Ерөнхий чуулган
Зүрхнийхээ гүнд
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Зүрхнийхээ гүнд

Их Эзэн бид бүгдэд Өөрийнх нь сайн мэдээг зүрхнийхээ гүнд хүлээн авахад туслахыг хичээж байгаа.

Эгч ах нар аа, бид ямар гайхамшигтай цаг үед амьдарч байна вэ. Бид Сэргээлтийн эхлэлийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ өөрсдийн гэрчилж буй үргэлжилж байгаа Сэргээлтийг бас тэмдэглэх нь зүйтэй юм. Би энэ цаг үед амьдарч байгаадаа та бүхэнтэй хамт баярлаж байна. 1 Их Эзэн Өөрийг нь хүлээн авахаар бэлтгэхэд бидэнд туслахаар хэрэгцээтэй бүх зүйлийг бошиглогчдоороо дамжуулан байранд нь үргэлжлүүлэн тавьж байгаа билээ. 2

Тэдгээр хэрэгцээтэй зүйлийн нэг нь Хүүхэд, өсвөр үеийнхний шинэ хөтөлбөр юм. Та нарын олон нь энэ хөтөлбөр зорилго тавихад болон харьяа байгууллагын шинэ бэлгэдлүүд, Өсвөр үеийнхний бат бөх байдлын чуулган зэрэгт төвлөрдгийг мэдэж байгаа. Гэхдээ бид уг хөтөлбөрийн тулгуур зарчмуудыг болон тэдгээр зарчмын хүүхэд, өсвөр үеийнхэнд Есүс Христийн сургаалыг зүрхнийхээ гүнд хүлээн авахад нь туслах гэсэн зорилгыг харах хараагаа дээрх зүйлсээр халхалж болохгүй. 3

Бид эдгээр зарчмыг илүү сайн судалж мэдсэнээр үүнийг 8-аас 18 насны гишүүдэд зориулсан хөтөлбөр гэдгээс илүү өргөн хүрээнд харах болно. Их Эзэн хэрхэн бид бүгдэд Өөрийнх нь сайн мэдээг зүрхнийхээ гүнд хүлээн авахад туслахыг хичээж байгааг бид ойлгох болно. Ариун Сүнс бидэнд хамтдаа суралцахад туслаасай хэмээн би залбирч байна.

Харилцаа—”Тэдэнтэй хамт бай” 4

Харилцаа бол анхдагч зарчим юм. Энэ нь Есүс Христийн Сүмийн нэг хэсэг учраас бид Христ рүү очихоор үргэлжилж буй аяллынхаа явцад харилцааны чухал ач холбогдлыг заримдаа мартдаг. Бид гэрээний замыг өөрсдөө олж, түүн дээр ганцаараа алхах шаардлагагүй. Бидэнд тэр зам дээр алхаж буй эцэг эх, гэр бүлийн бусад гишүүн, найз нөхөд, удирдагчдын маань хайр, дэмжлэг хэрэгтэй.

Энэ төрлийн харилцааг бий болгоход цаг хугацаа хэрэгтэй байдаг. Хамт байх цаг, хамтдаа инээж, тоглож, суралцаж, үйлчлэх цаг, нэг нэгнийхээ сонирхол ба бэрхшээлүүдэд анхаарал тавих цаг, хамтдаа илүү сайн байхыг хичээх үедээ нэг нэгэнтэйгээ нээлттэй, шударга байх цаг. Эдгээр харилцаа нь гэр бүл, чуулга, анги, салбар, тойргоороо цуглахын үндсэн зорилгуудын нэг. Тэдгээр нь үр өгөөжтэй тохинууллын үндэс суурь юм. 5

Ахлагч Дэйл Г.Рэнланд эдгээр харилцааг хөгжүүлэх түлхүүрийг өгөхдөө “Бид бусдад үр дүнтэй үйлчлэхийн тулд тэднийг … Тэнгэрлэг Эцэгийн мэлмийгээр харах хэрэгтэй. Зөвхөн тэгж чадсан тохиолдолд бид бодгалийн жинхэнэ үнэ цэнийг ойлгож эхлэн, бүх хүүхдээ хайрлах Тэнгэрлэг Эцэгийн хайрыг ухаарах болно” 6 хэмээн хэлсэн.

