Гэрлээ асаацгаа
Эгч нар минь, бошиглогчид маань биднийг дуудаж байна. Та нар зөв шударга байх уу? Та нар итгэлийнхээ талаар ярих уу? Та нар гэрлээ асаах уу?
Ерөнхийлөгч Монсон бид хоёр ихэр гэдгийг та нар мэдэхгүй байж магадгүй. Хойд Калифорнид намайг төрсөн тэр өдөр, яг тэр цагт 36 настай Томас Монсон шив шинэхэн төлөөлөгчөөр дэмжин батлагдсан юм. Би Бурханы бошиглогч, ерөнхийлөгч Монсонтой хувийн ийм онцгой холбоотой байдагтаа маш их баяртай байдаг.
Бошиглогчид эмэгтэйчүүдийн талаар ярьж байна. Та нар тэдний заримынх нь үгсийг энэ цуглаан дээр сонсох болно. Би бараг 40 жилийн өмнө ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын бичсэн агуу бошиглолын талаар яримаар байна. 1979 оны 9-р сард дэлхий даяарх Сүмийн эмэгтэйчүүд өөрсдийн ерөнхий хуралдаанаар дөнгөж 2 дахь удаагаа цуглараад байв. Ерөнхийлөгч Кимбалл хэлэх үгээ бэлдчихсэн байсан боловч чуулганы өдөр болоход эмнэлэгт хэвтсэн байлаа. Тиймээс тэр эхнэр Камилла Айринг Кимбаллаас өөрийнх нь бэлдсэн үгийг уншиж өгөхийг хүсжээ.
Кимбалл эгч бошиглогчийн үгсийг уншсан ба үүнд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө дэлхийн сайн эмэгтэйчүүдэд ХҮГ эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлөх талаар тодорхой өгүүлсэн байв. Төгсгөл хавьд Сүмийн эмэгтэйчүүдэд агуу үүрэг өгөгдөж, бид түүнээс хойш энэ талаар ярьсаар байгаа билээ.
Би ерөнхийлөгч Кимбаллын хэлсэн үгээс эш татъя.
“Эцэст нь, хайрт эгч нар минь, урьд өмнө хэлж байгаагүй, эсвээс ийм байдлаар хэлж байгаагүй нэг зүйлийг би та нарт санал болгоё. Дэлхийн олон сайн эмэгтэй олноороо Сүмд татагдан ирэх учраас … сүүлчийн өдрүүдэд агуу өсөлт хөгжил Сүмд тохиох болно. Сүмийн эмэгтэйчүүд өөрсдийн амьдрал дахь зөв шударга байдал, санаагаа тодорхой илэрхийлдэг чадвараа харуулахын зэрэгцээ Сүмийн эмэгтэйчүүдийн амьдрал аз жаргалтай, дэлхийн эмэгтэйчүүдээс ялгагдах өвөрмөц онцлогтой гэдгээ харуулах тусам энэ өсөлт тохиох болно.
Сүмд нэгдэх дэлхийн агуу баатарлаг эмэгтэйчүүдийн дунд хувиа бодохоос илүүгээр шударга байхыг хүсдэг эмэгтэйчүүд гарч ирэх болно. Эдгээр жинхэнэ баатарлаг эмэгтэйчүүд даруу байж, хүнд харагдахаас илүүгээр шударга байдалдаа илүү ач холбогдол өгнө.
Хожмын өдрүүдэд Сүмд тоогоороо ч, сүнслэг байдлаараа ч гол түлхэц хүч болох хүмүүс нь Сүмийн үлгэр жишээ эмэгтэйчүүд байх болно.”
Ямар гайхамшигтай бошиглол вэ? Дүгнэж хэлбэл:
-
Ирэх жилүүдэд Сүмийн гол өсөлт хөгжилтөд нөлөөлөх зүйл нь эмэгтэйчүүдийн сайн харилцаа холбоо байх болно.
-
Халамжийн нийгэмлэгийн эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн охид маань өөр шашны, өөр итгэлтэй бурханлаг эмэгтэйчүүд, охидтой нөхөрлөснөөр хожмын өдрүүд дэх Сүмийн өсөлтөд гол түлхэц хүч болно.
