2010–2019
Шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар
2017 оны 10-р сар


2:3

Шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар

Бид шилдэг номнуудаас суралцахын хэрээр сүнслэг үндсийг маань цөлмөж идэх гэсэн аймшигт амнаас өөрсдийгөө хамгаалж чадна.

Нэгэн өглөө би үзэсгэлэнт сарнайн бутан дээр сайтар өнгөлөн далдлагдсан өлөн өт байхыг олж харсан юм. Санамсаргүй хараад өнгөрсөн хэн ч бай, дэлбээгүй шахам болсон зарим нахиаг хараад, уг өт аймшигт амаараа шүүслэг навчийг нэг нэгээр нь цөлмөж идсэн болохыг шууд мэдэхээр байлаа. Уг дүр зураг надад ийм өт шиг хүмүүс байдаг гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлсэн юм. Тэдгээрийг дэлхийн хаанаас ч олж болох бөгөөд тэдний зарим нь зүсээ овжин гэгч хувиргасан байдаг учраас бид тэднийг амьдралдаа оруулдаг. Харин тэд эргэж харахын завдалгүй бидний болон гэр бүл, найз нөхдийн маань сүнслэг үндсийг идсэн байдаг.

Бид шашин шүтлэгийн маань талаар буруу ташаа мэдээлэл элбэг тархсан цаг үед амьдарч байна. Ийм үед сүнслэг үндсээ хамгаалж, хүчирхэгжүүлж чадахгүй бол энэ нь бидний Христэд итгэх итгэл болон Түүний сэргээгдсэн Сүм дэх итгэл бишрэлийг устгахыг эрэлхийлж байгаа хүмүүст тэдгээрийг цөлмөн идэх урилга өгч байгаатай адилхан. Мормоны Номын үед Зиезром итгэгчдийн итгэлийг устгахыг эрэлхийлж байв.

Түүний үйлдэл болон үгс “[тэднийг] боолчлох хүчнийхээ дагуу … гинжээрээ ороож болохын тулд, тэр [тэднийг] эрхшээлдээ авчрахын тулд, … тавьсан урхи байс[ан]” (Алма12:6). Тэдгээр урхи өнөөдөр ч оршсоор байгаа бөгөөд бид сүнслэг байдлаараа сэргэг байж, Гэтэлгэгч дээр бат бөх сууриа (Хиламан 5:12-ыг үзнэ үү) тавихгүй бол Сатанд гинжлүүлж, Мормоны Номонд дурдсанчлан хориотой замаар алгуурхан хөтлүүлж байгаагаа мэднэ (1 Нифай 8:28-ыг үзнэ үү).

Төлөөлөгч Паул өөрийнхөө амьдарч байсан цаг үед төдийгүй өнөөдөр ч бидэнд хэрэгтэй байгаа сануулгыг өгч, “Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татахаар гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ … гэдгийг ч би мэдэж байна” (Үйлс 20:29-30) гэжээ.

Түүний болон бошиглогчдын маань сэрэмжлүүлэг бидэнд эсэргүүцэл, худал хуурмаг үгсийг сөрөн зогсохын тулд сүнслэг байдлаа бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг сануулдаг. Би Сүмийн тойрог, гадсанд зочлохдоо Аврагчийн болон Түүний үйлчлэгчдийн сургаалыг гэгээнтнүүд хэрхэн өөдрөг, итгэлтэй хүлээн авч байгааг харж, сонсож, мэдэрдэг бөгөөд эдгээр нь надад урам зориг өгдөг.

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих явдал нэмэгдсээр байгаа нь гишүүдийн бошиглолын урилгыг хүлээн авч, сүнслэг байдлаа бэхжүүлж байгаагийн ердөө ганцхан жишээ. Гэр бүлүүд ариун сүмийн ёслолуудаар дамжуулан өвөг дээдсээ цуглуулж, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь нэмэгдсээр байгаа нь ч бас улам бүр хүчирхэж байгаагийн нотолгоо юм. Чин сэтгэлийн хувийн болон гэр бүлийн залбирал итгэлийн маань цайз болж, өдөр бүр наманчлан, Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлж, Аврагчийн талаар мөн Түүний зан чанарын талаар суралцаж, Түүнтэй адилхан болох гэж хичээх юм бол сүнслэг үндэс маань улам бүр хүчирхэгжинэ (3 Нифай 27:27-г үзнэ үү).