Бусдыг Бурханы мэлмийгээр харах нь бэлэг юм. Би хүн бүрийг энэ бэлгийг эрэлхийлэхэд урьж байна. Бидний нүд харахын тулд нээгддэг учир 7 бид бусдад Бурхан тэднийг хардаг шиг өөрсдийгөө харахад тусалж чадна. 8 Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг үүний хүч чадлыг онцлон хэлэхдээ, “Хамгийн чухал нь [бусад хүн] өөрсдийгөө чухам хэн болох мөн хэн болж чадахаа [танаас] сурч мэдэх явдал юм. Миний бодлоор тэд үүнийг илтгэл лекцээс биш, харин таны хэн болох талаарх, та тэднийг хэн гэж бодож байгаа мөн хэн болж чадна гэж бодож байгаа мэдрэмжээс сурах болно” 9 гэсэн байдаг. Бусдад өөрсдийн жинхэнэ мөн чанар, зорилгыг ойлгоход туслах явдал нь бидний өгч чадах хамгийн агуу бэлгийн нэг 10 юм. Өөрийгөө болон бусдыг Бурханы хардаг шигээр харах нь бидний зүрх сэтгэлийг “эв нэгдэл хийгээд хайранд” 11 нэгтгэдэг.

Өсөн нэмэгдэж буй дэлхийн хүчнүүд бидэнд нөлөөлөх тусам хайрын харилцаанаас ирэх хүч чадал бидэнд хэрэгтэй болдог. Иймд бид үйл ажиллагаа, уулзалт, бусад цугларалтыг төлөвлөх үедээ эдгээр цугларалтын гол зорилго нь биднийг нэгтгэх, Есүс Христийн сайн мэдээг бидний зүрхний гүнд оруулахад тусалдаг хайрын харилцааг бий болгох явдал юм гэдгийг санацгаая. 12

Илчлэлт, сонгох эрх ба наманчлал—”Тэднийг тэнгэртэй холбо” 13

Мэдээж, зөвхөн хоорондоо холбоотой байх нь хангалтгүй юм. Янз бүрийн үйл хэрэгт эвлэлдэн нэгддэг олон бүлэг, байгууллага байдаг. Гэвч бидний эрэлхийлж буй нэгдмэл байдал бол Аврагчид нэг болж, өөрсдийгөө Түүнтэй холбох явдал юм. 14 Зүрх сэтгэлээ тэнгэртэй холбохын тулд бидэнд хувийн сүнслэг туршлагууд хэрэгтэй. Энэ талаар ахлагч Андэрсэн тун уран яруу ярьлаа. 15 Ариун Сүнс Бурханы үг болон хайрыг бидний оюун ухаан, зүрх сэтгэлд хүргэх үед тэдгээр туршлага тохиолддог. 16

Энэ илчлэлт нь судраар, ялангуяа Мормоны Номоор, амьд бошиглогчид ба бусад итгэлтэй шавь нарын сүнслэгээр өдөөгдсөн үгсээр болон намуухан, зөөлөн дуу хоолойгоор бидэнд ирдэг. 17 Эдгээр үг нь цаасан дээрх бичиг, чихэнд сонсогдох дуу чимээ, бидний оюун ухаан дахь бодол, зүрх сэтгэл дэх мэдрэмжүүдээс илүү чухал юм. Бурханы үг бол сүнслэг хүч, 18 үнэн ба гэрэл юм. 19 Ингэж бид Түүнийг сонсдог! Энэ үг бидний Христэд итгэх итгэлийг бий болгож, нэмэгдүүлдэг ба наманчилж, гэрээний замаар алхан, Аврагчтай илүү адилхан болох хүслийг маань бадраадаг. 20

Өнгөрсөн 4-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд илчлэлтээр дүүрэн энэхүү аялал дахь наманчлалын гол үүргийг ойлгоход тусалсан. 21 Тэр “Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийг маань хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. … Бид Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог!” 22 хэмээн хэлсэн. Бурханы үгээр дэмжигддэг энэ өөрчлөлтийн үйл явцаар бид тэнгэртэй холбогддог.

