Бурханы сайн сайхан мөн агуу ихийг эргэцүүл
Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн агуу ихийг, Тэд таны төлөө юу хийснийг өдөр бүр дурсан санахад би таныг урьж байна.
Үеийн үед, ялангуяа хэцүү бэрх цагийг туулах үедээ бошиглогчид Бурханы агуу ихийг санаж, бидэнд хувь хүнийх нь хувьд, гэр бүлд маань, ард түмнийх нь хувьд бидний төлөө Түүний хийсэн зүйлийг эргэцүүлэхэд урамшуулсаар ирсэн билээ.1 Энэ удирдамж нь судруудад хааяагүй байдаг боловч Мормоны Номд хамгийн их гардаг. Мормоны Номын эхний хуудсанд уг номын нэг зорилго нь “Их Эзэн тэдний өвөг дээдэст ямар агуу зүйлүүдийг хийж өгснийг Израилын угсааны үлдэгдэлд үзүүлэх”2 явдал юм гэсэн байдаг. Мормоны Номын төгсгөл хэсэгт “Болгоогтун, та нар эдгээр зүйлийг уншихдаа … Их Эзэн хүмүүний үрсэд хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг та нарт ухуулъя би”3 гэсэн Моронайн гуйлт багтжээ.
Бурханы сайн сайхныг эргэцүүлэн бодох тухай бошиглогчдын гуйлтууд хэр олон давтагдаж байгаа нь ер бусын юм.4 Тэнгэрлэг Эцэг маань биднээс Өөрийнх нь болоод Хайрт Хүүгийнх нь сайн сайхныг дурсан санахыг биднээс хүсдэг бөгөөд энэ нь Өөрсдийнхөө хүслийг хангахын тулд биш, харин тэрхүү дурсамжийн бидэнд үзүүлдэг нөлөөний улмаас ийн хүсдэг. Тэдний сайхан сэтгэлийг тунгаан бодсоноор бидний алсын хараа, ойлголт өсөн нэмэгддэг. Тэдний нинжин сэтгэлийг эргэцүүлснээр бид илүү даруу төлөв, залбиралтай, тууштай болдог.
Өгөөмөр, нинжин сэтгэлд талархалтай байх нь биднийг хэрхэн өөрчилдгийг нэгэн өвчтөний маань сэтгэл хөдөлгөм түүх харуулдаг. Зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай Томас Нийлсон хэмээх гайхалтай эртэй 1987 онд би танилцсан юм. Тэр 63 настай байсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Юта мужийн Логан хотод амьдардаг байв. Дэлхийн II дайны үеэр цэргийн алба хаасныхаа дараа тэрээр Донна Вилкэстэй Ютагийн Логан ариун сүмд гэрлэжээ. Тэр эрч хүчтэй бас амжилттай өрлөгчин болсон. Хожим нь тэрээр хамгийн том зээ хүү Жонатантайгаа зуны амралтаар нь хамт ажиллах их дуртай байсан юм. Том өөрийгөө Жонатанаас олж хардаг байсан учраас тэр хоёрын хооронд онцгой холбоо үүсжээ.
Зүрхний донор олдохыг хүлээхдээ Том бухимддаг байв. Тэр тэвчээр муутай хүн байсан хэдий ч шаргуу хөдөлмөрч, шийдэмгий байдлаараа тавьсан зорилгодоо үргэлж хүрдэг байлаа. Зүрхний дутагдалд орж зовж шаналан, амьдрал нь зогсонги байдалд орсон байсан Том заримдаа надаас хурдан арга хэмжээ авахын тулд юу хийж байгааг минь асууж, аль болох эртхэн зүрхний донор олох арга замуудыг надад санал болгож, хошигнодог байв.
Нэгэн баяртай боловч эмгэнэлтэй өдөр Томд тохирох зүрхний донор олдсон юм. Зүрхний хэмжээ, цусны бүлэг нь яг таарч байсан бөгөөд уг донор залуухан, дөнгөж 16 настай байв. Тэр зүрхний эзэн нь Томын хайрт зээ хүү Жонатан байлаа. Тэр өдрийн өглөөгүүр Жонатан унаж байсан машинтайгаа галт тэргэнд дайруулж, амь насанд аюултай гэмтэл авчээ.