-
Ерөнхийлөгч Кимбалл өөр өөр гарал үүсэлтэй эдгээр эмэгтэйг “баатарлаг” гэж нэрлэсэн бөгөөд тэднийг хувиа бодохоос илүүгээр зөв шударга байхад анхаарч, үнэнч шударга байдал бол бусдад сайн мэт харагдахаас илүү чухал болохыг үзүүлнэ гэж хэлсэн.
Би дэлхий даяар ажлаа хийж явах үедээ ийм сайн эмэгтэйчүүдийн олонтой уулзаж байсан. Тэдний нөхөрлөл надад маш үнэ цэнтэй. Тэд та нарын найз нөхөд, хөршүүд дунд байдаг. Тэд яг одоо Сүмийн гишүүд биш ч байж магад, гэхдээ бид чухал нөхөрлөлөөр холбогддог. Бид хэрхэн үүргээ биелүүлэх вэ? Бид юу хийх ёстой вэ? Ерөнхийлөгч Кимбалл таван зүйлийг багтаажээ.
Нэгдүгээрт, зөв шударга бай. Зөв шударга байна гэдэг нь төгс төгөлдөр байхыг эсвэл хэзээ ч алдаа гаргахгүй байхыг хэлж байгаа юм биш. Энэ нь Бурхантай дотоод сэтгэлийн хэлхээ холбоог үүсгэж, нүгэл, алдаагаа наманчлан, бусдад чөлөөтэй туслахыг хэлж байгаа юм.
Наманчилсан эмэгтэйчүүд түүхийн явцыг өөрчилдөг. Миний нэг найз залуу байхдаа автомашины осолд ороод, өвчин намдаах эмэнд донтсон юм. Хожим нь түүний эцэг эх хоёр салжээ. Тэр богино хугацаанд хүнтэй үерхэж байгаад жирэмсэлж, донтолт нь ч үргэлжилсэн хэвээр байв. Гэтэл нэг орой тэр өөрийн амьдрал дахь эмх замбараагүй байдлыг хараад “Одоо больё” гэж боджээ. Тэр Аврагч Есүс Христээс өөрт нь туслаач гэж гуйв. Тэрээр Есүс Христ өөрийнх нь аймшигт нөхцөл байдлаас ч илүү хүчирхэг бөгөөд наманчлалын замаар алхахдаа Түүний хүч чадалд найдаж болно гэж мэдсэн гэдгээ хэлсэн юм.
Их Эзэнд болон Түүний замаар явахаар буцаж ирснээр тэр өөрийн амьдралын мөн хүүгийнхээ, шинэ нөхрийнхөө түүхэн замналыг өөрчилсөн. Тэр зөв шударга хүн бөгөөд алдаа гаргасан, өөрчлөгдөхийг хүсэж байгаа бусдад өрөвч нинжин сэтгэлээр ханддаг. Бид бүгдтэй адил түүний амьдрал төгс биш ч тэр яаж наманчлахаа бас хэрхэн үргэлжлүүлэн хичээхээ мэддэг.
Хоёрдугаарт, санаа бодлоо ил тод илэрхийл. Санаа бодлоо ил тод илэрхийлэх гэдэг нь аливаа зүйлийн талаар юу гэж бодож байгаагаа мөн яагаад гэдгээ тодорхой илэрхийлэх гэсэн утгатай. Энэ жилийн эхээр, фэйсбүүк дээр маань Христийн шашныг муулсан пост байв. Би түүнийг уншаад, дургүй хүрсэн ч тоохгүй орхисон. Гэсэн ч манай Сүмийн гишүүн биш нэгэн танил маань сэтгэгдлээ бичиж үүнд хариулсан байв. Тэр “[Энэ бол] Есүсийн заасан зүйлсийн эсрэг байна. Тэр … радикал үзэлтэй байсан … учир нь тэр дэлхийнхнийг эрх тэгш байдалд оруулсан. … Тэр биеэ үнэлэгчтэй [ярьж], татвар хураагчтай хамт [хооллож] …, хүч чадалгүй эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй нөхөрлөж … [мөн] бидэнд сайн самари хүний түүхийг өгсөн. Тиймээс … жинхэнэ Христийн шашинтай хүмүүс дэлхий дээр хамгийн энэрэнгүй хүмүүс болохоор хичээдэг байх ёстой” гэж бичсэн байсан. Би үүнийг уншсаныхаа дараа “Би яагаад ингэж бичээгүй юм бол?” гэж бодож билээ.
