Тусламж гуйн, Тэнгэрийг нээх нь
Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгоцгооё!
Ямар онцгой бөгөөд гайхалтай хуралдаан болж байна вэ. Лауди, Энзо хоёртоо баярлалаа. Та хоёр Сүмийн шижигнэсэн залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг маш сайн төлөөллөө.
Хайрт ах, эгч нар аа, бид өнөөдөр Аврагч Есүс Христийн дэлхий дээр тохинуулж байх үедээ байгуулсан тэрхүү Сүмийн Сэргээлтийн талаар олон зүйлийг сонслоо. Тэрхүү Сэргээлт 200 жилийн өмнө хаврын энэ цагт Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр залуу Иосеф Смитэд үзэгдсэнээр эхэлсэн билээ.
Энэ ер бусын үзэгдлээс хойш 10 жилийн дараа бошиглогч Иосеф Смит өөр таван хүний хамт Их Эзэний сэргээгдсэн Сүмийн анхны гишүүд байхаар дуудагдсан.
1830 оны 4-р сарын 6-нд цугласан тэрхүү жижиг бүлгээс 16 сая гаруй гишүүнтэй дэлхий дахины байгууллага болон өсжээ. Хүн төрөлхтний зовлонг хөнгөвчилж, урам зориг хайрлахын тулд энэ Сүмийн дэлхий даяар хэрэгжүүлдэг сайн үйлсийг олон нийтээрээ мэддэг болсон. Гэхдээ Сүмийн үндсэн зорилго бол эрэгтэй, эмэгтэй хүмүүст болон хүүхдүүдэд Их Эзэн Есүс Христийг дагаж, Түүний зарлигуудыг сахин, хамгийн агуу адислал болох хайртай хүмүүстэйгээ, Бурхантайгаа хамт мөнх амьдралыг олж авахад нь туслах явдал юм.
1820 онд эхэлсэн үйл явдлыг талархан дурсаж, Иосеф Смитийг Бурханы бошиглогчийнх нь хувиар хүндлэхдээ энэ бол Иосеф Смитийн сүм биш, Мормоны ч сүм биш гэдгийг санах нь туйлын чухал. Энэ бол Есүс Христийн Сүм. Тэрээр Өөрийнх нь Сүм яг ямар нэртэй байх ёстойг “Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой” гэж тунхагласан билээ.
Би урьд өмнө нь Сүмийн нэрийг хэрхэн дуудаж, хэрэглэх талаарх шаардлагатай залруулга чиглэлийн тухай ярьсан. Түүнээс хойш энэ залруулгыг хэрэгжүүлэхээр олон зүйлийг хийж, гүйцэтгэсээр байна. Би эдгээр идэвх зүтгэлийг болон энэ үдэш миний зарлах бас нэгэн санаачилгатай холбоотой зүйлсийг удирдахад маш том үүрэг гүйцэтгэсэн ерөнхийлөгч М.Рассэлл Баллардад болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгадаа гүнээ талархаж байна.
Одоо Сүмийн удирдагчид, албад болон холбогдох нэгжүүд мөн сая сая гишүүн болон бусад хүн Сүмийн зөв нэрийг хэрэглэж байна. Сүмийн албан ёсны хэв загварын удирдамжийг засварласан. Сүмийн үндсэн вэбсайт одоо ChurchofJesusChrist.org болсон. Э-мэйл, вэбсайт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаягуудыг шинэчиллээ. Бидний хайртай найрал дуучдыг одоо Ариун Сүмийн талбай дахь Табернеклын найрал дуучид гэх болсон.
Бид Их Эзэний нэрийг Түүний Сүмийн нэрээс хасахдаа санамсаргүйгээр Түүнийг сүсэг бишрэл, амьдралынхаа гол цөмөөс хасдаг учраас ийнхүү онцгойлон идэвх зүтгэл гаргасан юм. Бид баптисм хүртэж, Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авахдаа үг, бодол санаа, үйлдлээрээ Есүс бол Христ гэдгийг гэрчлэхээр амладаг.
Би өмнө нь, хэрэв “Их Эзэний Сүмийн зөв нэрийг сэргээхийн тулд бид хамгийн сайнаараа хичээвэл” Тэр “хожмын үеийн гэгээнтнүүдийн тэргүүн дээр урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүйгээр Өөрийн хүч, адислалуудыг асгах болно” хэмээн амласан билээ. Би тэр амлалтаа өнөөдөр шинэчилж байна.
Түүнийг дурсан санаж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг Их Эзэний Сүм хэмээн тодорхойлоход туслахын тулд бид Есүс Христийн Сүмд Түүний эзлэх гол байр суурийг илэрхийлэх бэлгэ тэмдгийг танилцуулахдаа таатай байна.
Энэхүү бэлгэ тэмдэг нь булангийн чулуун дотор Сүмийн нэрийг агуулна. Есүс Христ бол голлох булангийн чулуу билээ.
Бэлгэ тэмдгийн голд Торвалдсэны Christus хэмээх гантиг хөшөөний төлөөлөл байна. Энэ нь Өөрт нь ирэх бүгдийг хүлээн авахаар мутраа сунгаж буй амилсан, амьд Их Эзэнийг дүрсэлдэг.
Бэлгэдлээр, Есүс Христ нуман хаалганы доор зогсож байгаа юм. Нуман хаалга нь цовдлогдсоноосоо хойш гурван өдрийн дараа булшнаас гарч ирж буй амилсан Аврагчийг бидэнд сануулна.
Бид сэргээгдсэн сайн мэдээг амьд, амилсан Христтэй хамт тодорхойлоод удаж байгаа болохоор энэхүү бэлгэ тэмдэг олон хүнд дотно санагдах учиртай.
