Ерөнхий чуулган
Онцгой нэр төртэй дуудлага
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Онцгой нэр төртэй дуудлага

Итгэлтэй эмэгтэйчүүдийн хувьд, бид хувийн илчлэлт хүлээн авахад туслах ойлголт өгдөг бошиглогч Иосеф Смитийн туршлагаас үнэний зарчмуудыг жишээ болгон авч болно.

Өнөөдөр би Сэргээлт дэх эмэгтэйчүүдийн байнгын үүрэг хариуцлагад төвлөрөн үг хэлэх гэж байгаадаа талархаж байна. Түүхийн явцад эмэгтэйчүүд Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөнд онцгой байр суурь эзэлсээр ирсэн нь тодорхой байдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Эмэгтэйчүүд эхнэр, ээж, эмээ, эгч, авга эгч, багш, удирдагч, үлгэрлэн дагуулагч ба итгэлээ хамгаалагчдын хувьд гэр бүлдээ төдийгүй Их Эзэний Сүмд үзүүлдэг нөлөөг хэмжих боломжгүй юм” 1 хэмээн заасан.

178 жилийн өмнө бошиглогч Иосеф Смит Науву дахь эхэн үеийн Халамжийн нийгэмлэгийн эгч нарт “онцгой эрхээ бүрэн ашиглахад шаардлагатай бүхнийг хий” 2 хэмээн зөвлөжээ. Тэдний үлгэр жишээ одоо ч бидэнд заасаар байгаа. Тэд одоо бидний дээр нь зогсож буй энэхүү суурийг тавихад туслахдаа эв нэгдэлд, Есүс Христэд итгэх тууштай итгэлтэйгээр бошиглогчийн дуу хоолойг дагасан. Эгч нар аа, одоо бидний ээлж. Бидэнд Их Эзэнээс ирсэн тэнгэрлэг ажил үүрэг байгаа бөгөөд бидний найдвартай, онцгой хувь нэмэр амин чухал юм.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Аврагчийн маань хоёр дахь ирэлтийн өмнө, дэлхий дээрх ороо бусгаа энэ үед зөв зохистой эмэгтэй байна гэдэг нь онцгой нэр төртэй дуудлага мөн. Өнөө үед зөв шударга эмэгтэйн хүч, нөлөө илүү нам тайван үеийнхийг бодвол арав дахин илүү байх юм” 3 хэмээн тайлбарласан.

Ерөнхийлөгч Нэлсон үүний адилаар “би … Сүмийн эгч нараас зоримог үйлдэл хийхийг гуйж байна! Гэр орон, нийгэм, Бурханы хаант улсад эзлэх ёстой байр сууриндаа урьдынхаасаа илүү бат зогсогтун” 4 хэмээн гуйсан.

Саяхан надад Хүүхдийн хэсгийн бүлэг хүүхэдтэй хамт Нью-Йоркийн Палмира дахь Смитийн гэр бүлийн загвар гэрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонтой уулзах завшаан тохиосон юм. Зоримог үйлдэл хийхийн тулд юу хийж болох талаар хүүхдүүдэд зааж байгаа бошиглогчийнхоо үгсийг сонсоорой.

1:55

Жонс эгч: “Та нарт ерөнхийлөгч Нэлсоноос асуух зүйл байгаа эсэхийг би мэдмээр байна. Энд та нар бошиглогчтой хамт сууж байна шүү дээ. Бошиглогчоос байнга асуумаар санагддаг байсан зүйл байна уу? За, Пөрл асуугаарай.”

Пөрл: “Бошиглогч байх хэцүү юү? Та маш завгүй байдаг уу?”

