2010–2019
Их Эзэнд ханд
2017 оны 10-р сар


2:3

Их Эзэнд ханд

Энэ мөнх бус амьдралд бид өөрсдөдөө тохиолдох бүх зүйлийг хянаж чадахгүй ч амьдралын өөрчлөлтүүдэд хэрхэн хандахаа бүрэн хянаж чадна.

1998 оны хавар Кэрол бид хоёрт бизнесийн аяллаа гэр бүлийн амралттайгаа нэгтгэж, дөрвөн хүүхэд болон бэлэвсрээд удаагүй байсан хадам ээжтэйгээ хамт Хавай руу хэд хоногоор явах боломж олдсон юм.

Хавай руу нисэхийн өмнөх орой дөрвөн сартай Жонатон хүү маань хоёр чихэндээ халдвар авсан болох нь тогтоогдож, дор хаяж гурваас дөрвөн өдрийн дараа л аялах боломжтой гэж хэлэв. Кэрол Жонатонтой хамт гэртээ үлдэж, харин би бусад гэр бүлийнхнээ аваад аялахаар болсон.

Энэ нь миний төсөөлж байсан аялал биш байсныг илтгэсэн анхны тохиолдол зорьсон газраа очсоны дараахан болсон юм. Сарны туяанд далдуу моддоор хүрээлүүлсэн замаар далайг харан алхахдаа би уг арлын үзэсгэлэнгийн талаар өөрийн эрхгүй дуу алдах яг тэр романтик мөчид Кэрол руу биш, хадам ээжийнхээ нүд рүү харж байв. Энэ дашрамд би хадам ээждээ үнэхээр их хайртай гэдгээ нэмж хэлмээр байна. Энэ нь миний хүсэж хүлээсэн зүйл биш байсан. Кэрол ч бас өвчтэй бяцхан хүүгээ асран, гэртээ ганцаараа амралтаа өнгөрөөнө гэж төсөөлөөгүй байсан юм.

Бидний амьдралд хүсэн хүлээгээгүй зам дээр бүтэлгүйтсэн аяллаас илүү хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарах цаг үе ирнэ. Үйл явдлууд, тэр тусмаа хяналтаас гарсан үйл явдлууд төлөвлөж, хүсэн хүлээж байсан амьдралыг маань өөрчлөх үед бид хэрхэн хандах ёстой вэ?

Хайрум Смит Шамвэй

1944 оны 6-р сарын 6-нд Америкийн Нэгдсэн Улсын зэвсэгт хүчний залуухан бага дэслэгч Хайрум Шамвэй нь Омаха далайн эрэг рүү Д-Дэй буюу Нормандийн дайралтад оролцохоор явжээ. Тэр аюулгүй газардсан ч 7-р сарын 27-нд Нэгдсэн дайралтад оролцож байхдаа дэлбэлэх бөмбөгт өртөж, хүнд бэртсэн байна. Энэ үйл явдал нүд ирмэхийн зуур болж өнгөрч, түүний амьдралд болоод ирээдүйд сонгох байсан эмчийн мэргэжилд нь ихээхэн нөлөөлсөн юм. Шамвэй ах хэд хэдэн мэс засалд орж, ихэнх ноцтой бэртэл нь эдгэрсэн ч нүдэнд нь хараа ороогүй юм. Тэр энэ бүхэнд яаж хандсан бэ?

Тэрээр эмнэлэгт 3 жилийн турш нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний дараа Вайомингийн Ловэлл дэх гэртээ буцан иржээ. Эмч болох хүсэл мөрөөдөл нь биелэх боломжгүй гэдгийг тэр мэдэж байсан ч урагш явж, гэрлэх, гэр бүлээ тэтгэн тэжээхээр шийдсэн юм.

Тэрээр эцэст нь Мэрилэндийн Балтиморт хараагүйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээний зөвлөх, ажил эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллах болсон байна. Тэрээр өөрөө нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байхдаа хараагүй хүмүүс бодож байснаас нь илүү их зүйлийг хийж чадах юм байна гэдгийг ойлгосон бөгөөд дээрх албан тушаалд найман жил ажиллахдаа улсынхаа ямар ч зөвлөхөөс илүү байж, олон хараагүй хүнийг ажилд оруулжээ.

