бишопын хувьд ямар утга учиртай болох талаар одоо ярилцацгаая. Бишоп заримдаа өөрийг нь сайн мэддэг хүмүүст үйлчлэхээр дуудагддаг. Тойргийн гишүүд хувь хүнийх нь хувьд түүний зарим сул болон сүнслэг хүчтэй талыг мэддэг. Мөн тэд тойргийнх нь илүү дээгүүр боловсролтой, илүү арвин туршлагатай, илүү аятайхан эсвэл бүр илүү царайлаг байж болох нэгнийг дуудаж болох байсан гэдгийг бас мэднэ.
Ийм гишүүд бишопоор үйлчлэх дуудлага нь Их Эзэний илчлэлтээр ирдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэд итгэхгүй бол өөрсдөд нь туслах хэрэгтэй илчлэлтийг хүлээн авахад Бурханаар дуудагдсан бишопт илүү хэцүү байх болно. Гишүүдэд бишопыг дэмжих итгэл байхгүй бол тэр амжилтад хүрэхгүй.
Аз болоход, гишүүдийн хандлага үүнээс эсрэг байвал бишопт тус дэм болох нь дамжиггүй. Өөрийн хүмүүсийг наманчлалд авчирсан Их Эзэний үйлчлэгч хаан Бенжамины тухай бодно уу. Хэдийгээр тэр сул дорой хүн байсан ч гэлээ Бурханаар дуудагдсан, хэрэх үг нь Бурханаас ирсэн гэдэгт хүмүүс итгэж байсан тул тэдний зүрх сэтгэл зөөлөрсөн юм. Хүмүүс “Тийм ээ, бидэнд ярьсан тэр бүх үгсэд тань бид итгэнэ; мөн түүнчлэн, бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир тэдгээрийн гарцаагүйг мөн үнэнийг бид мэднэ” (Moзая 5:2) хэмээн хэлснийг та нар санаж байгаа байх.
Их Эзэний ажлыг амжилттай явуулахад нь удирдагчид туслахын тулд хүмүүс түүний дорой байдал, сул талуудыг харахын оронд Бурханаас дуудагдсан гэдэгт нь илүү их итгэх ёстой. Хаан Бенжамин өөрийн удирдах үүргийн талаар юу гэж тайлбарласныг та нар санаж байгаа байх.
“Би та нарыг надаас айх ёстой хэмээн, эсвээс та нар намайг зуурдын хүнээс илүү гэж бодох ёстой учир нааш ирэхийг зарлиг болгосонгүй.
Харин би та нарын адил, биед мөн оюунд байх янз бүрийн мөн сул дорой байдлын харьяат болой; гэвч би энэ хүмүүсээр сонгогдож, мөн эцгээрээ адислагдан томилогдсон билээ, мөн энэ хүмүүсийн дээр хаан хийгээд захирагч байхын тулд Их Эзэний мутраар зөвшөөрөгдсөн буюу; мөн Их Эзэн надад хайрласан бүхий л хүч, оюун мөн чадлаараа та бүхэнд үйлчлэхээр түүний зүйрлэшгүй хүчээр хадгалагдаж мөн хамгаалагдсаар буй” (Moзая 2:10–11).
Их Эзэний Сүмийн удирдагч тань та нарт сул дорой эсвэл хүчтэй, сүнсээр өдөөгдсөн мэт санагдаж болно. Үнэндээ удирдагч болгонд эдгээр болон өөр олон зан чанар холилдон байдаг. Биднийг удирдахаар дуудагдсан Их Эзэний үйлчлэгчдийг Их Эзэн тэднийг дуудах үед хэрхэн харснаар нь харах юм бол бид тэдэнд тусалж байгаа хэрэг юм.
Их Эзэн үйлчлэгчдээ төгс байдлаар хардаг. Тэрээр тэдний чадавх бас ирээдүйг хардаг бөгөөд мөн чанар нь хэрхэн өөрчлөгдөх боломжтойг мэддэг. Удирдах хүмүүсээсээ олж авсан туршлага нь тэднийг хэрхэн өөрчлөх боломжтойг Тэрээр бас мэддэг билээ.
Та нарт үйлчлэхээр дуудагдсан хүмүүс өөрсдийг тань хүчирхэгжүүлж байсан туршлага байгаа байх. Би нэг удаа ганц бие залуучуудын бишопоор дуудагдсан юм. Их Эзэний зорилго миний тусламжтайгаар тэднийг өөрчлөх явдал байсан уу эсвэл тэдний тусламжтайгаар намайг өөрчлөх явдал байсан уу гэдгийг би сайн мэдэхгүй.
Миний ой тойнд буухааргүй байдлаар тухайн тойргийн залуучууд надтай Бурхан зөвхөн тэдний төлөө намайг дуудсан мэт харьцдаг байсан юм. Тэд миний сул талуудыг харсан ч тоохгүй өнгөрөөдөг байлаа.
