Агуу төлөвлөгөө
Бид Бурханы төлөвлөгөөг мэддэг бөгөөд үүнд оролцохоор гэрээ байгуулсан хүмүүс эдгээр үнэнийг заах тодорхой үүрэгтэй.
Ер бусын сорилт, бэрхшээл дунд ч гэсэн бид үнэхээр адислагдсан билээ! Энэ Ерөнхий чуулган Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн баяр баясгаланг болон баялгийг бидний дээр юүллээ. Бид Сэргээлтийг эхлүүлсэн Эцэг, Хүүгийн тухай үзэгдэлд баяслаа. Бид Есүс Христийг болон Түүний сургаалыг гэрчлэх гол зорилго бүхий Мормоны Ном гайхамшигтайгаар урагш гарч ирснийг эргэн дурслаа. Бошиглогчдод төдийгүй бид бүхэнд аминчлан өгөгддөг илчлэлтийн бодит байдлыг бид дахин мэдэрлээ. Бид Есүс Христийн цаглашгүй Цагаатгал, бодит амилуулалтын талаар нандин гэрчлэлүүдийг сонслоо. Түүнчлэн Бурхан Эцэг шинэхэн дуудагдсан бошиглогч Иосеф Смитэд “Энэ бол Миний Хайртай Хүү, Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:17) хэмээн хэлсний дараа илчлэгдсэн Түүний сайн мэдээний бүрэн байдлын бусад үнэн бидэнд заагдлаа.
Бид санваарыг болон үүний түлхүүрүүдийг сэргээсэн тухай мэдлэгээ бататгаж авлаа. Бид Их Эзэний сэргээгдсэн Сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн зөв нэрээр нь таниулах зорилгоо улам батжууллаа. Мөн дэлхийг хамарсан цар тахлын өнөөгийн болон ирээдүйн нөлөөг багасгахын тулд мацаг барьж, залбирахад биднийг урилаа. Өнөө өглөө Их Эзэний амьд бошиглогч Сэргээлтийн тухай түүхэн тунхгийг танилцуулснаар сүнслэгээр өдөөсөн. Бид “Сэргээлтийн захиасыг залбиран судалж, итгэлээр үйлддэг хүмүүс үүний бурханлаг байдлын хийгээд бидний Их Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн амлагдсан Хоёр дахь ирэлтэд дэлхийнхнийг бэлдэх зорилгын тухай өөрийн гэсэн гэрчээр адислагдах болно”1 хэмээх тунхгийг батлан хэлж байна.
Төлөвлөгөө
Энэ бүхэн бол Бурханы хүүхдүүд өргөмжлөгдөж, Түүнтэй адилхан болох боломж олгох зорилготой бурханлаг төлөвлөгөөний нэгэн хэсэг юм. Судруудад “аз жаргалын агуу төлөвлөгөө,” “гэтэлгэлийн төлөвлөгөө,” “авралын төлөвлөгөө” (Алма 42:8, 11, 5) хэмээн нэрлэгддэг энэ төлөвлөгөө нь тэнгэр дэх зөвлөл хуралдахад эхэлсэн тухай Сэргээлтээр илчлэгдсэн. Сүнсний хувьд бид Тэнгэрлэг Эцэг Эхийнхээ адил мөнх амьдралыг хүлээн авахыг хүссэн билээ. Тухайн үед бид бие махбодтой болж мөнх бус оршихуйд амьдрах туршлагагүйгээр өсөж хөгжиж болох дээд түвшиндээ хүрсэн байсан. Бидэнд тэрхүү туршлагыг өгөхөөр Бурхан Эцэг энэ дэлхийг бүтээхээр төлөвлөжээ. Түүний төлөвлөснөөр, дэлхийн амьдралд бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд хэрэгтэй эсэргүүцэлтэй тулгарснаар нүгэл үйлдэн бохирдох байв. Бид мөн бие махбодын үхэлд харьяалагдах байлаа. Тэнгэрлэг Эцэг маань биднийг үхэл, нүглийн савраас суллахын тулд Аврагчийг өгөхөөр төлөвлөсөн байв. Түүний Амилуулалт бүх хүнийг үхлээс гэтэлгэж, цагаатгагч золиос нь Бидний өсөлт хөгжилд түлхэц өгөх үүднээс тавьсан нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд бүх хүнийг нүглээс цэвэршүүлэх төлөөсийг төлөх байлаа. Есүс Христийн Цагаатгал бол Эцэгийн авралын төлөвлөгөөний гол цөм мөн.