Ерөнхийлөгч Нэлсон: “Мэдээж хэцүү байдаг. Аврагчтай илүү адил болохын тулд хийдэг бүх зүйл хэцүү байдаг. Жишээ нь, Бурхан Мосед Арван зарлигийг өгөхдөө, Мосег хаашаа яв гэж хэлсэн билээ? Уулын орой руу, Синай уулын орой дээр гар гэж хэлсэн шүү дээ. Тиймээс Мосе Арван зарлигийг авахаар тэр уулын хамгийн дээд оргил руу алхсан. Тэнгэрлэг Эцэг ‘Мосе, чи наанаасаа дээш яв, би эндээс бууя. Тэгээд хоёулаа замынхаа дунд уулзъя’ гэж хэлж болох л байсан. Их Эзэн хичээл зүтгэлд дуртай. Учир нь хичээл зүтгэл өөр арга замаар авч чадахааргүй шагналыг авчирдаг. Жишээ нь, та нар төгөлдөр хуурын хичээл заалгаж байсан уу?”

Хүүхдүүд: “Тийм ээ.”

Пөрл: “Би хийл заалгаж байгаа.”

Ерөнхийлөгч Нэлсон: “Та нар дадлага хийж, давтдаг уу?”

Хүүхдүүд: “Тийм ээ.”

Ерөнхийлөгч Нэлсон: “Хэрвээ давтахгүй бол яах вэ?”

Пөрл: “Мартана.”

Ерөнхийлөгч Нэлсон: “Яг үнэн. Сайжрахгүй, тийм үү?” Тэгэхээр Пөрл өө, хариулт нь тийм юм. Маш их хичээж зүтгэн, шаргуу хөдөлмөрлөж, сурч боловсрох шаардлагатай байдаг. Хэзээ ч дуусахгүй. Энэ нь сайн зүйл! Учир нь бид үргэлж сайжирч, өсөж хөгжиж байдаг. Дараагийн амьдралд ч гэсэн бид өсөж хөгжих болно.”

Эдгээр эрхэм нандин хүүхдэд өгсөн ерөнхийлөгч Нэлсоны эдгээр хариулт бидний хүн нэг бүрд хамааралтай. Их Эзэн хичээл зүтгэлд дуртай бөгөөд хичээл зүтгэл нь шагнал авчирдаг. Бид дадлага хийсээр байгаа. Их Эзэнийг дагахыг хичээх тусам бид үргэлж өсөж хөгжиж байдаг. 5 Тэрээр биднээс төгс байдлыг шаарддаггүй. Бид хувийнхаа Синай уул руу авирсаар байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд бидний аялал хичээж зүтгэх, шаргуу хөдөлмөрлөх, сурч боловсрох зэргийг шаарддаг ч бидний өсөж хөгжих амлалт мөнхийн шагналыг авчирдаг. 6

Бид бошиглогч Иосеф Смитээс болон Анхны үзэгдлээс хичээл зүтгэл гаргах, шаргуу хөдөлмөрлөх, сурч боловсрох талаар өөр юу сурдаг вэ? Анхны үзэгдэл бидний байнгын, онцгой үүрэг хариуцлагад удирдамж өгдөг. Итгэлтэй эмэгтэйчүүдийн хувьд, бид хувийн илчлэлт хүлээн авахад туслах ойлголт өгдөг бошиглогч Иосеф Смитийн туршлагаас үнэний зарчмуудыг жишээ болгон авч болно. Жишээ нь:

  • Бид хүнд хэцүү байдалд хөдөлмөрлөдөг.

  • Бид үйлдэхийн тулд мэргэн ухааныг хүлээн авахаар судруудаас тусламж эрэлхийлдэг.

  • Бид Бурханд итгэх итгэл, найдвараа үзүүлдэг.

  • Бид дайсны нөлөөг эсэргүүцэхэд туслахыг Бурханаас хичээнгүйлэн гуйдаг.

  • Бид Бурханд зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг өргөдөг.

  • Бид Түүн рүү хандах үедээ Түүний гэрэл бидний амьдралын сонголтуудыг удирдаж, бидний дээр үлдсэн байхад анхаардаг.

