2010–2019
Их Эзэний дуу хоолой
2017 оны 10-р сар


2:3

Их Эзэний дуу хоолой

Энэ чуулганаар бид Их Эзэний дуу хоолойг сонссон гэдгийг би гэрчилж байна. Бид тэрхүү дуу хоолойнд хэрхэн хариулах нь бидний хүн нэг бүрд сорилт болдог.

Юуны өмнө бяцхан хүүхдүүдэд сайхан мэдээ дуулгахад, би Ерөнхий чуулганы сүүлийн хуралдааны төгсгөлийн үгийг хэлэх гэж байна.

Би саяхан Прово Сити Сэнтэр ариун сүмд айлчилж очихдоо “Анхны үзэгдэл алс тэртээгээс” хэмээх уран зургийг бишрэн харж билээ. Уг зурагт Эцэг, Хүү хоёрыг залуу Иосеф Смит дээр айлчлан ирэх үеийн тэнгэрээс гарч буй гэрэл, хүчийг дүрслэн үзүүлжээ.

Анхны үзэгдэл алс тэртээгээс

Би Сэргээлтээр эхэлсэн тэрхүү ариун нандин үйл явдалтай харьцуулалгүйгээр энэ Ерөнхий чуулган дээр доошлон ирж буй гэрэл, Бурханы сүнслэг хүчийг, үүгээр дамжуулан дэлхий даяар тархаж буй хүч, гэрлийг харуулах ижил төстэй дүр зургийг төсөөлөн бодож чадна.

Гэрэл, сүнслэг хүч чадал ерөнхий чуулган дээр тусаж байгаа нь
Дэлхийг гийгүүлж буй хүч ба гэрэл

Би Есүс бол Христ гэдгийг, Тэр энэ ариун нандин ажлын албыг удирддаг бөгөөд Ерөнхий чуулган бол Их Эзэний Өөрийн Сүмд удирдамж чиглүүлэг өгч, Сүнсээрээ дамжуулан бидэнтэй ярьдаг маш чухал үеүдийн нэг юм гэдгийг гэрчилж байна.

Тэнгэрээс заалгуулах нь

Сүмийг зохион байгуулсан өдөр Их Эзэн Иосеф Смитийг бошиглогч, үзмэрч, Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчөөр томилж, Сүмд хандан

“Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой.

Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхны төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” хэмээн хэлсэн.

Хожим нь Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бүх гишүүн бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр дэмжигдэн, томилогдсон.

Бид одоо Их Эзэний дэлхий дээрх бошиглогч ерөнхийлөгч Томас С.Монсоны удирдлаган доор цугларахдаа “Их Эзэний таалал, … Их Эзэний оюун, … Их Эзэний дуу хоолой, аврал дахь Их Эзэний хүчийг сонсох болно” хэмээн хүсэн хүлээдэг. Бид Их Эзэний “Харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил” хэмээх амлалтад итгэдэг.

Өнөөгийн үймээн самуунтай дэлхийд Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулгын үгсэд итгэх нь бидний сүнслэг өсөлт, тэсвэр хатуужилд амин чухал юм.

Бид энэ гайхалтай чуулганд хамтдаа цуглаад байна. 200 гаруй улс орны 93 гаруй хэлээр ярьдаг сая сая хожмын үеийн гэгээнтэн болон бусад шашинтан эдгээр хуралдаанд оролцож эсвэл чуулган дээр хэлсэн үгсийг уншдаг.

Бид залбирч, бэлтгэлтэй ирдэг. Бидэнд санаа зовоосон болон чин сэтгэлийн асуултууд байдаг. Бид Аврагч, Есүс Христэд итгэх итгэлээ шинэчилж, уруу таталтыг эсэргүүцэх чадвараа нэмэгдүүлэн, анхаарал сарниулах зүйлсээс зайлсхийхийг хүсдэг. Бид тэнгэрээс заалгуулахаар ирдэг.

