Ирээд, нэгэн хэсэг нь бол
Энэ сайхан үйл хэрэгт бидэнтэй нэгдэхэд дэлхий даяарх Бурханы бүх хүүхдийг бид урьж байна.
Хайрт ах эгч, найз нар аа, долоо хоног бүр дэлхийн өнцөг булан бүрд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд хайрт Тэнгэрлэг Эцэг, Бурхан, орчлон ертөнцийн Хааныг болон Түүний хайртай Хүү, Есүс Христийг шүтэн биширдэг. Бид урьд хожид амьдарч байсан цорын ганц нүгэлгүй хүн, Бурханы толбогүй Хурга, Есүс Христийн амьдрал, сургаалын талаар тунгаан боддог. Бид аль болох ойр ойрхон Түүний золиосыг дурсан санахын тулд ариун ёслолоос хүртэн, Тэр бол бидний амьдралын төвд байдгийг хүлээн зөвшөөрдөг.
Бид Түүнийг хайрлан, хүндэтгэн дээдэлдэг. Гүн гүнзгий, мөнхийн хайрынхаа улмаас Есүс Христ та бидний төлөө зовж шаналан, амиа өгсөн билээ. Тэрээр үхлийн үүд хаалгыг эвдэж, найз нөхөд, хайртай хүмүүсийг салгаж байсан саадыг нурааж,1 итгэл найдвараа алдсан хүмүүст итгэл найдвар өгч, өвчтэй нэгнийг эдгээж, боолчлогдсон нэгнийг чөлөөлсөн.2
Бид Түүнд зүрх сэтгэл, амьдралаа зориулж, өдөр бүр Түүнийг бишрэн шүтдэг. Иймээс “бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглодог.”3
Шавь байх дасгал сургуулилт хийх
Гэвч Есүс Христийн шавь байх гэдэг нь Христийн тухай ярьж, номлохоос хамаагүй өргөн ойлголт юм. Аврагч Өөртэй нь илүү адилхан болох замаар явахад бидэнд туслахын тулд Өөрийн биеэр Сүмээ сэргээсэн. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь шавь байхын үндэс суурь болсон зарчмуудыг дадал болгон эзэмших боломж олгох зорилгоор зохион байгуулагдсан. Сүм дэх оролцоогоо нэмэгдүүлснээр бид Ариун Сүнсний өдөөлтийг таньж, үүний дагуу үйлдэж сурдаг. Бид бусдыг өрөвдөн хайрлаж, сайхан сэтгэлийн үүднээс тусламжийн гараа сунгадаг хандлагыг өөртөө суулгадаг.
Энэ бол насан туршийн хүчин чармайлт бөгөөд үүний төлөө дасгал сургуулилт хийх хэрэгтэй.
Амжилтад хүрсэн тамирчид спортынхоо үндэс суурь болсон зарчмуудыг эзэмшихийн тулд маш олон цагаар дасгал сургуулилт хийдэг. Сувилагч, сүлжээний ажилтан, цөмийн инженер, тэр ч бүү хэл хоол хийх хоббигоороо өрсөлдөх дуртай би хүртэл Харриетийн гал тогоонд махруу оролдлого гаргаж байж туршлагатай, мэргэжлийн ур чадвартай болдог.
Онгоцны ахмадын хувьд би ихэвчлэн нислэгийг орлодог орчин үеийн машин болох нислэгийн симулятор ашиглан нисгэгчдийг сургадаг байсан юм. Симулятор нь нисгэгчдэд нислэгийн талаарх суурь мэдлэг өгөхийн зэрэгцээ жинхэнэ онгоц жолоодож байх үеэр үүсэж болзошгүй гэнэтийн асуудлыг өөрийн биеэр мэдэрч, хариу арга хэмжээ авах боломж олгодог.
Энэ зарчим Есүс Христийн шавь нарт ч бас хамаатай.