Би Том, Донна хоёртой эмнэлэг дээр уулзахад тэд сэтгэлээр унасан байв. Зээ хүүгийнхээ зүрхийг суулгуулснаар Томын нас уртасна гэдгийг мэдэж байсан тул тэдэнд тохиолдож буй зүйлийг төсөөлөхөд бэрх байлаа. Уй гашууд автсан Жонатаны эцэг эхийн, тухайлбал охин, хүргэн хоёрынхоо санал болгосон тэр зүрхний талаар бодохыг ч тэд эхлээд хүсээгүй. Гэсэн хэдий ч Том, Донна хоёр Жонатаны тархи үхэжсэнийг мэдсэн төдийгүй Томд зүрхний донор олдоосой гэсэн залбирлууд нь Жонатаныг осолд ороход хүргээгүйг ойлгосон. Жонатаны зүрх Томыг яг хэрэгтэй цаг үед нь адислах бэлэг байлаа. Тэд энэ эмгэнэлт явдлаас гарч болох сайн үр дүнг ойлгож ухааран, саналыг хүлээн авсан юм.
Шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж, Том их өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлт нь түүний эрүүл мэндийг сайжруулж, түүнийг талархалтай болгоод зогссонгүй. Тэрээр өглөө бүр Жонатаны тухай, охин, хүргэн, өөрийн хүлээн авсан бэлэг, тэр бэлэгтэй холбоотой зүйлийн талаар эргэцүүлэн боддогоо надад хэлсэн юм. Хэдий түүний төрөлхийн алиа хошин, хатуужилтай зан чанар нь урьдын адил байсан ч Том илүү төлөв төвшин, халамжтай, сайхан сэтгэлтэй болсныг би ажиглав.
Зүрх шилжүүлэн суулгуулснаар Томын амьдрал 13 жилээр уртассан юм. Түүнийг нас барсан тухай мэдээнд тэр эдгээр он жилийн ачаар өгөөмөр сэтгэл, хайраараа гэр бүлийнхнийхээ болон бусад хүний амьдралыг өөрчилсөн хэмээн бичсэн байв. Тэрээр өглөг өгдөг буянтан байсан бөгөөд өөдрөг үзэл, шийдэмгий байдлаараа үлгэр жишээ болдог байсан.
Томын нэгэн адил, бид бүгд өөрсдөдөө өгч чадахгүй бэлгүүдийг хүлээн авсан ба тэдгээр нь Есүс Христийн цагаатгагч золиосоор дамжин ирэх гэтэлгэл зэрэг Тэнгэрлэг Эцэгээс болон Түүний Хайрт Хүүгээс ирсэн бэлэг юм.5 Бид энэ дэлхий дээр амьдрал хүлээн авсан. Хэрэв бид сонгох юм бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын ачаар ирэх амьдралд бие махбодтой байж, үүрдийн аврал, өргөмжлөлийг хүлээн авах болно.
Бид эдгээр бэлгийг ашиглаж, ач тусыг нь хүртэж, бүр бодох болгондоо эдгээрийг бэлэглэгчийн золиос, өгөөмөр, нинжин сэтгэлийг эргэцүүлэх хэрэгтэй. Тэдгээрийг бэлэглэгчдэд бишрэл хүндэтгэлтэй хандах нь биднийг зөвхөн талархалтай болгоод зогсохгүй, өгсөн бэлгүүдийг эргэцүүлэн бодох нь биднийг өөрчилж чадна, өөрчлөх ч ёстой.
Залуу Алмад гайхамшигтай өөрчлөлт гарсан. Алмад “Бурханыг эсэргүүцэн явах зуур”6 тэнгэр элч үзэгджээ. “Аянгын дуу хоолойгоор,”7 тэнгэр элч Алмаг Сүмийг хавчиж, “хүмүүсийн зүрх сэтгэлийг хулгайл[ж]”8 байгааг нь зэмлэв. Тэнгэр элч “Явагтун, … эцэг өвгөд тань боолчлолд байсныг санагтун; мөн тэдний төлөө [Бурхан] ямар агуу зүйлүүдийг хийснийг сана”9 гэсэн анхааруулгыг сүүлд нь нэмж хэлжээ. Бүхий л хэлж болох сэрэмжлүүлгээс, тэнгэр элч үүнийг л онцлон хэлсэн.
Алма наманчилж, мөн дурсан санасан. Хожим нь Алма тэнгэр элчийн анхааруулгыг өөрийн хүү Хиламандаа хуваалцсан юм. Алма, “Эцэг өвгөдийнхөө боолчлолыг санахдаа миний хийснийг чамайг хийгээсэй хэмээнэ би, учир нь тэд дарангуйлалд байлаа, мөн Абрахамын … , мөн Исаакийн … , мөн Иаковын Бурханаас өөр хэн ч тэднийг чөлөөлж чадахгүй байв; мөн тэрээр тэднийг зовлонгуудаас нь лавтайяа чөлөөлсөн бөлгөө”10 хэмээн зөвлөөд, “Би түүнд найдлага тавьдаг”11 гэж энгийнээр хэлсэн. Бид боолчлолоос чөлөөлөгдсөнөө, “зүйл бүрийн зүдгүүр хийгээд бэрхшээлүүдийн” үедээ дэмжигдсэнээ дурсан санаснаар Бурханыг болон Түүний амлалт баттай болохыг мэддэг болно гэдгийг Алма ойлгосон билээ.12
Алмад тохиолдсонтой адил сэтгэл хөдөлгөм явдал бидний цөөн хэдэд тохиолддог ч бид адилхан гүн гүнзгий өөрчлөлтийг мэдэрч чадна. Аврагч эртнээс ийнхүү
“Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би … чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.