Ерөнхийлөгч Нэлсоны наманчлах урилгын үндэс суурь нь сонгох эрхийн зарчим юм. Бид наманчлахыг өөрсдөө сонгох ёстой. Хэн ч сайн мэдээг бидний зүрх сэтгэлд хүчээр оруулж чадахгүй. Ахлагч Рэнландын хэлснээр “Тэнгэрлэг Эцэгийн маань хүмүүжүүлэх зорилго нь Өөрийнхөө хүүхдүүдээр зөв зүйлийг хийлгэх явдал биш, харин хүүхдүүд нь зөв зүйлийг хийхээр сонгож, улмаар Өөртэй нь адилхан болох явдал юм.” 23

Хүүхэд, өсвөр үеийнхний өмнөх хөтөлбөрүүдэд төрөл бүрийн батламж авахын тулд 500 гаруй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байсан. 24 Харин одоо үндсэн нэг шаардлага тавигдаж байгаа. Энэ нь Аврагчтай илүү адил болохыг сонгох урилга юм. Бид үүнийг хийхдээ Ариун Сүнсээр дамжуулан Бурханы үгийг хүлээн авч, “өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар” өөрчлөх боломжийг Христэд олгодог.

Энэ нь зорилго тавих эсвэл өөрийгөө хөгжүүлэх дасгалуудаас илүү чухал зүйл бөгөөд зорилго зорилтууд нь биднийг илчлэлт, сонгох эрх ба наманчлалаар дамжуулан тэнгэртэй холбогдож, Христэд ирж, Түүний сайн мэдээг зүрхнийхээ гүнд хүлээн авахад тусалдаг энгийн нэгэн хэрэгсэл юм.

Оролцоо ба золиос—“Тэдэнд удирдахыг зөвшөөр” 25

Эцэст нь зүрхнийхээ гүнд Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахын тулд бид үүнд өөрсдийн цаг зав, авьяас чадварыг зориулж, золиос гарган оролцох хэрэгтэй. 26 Бид бүгд утга учиртай амьдралаар амьдрахыг хүсдэг бөгөөд энэ нь ялангуяа өсөж буй үеийнхний хувьд үнэн юм. Тэд үйл хэрэгт оролцохыг хүсдэг.

Есүс Христийн сайн мэдээ бол дэлхий дээрх хамгийн агуу үйл хэрэг юм. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон: “Энэ сайн мэдээг бүх дэлхийд хүргэхийг Бурхан бидэнд зарлигласан юм. Энэ бол ѳнѳѳдѳр биднийг нэгтгэх учиртай тэрхүү үйл хэрэг мѳн. Дэлхийг ѳѳрийг нь устгалд хүргэх гай гамшгаас зѳвхѳн сайн мэдээ л аврах болно. Зѳвхѳн сайн мэдээ л бүх үндэстэн, ястны эрэгтэйчүүд [ба эмэгтэйчүүдийг] амар амгаланд нэгтгэх болно. Зѳвхѳн сайн мэдээ л хүмүүний гэр бүлд баяр хѳѳр, аз жаргал, авралыг авчрах болно” 27 гэж хэлсэн.

Ахлагч Дэвид А.Бэднар “Бид өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэхдээ тэднийг үйлдэхэд урьж, урилгын дагуу үйлдэх боломжийг өгснөөр Сүм гайхамшигтай арга замуудаар урагшилна” 28 хэмээн амласан. Ихэнх тохиолдолд бид өсвөр үеийнхнийг Христийн энэхүү агуу үйл хэргийн төлөө золиос гаргахад урьдаггүй, мөн золиос гаргах боломжийг олгодоггүй. Ахлагч Нийл А.Максвэлл “Хэрэв [бидний] өсвөр үеийнхэн [Бурханы ажлаас] залхах юм бол дэлхийд хүчин мөхөстөх болно” 29 хэмээн сануулсан.