Уг бэлгэ тэмдгийг одооноос Сүмийн албан ёсны хэвлэл, мэдээ, үйл ажиллагаануудын таних тэмдэг болгон ашиглах болно. Энэ нь бүх хүнд энэ бол Аврагчийн Сүм бөгөөд Түүний Сүмийн гишүүдийн хувиар бидний хийдэг бүх зүйл Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвтэй гэдгийг сануулах юмболно.
Одоо миний хайрт ах, эгч нар аа, ахлагч Гонгийн маш сайхан заасанчлан маргааш далдуу модны ням гараг юм. Бид Христийн амилсны баяраар төгсдөг онцгой долоо хоног руу орно. Дэлхийг үймээн самуунд оруулаад байгаа КОВИД-19 цар тахал тархсан энэ үед амьдарч буй Есүс Христийн дагагчдын хувиар зөвхөн Христийн тухай ярьж, Христийн тухай номлох эсвэл Христийг бэлгэдэх тэмдгийг ашиглах биш,
Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгоцгооё!
Сүмийн гишүүд сар бүрийн нэг өдөр мацгийн хууль сахидгийг та нар мэднэ.
Мацгийн сургаал эрт дээр үеэс гаралтай. Үүнийг хамгийн эртний өдрүүдээс эхлээд библийн баатрууд хэрэгжүүлсээр ирсэн. Мосе, Давид, Езра, Нехемиа, Естер, Исаиа, Даниел, Иоел болон бусад олон хүн мацаг барьж, мацаг барихыг номлож байсан. Их Эзэн Исаиагийн бичвэрээр дамжуулан “Гэм буруугийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлж, дарлагдагсдыг чөлөөлөөд, аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу?” хэмээн хэлжээ.
Төлөөлөгч Паул Коринт дахь гэгээнтнүүдэд хандан, “өөрсдийгөө [мацаг барилт,] залбиралд зориул” хэмээн зөвлөсөн. Аврагч Өөрөө “гэвч [зарим зүйл] залбирал, мацаг барилтаар л гардаг” хэмээн айлдсан.
Би саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулсан видео бичлэгтээ “эмч, мэс засалч хүний хувьд КОВИД-19 вирусын тархалтыг хязгаарлаж тогтоохоор өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд, эрдэмтэд болон бусад бүх хүнийг ихэд хүндэлж байна” гэж хэлсэн.
Одоо Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, Есүс Христийн төлөөлөгчийн хувиар би Бурханд “бүх хүч чадал, бүх мэргэн ухаан, мөн бүх ойлголт байдаг, тэрээр бүх зүйлийг ухаардаг мөн наманчлах мөн түүний нэрэнд итгэдэг тэднийг бүр авралд хүргэх тэрээр нигүүлсэнгүй Нэгэн” гэдгийг мэднэ.
Тиймээс өвчин цар тахлын хэмжээнд хүртлээ тархсан гүн хямралын үед бидний хийх хамгийн энгийн зүйл бол Тэнгэрлэг Эцэгтээ болон Түүний Хүү Эдгээгч Эзэндээ хандан, дэлхийн хүмүүсийг адислах гайхамшигт хүчээ үзүүлэхийг гуйх явдал билээ.
Видео бичлэг дээрх захиасдаа би 2020 оны 3-р сарын 29-ний ням гарагт мацаг барилтад бүгдээрээ нэгдэхийг уриалсан. Та нарын ихэнх нь уг бичлэгийг үзээд, мацаг барихад нэгдсэн байх. Зарим нь нэгдээгүй байж болно. Бидэнд одоо ч тэнгэрийн тусламж хэрэгтэй байна.
Хайрт ах, эгч нар аа, тиймээс өөрсдийгөө их залбирал мөн мацаг барихад зориулсан Мозаягийн хөвгүүдийн адилаар, өнөө орой 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы нэг хэсэг болгон дахиад нэг удаа дэлхий даяараа мацаг барихыг уриалж байна. Эрүүл мэндийн хувьд боломжтой бүх хүнийг дахин нэг удаа мацаг барин, залбирч, итгэлээ нэгтгэцгээе хэмээн урьж байна. Энэхүү дэлхий даяар тархаад байгаа цар тахлаас ангижруулж өгөхийг залбиран гуйцгаая.
Би бүх хүнийг, манай Сүмийн гишүүн биш хүмүүсийг ч Христийн амилсны баярын өмнөх баасан гарагт буюу 4-р сарын 10-ны Сайн баасан гарагт одоогийн өвчний тархалтыг хязгаарлаж, өвчтөнүүдийг эмчилж, асарч буй хүмүүсийг хамгаалж, эдийн засаг хүчирхэгжин, амьдрал хэвэндээ орохын төлөө мацаг барин, залбирахад урьж байна.
Бид хэрхэн мацаг барих вэ? Хоёр удаагийн хоолоор юм уу 24 цагаар мацаг барих нь жишиг мацаг барилт боловч Аврагчийн таны төлөө хийсэн хамгийн агуу золиосыг дурсан санаж, таны хувьд юу золиос болохыг тодорхойлж байж та шийдээрэй. Дэлхий даяар эдгэрүүлэхийг гуйн нэгдэцгээе.
Сайн баасан гараг бол Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрын биднийг сонсох хамгийн тохиромжтой өдөр байх болно.
Хайрт ах, эгч нар аа, би бидний оролцож буй үйл хэргийн тэнгэрлэг байдлыг гэрчлэхийн хамт та нарыг гүнээ хайрлаж байгаагаа илэрхийлж байна. Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм. Тэрээр тэргүүнд нь зогсож, бидний хийх бүх зүйлийг удирддаг. Тэр Өөрийн хүмүүсийн гуйлтад хариулна гэдгийг би мэднэ. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.