Тэнгэр дэх Зөвлөлд Бурханы бүх сүнсэн хүүхдэд Эцэгийн төлөвлөгөөг, тухайлбал мөнх бус оршихуйн үр дагавар, сорилт бэрхшээл, тэнгэрлэг тусламж, алдар суу бүхий хувь заяаг танилцуулсан. Бид эхлэлээс төгсгөлийг нь хүртэл харсан. Энэ дэлхийд төрсөн тоо томшгүй олон мөнх бус хүмүүн бүгдээрээ Эцэгийн төлөвлөгөөг сонгон, үүний төлөө дараа нь болсон тэнгэр дэх тулаанд орж тэмцсэн. Түүнчлэн олон хүн мөнх бус оршихуйд юу хийх талаар Эцэгтэй гэрээ байгуулсан. Яг ямар арга замаар гэдгийг илчлээгүй ч сүнсний дэлхийд хийсэн бидний үйлдэл мөнх бус оршихуй дахь нөхцөлд маань нөлөөлсөн юм.
Мөнх бус оршихуй ба Сүнсний дэлхий
Мөнх бус оршихуй дахь аяллын маань туршид болон үүний дараах сүнсний дэлхийд бидэнд нөлөөлдөг, Эцэгийн төлөвлөгөөний зарим үндсэн бүрэлдэхүүн хэсгийг би одоо хураангуйлан хэлье.
Мөнх бус оршихуй дахь амьдрал, мөнх бус оршихуйн дараах өсөлт хөгжлийн зорилго бол Бурханы үр хүүхдүүдийг Түүнтэй адилхан болгох явдал юм. Үүнийг л Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хүсдэг. Энэхүү баяр баясгалант хувь заяаг олж авахын тулд мөнхийн хуулийн дагуу бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэршүүлэгдэж, Эцэг, Хүүгийн оршихуйд амьдарч, өргөмжлөлийн адислалыг хүлээн авах боломжтой. Мормоны Номд зааснаар, Тэрээр “тэднийг бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; мөн Бурханд бүгд … адил буюу” (2 Нифай 26:33-ыг мөн Алма 5:49-ийг үзнэ үү).
Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу бид хувь заяагаар тохиох ёстой тэр дүрийг олохын тулд мөнх бус хүмүүнийг Бурханы зарлиг, төлөвлөгөөний эсрэг үйлдэхэд уруу татдаг хилэнцэт сөрөг хүчний эсрэг сонголт хийх шаардлагатай. Үүнээс гадна бид бусдын гэм эсвэл төрөлхийн гажиг гэх мэт өөр бусад мөнх бус оршихуйн хүчин зүйлстэй тулгарах хэрэгтэй болдог. Заримдаа бид тав тухтай, амар тайван байснаар бус, харин зовлон зүдгүүр, саад бэрхшээлээр дамжуулан шаардлагатай өсөлт хөгжилдөө хүрдэг. Харин тэнгэрээс оролцон, мөнх бус оршихуйн бүх сөрөг үр дагавраас биднийг чөлөөлсөн бол мөнх бус оршихуйн сөрөг хүчин мөнхийн зорилгоо биелүүлж чадахгүй байх байсан.
Уг төлөвлөгөө бидний мөнхийн хувь заяа, мөнх бус оршихуй дахь аяллын маань зорилго, нөхцөлийг мөн хүлээн авах тэнгэрлэг тусламжийг илчилдэг. Бурханы зарлигууд биднийг аюултай нөхцөл байдалд төөрөлдөн орохоос сэрэмжлүүлдэг. Сүнсээр өдөөгдсөн удирдагчдын сургаал бидний замыг зааж, мөнхийн аялалд маань туслах баталгааг өгдөг.
Бурханы төлөвлөгөө бидэнд мөнх бус оршихуйн аялалд маань туслах дөрвөн агуу баталгааг өгдөг. Бүгдийг нь төлөвлөгөөний төвд байдаг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидэнд өгсөн. Эхнийх нь, нүглээ наманчлах юм бол нүглийн төлөө амссан Түүний зовлон шаналлаар дамжуулан бид нүглээсээ цэвэршигдэх боломжтой гэсэн баталгаа юм. Тэгвэл нигүүлсэнгүй шүүгч “тэдгээрийг цаашид санах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 58:42).
Хоёр дахь нь, Аврагч Өөрийн Цагаатгалын нэгэн хэсэг болгон мөнх бус оршихуйн бүх сул дорой чанарыг Өөр дээрээ авсан юм. Энэ нь дайн дажин, халдварт өвчин гээд мөнх бус байдалд гарцаагүй үүрэх ачаагаа даах бурханлаг туслалцаа, хүч чадал олж авах боломжийг бидэнд олгодог. Мормоны Ном Цагаатгалын энэхүү амин чухал хүчний хамгийн тодорхой судрын тайлбарыг бидэнд өгдөг. Аврагч “хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг [халдварт өвчин] Өөр дээрээ авна. … Тэрээр бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг ав[сан]” (Aлма 7:11).