Их Эзэний оюун ба таалал

Чуулган болгон дээр үг хэлдэг Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын хувьд тэдний захиасуудаа бэлтгэх асар их үүрэг хариуцлага нь байнгын ачаа байдаг төдийгүй тэдэнд өгсөн ариун нандин итгэмжлэл юм.

Би ерөнхий эрх мэдэлтэн болохоосоо нэлээн хэдэн жилийн өмнө ахлагч Даллин Х.Өүксээс гадасны чуулган бүрд тусгайлан үг бэлддэг эсэхийг асууж байсан. Тэр тэгдэггүй гэж хэлсэн ба дээр нь нэмээд “Гэхдээ Ерөнхий чуулганы үгс маань өөр өөр байдаг. Их Эзэний надаар хэлүүлэхийг хүссэн зүйлийг олж мэдсэндээ итгэлтэй болохын тулд 12-аас 15 удаа ноороглох үе ч гардаг” хэмээн хариулж байсан.

Ерөнхий чуулган дээр юу хэлэх нь хэзээ, хэрхэн өгөгддөг вэ?

Сэдвүүдийг урьдчилан даалгаж өгдөггүй бөгөөд бид мөнхийн үнэний сэдвүүдтэй тэнгэр гайхамшигтайгаар эвлэн зохицож байгааг чуулган бүрээр хардаг.

Манай ах нарын нэг нь энэ чуулганы сэдэв өнгөрсөн дөрөвдүгээр сард үг хэлснийх нь дараахан ирсэн талаар надад хэлсэн юм. Өөр нэг нь гурван долоо хоног үлдээд байхад Их Эзэнд залбирч, хүлээсээр байснаа хэлж байсан. Ялангуяа нарийн мэдрэмж шаардсан үг бэлдэхэд хэр хугацаа шаардагдсаныг асуухад өөр нэг нь “25 жил” хэмээн хариулж билээ.

Заримдаа гол санаа нь хурдан гарч болох ч агуулга, нарийн ширийн зүйлс нь асар их хэмжээний сүнслэг хичээл зүтгэл шаардаж байдаг. Мацаг барих, залбирах, судар судлах, итгэлтэй байх зэрэг нь уг үйл явцын зайлшгүй чухал хэсэг юм. Их Эзэн дуу хоолойгоо Өөрийн гэгээнтнүүдэд яг цэврээрээ очоосой гэж хүсдэг.

Ерөнхий чуулганы үгтэй холбоотой удирдамж ирэхдээ ихэвчлэн шөнө эсвэл өглөө эрт хэлэх үгээс огт өөр зүйл бодож байхад ирэх нь бий. Зарим үед санаандгүй гэнэт бодлоор орж ирдэг бол заримдаа тодорхой үгс, хэллэгүүд нь цэвэр илчлэлтээр урсан ирдэг.

Таны сонсож, хүлээн авч буй захиасууд шууд утгатай эсвэл зөвхөн танд зориулагдсан байж болно.

Намайг номлолд үйлчлэхэд бэлэн эсэхтээ эргэлзэж байх үед оюун санаанд минь орж ирсэн үгсийг би олон жилийн өмнө Ерөнхий чуулганаар хэлж байсан. Энэ бол “Чи юм бүхнийг мэдэхгүй, гэхдээ хангалттай зүйлийг мэднэ” гэсэн үгс байв. Тэр өдөр Ерөнхий чуулганд сууж байсан нэгэн залуу эмэгтэй өөрт нь тавьсан гэрлэх саналын талаар залбирч, уг залууг хэр сайн мэддэг тухай бодож байснаа надад хэлсэн юм. Намайг “Чи юм бүхнийг мэдэхгүй, гэхдээ хангалттайг мэднэ” хэмээх үгсийг хэлэх үед Сүнс тэр эрэгтэйг хангалттай сайн мэддэгийг нь түүнд баталжээ. Тэд олон жилийн турш аз жаргалтай амьдарч байна.