Бидний хүн нэг бүр итгэл бишрэлийнхээ шалтгааныг үгээр маш сайн илэрхийлдэг байх хэрэгтэй. Та Есүс Христийн талаар юу гэж бодож явдаг вэ? Та яагаад Сүмд явсаар байгаа вэ? Та яагаад Мормоны Номыг судар гэж боддог вэ? Та амар амгаланг хаанаас олж авдаг вэ? Бошиглогчийн 2017 онд хэлэх зүйл яагаад чухал вэ? Та түүнийг жинхэнэ бошиглогч гэдгийг яаж мэддэг вэ? Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эсвэл найз нөхөдтэйгөө ярилцах үедээ мөн ач зээтэйгээ ярьж байхдаа өөрийн мэдэрч байгаа болон мэддэг зүйлсийг үгээр илэрхийлэхдээ дуу хоолой, хүч чадлаа ашигла. Итгэдэг шалтгаанаа, хэрхэн мэддэг болсноо, ямар сэтгэгдэлтэй байдгаа, хэрвээ хэзээ нэгэн цагт эргэлзэх үе гарч байсан бол тэр үеийг хэрхэн туулснаа, таны хувьд Есүс Христ ямар утга учиртай болохыг тэдэнд хэл. Төлөөлөгч Петрийн хэлснээр “Бүү ай …; харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна.”
Гуравдугаарт, бусдаас өөр бай. Өнгөрсөн долоодугаар сад Флорида мужийн Панама Сити Бичд болсон явдлын талаар би ярья. Их үдийн хэрд Робэрта Үрсрэй хоёр жаахан хүүгээ далайд 90 орчим метрийн зайтай газраас тусламж гуйн хашхирч байхыг харжээ. Тэд далайн хүчит урсгалд автан, далай руу түрэгдэж байлаа. Ойролцоо байсан хос хөвгүүдийг аврахыг оролдсон боловч өөрсдөө хүчтэй урсгалд татагдав. Тиймээс Үрсрэйн гэр бүлийн гишүүд арай ядан сэлж байгаа тэднийг аврахаар ус руу үсрэн орсон ба тэр даруй есөн хүн уг түрлэгт татагджээ.
Ямар ч олс байсангүй. Аврагчид ч байсангүй. Цагдаа нар аврах завь дуудсан боловч далайд 20 минутын турш амь тэмцсэн хүмүүс тамирдаж, толгой нь усанд далд орж байлаа. Далайн эрэг дээрээс харж байсан хүмүүсийн дунд Жэссика Мэй Симмонс байв. Түүний нөхөр гар гараасаа барьж гинжин холбоо үүсгэх санааг өгөв. Тэд далайн эрэг дээрх хүмүүс рүү тусламж эрэн хашхирч, хэдэн арван хүн гар гараасаа барин, далай руу жагсан оров. Жэссика “Өөр өөр яс үндэс, хүйсийн хүмүүс огт танихгүй хүмүүст туслахаар нэгдэн нийлэхийг харахад маш гайхамшигтай байсан” гэж бичжээ. 80 хүнээс бүтсэн гинжин холбоо усанд байгаа хүмүүст ойртов. Тэрхүү гайхамшигт мөчийн зургийг хар даа.
Эрэг дээр байсан хүмүүс аврах нийтлэг аргуудыг бодож байсан ба юу хийхээ мэдэхгүй байсан. Гэтэл хоромхон зуур нэгэн хос өөр нэг гарц олжээ. Шинийг санаачилж, бүтээх нь сүнслэг бэлгүүд юм. Бид гэрээнүүдээ сахих үед манай нийгэм, соёл уламжлал дахь бусад хүнээс өөр болж магад, гэхдээ энэ нь биднийг сүнслэгээр өдөөж, улмаар бид өөр гарц, өөр арга барил, өөр хэрэгжүүлэлтийн талаар бодож олж чаддаг юм. Бид дэлхийтэй дандаа таарч зохицоно гэж байхгүй ч эерэг сайн замаар өөр байх нь зовж зүдэрч байгаа хүмүүст тус дэм болж болно.