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр нь өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэхэд анхаардаг. Тэд өөрсдөө зорилгоо сонгож, чуулга ба ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд өөрсдийн зохих үүргүүдэд хуваарилагддаг. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл нь тойргийн зөвлөлийн адилаар авралын болон өргөмжлөлийн ажилд төвлөрдөг. 30 Чуулга, ангиуд нь тэдэнд өгөгдсөн Бурханы ажлыг хэрхэн хийх талаар зөвлөлдөн хурлуудаа эхэлдэг. 31

Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн өсвөр үеийнхэнд хандан “Хэрэв та нар сонговол, хэрэв та нар хүсвэл … том, агуу, сүрлэг нэгэн үйлсийн томоохон хэсэг байж чадна! Та нар Их Эзэний энэ дэлхий рүү илгээсэн хамгийн шилдэг хүмүүсийн нэг хэсэг юм. Та нар урьд өмнөх бүх үеийнхнээс илүүтэйгээр дэлхийд нөлөөлөхүйц ухаалаг, илүү мэргэн байх чадвартай!” 32 гэж хэлсэн. Мөн нэг удаа ерөнхийлөгч Нэлсон өсвөр үеийнхэнд хандан “Би та бүхэнд бүрэн итгэдэг. Би та нарт хайртай, Их Эзэн ч мөн та нарт хайртай. Бид Түүний хүмүүс бөгөөд Түүний ариун ажилд хамтдаа оролцож байгаа” 33 гэж хэлсэн. Залуучууд аа, та бүгд ерөнхийлөгч Нэлсоны та нарт найдах найдварыг мөн энэ ажилд та нар ямар чухал гэдгээ мэдэрч байна уу?

Эцэг эх, насанд хүрсэн удирдагчид аа, би та нарыг өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Нэлсоны хардгийн адилаар харахад урьж байна. Таны хайр, найдварыг өсвөр үеийнхэн мэдрэх үед, та тэднийг урамшуулж мөн тэдэнд хэрхэн удирдахыг зааж, улмаар удирдах боломжийг өгөх үед тэдний ойлголт, чадвар, сайн мэдээнд тууштай байдал нь таныг гайхшируулах болно. 34 Тэд Христийн үйл хэрэгт оролцож, үүний төлөө золиос гаргахыг сонгохдоо баяр баяслыг мэдрэх болно. Түүний сайн мэдээ тэдний зүрх сэтгэлийн гүнд хүрч, Бурханы ажил гайхамшигт арга замуудаар урагшлах болно.

Амлалт ба гэрчлэл

Бид харилцаа, илчлэлт, сонгох эрх, наманчлал, золиосын зарчмууд дээр төвлөрөх үед Есүс Христийн сайн мэдээ бидний зүрхний гүнд орох болно гэдгийг би амлаж байна. Сэргээлт нь Израилыг гэтэлгэх, Сионыг байгуулах эцсийн зорилгодоо хүрэхээр урагшилж, 35 Хаадын хаан Христ засаглахыг бид харах болно.

Би Бурхан Өөрийн хүмүүсийг энэ өдөрт бэлтгэхийн тулд үргэлжлүүлэн хэрэгцээтэй бүх зүйлийг хийж байгаа гэдгийг гэрчилж байна. Бид бүгд “Христэд ирж, мөн түүгээр төгөлдөржихөөр” 36 хичээх үедээ энэхүү алдар суут ажил дахь Түүний мутрыг харах болтугай. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 45:12-ыг үзнэ үү. Ерөнхийлөгч Нэлсон “Израилын цугларалтын баяр хөөр, хойшлуулшгүй байдлын талаар бод. Адамаас эхлээд бүх бошиглогч эдүгээг харсан. Бошиглогч бүр Израил цугларч, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх бидний өдрийн тухай ярьсан. Үүнийг бодоод үз дээ! Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа нь юутай их сэтгэл хөдлөм гээч! хэмээн хэлсэн. (“Израилын итгэл найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], HopeofIsrael.ChurchofJesusChrist.org).

    Ахлагч Жэффри Р.Холланд:

    Бид ямар гайхалтай цаг үед амьдарч байна вэ!

    Есүс Христийн сайн мэдээ нь одоо мөн үүрд мөнхөд энэ дэлхий дээр болон тэнгэрт хамгийн тодорхой, найдвартай, итгэж болохуйц, гайхамшигтай үнэн байх болно. Энэ Сүмийг зорилгодоо хүрч мөн дэлхийн сууринаас өмнө тунхаглагдсан хувь тавилангаа биелүүлэхэд хэн ч, юу ч, ямар ч нөлөө саад болохгүй. Ирээдүйнхээ талаар айх эсвэл түгших шаардлага байхгүй.