  • Тэрээр бидний хүн нэг бүрийг нэрээр маань мэддэг бөгөөд бидэнд гүйцэлдүүлэх хувийн үүрэг хариуцлагыг оноодог гэдгийг бид мэдэж авдаг. 7

Үүнээс гадна Иосеф Смит бид Бурхантай адил болох боломжтой бөгөөд мөнхийн үнэ цэнтэй гэдэг мэдлэгийг сэргээсэн. Тэнгэрлэг Эцэгтэйгээ тийм харилцаа холбоотой учраас Түүнээс илчлэлт хүлээж авахыг Тэр биднээс хүсдэг гэдэгт би итгэдэг.

Их Эзэн Эмма Смитэд “Ариун Сүнсийг хүлээн авч,” ихийг суралц, “энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, … илүү сайн зүйлүүдийг эрэлхийлж,” Бурхантай байгуулсан “гэрээнүүдээ итгэлтэйгээр сахигтун” 8 хэмээн зааварласан. Сүнсний байнгын нөхөрлөл нь бидний анхаарлыг сарниулах, өсөлт хөгжлийг хойшлуулж болох зүйлсийг буюу хүн бүр юуг хойш тавих хэрэгтэйг заах үед энэ хоёр ойлголт илүү хамааралтай байдаг.

Ерөнхийлөгч Нэлсон “Би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна” 9 гэж хэлсэн. Эмэгтэйчүүдийн зоримог үйлдэл хийх чадварыг авч үзэхэд, бошиглогчийн маань үгс надтай үргэлж хамт байдаг. Тэрээр биднээс гуйж байгаа нь хамгийн эн тэргүүнд тавих зүйл гэдгийг харуулж байна. Тэр бидэнд хэрхэн гэм нүглээр дүүрэн дэлхийд илчлэлт хүлээн авч, түүнийгээ үйлдэл болгосноор сүнслэг байдлаар тэсэж үлдэх тухай зааж байна. 10 Биднийг тийнхүү үйлдэж, Их Эзэний зарлигуудыг хүндэлж, тэдгээрийн дагуу амьдрах үед Эмма Смитэд өгсний адил “зөв шударга ёсны титмийг” бидэнд амласан байдаг. 11 Бошиглогч Иосеф бидний энэ амьдралдаа дагах зам Бурханаар батлагдсан гэдгийг мэдэхийн чухал ач холбогдлыг заасан. Тэрхүү мэдлэггүйгээр бид “оюун бодолдоо цуцаж, шантрах болно.” 12

Энэ чуулганаар өөрчлөгдөж, сайжирч, амьдралаа цэвэршүүлэхэд биднийг өдөөх үнэнүүдийг бид сонсох болно. Бид бүгдийг яг одоо хийхээр шийдэн гарч явахдаа зарим хүний хэлдгээр “ерөнхий чуулганы захиасанд дарагдах” мэдрэмжээс хувийн илчлэлтээр дамжуулан сэргийлж чадна. Эмэгтэйчүүд маш олон үүрэг хариуцлагатай байдаг ч бүгдийг нэг зэрэг хийх боломжгүй, бас шаардлагагүй юм. Сүнс бидэнд өнөөдөр ямар ажил үүрэг дээр төвлөрөхөө тодорхойлоход тусалдаг. 13

Их Эзэний Ариун Сүнсээр дамжуулан бидэнд хайраар үзүүлдэг нөлөө нь бидний өсөлт хөгжил дэх Түүний эн тэргүүнд тавьдаг зүйл юу болохыг мэдэхэд тусалдаг. Хувийн илчлэлтэд анхаарлаа хандуулах нь хувийн өсөлт хөгжил рүү хөтөлдөг. 14 Бид сонсдог мөн үйлддэг. 15 Их Эзэн “Миний нэрээр хүлээн авна хэмээх итгэлд итгэн та нар Эцэгээс асуугтун, мөн хүмүүний үрст зүйтэй бүх зүйлүүдийг илэрхийлэх Ариун Сүнс та нарт байх болно” 16 хэмээсэн. Бидний байнгын үүрэг хариуцлага бол үргэлжлэн буй илчлэлтийг хүлээж авах явдал юм.