Дөрөвдүгээрт, өвөрмөц бай. Өвөрмөц байх нь бусдаас тодорхой байдлаар өөр байхыг хэлдэг. Далайн эрэг дээрх Жэссика Мэй Симмонсын түүх рүү буцаж оръё. Гар гараасаа барьсан хүмүүс усанд сэлж байгаа тэдний зүг сунан ойртоход, Жэссика яаж тусалж чадахаа мэджээ. Жэссика Мэй “Би амьсгаагаа түгжээд Олимпийн стандарт хэмжээтэй усан санг амархан тойрч сэлдэг байв. [Би бас далайн түрлэгээс хэрхэн гарахаа мэддэг байсан.] Би усан доторх хүмүүсийг [нэг нэгээр нь] гар гараасаа барьсан хүмүүст хүргэж өгч чадахаа мэдэж байсан” гэж хэлжээ. Тэр нөхөртэйгөө хамт усанд хөвдөг хавтан буюу бүүгий боард аваад, өөр нэгэн аврагчийн хамт гинжин холбооны төгсгөл хүртэл сэлж, сэлж буй тэднийг нэг нэгээр нь гинжин холбоонд хүргэсэн ба хүмүүс тэднийг далайн эрэг рүү аюулгүй гаргаж байлаа. Жэссикад нэг өвөрмөц чадвар байсан нь далайн түрлэгийн эсрэг сэлэх чадвар байв.
Сэргээгдсэн сайн мэдээ нь бусдаас тодорхой байдлаар өөр юм. Гэхдээ бид үүнийг хэрхэн дагах тухайд өвөрмөц байх хэрэгтэй. Жэссика сэлж сурсантай адил, бид гэнэтийн асуудал гарахаас өмнө сайн мэдээг дагаж амьдрах тал дээрээ дадлагажих хэрэгтэй бөгөөд тэгснээр урсгалд татагдан урсаж байгаа бусдад айхгүйгээр туслах хүчтэй байх болно.
Мөн эцэст нь, тавдугаарт, дээрх дөрвийг баяр хөөртэй арга замаар хий. Баяр хөөртэй байх гэдэг нь юу тохиож байгаагаас үл хамааран хуурамч инээмсэглэл нүүрэндээ тодруулна гэсэн үг биш. Харин энэ нь Бурханы хуулиудыг сахиж, бусдыг хүчирхэгжүүлж, өргөн дэмжинэ гэсэн үг юм. Бид бусдыг өргөж, бусдын ачааг хөнгөлж өгөх үед энэ нь бидэнд тулгарсан бэрхшээлүүд ч булааж авч чадахгүй тийм арга замуудаар амьдралыг маань адисалдаг. Би ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах эшлэлийг өдөр бүр харж чадах газраа байрлуулсан. Тэр “Та нар гутранги үзэл, эргэлзээтэй байвал юуг ч хийж, бүтээж чадахгүй. Өөдрөг үзэлтэй бай. Итгэлээр үйлд. Бүх зүйл сайхан болно“ гэж хэлсэн юм.
Би баяр хөөртэй, өөдрөг үзэлтний жишээ болсон 13 настай Элса гэдэг охиныг мэддэг ба түүний гэр бүл найз нөхдөөс нь 2900 километрийн зайтай, Луизиана мужийн Батон Руж гэдэг газар рүү нүүж байв. 13 настай байхад шинэ газар нүүж ирнэ гэдэг их амаргүй байдаг шүү дээ. Элса нүүх талаар эргэлзэж байсан нь ойлгомжтой ба аав нь түүнд адислал өгөв. Яг адислалын үеэр ээжийнх нь утсанд мессеж ирэн дуугарчээ. Луизиана дахь тойргийн залуу эмэгтэйчүүд энэ зургийг явуулаад, доор нь “Манай тойрогт нүүж ирээрэй” гэж бичсэн байв.