Би сүнсээ та нарын дотор оруул[на]. …
… Та нар ард түмэн минь болж, Би Бурхан чинь болно”13 хэмээн амласан.
Амилсан Аврагч энэ өөрчлөлт хэрхэн эхэлдгийг нифайчуудад хэлж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний гол хэсгийг ийн тодорхойлжээ.
“Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би загалмай дээр өргөгдсөний дараа, би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд … Эцэг минь намайг илгээсэн бөлгөө;
Мөн энэ шалтгааны учир би өргөгдөв; тиймийн тул, … Эцэгийн хүчний дагуу би бүх хүмүүнийг өөртөө татах болно.”14
Аврагчид татагдахад танд юу хангалттай вэ? Есүс Христ Эцэгийн таалалд захирагдаж, үхлийг ялан дийлж, Өөр дээрээ таны гэм нүгэл, алдсыг авч, таны төлөө өмгөөлөл хийхээр Эцэгээс хүчийг хүлээн авч, төгс гэтэлгэлийг хийснийг бодож үз.15 Энэ бүхэн таныг Түүнд татагдахад хангалттай биш гэж үү? Надад бол хангалттай. Есүс Христ “[таныг, намайг] эдгээж, өршөөн, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж, мутраа дэлгэн зогсдог.”16
Эдгээр үнэн бидэнд шинэ зүрх өгч, Тэнгэрлэг Эцэгээ болон Есүс Христийг дагахыг сонгоход хүргэдэг байх ёстой. Гэсэн хэдий ч шинэ зүрхтнүүд хүртэл “хайрт Бурханаа орхимтгой, холдон явамтгай”17 байх нь бий. Энэ хандлагын эсрэг тэмцэхийн тулд бид хүлээн авсан бэлгүүдээ болон тэдгээртэй холбоотой зүйлсийн талаар өдөр бүр эргэцүүлэн бодох хэрэгтэй. Хаан Бенжамин “Бурханы агуу ихийг, … мөн түүний сайн сайхан хийгээд … та нарт хандсан тэсвэрийг нь та нар үргэлж дурсан санаасай хэмээнэ би”18 хэмээн зөвлөсөн. Хэрвээ бид тэгэх аваас тэнгэрийн гайхамшигт адислалыг авч чадах болно.
Бурханы сайн сайхан, нигүүлслийг эргэцүүлэх нь бидэнд сүнслэг байдлын хувьд улам сайн мэдрэмжтэй болоход тусалдаг. Үүний үр дүнд, сүнсний өндөр мэдрэмтгий байдал нь бидэнд Ариун Сүнсний хүчээр бүх зүйлийн үнэнийг мэдэх боломж олгодог юм.19 Үүнд Мормоны Номын үнэн зөв байдлын талаарх гэрчлэл, Есүс бол Христ, бидний хувийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч гэдгийг мэддэг байх, Түүний сайн мэдээ хожмын энэ өдрүүдэд сэргээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь багтдаг.20
Бид Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн агууг, Тэд бидний төлөө юу хийснийг дурсан санахдаа, Жонатаны зүрхийг Том чухалчлан үзсэний адил Тэдэнд мөн хийсэн зүйлсэд нь талархалтай хандах болно. Том амьдралыг нь уртасгасан тэрхүү эмгэнэлт явдлыг баяр хөөр, бишрэл хүндэтгэлтэйгээр өдөр бүр дурсан санадаг байсан. Бид аврагдаж, өргөмжлөгдөнө гэдгээ мэдээд, асар их баярлахдаа аврал болон өргөмжлөл агуу их үнэ цэнээр боломжтой болсон гэдгийг мартаж болохгүй.21 Есүс Христгүйгээр бид мөхнө, харин Түүгээр дамжуулан бид Тэнгэрлэг Эцэгийн өгөх хамгийн агуу бэлгийг хүлээн авч чадна гэдгийг ухаарч, бишрэн, баяртай байж чадна.22 Чухамдаа энэ бишрэл хүндэтгэл бидэнд “энэ дэлхийд мөнх амьдралын” амлалтыг, мөн ирэх дэлхийд “бүр үхэшгүй байдлын алдар сууд мөнх амьдралыг …” эцэст нь хүлээн авах боломжийг өгдөг.23
Биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын сайн сайхныг эргэцүүлэн бодоход Тэдэнд итгэх итгэл найдвар маань өсөн нэмэгддэг. Бид Бурхан бол бидний Эцэг бөгөөд бид Түүний хүүхдүүд гэдгээ мэддэг учраас залбирлууд маань өөрчлөгддөг. Бид Түүний тааллыг өөрчлөхийг биш, харин өөрсдийн хүслийг Түүнийхэд нийцүүлж, Түүний өгөхийг хүсэж буй, биднийг гуйсан тохиолдолд өгдөг адислалуудыг авахыг эрэлхийлдэг.24 Бид илүү даруу, илүү ариун, илүү тууштай байж, Христтэй улам адилхан болохыг эрмэлздэг.25 Эдгээр өөрчлөлт биднийг нэмэлт тэнгэрлэг адислалуудыг авахад тэнцэхүйц болгодог.