Надаас боловсролын сонголтын талаар зөвлөгөө авахыг хүссэн нэгэн залууг би тод санадаг. Тэр нэгэн сайн их сургуулийн шинэхэн оюутан байв. Намайг зөвлөгөө өгснөөс хойш долоо хоногийн дараа тэр надтай уулзах цаг товлосон юм.
Тэр албан өрөө рүү минь орж ирээд, “Бишоп оо, бид ярилцахаасаа өмнө залбирч болох уу? Өвдөг сөгдвөл яаж байна? Би залбирч болох уу?” гэж асуусанд би гайхаж билээ.
Түүний хүсэлтэд би ямар их гайхсан гээч. Гэвч түүний залбирал намайг бүр ч их гайхшируулсан юм. Тэр залбиралдаа “Тэнгэрлэг Эцэг минь, бишоп Айринг өнгөрсөн долоо хоногт надад зөвлөгөө өгсөн ч энэ нь тус болоогүй гэдгийг Та мэдэж байгаа. Намайг одоо юу хийх хэрэгтэйг олж мэдэхэд нь түүнд сүнслэгээр нөлөөлнө үү хэмээн гуйж байна” гэж хэлэв.
Та нарт энэ инээдтэй сонсогдож болох ч надад инээдтэй байгаагүй. Тэр Их Эзэн түүгээр юу хийлгэхийг хүсэж байгааг аль хэдийн мэдэж байсан юм. Гэхдээ тэр Их Эзэний Сүмийн бишопын албыг нь хүндэтгэсэн бөгөөд надад тэрхүү дуудлагад илчлэлт хүлээн авахуйц илүү агуу итгэлтэй болох боломжийг өгөхийг хүссэн байх.
Тэр нь ч тус болсон. Биднийг босоод, суумагц надад илчлэлт ирсэн билээ. Би түүнд өөрийн мэдэрснээр Их Эзэний юу хийх нь зөв хэмээн хэлж байгааг нь хэлсэн юм. Тэрээр тухайн үед дөнгөж 18 настай байсан ч сүнслэг байдлаараа төлөвшсөн нэгэн байсан.
Ийм асуудлаар бишоп руу очих хэрэггүй гэдгийг тэр мэддэг байсан ч мөн Их Эзэний үйлчлэгч маш их сул талтай байсан ч түүнийг дэмжих ёстой гэдэгт суралцсан байв. Хожим нь тэр гадасны ерөнхийлөгч болсон. Хэрэв та Их Эзэн дуудсан төгс бус үйлчлэгчдээ өгсөн илчлэлтээрээ дамжуулан Сүмээ удирддаг гэдэгт итгэдэг бол Тэрээр тэнгэрийн цонхыг тэдэнд болон өөрт тань мөн адил нээж өгнө хэмээх хамтдаа олж мэдсэн сургамжийг тэр мартаагүй юм.
Бидний үйлчилдэг хүмүүсийн итгэл заримдаа биднийхээс ч илүү байдаг мөн Их Эзэний үйлчлэлийг хийхэд хэрэгтэй илчлэлтийг авчирдаг гэсэн сургамжийг би уг туршлагаас олж авсан билээ.
Үүнээс би бас өөр нэгэн сургамж олж авсан. Хэрэв тэр хүү эхний удаа өөрт нь сайн зөвлөгөө өгөөгүйд намайг шүүсэн бол зөвлөгөө авахаар хэзээ ч дахин ирэхгүй байх байсан. Тиймээс, тэр намайг шүүхгүй байх сонголтыг хийснээр хүсэж байсан бататгасан илчлэлтээ хүлээн авсан юм.
Энэ туршлагаас олж авсан бас нэг сургамж надад тусалсан. Миний мэдэж байгаагаар, намайг эхний удаа сайн зөвлөгөө өгөөгүй гэдгийг тэр тойргийн хэнд ч хэлээгүй юм. Хэрэв тэр хэлсэн бол энэ нь тойргийн бусад хүний бишопынхоо сүнслэг илчлэлтэд итгэх итгэлийг бууруулах байсан байх.
Би Их Эзэний үйлчлэгчдийг шүүж, ил харагдах сул талынх нь талаар ярихгүй байхыг хичээдэг. Мөн би үүнийг хүүхдүүддээ үлгэр жишээгээрээ заахыг хичээдэг билээ. Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст нэгэн зарчим хуваалцсан бөгөөд би уг зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Би та нарт уг зарчмыг хуваалцъя.