Та сүнсээ бэлдэж, Их Эзэний дуу хоолойг сонсохоор итгэл өвөрлөн ирэх юм бол зөвхөн танд зориулагдсан бодол, мэдрэмж оюун бодолд тань ирэх болно гэдгийг би амлаж байна. Та энэ чуулганаар энэ бүхнийг аль хэдийн мэдэрсэн байж болно. Эсвэл удахгүй хэвлэгдэн гарах захиасуудыг судалж байхдаа мэдэрч болох юм.

Одоо ба ирэх саруудад

Ерөнхийлөгч Монсон

“Чуулганы захиасыг унших цаг гарга.

[Тэдгээрийг] тунгаан бодоорой. …” Эдгээр үгийг гүн гүнзгий судлах үедээ улам ихийг олж авч болдог гэдгийг би харсан билээ” хэмээн хэлсэн.

Ерөнхий чуулган дээр хэлэгдсэн үгс бол ирэх саруудад анхаараасай гэж Их Эзэний биднээс хүссэн зүйлс юм.

Хоньчин [хониныхоо] “түрүүнд” явдаг, “хонин сүрэг түүний дууг таньдаг тул түүнийг дагадаг.”

Түүний дуу хоолой ихэнхдээ амьдралдаа ямар нэг зүйлийг өөрчлөхөд биднийг удирдан чиглүүлдэг. Тэр биднийг наманчлахад мөн “Түүнийг дагахад” урьдаг.

Энэ чуулган дээр хэлсэн дараах мэдэгдлүүдийг бодож үзээрэй.

Энэ өглөө хэлсэн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн үгээс дурдвал “Бурхан Эцэг амьд бөгөөд та нарыг Өөр дээр нь гэртээ ирээсэй хэмээн хүсдэг гэдгийг би гэрчилж байна. Энэ бол Их Эзэн Есүс Христийн үнэн Сүм. Тэр та нарыг мэддэг, хайрладаг мөн харж ханддаг.”

Өчигдөр ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Биднийг Бурхан руу хөтөлдөг гайхамшигт аяллаа эхлүүлэх юм уу үргэлжлүүлэх үед амьдрал маань сайжирна гэдгийг би гэрчилж байна. … Их Эзэн эргэн тойрны маань хүмүүсийг адисалж, Өөрийн мөнхийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд гайхалтай арга замаар биднийг ашиглах болно” гэж хэлсэн юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өчигдөр үдээс хойш “Та нар өдөр болгон Мормоны Номонд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф, биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна” хэмээн хэлжээ.

Өчигдөр ахлагч Даллин Х.Өүкс “Гэр бүлийн тунхаг бол мөнхийн үнэний тухай мэдэгдэл, мөнх амьдралыг эрэлхийлдэг хүүхдүүдээ гэсэн Их Эзэний хүсэл гэдгийг би гэрчилж байна” гэж хэлсэн билээ.

Ахлагч М.Рассэлл Баллард хэдхэн минутын өмнө “Бид Бурханы үр хүүхдүүдийг энэрэн хайрлаж, арьс өнгө, хүйс, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах аливаа гадуурхлыг үгүй хийх ёстой” хэмээн хэлж байсан.

Бидэнд илүү хэдэн минут байгаа болохоор би ахлагч Робэрт Д.Хэйлсийн талаар товч хэдэн зүйлийг нэмж хэлмээр байна. Хэрэв ахлагч Хэйлсийн эрүүл мэндийн байдал гайгүй байвал түүнийг ням гаргийн өглөө товч захиас хэлж болно гэж Тэргүүн Зөвлөл түүнд хэлсэн байжээ. Түүний эрүүл мэнд сайнгүй байсан учраас тэр бэлтгэсэн захиасаа өнгөрсөн долоо хоногт дуусгаад, надтай хуваалцсан юм. Нас барахаасаа гурван цагийн өмнө хэлсэн түүний үгээс би гурван мөр хуваалцъя.

