Наманчлал үргэлж эерэг үр дагавартай байдаг
Бид наманчлалын зам дээр хөл тавих тэр мөчдөө Аврагчийн гэтэлгэх хүчийг амьдралдаа урьдаг.
Хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч Гордон Б.Хинкли нэгэн коллежийн америк хөл бөмбөгийн багийн тэмцээнийг үзэхээр очжээ. Удаан хугацаагаар уг багийнхныг дасгалжуулсан, хүмүүсийн хайртай дасгалжуулагч нь тэтгэвэртээ гарах гэж байсан бөгөөд ерөнхийлөгч тус стадионыг тэр дасгалжуулагчийн нэрээр нэрлэгдэх болно хэмээн зарлахаар тэнд очсон байв. Багийнхан дасгалжуулагчдаа хүндэтгэл үзүүлэхийн тулд тэмцээнд хожихыг туйлын их хүсэж байв. Хагас цагийн завсарлагаанаар нь ерөнхийлөгч Хинклиг урмын үг хэлүүлэхээр хувцас солих өрөөнд урьжээ. Түүний үгэнд урамшсан тэр багийнхан тухайн өдөр хожихын тулд тэмцээндээ шамдан орж, хожлын оноогоор тэмцээнээ дуусгажээ.
Өнөөдөр би, амьдралдаа хожихгүй байна даа хэмээн санаа нь зовдог байж болох тэдэнд хандан яримаар байна. Мэдээж, бид “бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” гэдэг нь үнэн шүү дээ. Спортод олон жилээр хожигдохгүй байж болдог бол амьдралд тийм зүйл байдаггүй. Гэвч Аврагч Есүс Христ төгс Цагаатгалыг хийж, бидэнд найдварын төгс гэрэл гэгээнд мөн амжилттай амьдралд хүргэх зам болох наманчлалын бэлгийг өгсөн гэдгийг би гэрчилж байна.
Наманчлал аз жаргалыг авчирдаг
Бид наманчлалыг сэтгэл унагам, зовоох зүйл гэж бодох нь элбэг тохиолддог. Гэхдээ Бурханы төлөвлөгөө нь аз жаргалын төлөвлөгөө болохоос зовлонгийн төлөвлөгөө биш юм! Наманчлал сэтгэл уужруулдаг бөгөөд сайн сайхан болгодог. Аз жаргалгүй байдлыг авчирдаг нь нүгэл билээ. Наманчлал бол бидний авралын зам юм! Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Наманчлалгүйгээр амьдралд ямар ч хөгжил дэвшил гарахгүй. … Мэдээж, зөвхөн наманчлалаар дамжуулан бид Есүс Христийн цагаатгагч сүр жавхланг болон авралыг хүлээн авах боломжтой. Наманчлал нь … биднийг эрх чөлөө, итгэлтэй байдал, амар амгалан руу хөтөлдөг” хэмээн тайлбарласан. Миний та бүгдэд, ялангуяа өсвөр үеийнхэнд хэлэх захиас бол наманчлал үргэлж эерэг үр дагавартай байдаг юм шүү гэсэн захиас юм.
Наманчлалын тухай ярих үедээ бид зөвхөн өөрсдийгөө сайжруулах хүчин чармайлтын талаар ярьж байгаа хэрэг биш юм. Жинхэнэ наманчлал үүнээс ч илүү—энэ нь Их Эзэн Есүс Христэд болон бидний нүглийг өршөөх Түүний хүч чадалд итгэх итгэлээр урамшуулагдан өдөөгддөг. Ахлагч Дэйл Г.Рэнландын бидэнд зааснаар, “Гэтэлгэгч байгаагүй бол … наманчлал зөвхөн муу зан авираа засах байдал л болох байсан.” Бид зан чанараа өөрсдөө өөрчлөхийг хичээдэг байж болох ч зөвхөн Аврагч л бидний толбыг арилгаж, ачааг маань хөнгөлж чадах ба дуулгавартай байдлын замыг өөрсдөдөө итгэлтэй, хүч тэнхээтэйгээр дагах боломжийг бидэнд олгодог. Наманчлалын баяр хөөр нь сайхан амьдралаар амьдрах баяр хөөрөөс илүү юм. Наманчлалын баяр хөөр нь өршөөгдөх, дахин цэвэр болох мөн Бурханд илүү ойртохын баяр хөөр юм. Та нар тэрхүү баяр хөөрийг нэгэнтээ эдлэх аваас өөр ямар ч зүйл үүнийг орлож чадахгүй.
Жинхэнэ наманчлал нь бидэнд дуулгавартай байдлаа амлалт болгоход мөн баптисмаар эхэлж, Их Эзэний зоог буюу ариун ёслолоор долоо хоног бүр шинэчлэгддэг гэрээ болгоход өдөөдөг. Тэнд бид “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болох” амлалтыг Түүний байнгын нөхөрлөлөөс ирдэг баяр хөөрөөр болон амар амгалан байдалтайгаар хүлээж авдаг билээ. Энэ нь наманчлалын үр жимс бөгөөд наманчлалыг баяр хөөртэй болгодог нь энэ юм!