Шамвэйн гэр бүл

Гэр бүлээ тэтгэн тэжээж чадна гэдэгтээ итгэлтэй болсон Хайрум хайрт бүсгүйдээ “Хэрэв чи захиа уншиж, оймснуудыг ялган, машинаа жолоодно гэвэл би бусдыг нь хийе” гэж хэлж, гэрлэх санал тавьсан байна. Тэд тун удалгүй Солт Лэйк ариун сүмд лацдан холбуулсан бөгөөд найман хүүхдээр адислагдсан билээ.

1954 онд Шамвэйн гэр бүлийнхэн Вайоминг руу буцаж ирсэн бөгөөд Шамвэй ах тэндээ 32 жилийн турш мужийн сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол хариуцсан даргаар ажилласан юм. Энэ он жилүүдэд тэрээр Чэйэннэ нэгдүгээр тойргийн бишопоор 7 жил, дараа нь гадасны патриархаар 17 жил үйлчилжээ. Тэтгэвэртээ гарсныхаа дараа Шамвэй ах, эгч хоёр Английн Өмнөд Лондон номлолд ахмад номлогчоор үйлчилсэн байна.

Хайрум Шамвэй 2011 оны 3-р сард үр хүүхэд, ач, зээ, ачинцар, зээнцэр гээд өнөр өтгөн гэр бүлийнхэндээ Их Эзэнд итгэх итгэл, найдварын өвийг үлдээн, насан эцэслэсэн юм.

Хайрум Шамвэйгийн амьдрал дайнаас болж өөрчлөгдсөн байж болох ч тэр өөрийн бурханлаг мөн чанар, мөнхийн чадавхад огтхон ч эргэлзэж байгаагүй. Бид түүнтэй адил Бурханы сүнсэн охид хөвгүүд бөгөөд “мөнх амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож, төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд бие махбодтой болж, энэ дэлхийд амьдрах тухай Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн.” Сонгох эрхээ ашиглан хийх сонголтоос өөр ямар ч өөрчлөлт, зовлон бэрхшээл, эсэргүүцэл биднийг мөнхийн замаас холдуулж чадахгүй.

Мөнх бус байдалд бидний туулдаг өөрчлөлт, үүнээс үүдэн гарах сорилт бэрхшээл нь янз бүрийн байдал, хэр хэмжээгээр ирдэг бөгөөд бидний хүн нэг бүрд өөр өөр байдлаар нөлөөлдөг. Та нартай л адил найз нөхөд, гэр бүлийнхэн маань дараах саад бэрхшээлтэй тулгарч байсныг би харсан. Тухайлбал:

  • Хайртай нэгнээ алдах

  • Гэр бүл салалтын гашуун зовлонг амсах

  • Гэрлэх боломж олдохгүй байх

  • Хүндээр өвдөж, бэртэх

  • Саяхан дэлхий даяар тохиолдсон шиг байгалийн гамшигт нэрвэгдэх гэх мэт.

Энэ жагсаалт үүгээр дуусахгүй нь мэдээж. Хэдийгээр “өөрчлөлт” бүр бидний өвөрмөц нөхцөл байдлын улмаас өөр өөр байж болох ч зовлон, саад бэрхшээлийг давж гарсны дараа энэ бүгд Есүс Христийн цагаатгагч золиослолоор дамжуулан итгэл найдвар, амар амгаланг олох боломжтой гэдгээрээ адилхан. Есүс Христийн Цагаатгал гэмтсэн бие, шархалсан сүнс, харууссан зүрх бүрийг бүрэн засаж янзлан, эдгээх боломжийг олгодог.

Биднийг хувь хүнийхээ хувьд энэ бүх өөрчлөлтийн явцад урагш явахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг Тэрээр хэнээс ч илүү мэддэг. Бидний найз нөхөд, хайртай хүмүүсээс ялгаатай нь, Тэрээр зөвхөн биднийг өрөвдөөд зогсохгүй, бидний мэдэрсэн зүйлийг өөрийн биеэр амссан учраас бидний зовлонг төгс ойлгодог юм. Есүс Христ гэм нүглийн маань зовлонгийн төлөөсийг төлөөд зогсохгүй, мөнх бус байдалдаа бидний явах бүх замаар явж, бүхий л асуудлыг шийдвэрлэж, бие, сэтгэл, сүнсний бүх л зовлонг амссан билээ.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Есүс Христийн нигүүлсэл, ач ивээл нь буруу зүйл хийдгээс улбаатай … нүгэл үйлддэг хүмүүсээр хязгаарлагддаггүй, харин Түүнийг болон Түүний сургаалуудыг хүлээн зөвшөөрч дагах тэд бүгдэд үүрдийн амар амгалангийн амлалтыг өгдөг. … Түүний нигүүлсэл хүчирхэг эдгээгч бөгөөд бусдын гэм нүглийн золиос болсон хүмүүсийг ч мөн эдгээдэг” хэмээн заасан.