Ахлагч Хэйлс “Бид итгэлтэй байхыг сонгох бүрдээ Бурханы оршихуйд зогсох бэлтгэлээ хийж байдаг. … Аврагч цовдлогдсоныхоо дараа ‘мөнх бус байдалд амьдарч байхдаа [Түүний] тухай гэрчлэлд итгэлтэй байсан’ [С ба Г 138:12] хүмүүст үзэгдсэн юм. ‘Бошиглогчдын гэрчлэлийг … үгүйсгэсэн … [тэд] [Аврагчийн] оршихуйг болгоож мөн түүний нүүрийг харсангүй.’ [С ба Г 138:21.] … Итгэл маань биднийг Их Эзэний оршихуйд бэлтгэж байдаг юм” гэж хэлсэн билээ.

Яг энэ өглөөний хуралдааны дараахан энэ барилгаас хурдхан шиг гараад, өдрийн хоолоо идэлгүйгээр ахлагч Хэйлс рүү яаран очиж, ахлагч Хэйлсийг энэ мөнх бус амьдралаас явах үед нь чуулгынх нь ерөнхийлөгчтэй болон тэнгэрлэг элч Мэри Хэйлстэй хамт үдэх боломжийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд олгосон Их Эзэн хэчнээн нигүүлсэнгүй вэ!

Их Эзэний дуу хоолойнд хариулах нь

Энэ чуулганаар бид Их Эзэний дуу хоолойг сонссон гэдгийг би гэрчилж байна.

Их Эзэний үйлчлэгчдийн үгс дэлхийнхний бодолтой, зарим үед бидний бодолтой зөрчилдөж байгаа үед ч бид айж түгших ёсгүй. Үргэлж ийм байсаар ирсэн. Би ах нартайгаа хамт ариун сүмд өвдөг сөгдөн залбирдаг бөгөөд тэд зөв шударга хүмүүс гэдгийг би гэрчилж байна. Тэдний хамгийн агуу хүсэл бол Бурханы хүүхдүүдийг Түүний оршихуйд эргэн ирэх боломжийг Их Эзэнээс гуйж, тэдэнд туслах явдал юм.

Дал, Бишопын зөвлөл, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл болон бусад туслах бүлгийн удирдагчид энэ чуулганд гайхалтай дуу хөгжим болон чин сэтгэлийн залбирлуудын нэгэн адил асар их сүнслэг нөлөөг нэмсэн.

Ерөнхий чуулганы захиасуудад хүн бүр олж нээх боломжтой тэнгэрлэг удирдамж бүхий эрдэнэсийн авдар байгаа. Бид уншсан, сонссон, мэдэрсэн зүйлсдээ хэрхэн хариу үзүүлэх нь бидний хүн нэг бүрд сорилт болдог.

Бошиглогчийн үгэнд хариулсан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны амьдралын туршлагаас хуваалцахыг надад зөвшөөрнө үү.

Нэлсон ах 1979 онд ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа 5 жилийн өмнө, Ерөнхий чуулган болохоос өмнөхөн нэгэн хуралд оролцжээ. Тэнд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “бүх хүнийг бүх дэлхийд сайн мэдээг авчрахын тулд хүчээ дайчлахыг уриалсан юм. Ерөнхийлөгч Кимбаллын онцгойлон дурдсан улс орнуудын дунд Хятад улс байсан ба ‘Бид хятад хүмүүст үйлчилж, тэдний хэлийг сурч, тэдний төлөө залбирч, тэдэнд туслах хэрэгтэй’ хэмээн тэр тунхаглав.”

Мэс засалч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Хурлын үеэр 54 настай Нэлсон ахад мандарин хятад хэл сурах ёстой гэсэн мэдрэмж төржээ. Завгүй, зүрхний мэс засалч тэрээр хэлний сургагч багшаа нэн даруй олсон байна.