Бидний Аврагч Есүс Христ бол Дэлхийн гэрэл бөгөөд биднийг Өөрийг нь дага хэмээн дохидог. Бид цаг ямагт, ялангуяа эргэлзээ, тодорхой бус байдал манан будан лугаа гэтэн ирдэг харанхуй, шуургатай шөнөөр Түүн рүү харах хэрэгтэй. “Уст голын нөгөө эрэгт агуу хийгээд нүсэр барилг[а] (1 Нифай 8:26) дотор байгаа хүмүүс хуруугаараа тань руу чичлэн, элэглэн, доромжилж, даллах юм бол та нар үнэнээс болон адислалуудаас тань салгах башир аргатай, зальт зүйлсэд автахгүйн тулд нүүрээ даруй буруулаасай гэж би хүсэж байна.

Гэвч гажууд буруу зүйлсийг хэлж, бичиж, дүрслэн илэрхийлдэг болсон өнөөгийн энэ цаг үед энэ нь дангаараа хангалтгүй. Ахлагч Робэрт Д.Хэйлс “Та сайн мэдээний дагуу бүрэн дүүрэн буюу өөрийн ‘бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа’ амьдрахгүй л бол харанхуйг цааш нь түлхэх хангалттай сүнслэг гэрлийг гаргаж чадахгүй” (“Out of Darkness into His Marvelous Light,” Liahona, 2002 оны 7-р сар) гэжээ. Дэлхийн гэрэл болох Христийг (Иохан 8:12-ыг үзнэ үү) дагах хүсэлтэй байна гэдэг нь мэдээж Түүний сургаалын дагуу үйлдэхийг хэлнэ. Бид Бурханы үгийн дагуу үйлдэх юм бол сүнслэг байдлаараа хүчирхэгжин, бэхжиж, хамгаалагдана.

Бидний амьдрал дахь гэрэл хэдий чинээ их байна, сүүдэр төдий чинээ бага байна. Гэхдээ гэрэл хангалттай байсан ч гэлээ, бид шашин шүтлэгийг маань буруу тайлбарлан, итгэлийг маань сорих хүмүүстэй тааралдаж, тэдний хэлэх үгс бидэнд сонсдох л болно. Төлөөлөгч Иаков “[бидний] итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг” (Иаков 1:3) хэмээн бичсэн. Ахлагч Нийл А.Максвэлл энэ санаан дээр тулгуурлан ”тэвчээртэй шавь нь … Сүмийг буруугаар тайлбарласан үед гайхаж, итгэлээ алддаггүй” (“Patience” [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1979 оны 11-р сарын 27], speeches.byu.edu) хэмээн заажээ.

Манай Сүмийн түүх, итгэл үнэмшлийн талаар асуух зүйлс гарч ирдэг. Бид зөв хариулт олохын тулд хаашаа хандах вэ гэдэгт болгоомжтой хандах ёстой. Бид мэдээлэл багатай, урам нь хугарсан хүмүүсийн үзэл бодол, саналыг судалснаар юу ч олж авахгүй. Төлөөлөгч Паул “Та нарын хэн нэгэнд нь мэргэн ухаан дутвал Бурханаас гуйг” (Иаков 1:5) хэмээн хамгийн оновчтой зөвлөгөөг өгсөн билээ.

Бид Бурханаас асуухаасаа өмнө анхааралтай судлах хэрэгтэй. Учир нь биднийг “мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр” (С ба Г 88:118) хэмээн судар дээр шаардсан байдаг. Тэнгэрээс өдөөгдсөн Сүмийн удирдагчдаар бичигдэж, Сүмийн түүхээр болон сургаал судлаачдаар хүлээн зөвшөөрөгдсөн, найдвартай, үнэн зөв номууд элбэг бий. Гэхдээ эдгээрийн аль нь ч ариун сударт илчлэгдсэн Бурханы үгсийн сүр хүчээс илүү байх нь үгүй. Нимгэн хэдий ч сүнслэг бодлоор дүүрэн хуудсаас бид Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг олж мэддэг бөгөөд ийнхүү өөрийн гэрлийг өсгөн нэмэгдүүлдэг.

Ерөнхийлөгч Томас С.Монсон биднээс “Мормоны Номыг өдөр бүр залбиран судалж, тунгаан бодож” (“Мормоны Номын хүч,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73) байхыг хүссэн.