Есүс Христийн Сүмд мөн Сүмийн төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь энэ амьдралын хувьсан өөрчлөгдөх ямар ч нөхцөл байдалд биднийг илүү сайн бэлтгэгдсэн байхад тусална. Сүмийн гишүүний хувьд бид эртний болон орчин үеийн бошиглогчдоороо дамжуулан өгсөн Бурханы үгсийг шимтэн судлах хэрэгтэй. Бид Тэнгэрлэг Эцэгтээ чин сэтгэлээсээ, даруухнаар залбирснаар Ариун Сүнсний дуу хоолойг ялган таньж сурдаг. Бид үйлчлэх, заах, төлөвлөх, тохинуулах, удирдан явуулах дуудлага хүлээн авдаг. Эдгээр боломж нь бидэнд сүнслэг байдал, оюун ухаан, зан байдлаараа өсөж хөгжих боломж олгодог.
Эдгээр нь энэ болон ирэх амьдралд адислах ариун нандин гэрээ байгуулж, үүнийгээ сахихад биднийг бэлддэг.
Ирж, бидэнтэй нэгд!
Энэ сайхан үйл хэрэгт бидэнтэй нэгдэхэд дэлхий даяарх Бурханы бүх хүүхдийг бид урьж байна. Ирээд, хар! КОВИД-19-ийн энэ хүнд хэцүүхэн цаг үед ч гэсэн бидэнтэй онлайнаар холбогд. Номлогчидтой маань онлайнаар холбогд. Энэ Сүмд юу зааж, юу хийдгийг өөрсдөө мэдэж аваарай. Хүнд хэцүү цаг үе өнгөрсний дараа бидний гэр орон, бишрэл шүтлэгийн газар уулзацгаая!
Бид та бүхнийг ирж, туслаач хэмээн уриалж байна! Ирж, бидэнтэй хамт үйлчилж, Бурханы хүүхдүүдэд тохинуулж, Аврагчийн замаар замнаж, энэ дэлхийг илүү сайхан газар болгоцгооё.
Ирээд, нэгэн хэсэг нь бол! Та биднийг илүү хүчирхэг болгоно. Харин та өөрөө илүү сайн, эелдэг, аз жаргалтай хүн болно. Таны итгэл улам бүр гүнзгийрч, илүү бат бөх болох буюу амьдралын гэнэтийн үймээн самуун, сорилт бэрхшээлийг сөрөн зогсох чадавх тань сайжирна.
Бид хэрхэн эхлүүлэх вэ? Олон арга зам бий.
Бид та нарыг Мормоны Номыг уншихад урьж байна. Танд байхгүй бол ChurchofJesusChrist.org4 дээрээс эсвэл Мормоны Номын аппликэйшныг татаж авч уншиж болно. Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрч бөгөөд үүнийг Хуучин Гэрээ болон Шинэ Гэрээтэй хамт хэрэглэдэг. Бид эдгээр ариун судрыг хайрладаг бөгөөд тэдгээрээс суралцдаг.
Бид таныг ComeuntoChrist.org руу цаг гарган орж, Сүмийн гишүүд юу зааж, юунд итгэдгийг мэдэж авна уу хэмээн урьж байна.
Тантай онлайнаар, боломжтой газруудад гэрт тань очиж уулзахад номлогчдыг уриарай. Тэдэнд найдвар, эдгэрлийн захиас бий. Тэрхүү номлогчид өөрсдийн цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулан дэлхий даяар үйлчлэхээр явсан бидний үнэ цэнтэй охид, хөвгүүд юм.
Есүс Христийн Сүмийнхэн танаас тийм ч их ялгаатай биш хүмүүсийн гэр бүл болохыг та мэдэж авах болно. Та бас таны тусламж хэрэгтэй хүмүүсийг, танд ч бас Бурханы бүтээсэн тэр хүн буюу өөрийнхөө хамгийн сайн хувилбар болохыг хичээхэд тань туслахад бэлэн хүмүүсийг олох болно.