Гурав дахь нь, Аврагч үхлээр эцэслэдэг байсан төгсгөлийг Өөрийн цаглашгүй Цагаатгалаар дамжуулан цуцалж, бүгд амилуулагдана гэсэн баярт баталгааг өгдөг. Мормоны Номд “Эдүгээ, энэ сэргээлт нь бүгдэд, настай мөн залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь эрэгтэй эмэгтэй аль алинд нь, ёс бусыг үйлдэгчид хийгээд зөв шударгыг үйлдэгчид аль алинд нь ирэх болно; мөн бүр тэдний толгойн үсний нэг ширхэг нь ч гээгдэхгүй болой; харин бүх зүйл төгс хэлбэрээрээ сэргээгдэх болно” (Aлма 11:44) гэж заасан.
Амилуулалт бодитойг бид Христийн амилсны баярын өдрүүдэд тэмдэглэдэг. Энэ нь төрөхдөө юм уу мөнх бус амьдралынхаа явцад олж авдаг бие махбод, сэтгэц эсвэл сэтгэл санааны дутмаг байдал зэрэг бидэнд болон бидний хайртай хүн болгонд тохиолддог мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадал, ойлголтыг бидэнд өгдөг юм. Амилуулалтын ачаар эдгээр мөнх бус амьдралын дутмаг байдал зөвхөн түр зуурынх гэдгийг бид мэднэ!
Амилуулалтад эхнэр, нөхөр, үр хүүхэд, эцэг эх гэх мэт гэр бүлтэйгээ хамт байх боломжтой гэсэн баталгааг Сэргээгдсэн сайн мэдээ өгдөг. Энэ нь гэр бүлийнхээ өмнө хүлээдэг үүрэг хариуцлагаа биелүүлэхэд хүчтэй түлхэц болдог. Энэ нь дараагийн амьдралдаа баяртайгаар дахин нэгдэж, уулзахыг тэсэн ядан хүлээн, энэ амьдралд хамтдаа хайран дунд амьдрахад бидэнд тусалдаг.
Дөрөв дэх нь бөгөөд эцсийнх нь, орчин үеийн илчлэлтүүд мөнх бус оршихуйн амьдрал дууссанаар бидний өсөлт хөгжил төгсгөл болох албагүй хэмээн заадаг. Энэ чухал баталгааны талаар олон зүйл илчлэгдээгүй байгаа. Бидэнд энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх үе бөгөөд наманчлахаа бүү хойшлуул хэмээн хэлсэн (Алма 34:32–33-ыг үзнэ үү). Гэсэн ч сүнсний дэлхийд сайн мэдээг “ёс бусчуудын дунд, бас үнэнийг эсэргүүцдэг асан дуулгаваргүйчүүдэд” (Сургаал ба Гэрээ 138:29) ч гэсэн номлоно. Мөн Эцсийн шүүлтийн өмнө заалгасан хүмүүс наманчилж болно хэмээн бидэнд заадаг (31–34, 57–59-р шүлгийг үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний өөр үндсэн хэсгийг энд дурдъя.
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ бидэнд ариун явдал, гэрлэлт, үр хүүхэд төрүүлэх зэрэг сэдвийг өвөрмөц, өөр өнцгөөс харах боломж олгодог. Энэ нь гэрлэлт бол Бурханы төлөвлөгөөний дагуу Түүний төлөвлөгөөний зорилгыг гүйцэлдүүлэхэд шаардлагатай бөгөөд мөнх бус оршихуйд төрөхөд мөн гэр бүлийн гишүүдийг мөнх амьдралд бэлдэхэд зориулагдсан Бурханы оролцоотой бүрдүүлсэн орчин хэмээн заадаг. “Бүтээлтийн зорилгыг дэлхий хэрэгжүүлж болохын тулд” “гэрлэлт нь Бурханаас хүмүүнд томилогдсон” (Сургаал ба Гэрээ 49:15–16) хэмээн Их Эзэн хэлсэн. Мэдээж, энэ тал дээр Түүний төлөвлөгөө хууль, ёс заншил гээд дэлхийнхний зарим хатуу хүчин зүйлтэй харшилдаг.