Энэ мөнх бус амьдралд бид өөрт тохиолдох бүх зүйлийг хянаж чадахгүй ч амьдралын өөрчлөлтүүдэд хэрхэн хандахаа бүрэн хянаж чадна. Гэхдээ энэ нь бидэнд тохиолддог асуудал, сорилт бэрхшээлүүд ямар нэгэн үр дагаваргүй бөгөөд амар хялбар шийдвэрлэгдчихдэг гэсэн үг биш шүү. Мөн бид өвчин, шаналлаас чөлөөлөгдөнө гэсэн үг ч биш. Харин энэ нь итгэж найдах учир шалтгаан бий бөгөөд Есүс Христийн Цагаатгалын ачаар бид урагш явж, сайн өдрүүдийг, бүр баяр баясал, гэрэл гэгээ, аз жаргалаар дүүрэн өдрүүдийг олж чадна гэсэн үг юм.

Бид “Их Эзэнээс урьдаас сэрэмжлүүлэгдэж … хаан Ноагийн их цэргээс өмнө аглаг буйд тийш дайж[сан]” Хаан Ноагийн санваартан байсан Алма болон түүний хүмүүсийн тухай түүхийг Мозая номноос уншдаг. Найм хоногийн дараа тэр “бүр маш үзэсгэлэнтэй мөн тааламжтай нутагт … ирж, майхнуудаа босгож, мөн газар боловсруулж эхлэв, мөн барилгууд барьж эхлэв.”

Тэдний ирээдүй үнэхээр гэгээлэг харагдаж байв. Тэд Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, Их Эзэнд үйлчилж, Түүний зарлигуудыг сахина хэмээн гэрээнд орж, баптисм хүртсэн байлаа. Мөн “тэд Хиламын нутагт өнөржин мөн үлэмж дэгж[сэн]” байв.

Гэвч тэдний нөхцөл байдал удалгүй өөрчлөгдсөн юм. “Леменчүүдийн их цэрэг нутгийн хилийн дотор орж ирэв.” Алма хүмүүсийнхээ хамт боолчлогдож, “тэдний зүдгүүрүүд аймшигтай байсан тул тэд Бурханд хүчтэйгээр залбиран гуйж эхэлсэн ажээ.” Мөн нэмж хэлэхэд, харгалзагчид бүр тэдэнд залбирахаа болихыг тушаасан бөгөөд залбирахаа болихгүй бол “Бурханыг дуудсан хэнийг боловч үхэлд хүргэхээр” болсон байв. Алма болон түүний хүмүүс энэ шинэ нөхцөл байдалд орох юу ч хийгээгүй юм. Тэд энэ нөхцөлд хэрхэн хандсан бэ?

Тэд Бурханыг буруутгахын оронд Түүнд хандаж, “зүрх сэтгэлээ түүнд юүлж байсан болой.” Тэдний итгэл, чимээгүй залбирлын хариуд Их Эзэн “Тайтгарагтун. … Та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол…би түүнчлэн хөнгөлнө” хэмээн хэлжээ. Тун удалгүй “ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой.” Хэдийгээр тэд боолчлолоос хараахан чөлөөлөгдөөгүй байсан ч Их Эзэнээс нүүрээ буруулаагүй төдийгүй, харин ч Түүн рүү эргэснээр өөрсдийн хэрэгцээ болоод Их Эзэний мэргэн ухааны дагуу адислагдсан билээ.