“Бид … орон нутгийнхаа удирдагчдыг дэмжих хэрэгтэй. Учир нь тэд … ‘дуудагдсан мөн сонгогдсон’ билээ. Энэ Сүмийн гишүүн бүр бишоп эсвэл салбар, гадас, номлолын болон Сүмийн ерөнхийлөгчөөсөө, түүнчлэн түүний хамтрагчдаас зөвлөгөө хүлээн авах боломжтой. Эдгээр ахын хэн нь ч уг дуудлагыг өгөөч гэж хүсээгүй. Тэдний хэн нь ч төгс бус билээ. Хэдийгээр ийм ч гэлээ тэд Бурханы үйлчлэгч бөгөөд Тэрээр тэднийг илчлэлт хүлээн авах эрхтэй хүмүүсээр дамжуулан дуудсан. Дуудагдан, дэмжигдэж, онцгойлон адислагдсан тэд бидний дэмжлэгийг авах эрхтэй.
… Шашны санваарын удирдагчдад хүндэтгэлгүй харьцах нь олон хүнийг сүнслэг доройтол, уналтад хүргэж байсан. Биднийг тэргүүлэн удирддаг хүмүүсийнхээ аливаа төгс бус байдал, алдаа дутагдал, сул талыг нь өнгөрөөж, хашдаг албанд нь дэмжих ёстой” (“Called and Chosen,” Liahona, 2005 оны 11-р сар, 54–55).
Энэ зөвлөгөө Бурханы үйлчлэгчдийг ямар ч нөхцөлд адисалдаг.
Сүм зохион байгуулагдсан эхний үед бошиглогч Иосеф Смитэд ойр дотно байсан удирдагчид түүний алдаа дутагдлын талаар ярих болжээ. Хэдийгээр тэд бошиглогч Их Эзэний хувьд хэн болохыг өөрсдийн нүдээр харж, зүрх сэтгэлдээ мэддэг байсан ч гэлээ шүүмжлэлийн сүнс, атаархал нь тахал мэт тархсан байна. Арван хоёрын нэг нь хэрэв бид Их Эзэний хаант улсад үйлчлэхээр бол бид бүхэнд байх ёстой итгэл, үнэнч байдлын бүх жишгийг гаргаж өгсөн.
Тэрхүү тайлангаас хуваалцъя. “Хэдэн ахлагч Иосеф Смитийг унасан бошиглогч гэж үздэг бүх хүнийг ариун сүмд цуглаан хийхээр дууджээ. Тэд Давид Витмерийг Сүмийн шинэ удирдагчаар томилох санаатай байв. Бошиглогчийн эсрэг цэц булаалдахыг нь сонссон Бригам [Янг] босож зогсоод, “Иосеф бол бошиглогч мөн, би үүнийг мэдэж байна мөн тэд өөрсдийнхөө хүссэнээр түүнийг гүтгэж, гоочилж болох ч тэд Бурханы бошиглогчийн томилгоог устгаж чадахгүй, харин тэд зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг алдаж, бошиглогчтой болон Бурхантай өөрсдийг нь холбосон холбоог таслан, өөрсдийгөө там руу живүүлэх болно” (Church History in the Fulness of Times Student Manual [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 2 дахь хэвлэл., 174; мөн Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 79-ийг үзнэ үү). хэмээн гэрчилжээ.
Биднийг үйлчлэх үед Их Эзэнтэй холбодог холбоос үүсдэг Энэ холбоос бидний хаант улсад үйлчлэх дуудлагаас маань эхлэн санваартныг тэргүүлэн удирдахаар дуудагдсан хүмүүстэй, цаашилбал Их Эзэнтэй холбоотой бошиглогчтой холбодог. Дуудагдсан газраа үйлчлэх, Их Эзэн биднийг болон биднийг тэргүүлэн удирддаг хүмүүсийг дуудсан гэдэгт итгэх мөн тэднийг бүрэн итгэлээр дэмжих нь биднээс итгэл, даруу байдлыг шаарддаг.
Бидэнд Көртландад болсонтой адил зүйл буюу Бригам Янгийн адил Их Эзэний дуудсан газар нь зогсож, итгэлтэй, үнэнч шударга байх мөн Түүний дуудсан бошиглогч, удирдагчдад үнэнч гэдгээ харуулах цаг ирнэ.
Би та нарт Их Эзэн Есүс Христ залуур барин зогсож байгаа хэмээх гэрчлэлээ ёслол төгөлдөр, баяр хөөртэй хуваалцаж байна. Тэр Өөрийн сүм болон үйлчлэгчдийг удирддаг. Томас С.Монсон бол энэ цаг үед дэлхий дээрх санваарын бүх түлхүүрийг атгадаг цорын ганц хүн гэдгийг би гэрчилж байна. Мөн Есүс Христийн сэргээгдсэн Сүмд, Түүний өөрийн биеэр удирддаг Сүмд өөрсдийн хүслээр, сайн үйлчилдэг бүх даруу үйлчлэгчдийг адислаасай хэмээн би залбирч байна. Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан гэдгийг би гэрчилж байна. Тэд түүнтэй ярилцсан билээ. Санваарын түлхүүрүүд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг адислахын төлөө сэргээгдсэн. Их Эзэний үйлсийн төлөө байгаа газраа үйлчлэх нь бидний зорилго хийгээд итгэл юм. Есүс Христийн нэрээр, амен.