“2. Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд хувь хүн, гэр бүлүүдийг дэмжих,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).
“2. Хувь хүн, гэр бүлүүдийг дэмжих,” Ерөнхий гарын авлага.
2.
Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд хувь хүн, гэр бүлүүдийг дэмжих
2.0
Оршил
Есүс Христийн Сүмийн удирдагчийн хувьд та Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд хувь хүн, гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлдэг (1.2-ыг үзнэ үү). Энэхүү ажлын эцсийн зорилго бол Бурханы бүх хүүхдэд мөнх амьдралын адислалаас хүртэж, баяр баясгаланг бүрэн дүүрэн мэдрэхэд туслах явдал юм.
Бурханы аврал, өргөмжлөлийн дийлэнх ажлыг гэр бүлээр дамжуулан гүйцэлдүүлдэг. Сүмийн бүх гишүүний хувьд энэ ажил гэр төвтэй. Энэ бүлэг дараах зүйлсийн талаар алсын хараатай болоход тань тусална. Үүнд:
-
Бурханы төлөвлөгөөн дэх гэр бүлийн үүрэг
-
Гэр орон дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажил
-
Гэр орон, Сүм хоёрын харилцан уялдаа
2.1
Бурханы төлөвлөгөөн дэх гэр бүлийн үүрэг
Гэр бүлийг Бурханаас заяадаг бөгөөд энэ нь Түүний төлөвлөгөөний төвд байдаг. Бидний хүн нэг бүр “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг хүү, охин нь бөгөөд тэнгэрлэг шинж чанар, хувь тавилантай” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Бид бол Тэдний гэр бүлийн нэгэн хэсэг. Бид тэдэнтэй дэлхий дээр төрөхөөсөө өмнө амьдарч байсан билээ.
Өөрийн төлөвлөгөөний нэгэн хэсэг болгон Тэнгэрлэг Эцэг дэлхий дээр гэр бүлүүдийг үүсгэсэн. Тэрээр бидэнд аз жаргалыг мэдрүүлэхээр гэр бүлүүдийг өгсөн. Гэр бүл нь сурч, өсөж хөгжин, үйлчилж, наманчилж, уучлах боломж олгодог. Мөн биднийг мөнх амьдралд бэлдэхэд тусалдаг.
Энэ амьдралд гэр бүлийн хайрыг бүрэн дүүрэн мэдрээгүй олон хүн бий. Саад бэрхшээл, өвчин зовлон, уй гашуу тохиолддоггүй гэр бүл гэж үгүй. Хувь хүн, гэр бүлүүд Их Эзэнд итгэх итгэлээ үйлдэл болгож, гэр бүлийн талаар Түүний илчилсэн үнэний дагуу амьдрахыг хичээдэг. Өөрт нь ирдэг бүх хүний ачааг үүрэлцэнэ хэмээн Аврагч амласан (Матай 11:28–30-ийг үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө нь Түүний бүх хүүхдэд сайн мэдээг нь хүлээн авч, хамгийн агуу адислалуудаас нь хүртэх боломж олгогдохыг бататгадаг (Сургаал ба Гэрээ 137:7–10-ыг үзнэ үү). Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг бүх хүн “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно” (Сургаал ба Гэрээ 59:23-ыг мөн Мозая 2:41-ийг үзнэ үү).
Бурханы мөнх амьдралын амлалтад мөнхийн гэрлэлт, үр хүүхэд болон мөнхийн гэр бүлийн өөр бусад бүх адислал ордог. Энэхүү амлалт нь одоо гэрлээгүй байгаа эсвэл Сүмд гэр бүлгүй хүмүүст ч хамаарна (38.1.4-ийг үзнэ үү). Есүс Христийн шавийн ёсоор амьдрахыг эрмэлзэж буй хүн эдгээр адислалаас хүртэх боломжтой.