Бид үүнийг хийхэд илүү чадварлаг болох үедээ, үнэхээр “энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлүүдийг эрэлхийлэхээр” аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэх, тохинуулах хувийн үүрэгтээ илүү их хүчийг хүлээн авч чадна. 17 Тэгснээр бид өсөж буй үеийнхэндээ үүний адил хийхэд илүү үр дүнтэй нөлөөлж чадна.

Ах, эгч нар аа, бид бүгдээрээ Бурханы хүчийг амьдралдаа эрэлхийлдэг. 18 Өнөө үед Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хооронд гайхалтай нэгдмэл байдал байдаг. Бид гэрээнүүдээр дамжуулан санваарын хүчийг хамгийн эхлээд баптисм хүртэхдээ, эцэст нь ариун сүмийн дотор хүртэх боломжтой болдог. 19 Ерөнхийлөгч Нэлсон бидэнд “Бурхантай гэрээнүүд байгуулж, сахидаг, санваарын ёслолуудад зохистой оролцдог эмэгтэй, эрэгтэй хүн бүр Бурханы хүч чадлыг шууд хүлээн авах боломжтой” 20 хэмээн заасан.

Би амьдралынхаа эхэн үед, эмэгтэй хүний хувьд гэрээнүүдээрээ дамжуулан санваарын хүчийг хүртэх боломжтой гэдгээ ухаарч ойлгодоггүй байснаа өнөөдөр хувьдаа хүлээн зөвшөөрч байна. 21 Эгч нар аа, бид “гэрээнүүдээ итгэлтэйгээр сахиж,” 22 судруудын үнэнийг хүлээн авч, амьд бошиглогчийнхоо үгсийг сонсохдоо санваарын хүчийг таньж мэдэн, хүндлэх болно хэмээн би залбирч байна.

Тэнгэрлэг Эцэгтээ болон Аврагчдаа үнэнч гэдгээ “аврах чадал бүхий түүний гавьяанд … бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр” 23 зоригтой тунхаглацгаая. Энэхүү хамгийн дээд сүнслэг боломждоо хүрэх аяллаа баяртайгаар үргэлжлүүлж, тийн үйлдэхэд нь хайр, үйлчлэл, удирдлага, нинжин сэтгэлээр эргэн тойрныхоо хүмүүст тусалцгаая.

Ахлагч Жэймс Э.Талмэйж “Эмэгтэй хүн ба эмэгтэйчүүдийн дэлхийн хамгийн том аварга нь Есүс Христ юм” 24 хэмээн хайраар сануулсан байдаг. Эмэгтэйчүүдийн сэргээлт дэх байнгын үүрэг хариуцлагын эцсийн дүгнэлтэд болон бид бүгдийн хувьд хамгийн чухал үүрэг хариуцлага юу вэ? Энэ нь Түүнийг сонсох, 25 дагах, 26 Түүнд итгэж найдах, 27 Түүний хайрын үргэлжлэл байх 28 хэмээн би гэрчилж байна. Түүнийг амьд гэдгийг би мэднэ. 29 Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86.

  2. Joseph Smith, in “Nauvoo Relief Society Minute Book,” 38, josephsmithpapers.org.

  3. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 217.

  4. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 87.

  5. Сургаал ба Гэрээ 58:26–28-ыг үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 6:33-ыг үзнэ үү.

  7. Иосеф Смит–Түүх 1:11–17-г үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээ 25:8; 10, 13.

  9. Рассэлл М. Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган 119.

  10. 2 Нифай 9:39-ийг үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 25:15

  12. Lectures on Faith (1985), 68.

  13. Сургаал ба Гэрээ 42:61-ийг үзнэ үү.

  14. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн хэлсэн.