Хэл сурч эхлээд удаагүй байсан Нэлсон эмч нэгэн хуралд оролцохдоо Хятадын алдарт мэс засалч Вү Янгкайн хажууд санаандгүй суусан байв. [Нэлсон ах] мандарин хятад хэл сурч байсан учраас [Вү эмчтэй] ярьж эхэлжээ.”

Рассэлл М.Нэлсон эмч Вү Инкай эмчтэй хамт

Бошиглогчийг дагах Нэлсон эмчийн хүсэл Вү эмчийг Солт Лэйк рүү аялахад мөн Нэлсон эмчийг Хятадад лекц уншиж, мэс засал хийхээр аялахад хөтөлсөн байна.

Түүний хятад хүмүүсийг хайрлах хайр, хятад хүмүүсийн түүнийг хайрлах хайр, хүндлэл өсөн нэмэгдсэн юм.

Ахлагч Нэлсон 1985 оны 2-р сард буюу түүнийг Арван хоёрын чуулгад дуудагдсанаас 10 сарын дараа Хятадын хамгийн алдартай дуурийн дуучны муудаж байгаа зүрхэнд мэс засал хийхийн тулд Бээжинд ирэхийг хүссэн гэнэтийн дуудлага утсаар хүлээн авчээ. Ахлагч Нэлсон ерөнхийлөгч Хинклигийн дэмжлэгтэйгээр Хятадад буцаж очсон байна. Ингэж түүний хийсэн хамгийн сүүлийн мэс засал Бүгд Найрамдах Хятад Ард Улсад болсон юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд шагнал гардуулж байгаа нь

Хоёр жилийн өмнөхөн 2015 оны 10-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хятадын эртний анд” хэмээх албан ёсны тунхаг бичгээр дахин шагнуулжээ.

Бид өчигдөрхөн, өдгөө 93 настай ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг “Бид бүгдээрээ [өнгөрсөн 4-р сарын чуулган дээр] Мормоны Номыг өдөр бүр залбиран судалж, тунгаан бодож байгаасай” хэмээх ерөнхийлөгч Томас С.Монсоны гуйлтын талаар ярихыг сонссон билээ.

Ерөнхийлөгч Нэлсон завгүй зүрхний мэс засалч байхдаа мандарин хятад хэлний сургагч багшийг хөлсөлж авсантай яг адилаар ерөнхийлөгч Монсоны зөвлөгөөг амьдралдаа нэн даруй хэрэгжүүлж эхэлжээ. Тэр зөвхөн уншаад зогсохгүй Мормоны Ном гэж юу болох, энэ нь юуг баталж, няцааж, гүйцэлдүүлж мөн юуг тодруулж, илчилдэг талаар жагсаалт гаргаснаа хэлсэн.

Гайхалтай нь, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг өнөө өглөө ерөнхийлөгч Монсоны сануулгад хариулсан хоёр дахь гэрч болон үг хэлсэн юм. Та нар дараах үгсийг санаж байгаа байх? “Та нартай л адил би бошиглогчийн үгсийг Их Эзэний надад хандаж буй дуу хоолой гэж хүлээн авсан. Мөн та нартай адил би тэдгээр үгийг дуулгавартай дагахаар шийдсэн.”

Бид эдгээрийг амьдралдаа үлгэр дуурайл болгон харах болтугай.

Aмлалт ба адислал

Та энэ Ерөнхий чуулган дээрх захиасуудаас Их Эзэний дуу хоолойг сонсож, эдгээр сүнслэг өдөөлтийн дагуу үйлдсэнээр өөрийнхөө дээр буй тэнгэрийн нөлөөллийг мэдэрч, таны болон таны эргэн тойрны хүмүүсийн амьдралыг адислах болно гэдгийг би амлаж байна.