2.1.1
Мөнхийн гэр бүл
Сүмийн гишүүд ариун сүмд лацдан холбогдох ёслолыг хүлээн авч, гэрээ байгуулах үед мөнхийн гэр бүл үүсдэг. Гишүүд тэрхүү гэрээгээ сахиж мөн унаж бүдэрсэн үедээ наманчилснаар мөнхийн гэр бүлийн адислалуудыг хүртдэг. Сүмийн удирдагчид гишүүдэд эдгээр ёслолыг хүлээн авахад бэлдэж, гэрээгээ эрхэмлэн дээдлэхэд нь тусалдаг.
Хүн бүр мөнхийн гэр бүлд хэд хэдэн үүрэг гүйцэтгэж болно. Гэр бүлийн бүх үүрэг ариун нандин бөгөөд чухал юм. Эдгээр үүрэгт эх эцэг, охин хүү, ах эгч дүү, авга, нагац ах эгч, эмээ өвөө ордог. Эдгээр үүргээ хайрын үндсэн дээр биелүүлэх нь Бурханы хүүхдүүдэд мөнх амьдрал өөд хөгжиж дэвжихэд тусалдаг.
Мөнхийн гэр бүлийг байгуулахын өөр нэгэн хэсэг бол нас барсан өвөг дээдэстэйгээ лацдан холбогдох боломжийг гишүүдэд олгодог ёслолуудыг ариун сүмд гүйцэтгэх явдал юм.
Бурханы төлөвлөгөөний талаар ойлголттой болсноор гишүүд мөнхийн гэр бүлийн адислалуудыг эрэлхийлдэг.
2.2.1
Нөхөр, эхнэр хоёр
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт нь Бурханаас хүмүүнд томилогдсон (Сургаал ба Гэрээ 49:15-ыг үзнэ үү). Эхнэр, нөхөр хоёр мөнх амьдрал өөд хамтдаа хөгжин дэвших заяатай (1 Коринт 11:11-ийг үзнэ үү).
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн селестиел гэрлэлтийн гэрээг байгуулсан байх нь мөнх амьдралыг хүлээн авахад тавигддаг шаардлагуудын нэг юм (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү). Хосууд гэрлэлтийн лацдан холбох ёслолыг ариун сүмд хүлээн авснаар энэ гэрээг байгуулдаг. Энэ гэрээ бол мөнхийн гэр бүлийн үндэс суурь юм. Үнэнчээр сахих юм бол энэ нь тэдний гэрлэлтийг мөнхөд үргэлжлэх боломжийг олгодог. Эцэст нь тэд Бурхантай адил болж чадна (Сургаал ба Гэрээ 132:19–20-ийг үзнэ үү).
Бурхан эхнэр, нөхөр хоёрыг бие биетэйгээ нэгдэн нийлэхийг зарлигласан (Эхлэл 2:24; Сургаал ба Гэрээ 42:22-ыг үзнэ үү). Энэ агуулгын хүрээнд, нэгдэн нийлэх гэдэг нь хэн нэгэнд бүхнээ зориулж, үнэнч байх гэсэн утгатай. Гэрлэсэн хосууд бие биеэ хайрлаж, үйлчилснээр хамтдаа нэгдэн нийлдэг.
Түүнчлэн нэгдэн нийлэхэд эхнэр, нөхөр хоёр нэг нэгэндээ бүхий л талаар үнэнч байх явдал ордог. Эхнэр, нөхрийн хоорондох бие махбодын дотно харьцаа гайхалтай сайхан, нандин байх учиртай. Энэ нь үр хүүхэдтэй болох, эхнэр нөхөр хоёрын бие биедээ хайраа илэрхийлэх Бурханаар томилогдсон арга зам юм. Амин хувиа хичээх биш, харин энхрийлэн хайрлаж, хүндлэн дээдлэх нь тэдний дотно харилцааг удирдан хөтөлж байх ёстой.
Бурхан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зөвхөн гэрлэснээр бэлгийн дотно харьцаанд орох ёстой хэмээн зарлигласан. Гэрлэхийнхээ өмнө бэлгийн амьдралын хувьд цэвэр ариун байж, гэрлэснийхээ дараа үнэнч байх нь хувь хүмүүст жинхэнэ аз жаргалыг мэдрэхийн зэрэгцээ сүнслэг байдал, сэтгэл санаа, бие махбодын хор хөнөөлөөс зайлсхийхэд тусалдаг. Эцэг эх, Сүмийн удирдагчид энэ сургаалыг бат бөх суулгахын төлөө чадах бүхнээ хийх ёстой. (38.6.5-ыг үзнэ үү.)