Аврагчийн өвөр бүх хүнд нээлттэй
Та “Би амьдралдаа алдаа гаргаж байсан. Би Есүс Христийн Сүмд байгаагаар өөрийгөө төсөөлөхгүй байна. Бурхан над шиг хүнийг тооно гэж бодохгүй байна” гэж бодож байж болох юм.
Хэдийгээр Есүс болох Христ нь “хаадын Хаан,”5 Мессиа, амьд Бурханы Хүү”6 ч гэсэн Бурханы бүх хүүхдэд, нэг бүрчлэн санаа тавьдаг. Тэр тухайн хүний эзлэх байр суурь буюу баян, ядуу, төгс биш эсвэл хэн болохыг баталсан эсэхээс үл хамааран санаа тавьдаг. Аврагч мөнх бус амьдралынхаа үеэр аз жаргалтай, амжилттай, мөнгө төгрөггүй, төөрөлдсөн, итгэл найдвараа алдсан гээд бүх хүнд тохинуулсан. Ихэнхдээ Түүний үйлчилж, тохинуулсан хүмүүс нэр хүндтэй, эсвэл үзэсгэлэн гоо, эсвэл баян тансаг байсангүй. Түүний тусалж дэмжиж байсан хүмүүст ихэвчлэн баяр талархлын үгс, эгэл даруу зүрх сэтгэл, итгэлтэй болох гэсэн хүсэл эрмэлзлээс өөр хариу болгон өгөх зүйл байгаагүй юм.
Есүс мөнх бус амьдралдаа “дорд нэгэнд”7 тохинуулж байсан юм бол тэднийг өнөөдөр ч гэсэн хайрлахгүй юм гэж үү? Энэ Сүмд Бурханы бүх хүүхдэд байх орон зай байхгүй гэж үү? Өөрсдийгөө зохисгүй, мартагдсан, ганцаардсан гэж бодож байгаа хүмүүст ч гэсэн үү?
Бурханы нигүүлслээс хүртэхэд тавигддаг төгс байх хэмжээ хязгаар гэж байдаггүй. Таны залбирал тэнгэрт хүрэхийн тулд чанга эсвэл уран сайхан үгтэй эсвэл дүрмийн алдаагүй байх хэрэггүй.
Үнэндээ, Бурхан хэн нэгнийг бусдаас илүүд үздэггүй8 бөгөөд дэлхийн зүйлс Түүний хувьд үнэ цэнгүй юм. Тэр таны зүрх сэтгэлийг мэддэг мөн нэр гуншин, санхүүгийн боломж бололцоо эсвэл инстаграм дээрх дагалдагчдын тань тоо хэд байхаас үл хамааран таныг хайрладаг.
Бид зүрх сэтгэлээ Тэнгэрлэг Эцэг рүү хандуулж, Түүнд илүү ойртсоноор Түүнийг бидэнд улам бүр ойр байгааг мэдрэх болно.9
Бид Түүний хайртай хүүхдүүд.
Түүнийг хүлээж аваагүй хүмүүс ч гэсэн Түүний хүүхдүүд юм.
Зөрүүд, дуулгаваргүй жаахан хүүхдийн адил Бурханд болон Түүний Сүмд уурлаж, цүнхээ баглан, би явлаа, хэзээ ч ирэхгүй гэсээр хаалга саван гарч явдаг хүүхдүүддээ ч гэсэн хайртай.
Хүүхэд гэрээсээ зугтахдаа цонхоор харах эцэг эхийнхээ санаа зовсон царайг хардаггүй байх. Уян зөөлөн сэтгэлээр тэд хүү эсвэл охиноо явахыг хараад, юу юунаас ч илүү үнэт эрдэнэ болсон үр нь энэ сэтгэл эмтрэм үйл явдлаас, магадгүй амьдралаас ямар нэгэн зүйл суран, эцэстээ гэртээ эргэж ирэх байх хэмээн найдсаар үлддэг.