    Өмнөх эрин үеүдтэй адилгүй нь энэ эрин үед шашны урвалт тохиохгүй; энэ эрин үед санваарын түлхүүрүүд алдагдахгүй; энэ эрин үед Бүхнийг чадагч Бурханы дуу хоолойноос илчлэлт ирэхээ болихгүй. … Ямар сайхан цаг үед бид амьдарч байна вэ!

    … Хэрэв та анзаарч байгаагүй бол би хожмын үеийн тухайд итгэл дүүрэн байдаг. Итгэ. Өндийн бос. Итгэлтэй бай. Амьдарч буй энэ гайхамшигтай цаг үеийг үр бүтээлтэй өнгөрүүл.” (Facebook post, May 27, 2015; see also “Be Not Afraid, Only Believe” (address to Church Educational System religious educators, Feb. 6, 2015), broadcasts.ChurchofJesusChrist.org).

  2. Иохан 1:12-ыг үзнэ үү.

  3. Биднийг Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлөөр дуудагдсаны дараахан ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бидэнтэй өнөө үед Сүмийн өсвөр үеийнхэнд тулгарч буй өвөрмөц бэрхшээл, боломжуудын талаар зөвлөлдсөн юм. Тэр бидэнд Есүс Христийн сайн мэдээг зүрхнийхээ гүнд хүлээн авахад туслах тэдгээр зүйл дээр төвлөрөхийг хүссэн. Энэ зөвлөгөө Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бидэнд зам заагч гэрэл болж байна.

  4. Тэдэнтэй хамт бай,” ChurchofJesusChrist.org/callings/aaronic-priesthood-quorums/my-calling/leader-instruction/be-with-them-ыг үзнэ үү.

  5. Moзая 18:25; Моронай 6:5-ыг үзнэ үү.

  6. Дэйл Г.Рэнланд, “Бурханы мэлмийгээр харах нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83-ыг мөн Moсе 1:4–6-г үзнэ үү.

    Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид хүмүүсийг одоо ямар байгаагаар нь биш, харин ямар болсон байхаар нь харах үүрэг хариуцлага хүлээдэг. Бусдын тухай ийм байдлаар бодож байхыг би та нараас эрхэмлэн хүсэж байна” гэж заасан (“Бусдыг ирээдүйд ямар хүмүүс болсон байхаар нь харж сур,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80).

    Ахлагч Нийл A.Максвэлл “Залуу хүмүүсийг Сүмийн жишигт үл тохирох гадна төрх, түүний сөргөлдөөнтэй санагдах асуултууд, илэрхийлж буй эргэлзээгээр нь тун хурдан тодорхойлох нь бий. Үр дүнд нь зайгаа барих эсвэл харилцаа холбоогоо таслах зэрэг зүйлс тохиолдож болно. Жинхэнэ хайр ийм нэр хаягт дургүй ” гэж заасан (“Unto the Rising Generation,” Ensign, Apr. 1985, 9).

  7. 2 Хаад 6:17-г үзнэ үү.

  8. Стивэн Л.Ричардс Тэргүүн Зөвлөлийн гишүүн байхдаа, “Ялган таних бэлгийн хамгийн дээд төрөл бол бусдад байгаа өвлөгдөн ирсэн сайн зүйлсийг ухаарах ба тэдний илүү дээр төрхийг тэдэнд нээж өгөх явдал юм” хэмээн хэлсэн (С,onference Report, Apr. 1950, 162; in David A. Bednar, “Quick to Observe,” Ensign, Dec. 2006, 35; Liahona, Dec. 2006, 19). Мөн 2 Хаад 6:17-г үзнэ үү.

  9. Henry B. Eyring, “Teaching Is a Moral Act” (address at Brigham Young University, Aug. 27, 1991), 3, speeches.byu.edu; emphasis added; мөн Хэнри Б.Айринг, “Өндөр зорилго тавихад нь хүүхдүүддээ тусал,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74.