    “Хэрэв одоо та надтай хоёулхнаа уулзаж (тийм байсан ч болоосой), хүссэн зүйлээ санаа зовохгүй асуух боломжтой байсан бол таныг дараахтай төстэй зүйл хэлэх байсан гэж би төсөөлж байна. ‘Айринг ах аа, би таны дүрслэн ярьсан зарим зүйлийг мэдэрч байсан. Ариун Сүнс үе үе миний зүрх сэтгэлд нөлөөлж байсан. Гэхдээ би дийлэгдэхгүй эсвэл төөрөлдөхгүйн тулд Ариун Сүнс үргэлж надад хэрэг болно. Тэгэх боломжтой юу? Хэрэв боломжтой бол тэр адислалыг хүлээн авахад надад юу хэрэгтэй вэ?’

    За, тэгвэл асуултын тань эхний хэсгээс эхэлье. Тийм ээ. Боломжтой. Надад тэрхүү нотолгоо үе үе хэрэг болдог бөгөөд тэр үед би ах, дүү хоёрыг санадаг. Нифай, Лихай хоёр болон тэдэнтэй хамт хөдөлмөрлөж байсан Их Эзэний бусад үйлчлэгч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тэд улам ёс бус болж байсан дэлхийд үйлчилж байсан ба аймшигт худал хуурмагтай тулгарсан. Тиймээс би Хиламаны энэ шүлгийн үгсээс урам зориг авдаг. Та ч бас тэгж чадна. Баталгааг бүтэн жилийн турш тохиолдсон бүх үйл явдлын цэдгээс олж болох ба энэ нь бичиж байгаа хүний хувьд гайхмаар зүйл бараг л биш байсан. Сонс доо.

    ‘Мөн далан есдүгээр онд их маргаан байж эхлэв. Гэвч улиран тохиох дор Нифай, Лихай хоёр сургаалын үнэн заалтуудын талаар мэдсэн тэдний ах дүүсийн олон нь, өдөр бүр олон илчлэлт хүлээн авсан учир, тиймийн тул тэд хүмүүст номлож, үүний хэрээр тэд мөнхүү онд тэдний маргааныг төгсгөл болгов.’ [Хиламан 11:23]

    Тэд ‘өдөр бүр олон илчлэлт хүлээн авсан.’ Энэ нь та бид хоёрын эхний асуултад хариулж байна. Тийм ээ, өдөр бүр олон илчлэлт хүлээж авахуйцаар Ариун Сүнстэй нөхөрлөх боломжтой. Энэ нь амаргүй байх болно. Гэвч энэ бол боломжтой зүйл. Юу хэрэгтэй байх нь хүн бүрийн хувьд өөр байдаг. Учир нь бид өөрсдийн гэсэн онцлог амьдралын туршлагатай бөгөөд тэндээс эхэлдэг” (“Gifts of the Spirit for Hard Times” [Brigham Young University fireside, Sept. 10, 2006], 3–4, speeches.byu.edu).

  15. 2 Нифай 2:16-г үзнэ үү.

  16. Сургаал ба Гэрээ 18:18

  17. Сургаал ба Гэрээ 25:10.

  18. Сургаал ба Гэрээ 121:26, 33, 41, 45–46-г үзнэ үү.

  19. Сургаал ба Гэрээ 84:19–21-ийг үзнэ үү.

  20. Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82.

  21. Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 76–79; Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49–52; Хэнри Б.Айринг, “Эмэгтэйчүүд ба гэр орондоо сайн мэдээнээс суралцах нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 133–136-г үзнэ үү.

  22. Сургаал ба Гэрээ 25:13.

  23. 2 Нифай 31:19.

  24. James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. (1916), 475.

  25. Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү.

  26. Матай 4:19–20-ийг үзнэ үү.

  27. Еврей 3:5–6; Сургаал ба Гэрээ 11:12-ыг үзнэ үү.

  28. Иохан 13:34; Мосе 7:47-г үзнэ үү.

  29. 2 Нифай 33:6; Сургаал ба Гэрээ 76:22-ыг үзнэ үү.