Бидний хайртай Тэнгэрлэг Эцэг ч гэсэн мөн үүнтэй адил юм. Тэр ч гэсэн бидний эргэн ирэхийг хүлээж суугаа.
Таны Аврагч өрөвдөж хайрлан, мэлмийндээ нулимс цийлгэнүүлсээр эргэн ирэхийг тань хүлээж байгаа. Хэдийгээр та Бурханаас хол байна даа гэж бодож байгаа ч Тэрээр таныг харж, ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэнэ.10
Ирээд, нэгэн хэсэг нь бол.
Бурхан бидэнд алдаанаасаа суралцах боломж олгодог.
Бид туйлын үнэн болон утга учрыг олох агуу эрэлд гаран, мөнх бус амьдралын замаар бэдрэн яваа бадарчид билээ. Ихэнх тохиолдолд зөвхөн чанх урд байх замаа л харан, замын тойрог биднийг хааш аваачихыг харж чаддаггүй. Хайрт Тэнгэрлэг Эцэг маань бүх асуултын хариултыг бидэнд өгөөгүй. Тэрээр биднийг олон зүйлийн учрыг өөрсдөө олохыг хүсэн хүлээдэг. Итгэхэд хэцүү байсан ч итгэхийг Тэр биднээс хүсдэг.
Тэр биднийг мөрөө тэгшилж, өчүүхэн ч гэсэн шийдэл олох ноён нуруутай байж, дахин нэг алхам урагшлахыг хүсэн хүлээж байгаа.
Бид энэ л арга замаар суралцаж, өсөж хөгждөг.
Та бүх зүйлийг үг бүрчлэн хэлүүлэхийг үнэхээр хүснэ гэж үү? Та бас бүх асуултынхаа хариултыг авахыг, бүх явах замаа заалгахыг үнэхээр хүснэ гэж үү?
Бидний ихэнх нь, ийм маягаар тэнгэрээс бичил менежмент хийх юм бол тун хурдан залхана гэдэгт би итгэлтэй байна. Бид амьдралын чухал сургамжуудыг туршлагаасаа олж авдаг. Алдаанаасаа сурч байж олж авдаг. Бас наманчилж, “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй”11 гэдгийг өөрсдөө мэдсэнээр олж авдаг.
Бурханы Хүү Есүс Христ биднийг алдаанаасаа болж бүү буруутгагдаасай, мөнхийн өсөлт хөгжлөө бүү зогсоогоосой гэсэндээ амиа өгсөн билээ. Тэр байгаа учир бид наманчилж чадах бөгөөд бидний алдаа дутагдал илүү агуу алдар сууд хүргэх шат болох юм.
Та энэ замаар ганцаараа явах шаардлагагүй. Тэнгэрлэг Эцэг маань биднийг харанхуйд дэмий тэнүүчил хэмээн орхиогүй.
Тиймээс Тэрээр 1820 оны хавар Өөрийн Хүү Есүс Христийн хамт бага залуу Иосеф Смитэд үзэгдсэн.
Тэр цаг мөчийн талаар бод доо! Орчлон ертөнцийн Бурхан хүмүүнд үзэгдсэн!
Энэ бол Иосефын Бурхантай болон бусад тэнгэрлэг биестэй уулзаж байсан олон тохиолдлын анхных нь байсан. Тэр тэнгэрлэг биесийн түүнд хэлсэн олон үг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн судруудад цэдэглэгдсэн байдаг. Тэдгээрийг олж авах амархан. Хэн ч тэдгээрээс уншиж, өнөө үед Бурханы бидэнд зориулан өгсөн захиасыг өөрөө мэдэж авч болно.
Би таныг өөрөө судалж суралцахад урьж байна.
Иосеф Смит идэр залуу насандаа тэдгээр илчлэлтийг хүлээн авсан юм. Ихэнхийг нь тэр 30 нас хүрэхээсээ өмнө хүлээн авсан.12 Тэр туршлагагүй байсан ба зарим нь түүнийг Их Эзэний бошиглогч байхад тэнцэхгүй хэмээн харж байсан байх.