Эдгээр залуу эмэгтэй Элсатай уулзаж байгаагүй мөртлөө түүнтэй найз болно гэсэн өөдрөг бодолтой байлаа. Тэдний өөдрөг байдал Элсад нүүх талаар нь эерэг бодол төрүүлж, бүх зүйл сайн болох болов уу гэсэн залбирлынх нь хариу болсон байна.
Биднийг адислаад зогсохгүй бидний эргэн тойрон дахь хүмүүсийг хүчирхэгжүүлдэг эрч хүч нь аз жаргалтай байдал, өөдрөг үзлээс ундран гарч байдаг. Бусдад жинхэнэ аз жаргалыг авчрахаар хийх ямар ч жижиг зүйл таныг ерөнхийлөгч Кимбаллын асаасан бамбарыг аль хэдийн өргөж явааг харуулдаг.
Ерөнхийлөгч Кимбалл уг үгийг хэлэх үед би 15 настай байлаа. 40-өөс дээш насныхан бид тэр өдрөөс хойш ерөнхийлөгч Кимбаллын өгсөн үүргийг биелүүлж яваа. Одоо би 8 настай, 15 настай, 20 настай, 35 настай та нарыг харж байгаа бөгөөд энэ бамбарыг та нарт шилжүүлж өгье. Та нар энэ Сүмийн ирээдүйн удирдагчид бөгөөд энэ гэрлийг урагш өргөн, уг бошиглолыг гүйцэлдүүлэх нь та нарын үүрэг хариуцлага. 40-өөс дээш настай бид та нарын гараас барилцан холбогдож, та нарын эрч хүч, хүч чадлыг мэдрэх болно. Та нар бидэнд хэрэгтэй.
Сургаал ба Гэрээ 49:26–28 дээрх судрыг сонс доо. Энэ нь өөр нөхцөл байдалд бичигдсэн хэдий ч, та нарыг өнөө орой Ариун Сүнсээр дамжуулан энэ ариун ажилд дуудагдах хувийн дуудлагаа гэж хүлээн аваасай хэмээн би найдаж байна.
“Болгоогтун, би та нарт хэлнэ, та нарт миний зарлигласнаар урагш явагтун; бүх нүглээсээ наманчил; асуу, тэгвэл та нар хүлээж авах болно, тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.
Болгоогтун, би та нарын өмнө явж мөн та нарын ар талын хамгаалагч байх болно; мөн би та нарын дунд байх болно, бас та нар дийлэгдэх нь үгүй.
Болгоогтун, бибээр Есүс Христ билээ, мөн би гэнэт ирнэ.”
Би та нарын хүн нэг бүрийг Бурханы та нарыг гэсэн өгөөмөр хайрыг мэдэрч чадах газар байхыг уриалж байна. Та нар өөрсдийгөө тэр хайраас хүртэх эрхгүй гэж битгий бодоорой. Та нар Түүний хайрыг мэдэрч, Түүнийг хайрлаж байгаа цагт наманчилж мөн Түүний зарлигуудыг сахидаг. Бид Түүний зарлигуудыг сахих үед Тэр таныг Өөрийн ажилд ашиглаж чадна. Их Эзэний ажил болон алдар суу эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн мөнх амьдралын өргөмжлөл билээ.
Эгч нар минь, бошиглогчид маань биднийг дуудаж байна. Та нар зөв шударга байх уу? Та нар итгэлийнхээ талаар ярих уу? Та нар бусдаас ялгаатай, өвөрмөц байж чадах уу? Та нарын бэрхшээлээс үл хамаарах аз жаргалтай байдал чинь сайн, нэр төртэй тэднийг, та нарын нөхөрлөл хэрэгтэй байгаа хүмүүсийг өөрсөд рүү чинь татах болов уу? Та нар гэрлээ асаах уу? Их Эзэн Есүс Христ бидний өмнө явж, бидний дунд байх болно гэж би гэрчилж байна.
Бидний хайртай бошиглогч Томас С.Монсоны “Хайрт эгч нар минь, энэ бол та нарын өдөр, энэ бол та нарын цаг” гэсэн үгээр би үгээ төгсгөе. Есүс Христийн нэрээр, амен.