Наманчлахад тууштай байх шаардлагатай
Би үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэлд их дуртай. Үрэлгэн хүүгийн “байдлаа ухаарсан” тэр чухал мөч сэтгэлийг минь хөнддөг. “Гахайны идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэж чадах ч болоосой” гэж хүсэн, гахайн хашаанд сууж байхдаа тэр эцэст нь эцгийнхээ өвийг төдийгүй, бас өөрийн амьдралыг үрэн таран хийснээ ухаарчээ. Эцэг нь өөрийг нь хүлээж авч магадгүй, бүр хүүгээ байг гэхэд зарцаа болгож магадгүй гэж найдан, тэр өөрийн тэрслүү байдлыг ардаа орхин, гэр рүүгээ явахаар шийдэв.
Би заримдаа тэр хүүг гэрээ зүглэн удаан алхсан талаар боддог. Түүнд “Аав минь намайг хэрхэн хүлээж авах бол?” гэж бодон зүрхшээж, айн сүрдсэн мөч байсан болов уу? Тэр гахайн хашааны зүг ухраад, хэд алхсан байж ч магадгүй. Хэрвээ тэр бууж өгсөн байсан бол уг түүх ямар өөр байх байсныг төсөөлөөд үз дээ. Гэвч итгэл нь түүнийг урагшлуулж, аавыг нь хүүгээ харуулдан тэвчээртэй хүлээхэд хөтөлсөн ба эцэст нь:
“Эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.
Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв.
Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.
Учир нь энэ хүү маань үхсэн байсан юм. Гэвч амилжээ” гэж хэлжээ.
Наманчлал хүн бүрд зориулагддаг
Ах, эгч нар аа, бид бүгдээрээ үрэлгэн хүү билээ. Бид бүгдээрээ, ихэнхдээ нэгээс ч илүү удаа “байдлаа ухаарч,” гэрт буцааж авчирдаг замыг сонгодог. Энэ нь бидний амьдралынхаа туршид, өдөр тутам гаргадаг сонголт юм.
Бид наманчлалыг “хүчит өөрчлөлт” шаарддаг ноцтой нүгэлтэй холбон бодох нь олонтоо байдаг. Гэхдээ наманчлал нь бүгдэд зориулагдсан. Хориглогдсон замаар будилан орж мөн төөрсөн” тэдэнд, мөн “давчуу бөгөөд нарийн замд орсон” мөн одоо “урагш тэмүүлэх” хэрэгтэй байгаа тэдэнд зориулагдсан юм. Наманчлал биднийг зөв зам дээр гаргаж мөн зөв зам дээр байлгадаг. Энэ нь дөнгөж итгэж эхэлж байгаа тэдэнд, байнга л итгэдэг байсан тэдэнд, мөн дахин итгэж эхлэх хэрэгтэй байгаа тэдэнд зориулагдсан юм. Ахлагч Дэвид А.Бэднар, “Цагаатгал нүгэлтнүүдийн төлөө хийгдсэнийг бидний олонх нь сайн ойлгодог. Гэвч Цагаатгал нь бас дуулгавартай, зохистой, ухамсартай бөгөөд улам сайн болж, илүү их итгэлтэйгээр үйлчлэхийг хичээдэг сайн эрэгтэй, эмэгтэй гэгээнтнүүдийн төлөө хийгдсэнийг бид мэддэг бас ойлгодог гэж би бодохгүй байна.
Саяхан би номлогчийг бэлтгэх төвд зочлохдоо шинээр хэсэг номлогч ирэхийг харсан юм. Би тэднийг мөн тэдний нүдэн дэх гэрлийг ажиглаад, сэтгэл ихэд хөдөлж билээ. Тэд маш гэрэл гэгээтэй, баяр хөөртэй мөн сэтгэл өндөр байв. Тэгэхэд надад, “Тэд наманчлалд хүргэх итгэлийг мэдэрчээ. Тийм учраас тэд баяр хөөр, найдвараар дүүрсэн байна” гэж бодогдсон юм.
Энэ нь тэд өмнө нь ноцтой нүгэл үйлдэж байсан гэсэн үг биш, харин тэд хэрхэн наманчлахаа мэддэг байсан гэж би бодож байна. Тэд наманчлал бол эерэг зүйл гэдгийг ухаарсан байсан бөгөөд энэхүү баяр хөөрт захиасыг дэлхийнхэнтэй хуваалцахад бэлэн, мөн тэсэн ядан хүлээж байв.