Бид энэ чуулганаар эрхэм хүндэт бошиглогчийнхоо тухай бодож байна. Ерөнхийлөгч Монсон, бид танд хайртай. Би түүний энэ индрээс хэлж байсан үгсээр үгээ төгсгөмөөр байна. Энэ адислал нь, боломжтой байсан бол түүний өнөөдөр бидний хүн нэг бүрд өгөх байсан адислал гэдэгт би итгэж байна. Тэрээр “Чуулган өндөрлөх энэхүү агшинд, тэнгэрийн адислалууд та нарын хүн нэг бүр дээр ирэхийг би урин дуудаж байна. … Тэнгэрлэг Эцэг та нарыг болон гэр бүлийг тань адислах болтугай. Энэ чуулганы захиасууд болон сүнс та нарын гэр орон, ажил төрөл, хурал цуглаан дээр, ер нь бүх ажил үйлст тань хэрэгжих болтугай” хэмээн хэлсэн.

“Би та нарт хайртай, та бүхний төлөө залбирдаг. Бурхан та нарыг адислаг. Түүний амласан амар амгалан та бүхэнтэй эдүгээ болон үргэлж хамт байх болтугай” хэмээн тэрээр үгээ төгсгөсөн билээ.

Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 21:1-ийг үзнэ үү.

  2. Сургаал ба Гэрээ 21:5–6.

  3. Иосеф Смит 1836 оны 3-р сарын 27-нд Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үеэр тохиосон дараах үйл явдлыг цэдэглэсэн юм.

    “Тэгэхэд би товчхон үг хэлж, [Тэргүүн] Зөвлөлийг бошиглогчид, үзмэрчид хэмээн хүлээн зөвшөөрч, тэднийг залбирлаараа дэмжихийг нэлээд хэдэн чуулга болон цугласан бүх гэгээнтэнд уриалав. Тэд бүгдээрээ босож, үүнийг хийнэ хэмээн гэрээнд орсон юм.

    Дараа нь би тэнд байсан Арван хоёр төлөөлөгчийг хаант улсын түлхүүрүүдийг эзэмшин, хэрэгтэй болбол тэдний дунд түлхүүрийг нээж, тэднийг өсөж хөгжихөд нь залбирлаараа дамжуулан бошиглогчид, үзмэрчид, илчлэгчид болон газар дэлхийн бүх үндэстэнд тусгай гэрчүүд байхыг хүлээн зөвшөөрч дэмжихийг чуулгууд болон цугласан гэгээнтнүүдэд уриалав. Тэгээд тэд гараа өргөж, зөвшөөрөн дэмжив(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 199).

  4. Сургаал ба Гэрээ 68:4.

  5. Сургаал ба Гэрээ 1:38.

  6. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нэгэн удаа хэлэхдээ

    “Гэвч бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавихгүй байх сонголт нь бидний зогсож буй байрыг өөрчилдөг. Энэ нь илүү аюултай болдог. Бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавихгүй байх нь ирээдүйд сүнслэг зөвлөгөө хүлээн авах хүчийг сулруулдаг. Ноад хөвөгч авдар барихад нь туслахаар шийдэх хамгийн сайн цаг бол түүнийг анх асуухад байсан юм. Түүнийг дараа нь асуух болгонд, хариулахгүй байсан явдал нь Сүнсийг мэдэрч сонсох мэдрэмжийг бууруулсан. Бороо орох хүртэл түүний хүсэлтүүд улам мунхаг санагдаж байсан. Гэвч нэгэнт оройтсон байлаа.

    Би амьдралдаа сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөөнүүдийг дагахаа хойшлуулахыг сонгох юм уу надад хамаарахгүй гэж шийдэх бүрдээ өөрийгөө аюултай байдалд авчирч байсныг ухаарсан. Би бошиглогчдын зөвлөгөөг сонсох бүрдээ мөн үүний баталгааг залбирлаар олж авсны дараа зөвлөгөөг дагадаг болохоор аюулгүй явж байгаагаа мэддэг” (“Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 25) гэжээ.