Хэдэн жилийн өмнө намайг Фижигийн Сува Номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхад хэдэн номлогчид Мормоны Номын хөрвүүлэх хүчийг баталж өгсөн нэгэн үйл явдал тохиолдсон юм. Нэгэн халуун, чийглэг өдөр хоёр номлогч Лабазагийн жижигхэн суурин дахь байшинд очжээ.

Хаалгыг тогшиход ядарч туйлдсан нэгэн эр хаалга онгойлгоод, номлогчдын Мормоны Номыг үнэн гэж гэрчлэхийг нь сонссон байна. Номлогчид түүнд номын нэг хувийг өгөөд, Бурханы үг гэдгийг өөрсөдтэй нь адил мэдэж авахын тулд уншиж, залбирахад урьжээ. Тэр “Би маргааш загасчлахаар явна. Далайд байхдаа уншина аа. Харин намайг буцаж ирэхэд та нар манайхаар дахин ирээрэй” гэж товчхон хариулав.

Түүнийг байхгүй байх хооронд номлогчид солигдож, хэдэн долоо хоногийн дараа шинээр хамтрагч болсон номлогчид загасчинтай уулзахаар очсон байна. Харин энэ удаа тэр Мормоны Номыг бүрэн уншсан төдийгүй үнэн гэсэн гэрчлэлийг хүлээн авч, илүү ихийг мэдэх хүсэлтэй болсон байв.

Мормоны Номын хуудсанд олон жилийн өмнө бичигдсэн ч бидний өдрүүдэд зориулан хадгалагдсан сургаалыг болон үйл явдлын үнэ цэнтэй үгсийг үнэн гэдгийг гэрчилсэн Ариун Сүнс тэр хүнийг хөрвүүлсэн юм. Яг энэ адислалыг бидний хүн нэг бүр хүлээн авах боломжтой.

Гэр орон бол гэр бүлүүдийн хувьд судар, бошиглогчдын үгс дэх үнэт ойлголтыг судлан хуваалцаж, LDS.org дээрх Сүмийн материал руу орох хамгийн тохиромжтой газар билээ. Та тэндээс Анхны үзэгдлийн түүх зэрэг сайн мэдээтэй холбоотой олон сэдвийг олж болно. Бид шилдэг номнуудаас суралцахын хэрээр сүнслэг үндсийг маань цөлмөж идэх гэсэн аймшигт амнаас өөрсдийгөө хамгаалж чадна.

Залбирч, судалж, тунгаан бодсон ч гэлээ, хариултыг нь олох хэрэгтэй асуух зүйлс үлдсэн байж болох тул бид өөрсдийн дотор дүрэлзэх итгэлийн галыг унтраах боломжийг тэдгээрт олгох ёсгүй. Эдгээр асуулт бол өөрсдийн итгэлийг хөгжүүлэх урилга бөгөөд энэ нь худал хуурмаг эргэлзээг галд тос хийхийн адил дүрэлзүүлэх ёсгүй. Шашны мөн чанар бол асуулт бүрд тодорхой хариулт өгөхгүй байх явдал юм. Учир нь энэ бол итгэлийн зорилгуудын нэг билээ. Үүний талаар ахлагч Жэффри Р.Холланд “Ийм зүйл тохиолдон, асуудал үүсэж, яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа” хэмээн заасан (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 94).

Сүнслэг үндсээ тасралтгүй тэжээн тэтгэснээр хүчирхэгжсэн олон хүний баяр баясгаланг бид эргэн тойрноосоо хардаг. Итгэл, дуулгавартай байдал тэдэнд Аврагчид итгэх агуу их итгэлийг мөн цаашлаад хэмжээлшгүй их аз жаргалыг өгөхөд хангалттай байдаг. Тэд бүгдийг мэддэг дүр үзүүлдэггүй ч илүү ихийг мэдэхээр эрэлхийлэх явцдаа амар тайван байж, тэвчээртэй амьдрахад хангалттай мэдлэгтэй болгох төлөөсөө төлсөн. Тэд итгэлээ шат шатаар Христэд бат бөх суурилуулж, журмын нөхдийн хувьд гэгээнтнүүдтэй хамт бат зогсдог.

Бүгдээрээ “Христэд итгэх итгэлдээ бүр эцсээ хүртэл гуйвшгүй бай[хын] (Алма 27:27) тулд далдлан нуугдсан өтний аймшигт аманд амьдралаа одоо ч, ирээдүйд ч оруулахгүйгээр амьдарцгаая. Есүс Христийн нэрээр, амен,