  10. Мосе 1:3–6-г үзнэ үү.

  11. Мозая 18:21-ийг мөн Moсе 7:18-ыг үзнэ үү.

  12. “Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцааг нь хөгжүүлэхэд тусалдаг идэвхтэй [хожмын үеийн гэгээнтэн] гэр бүл, найз нөхөд, удирдагчидтайгаа хүчтэй, өөдрөг харилцаатай байгаа залуу эрэгтэйчүүд ихэвчлэн сүмдээ үлдэх хандлагатай байдаг. Ням гаргийн хичээлийн хөтөлбөр, [залуу эрэгтэйчүүдийн] үйл ажиллагааны хөтөлбөр, хувийн амжилтын хүлээлтүүд зэрэг нарийвчилсан хөтөлбөрийн бүрэлдэхүүнүүд нь тэдгээр харилцаа үгүй бол нөлөө бага үзүүлнэ. Хамгийн чухал асуудал бол хэчнээн нарийвчилсан хөтөлбөрийн бүрэлдэхүүнүүд гүйцэлдэх нь бус, тэд хэрхэн [хожмын үеийн] залуу эрэгтэй гэгдэх шашны шинж тэмдгийг хүчирхэгжүүлдэг өөдрөг харилцаанд дэмжлэг үзүүлж байгаа нь чухал юм” (“Be with Them,” ChurchofJesusChrist.org/callings/aaronic-priesthood-quorums/my-calling/leader-instruction/be-with-them).

  13. Тэднийг тэнгэртэй холбо,” ChurchofJesusChrist.org/callings/aaronic-priesthood-quorums/my-calling/leader-instruction/be-with-them-ыг үзнэ үү.

  14. Иохан 15:1–5; 17:11; Филиппой 4:13;1 Иохан 2:6;Иаков 1:17;Омнаи 1:26;Моронай 10:32-ыг үзнэ үү.

  15. Судруудад үүний жишээ дүүрэн байдаг. Энд дурдсан нь зөвхөн хоёр жишээ юм. 1 Нифай 2:16; Инос 1:1–4.

  16. Лук 24:32; 2 Нифай 33:1-2; Иаков 3:2; Моронай 8:26; Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг үзнэ үү.

  17. 2 Тимот 3:15–16; Сургаал ба Гэрээ 68:3–4; 88:66; 113:10-ыг үзнэ үү.

  18. 1 Тесалоник 1:5; Алма 26:19; 31:5; Хиламан 3:29; 5:17; Сургаал ба Гэрээ 21:4–6; 42:61; 43:8–10; 50:17–22; 68:4-ийг үзнэ үү.

  19. Иохан 6:63; 17:17; Алма 5:7; Сургаал ба Гэрээ 84:43–45; 88:66; 93:36-г үзнэ үү.

  20. Иохан 15:3; 1 Петр 1:23; Мозая 1:5; Алма 5:7, 11–13; 32:28, 41–42; 36:26; 62:45; Хиламан 14:13-ыг үзнэ үү.

  21. 2 Нифай 31:19-21; 32:3, 5-ыг үзнэ үү.

  22. Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.

  23. Дэйл Г.Рэнланд, “Өнөөдөр өөрсдөдөө сонго,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106.

  24. Энэ тоонд саяхныг хүртэл хэрэгжиж байсан, голдуу Америкийн Нэгдсэн Улс, Канадад хөвгүүд,залуу эрэгтэйчүүдэд зориулсан Сүмийн үйл ажиллагааны хөтөлбөр болох скаутын хөтөлбөрүүдийн шаардлагуудыг оруулав. Скаутын хөтөлбөр хэрэгждэггүй байсан бүсүүдэд 200 гаруй шаардлага байсан. Түүнчлэн охид, хөвгүүд, залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан олон төрлийн үйл ажиллагааны хөтөлбөрүүд нь бүхэлдээ гэр бүлүүдэд зориулагдаж, илүү цогц хэлбэрээр, өөрөөр зохион байгуулагдсан.

  25. Let Them Lead,” ChurchofJesusChrist.org/callings/aaronic-priesthood-quorums/my-calling/leader-instruction/be-with-them.