Сайн зүйл бүхэн Есүс Христээс ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрснөөр бид өөрсдийн итгэл үнэмшлийг бусдад илүү үр дүнтэй ойлгуулна.26 Бид биелэх боломжгүй мэт даалгавар, нөхцөл байдалтай тулгарахдаа зоригтой байх болно.27 Аврагчийг дагахаар байгуулсан гэрээнүүдээ сахих шийдвэрээ бид бататгана.28 Бид Бурханы хайраар дүүргэгдэж, тусламж хэрэгтэй хүмүүст шүүж, шүүмжлэхгүйгээр туслахыг хүсэж, хүүхдүүдээ хайрлан, тэднийг зөв шударга байдалд өсгөн хүмүүжүүлж, нүглүүдийнхээ ангижралыг хадгалж, үргэлж баярлаж баясна.29 Эдгээр нь Бурханы сайн сайхныг болон нигүүлслийг дурсан санасны гайхалтай үр жимс билээ.
Харин эсрэгээрээ, Аврагч “Мөн бүх зүйл дээр Түүний гарыг хүлээн зөвшөөрдөггүй, … тэднээс бусад хүмүүн ямар ч зүйлээр Бурханд гэм бурууг үйлддэггүй, эсвээс хэний ч эсрэг түүний уур хилэн дүрэлздэггүй”30 гэж анхааруулсан. Бид Бурханыг мартахад Тэр гомддоггүй, харин маш сэтгэл дундуур байдаг гэж би боддог. Бид Түүнийг болон Түүний сайн сайхныг дурсан санаснаар Түүнд ойртон очих боломжоо алддаг гэдгийг Тэр мэддэг. Улмаар бид Түүнийг бидэнд ойр байх боломжгүй болгож, Түүний амласан тодорхой адислалуудыг алддаг.31
Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн агууг, Тэд таны төлөө юу хийснийг өдөр бүр дурсан санахад би таныг урьж байна. Тэдний сайн сайхныг эргэцүүлэн бодохдоо, хэрэн бэдрэх зүрх сэтгэлээ Тэдэнтэй илүү бат холбоорой.32 Тэдний нинжин сэтгэлийг тунгаан бод. Та илүү их сүнслэг мэдрэмтгий байдлаар адислагдаж, Христтэй улам адил болно. Бусдыг ойлгох Тэдний чадварыг нарийвчлан тунгаах нь “Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд” танд “тэнгэрт хүлээн авагдах” хүртлээ “төгсгөл хүртэл итгэлтэйгээр [тэвчихэд]” тусална.33
Тэнгэрлэг Эцэг маань Хайрт Хүү рүүгээ заан, “Түүнийг сонс!” хэмээн хэлсэн билээ.34 Та тэдгээр үгийн дагуу үйлдэж, Түүнийг сонсохдоо, Аврагч сэргээж чадахгүйг тань сэргээж, эдгээж чадахгүй шархыг тань эдгээж, засашгүйгээр эвдэрч хэмхэрснийг засаж,35 танд учирсан ямар нэгэн шударга бус зүйлийн хохирлыг барагдуулж,36 эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг үүрд анагаахдаа баяртай байдаг37 гэдгийг баяр хөөр, бишрэл хүндэтгэлтэйгээр санаарай.
Би Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс ирсэн бэлгүүдээ эргэцүүлэн бодох үедээ Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн төлөөх Тэдний хэмжээлшгүй хайр, төсөөлшгүй нигүүлслийг ухаарч ойлгодог.38 Энэ мэдлэг намайг өөрчилсөн шиг таныг бас өөрчлөх болно. Есүс Христийн нэрээр, амен.