Ахлагч Даллин Х.Өүкс “эдгэрлийн адислалууд олон янзаар ирдэг бөгөөд тэдгээр нь биднийг хамгийн ихээр хайрладаг Их Эзэний харж байгаагаар хувь хүний маань хэрэгцээнд таарч ирдэг. Заримдаа ‘эдгэрэл’ нь бидний өвчин зовлонг анагааж, ачааг хөнгөлдөг. Харин заримдаа бидэнд ачаагаа даах хүч, ойлголт, тэвчээрийг өгснөөр биднийг ‘эдгээдэг’” хэмээн заасан.

Эцэст нь “тэдний итгэл мөн тэдний тэвчээр тийм агуу байсан учир” Алма болон түүний хүмүүс Их Эзэнээр чөлөөлөгдөж, “Бурханд талархлаа уудлан илэрхийлэв … учир нь тэд боолчлолд байж, мөн Их Эзэн Бурханаас нь өөр хэн ч тэднийг чөлөөлж чадахгүй байлаа.” Бидэнд ч мөн ийм зүйл тохиолдох болно.

Харамсалтай нь тусламж хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүс ихэнхдээ өөрсдийн тусламжийн төгс эх булаг болох Аврагч, Есүс Христээс нүүр буруулдаг. “Гуулин могойн” нэгэн танил судрын түүх сорилт бэрхшээлтэй нүүр тулсан үед бидэнд сонголт байдаг гэдгийг заадаг. Израилийн олон хүүхэд “харвагч хорт могойнуудад” хазуулсны дараа “хэв шинж өргөгдсөн … үүнийг харсан хэн боловч амьдарч болохын тулд юм. [Энэ нь тэдний сонголт байсан.] Мөн олон нь харж мөн амьдрав.

Харин хатуурсан байснаас харахыг хүсээгүй нь олон байв, тиймийн тул тэд мөхсөн юм.”

Эртний израильчуудын адил биднийг ч гэсэн Аврагч руу харж, амьдрахад урьж урамшуулдаг. Бидний ачаа хүнд үед ч Түүний буулга амархан, Түүний ачаа хөнгөн.

Залуу Алма “Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг би мэднэ” гэж хэлэхдээ уг ариун нандин үнэнийг заасан.

Хожмын энэ өдрүүдэд Их Эзэн бидэнд Христ рүү харж, итгэл найдвараа Түүн дээр тавихад зориулагдсан олон эх сурвалжийг буюу “гуулин могойнуудыг” өгсөн билээ. Амьдралын сорилт бэрхшээлийг даван туулна гэдэг нь бодит байдлыг үгүйсгэхийг хэлдэггүй, харин хаашаа анхаарлаа хандуулж, ямар суурин дээр барьж босгох вэ гэдэг сонголтыг хийхийг хэлдэг юм.

Үүнд дараах эх сурвалжууд орно. Тухайлбал:

  • Судрууд, амьд бошиглогчдын үгсийг тогтмол судлах

  • Ойр ойрхон чин сэтгэлээсээ залбирч, мацаг барих

  • Ариун ёслолоос зохистой хүртэх

  • Ариун сүмд тогтмол орох

  • Санваарын адислалууд авах

  • Мэргэшсэн мэргэжилтний ухаалаг зөвлөгөөг авах

  • Эмийг эмчийн бичгээр, зааврын дагуу зөв хэрэглэх зэргээс гадна өөр бас бус зүйл орж болно.

Амьдралын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн бай мөн төлөвлөөгүй ямар ч замаар алхалсан бай, эдгээрт хэрхэн хандах нь бидний сонголт. Аврагчид хандаж, Түүний дэлгэсэн мутраас зууран барих нь бидний хувьд үргэлж хамгийн зөв сонголт байх болно.

Ахлагч Ричард Г.Скотт энэхүү мөнхийн үнэнийг заасан. “Хамгийн хүнд хэцүү сорилт бэрхшээлийг даван гарахад туслах хүч чадал, эр зориг, ур чадавхтай хосолсон жинхэнэ, өнө мөнхөд үргэлжлэх аз жаргал нь Есүс Христ дээр төвлөрсөн амьдралаас ирдэг. … Тэр даруй үр дүн нь ирнэ гэсэн баталгаа байхгүй ч Их Эзэний цаг хугацаанд шийдлүүд бий болж, амар амгалан ирж, хоосон орон зай нөхөгдөх нь гарцаагүй үнэн билээ.”

Би эдгээрийг үнэн гэж гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.