Дэлхийн амьдралыг бүтээх хүч нь Өөрийн хүүхдүүдэд өгсөн Бурханы хамгийн агуу өргөмжлөгдсөн хүч юм. Энэ хүчийг ашиглахыг Адам, Ева хоёрт хамгийн анхны тушаалаар зарлигласан бол, өөр нэгэн чухал тушаалаар үүнийг буруугаар ашиглахыг хориглосон ажээ. Үр удмаа үлдээх хүчийг гэрлэлтээс гадуур ашиглаж буй бүх тохиолдол бол эрэгтэй, эмэгтэй хүмүүст өгөгдсөн хамгийн бурханлаг шинж чанарыг ямар нэг байдлаар завхруулж, нүгэл үйлдэж буй хэрэг юм. Бидний үр хүүхэд төрүүлэх хүчийн зорилго нь Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд оршдог тул сэргээгдсэн сайн мэдээ энэхүү ариун явдлын хуулинд онцгой анхаарал хандуулдаг.
Дараа нь яах вэ?
Сэргээлтийг эхлүүлсэн Анхны үзэгдлийн 200 жилийн ойн энэ баярын үеэр бид Их Эзэний төлөвлөгөөг мэдэж авах бөгөөд үүний адислалууд биднийг хоёр зууны туршид Түүний сэргээгдсэн Сүмээр дамжуулан урамшуулан дэмжсээр ирсэн. Энэ жил 2020 онд бид өнгөрсөн үйл явдлын талаар хүмүүсийн хэлдгээр 20/20 буюу төгс хараатай болсон байна.
Харин ирээдүйг харах бидний хараа тийм ч төгс биш. Сэргээлтээс хойш хоёр зуун өнгөрөхөд сүнсний дэлхийд явагдаж буй номлолд мөнх бус оршихуйн туршлагатай олон ажилтан оролцож байгаа гэдгийг бид мэднэ. Бас үхлийн хөшигний аль аль талд нь наманчилж, Их Эзэний сайн мэдээг хүлээн авсан хүмүүст зориулан мөнхийн ёслолуудыг гүйцэтгэх олон ариун сүмтэй болсон байгаа гэдгээ бид мэднэ. Энэ бүхэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг урагшлуулж байдаг. Бурханы хайр агуу тул өөрсдийн хүслээр мөхлийн хөвгүүд болсон цөөн хэдээс бусад бүх хүүхдэдээ Тэрээр алдар сууг хүртэх хувь заяаг өгсөн билээ (Сургаал ба Гэрээ 76:43-ыг үзнэ үү).
Аврагч эргэж ирэх бөгөөд Бурханы төлөвлөгөөний мөнх бус оршихуй дахь хэсгийг дуусгахаар мянган жилийн амар амгалангийн хаанчлал эхэлнэ гэдгийг бид мэднэ. Түүнчлэн зөвт болон зөвт бус хүмүүсийн гээд өөр амилуулалтууд болох бөгөөд хүн нэг бүрийг амилуулагдсаны дараа эцсийн шүүлт хийгдэнэ гэдгийг бид мэднэ.
Бид үйлс үйлдэл, зүрх сэтгэлийнхээ хүсэл бодлын дагуу мөн ямар хүн болсныхоо дагуу шүүгдэх болно. Энэхүү шүүлт дээр үндэслэн Бурханы бүх хүүхдийг дуулгавартай байдалд нь тохирсон, ая тухтай байх алдар суугийн хаант улсад нь оруулна. Энэ бүхний шүүгч бол бидний Аврагч, Есүс Христ билээ (Иохан 5:22; 2 Нифай 9:41-ийг үзнэ үү). Бүхнийг мэдэх хүч нь бидний наманчлаагүй эсвэл өөрчлөөгүй мөн наманчилсан, зөв шударга бүх үйлдэл, хүслийн талаар төгс мэдлэгийг Түүнд өгдөг. Тиймээс Түүний шүүлтийн дараа бид бүгдээрээ “түүний шүүлтүүд шударгыг” (Мозая 16:1) хүлээн зөвшөөрөх болно.
Эцэст нь, нэрээ хасуулж эсвэл урваснаас хойш Сүмд эргэн ирэх олон захидал, хүсэлтийг авч үзээд, өөрт орж ирсэн үзэл санаагаа хуваалцъя. Манай олон гишүүн сэргээгдсэн Сүмийн сургаал, сүнсээр өдөөгдсөн бодлого журмын талаарх асуултуудад хариулдаг энэхүү авралын төлөвлөгөөг бүрэн гүйцэд ойлгодоггүй юм байна. Бид Бурханы төлөвлөгөөг мэддэг. Мөн бид үүнд оролцохоор гэрээ байгуулсан хүмүүс. Бид мөнх бус оршихуйд эдгээр үнэнийг зааж, бусдад болон өөрсдөдөө улам сайн хүргэхийн тулд чадах бүхнээ хийх тодорхой үүрэгтэй. Энэ бүгдийг боломжтой болгосон бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.