  7. Нийл Л.Андэрсэн, “Teaching Our Children to Love the Prophets,” Ensign, 1996 оны 4-р сар, 47-г үзнэ үү.

  8. Боид К.Пакэр нэг удаа

    “Би ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн илчлэлттэй холбоотой асуудлуудыг үүнтэй төстэй байдлаар илэрхийлж байхыг олонтаа сонсож байсан. Намайг өглөө эрт ямар нэг сэдвээр тунгаан бодож байх үед … Тэр үүнийг өглөөний эрт шинэ, сэргэг цагийг илчлэлт шаардлагатай асуудлууд дээрээ ажиллах дадлага болгодог байсан.

    Их Эзэн Сургаал ба Гэрээн дээр удирдамж өгөхдөө ямар нэг зүйлийг мэдэж байсан юм. ‘Шаардлагатайгаас илүү удаан унтахаа боль; та нар ядрахгүй байхын тулд; эрт босч бай, та нарын бие хийгээд оюун чинь амарч болохын тулд орондоо эрт орж бай.’ (С ба Г 88:124.) …

    ‘Эрт унтаж, эрт босож бай’ хэмээх энэ онч үгийн хүч чадлыг би мэдэж авсан. Намайг аливаа асуудалтай байгаа үедээ, шөнө дөл болтол унтахгүй байхыг та олж харахгүй л болов уу. Би эрт унтаж, энэ ажлыг удирдан чиглүүлдэг Түүнд ойр байхын тулд өглөө эртлэн босохыг илүүд үздэг” (Teach Ye Diligently [2005], 244-45) хэмээн хэлсэн.

  9. Нийл Л.Андэрсэн, “Та нар хангалттай мэднэ,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14.

  10. Томас С.Монсон, “Бид дахин уулзтал,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 136.

  11. Томас С.Монсон, “Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байх болтугай,”2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 134.

  12. Иохан 10:4.

  13. Хэнри Б.Айринг, “Сайныг үйлдэхээс бүү ай,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  14. Дийтр Ф.Угдорф, “Гэрийн зүг тэмүүлэх нь,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  15. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ? Ensign эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  16. Даллин Х.Өүкс, “Төлөвлөгөө ба тунхаг,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  17. М.Рассэлл Баллард, “Аялал үргэлжилсээр!2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  18. Спэнсэр Ж.Кондий, Russell M. Nelson: Father, Surgeon, Apostle (2003), 215.

  19. Спэнсэр Ж.Кондий, Russell M. Nelson, 215.

  20. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?

  21. Хэнри Б.Айринг, “Сайныг үйлдэхээс бүү ай.”

  22. Гордон Б.Хинкли

    “Сурсан сургаалаа хэрэгжүүлж байх үед сорилт ирнэ. Үүний дараа хэрэв бид жаахан ч гэсэн илүү сайхан сэтгэлтэй, илүү нөхөрсөг болж, Аврагчид илүү ойртохоор, Түүний сургаалыг болон үлгэр жишээг дагахаар илүү баттай шийдсэн байвал энэ чуулган гайхалтай амжилттай болсон нь тэр. Гэвч нөгөө талдаа хэрэв бидний амьдралд өөрчлөлт гарахгүй бол ярьсан хүмүүс төдийлөн амжилтгүй байна.

    Эдгээр өөрчлөлт нь өдөр хоног, долоо хоногоор эсвэл сараар хэмжигдэх боломжгүй юм. Шийдлүүд хурдан хийгдэж, хурдан мартагдсан байдаг. Гэвч одоогоос жилийн дараа гэхэд хэрэв бид өмнөхөөсөө сайжирсан бол энэ өдрүүдэд зориулсан хүчин чармайлтууд дэмий хоосон өнгөрөхгүй байх болно” (“An Humble and a Contrite Heart,” Ensign, 2000 оны 11-р сар, 88) гэж хэлжээ.

  23. Томас С.Монсон, “Хаалтын үг,”2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124.