Биднийг наманчлалын баяр хөөрийг мэдрэх үед ийм байдал тохиодог. Иносын жишээг бодоод үз дээ. Тэр “байдлаа ухаарах” мөчийг мэдэрч, “гэм нь зайлуулагдсаны” дараа зүрх сэтгэлээ тэр даруй бусдын сайн сайхан руу хандуулжээ. Инос түүнээс хойш бүхий л амьдралаа хүмүүсийг наманчлахад урьж өнгөрөөсөн бөгөөд “дэлхийнхнээс илүүгээр үүнд баяссан бөлгөө.” Наманчлал нь үүнийг тохиолгодог; энэ нь зүрх сэтгэлийг маань найз нөхөд рүү маань хандуулдаг, учир нь бидний мэдрэх баяр хөөр нь бүгдэд зориулагдсан гэдгийг бид ойлгодог билээ.
Наманчлал бол бүхий л амьдралынхаа турш гаргах хичээл зүтгэл юм
Миний нэг найз идэвх султай хожмын үеийн гэгээнтэн гэр бүлд өссөн юм. Тэр залуу байхдаа “байдлаа ухаарч,” номлолд бэлтгэхээр шийджээ.
Тэр маш сайн номлогч болсон. Гэр рүүгээ буцахын өмнөх, номлолынх нь сүүлчийн өдөр нь номлолын ерөнхийлөгч нь түүнтэй ярилцлага хийгээд, түүнээс гэрчлэлээ хуваалцахыг хүсжээ. Түүнийг гэрчлэлээ хуваалцаж, нулимсаа арчин, өөртэй нь тэврэлдсэний дараа уг ерөнхийлөгч “Ахлагч аа, анх гэрчлэлтэй болоход чинь тусалсан тэдгээр зүйлээ үргэлжлүүлэн хийхгүй юм бол чи хэдхэн сарын дотор саяхан гэрчилсэн энэ бүх зүйлээ мартах эсвэл үгүйсгэх болно шүү” гэж хэлсэн байна.
Хожим нь найз маань надад номлолоосоо ирснээсээ хойш өдөр бүр залбиран, судраас уншсанаа хэлж билээ. Тогтмол “Бурханы сайн үгээр тэжээгдсэн” нь түүнийг “зөв замд” үлдээжээ.
Бүрэн цагийн номлолд явахаар бэлтгэж байгаа та нарч гэсэн бас буцаж ирж байгаа та нар, үүнийг анхаар! Гэрчлэлтэй болох нь хангалттай биш, та нар үүнийг хадгалж, хүчирхэгжүүлэх ёстой. Номлогч болгоны мэддэг шиг, хэрвээ чи дугуйгаа жийхээ боливол дугуй чинь тогтохгүй унана, хэрвээ чи гэрчлэлээ өсгөж нэмэгдүүлэхгүй бол энэ нь сулран доройтно. Энэхүү зарчим нь наманчлалд ч бас хамаатай бөгөөд—энэ нь амьдралд ганц удаа хийдэг зүйл биш, харин амьдралын туршид хийдэг зүйл юм.
Өршөөл уучлал эрэлхийлж буй өсвөр үеийнхэн, ганц бие залуучууд мөн эцэг эх, өвөө эмээ, бүр элэнц өвөө эмээ, та бүгдийг гэртээ ирээч гэж би урьж байна. Эхлэх цаг нь одоо юм шүү. Наманчлах өдрөө бүү хойшлуул.
Тэгээд, уг шийдвэрийг нэгэнт гаргасан бол замаасаа бүү хазаагаарай. Бидний Эцэг та нарыг хүлээн авахаар хүсэн хүлээж байгаа. Тэрбээр “бүхэл өдрийн турш” та нарын зүг мутраа урагш сунгаж байдаг. Гаргах хичээл зүтгэл нь авах шагналтайгаа тэнцэхүйц байх болно.
Нифайн “Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” хэмээн хэлсэн үгийг санаарай.
Заримдаа энэ аян зам удаан санагдаж болно. Эцсийн эцэст энэ бол мөнхийн амьдрал тийш хөтлөх аян шүү дээ. Хэрвээ бид Есүс Христэд итгэн, Түүний Цагаатгалд найдах аваас энэ нь баяр хөөртэй аян байх болно. Бид наманчлалын зам дээр хөл тавих тэр мөчдөө Аврагчийн гэтэлгэх хүчийг амьдралдаа урьдаг гэдгийг би гэрчилж байна. Тэрхүү хүч нь бид тэнгэрлэг гэртээ эцэст нь очиж, Тэнгэрлэг Эцэгийнхээ бидэнд “Сайн байна” хэмээн хэлэхийг сонсох тэр агуу өдрийг хүртэл бидний хөлийг бат суурьтай болгож, харааг маань тэлж мөн алхам алхмаар урагшлах бидний шийдвэрийг бататгаж байдаг. Есүс Христийн нэрээр, амен.