Гэсэн хэдий ч Их Эзэн ариун судруудаас олонтоо хардаг загварын дагуу түүнийг дуудсан билээ.
Бурхан сайн мэдээгээ сэргээх төгс хүн олдохыг хүлээгээгүй.
Хэрэв тэр хүлээсэн бол өнөөг хүртэл хүлээсээр байх байсан.
Иосеф олон талаараа та бидэнтэй адилхан хүн байсан. Хэдийгээр Иосеф алдаа гаргаж байсан ч Бурхан түүнийг ашиглан агуу зорилгоо гүйцэлдүүлсэн билээ.
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Их Эзэн дуудсан хүнээ тэнцэхээр болгодог”13 гэсэн зөвлөгөөг байнга өгдөг байсан.
Төлөөлөгч Паул Коринт дахь гэгээнтнүүдэд “Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа”14 хэмээн учирласан байдаг.
Бурхан сул дорой, энгийн нэгнийг ашиглан Өөрийн зорилгыг гүйцэлдүүлдэг. Энэ үнэн бол Бурхан хүмүүний хүчээр биш Өөрийн хүчээр дэлхий дээрх ажлаа хийдгийн нэгэн гэрчлэл юм.15
Түүнийг сонс мөн дага.
Бурхан Иосеф Смитэд үзэгдэхдээ Өөрийн Хүү, Есүс Христийг танилцуулаад, “Түүнийг сонс”16 хэмээсэн.
Иосеф өөрийн үлдсэн амьдралыг Түүнийг сонсож, дагахад зориулсан билээ.
Иосефынхтой адил бидний шавь байх зам Аврагч Есүс Христийг сонсож, дагах сонголтоос маань эхэлсэн.
Хэрэв та Түүнийг дагахыг хүсэж байгаа бол итгэлээ шавхаж, Түүний загалмайг үүр.
Та өөрийгөө шавь болж, аз жаргалын эрэлд нэгдэн орж болох, халуун дулаанаар угтан авах газар буюу Түүний Сүмийн нэгэн хэсэг юм байна гэдгээ олж мэднэ.
Анхны үзэгдэл тохиосны 200 жилийн ойгоор бид Есүс Христийн Сүмийн Сэргээлтийн талаар эргэцүүлэн бодож, суралцсанаар, энэ нь зүгээр ч нэг түүхэн үйл явдал биш юм байна гэдгийг ухааран ойлгоно байх хэмээн би найдаж байна. Та бид энэхүү гайхалтай, үргэлжлэх түүхэнд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тэгвэл таны болон миний үүрэг юу вэ?
Энэ бол Есүс Христийн талаар суралцах, Түүний үгийг судлах мөн Түүнийг сонсож, энэхүү агуу ажилд идэвхтэй оролцох замаар дагах явдал юм. Би та бүхнийг ирж, нэгэн хэсэг нь болооч хэмээн уриалж байна!
Та төгс байх шаардлагагүй. Та гагцхүү итгэлээ хөгжүүлж, өдөр бүр Түүнд илүү ойртох хүсэлтэй байх ёстой.
Бидний үүрэг бол Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэх, Түүний хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд үйлчлэх явдал юм.
Ийн үйлдэж чадах юм бол Бурхан таныг хамгийн хүнд нөхцөл байдалд орсон байсан ч амьдралын тань туршид мөн ирэх амьдралд ч мөн адил Өөрийн хайр, баяр баясгалан, тодорхой удирдамж заавраар таслахгүй.
Би энэ бүхнийг гэрчилж, бидний Аврагч, Эзэний ариун нэрээр та нарын хүн нэг бүрд гүнээ талархаж, хайрладгаа илэрхийлэхийн сацуу адислалаа үлдээж байна, Есүс Христийн нэрээр, амен.