  26. Омнаи 1:26; 3 Нифай 9:20; 12:19; Сургаал ба Гэрээ 64:34-ийг үзнэ үү. “Бүх зүйлээр золиослол хийхийг шаарддаггүй шашинд амьдрал ба авралд шаардагдах итгэлийг бий болгох хангалттай хүч хэзээ ч байдаггүй” (Lectures on Faith [1985], 69).

  27. Ezra Taft Benson, The Teachings of Ezra Taft Benson (1988), 167; Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2019), 13; мөн Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар,” HopeofIsrael.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

  28. Meeting with Elder David A. Bednar; мөн “2020 Temple and Family History Leadership Instruction,” Feb. 27, 2020, ChurchofJesusChrist.org/family-history-ийг үзнэ үү.

  29. Neal A. Maxwell, “Unto the Rising Generation,” 11. Ахлагч Нийл А. Максвэлл үргэлжлүүлэн, “Диконы болон багш нарын чуулгын хэчнээн ерөнхийлөгчийн зөвлөлийн дуудлага хэн нэгнээс залбирал хэлэх, ариун ёслолыг түгээх зэргийг хүссэнээр хязгаарлагддаг бол? Ах нар аа, залуучууд бол үнэхээр онцгой хүмүүс. Хэрэв тэдэнд боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгвөл тэд чухал зүйлсийг хийж чадна!” хэмээн хэлсэн.

  30. General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 2.2, ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

  31. Чуулга ба ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн эх сурвалж,” “ Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулав ” судлах материал болон “Тойрог ба салбарын дуудлагууд” дотор залуу эмэгтэйчүүдэд мөн Аароны санваарын чуулгад зориулсан өсвөр үеийнхнийг удирдахад туслах олон эх сурвалж бий.

  32. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар,” HopeofIsrael.ChurchofJesusChrist.org. Энэхүү онцгой цугларалтын үеэр ерөнхийлөгч Нэлсон “Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар!” гэж хэлсэн.

  33. Russell M. Nelson, opening remarks in “Children and Youth: A Face to Face Event with Elder Gerrit W. Gong,” Nov. 17, 2019, broadcasts.ChurchofJesusChrist.org.

  34. Ерөнхийлөгч Нэлсон: “Бид залуу хүмүүст, ялангуяа ангийн болон чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр дуудлага авч, адислалаа авсан залууст удирдах боломжийг олгох хэрэгтэй. Тэдэнд санваарын эрх мэдлийг итгэмжлэн хүртээсэн. Тэд анги, чуулгаа удирдахдаа хэрхэн илчлэлт хүлээн авахыг сурна” гэж заасан (in “Children and Youth Introductory Video Presentation,” Sept. 29, 2019, ChurchofJesusChrist.org).

    Ахлагч Квинтин Л.Күк “Өсвөр үеийнхний өөрсдөө хийж чадах зүйлийг эцэг эх, удирдагчид нь хийлгүйгээр, тэднийг илүү бага наснаасаа хувийн хариуцлага хүлээдэг байгаасай хэмээн бид хүсэж байна” гэж хэлсэн (“Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэх өөрчлөлтүүд,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42).

  35. Ерөнхийлөгч Жорж К.Канноны заасан “Бурхан дэлхийтэй мөн хилэнцэт нэгний ил ба далд бүхий л хүчтэй нүүр тулж, сайн мэдээг тунхаглаж, үнэнийг сахин, ямар ч үр дагавраас үл айн, Бурханы Сионыг байгуулах зоригтой, шийдэмгий сүнснүүдийг энэ эрин үед зориулан нөөцөлсөн байсан. Тэр хэзээ ч түлхэн унагах боломжгүй Сионы суурийг тавиулахаар, зөв шударга болох, Бурханыг эрхэмлэх, Түүнийг бүр дэндүү ихээр эрхэмлэж, бүх нөхцөл байдалд Түүнд дуулгавартай байх тэдгээр үрийг өсгөн үржүүлэх сүнснүүдийг энэ үед илгээсэн юм” хэмээх үгсэд би дуртай (“Remarks,” Deseret News, May 31, 1866, 203); түүнчлэн Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 186-г үзнэ үү.

  36. Moронай 10:32.