Хосууд гэр бүлээ авч явах тал дээр нэгдмэл байхыг эрэлхийлбэл зохино (Эхлэл 2:24-ийг үзнэ үү). Гэрлэлтийн нэгдмэл байдал нь бүхий л тал дээр хамтран ажиллаж, үүрэг хариуцлагаа үүрэлцэхийг шаарддаг. Эхнэр, нөхөр хоёр Бурханы мэлмийд адил тэгш эрхтэй. Нэг нь нөгөөхөө давамгайлах ёсгүй. Тэд шийдвэр гаргахдаа хоёр талаас бүрэн оролцож, нэгдмэл байж, хайраар хандах ёстой.
Адам, Ева хоёр эхнэр, нөхрүүдэд үлгэр жишээ үзүүлсэн. Тэд хамтдаа ажиллаж, залбирч, бишрэн шүтдэг байсан (Мосе 5:1, 4-ийг үзнэ үү). Тэд үр хүүхдүүддээ сайн мэдээг зааж, зовлон бэрхшээл тулгарахад нь хамтдаа гашууддаг байв (Мосе 5:12, 27-г үзнэ үү). Тэд бие биетэйгээ болон Бурхантай нэгдмэл байлаа.
2.1.3
Эцэг эх ба үр хүүхэд
Эхнэр, нөхрийн хувьд Адам, Ева хоёрт өгсөн Бурханы эхний зарлиг бол үр хүүхдүүдтэй болох явдал байсан (Эхлэл 1:28-ыг үзнэ үү). Хожмын үеийн бошиглогчид “Өөрийн хүүхдүүддээ өгсөн өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээсэн Бурханы зарлиг хүчин төгөлдөр байгаа” гэж заажээ (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг мөн Сургаал ба Гэрээ 49:16–17-г үзнэ үү).
Эхнэр, нөхрийн хувьд төрүүлсэн эсвэл үрчлэн авсан үр хүүхдүүдээ асран өсгөх нь ариун нандин онцгой боломж, үүрэг юм. Үрчлэн авсан эцэг эхчүүд төрсөн эцэг эхтэй адил адислал хүлээн авч, үүрэг хариуцлага үүрдэг.
Бие биеэ хайрладаг эхнэр, нөхөр хоёр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлдэг. Хувь хүний нөхцөл байдал эцэг эхчүүдэд үр хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэхэд саад болж болох юм. Гэхдээ Өөрөөс нь тусламж эрэлхийлэн, байгуулсан гэрээгээ сахихыг хичээх юм бол Их Эзэн тэднийг адислах болно.
Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ мөнх амьдралын адислалуудыг хүртэхэд бэлдэхэд нь туслах амин чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Тэд үр хүүхдүүддээ Бурханыг болон бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэхийг заадаг (Матай 22:36–40-ийг үзнэ үү). Тэд хүүхдүүддээ Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, Бурханы үгсийг судлахыг заадаг (Алма 37:36–37, 44–46-г үзнэ үү). Тэд үр хүүхдүүддээ Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм болон Ариун Сүнсний бэлгийн тухай сургаалуудыг ойлгоход нь тусалдаг (Сургаал ба Гэрээ 68:25-ыг үзнэ үү). Түүнчлэн тэд аврал, өргөмжлөлийн ёслолоос хүртэхдээ гэрээ байгуулахад бэлтгэхэд нь хүүхдүүддээ тусалдаг.
“Эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”). Хэрэв гэрт эцэг хүн эсвэл нөхөр байхгүй бол эх нь гэр бүлийг тэргүүлдэг.
Гэр бүл тэргүүлэх гэдэг нь гэр бүлийн гишүүдээ Бурханы оршихуй руу эргүүлэн удирдахад туслах үүрэг хариуцлага юм. Үүнийг Есүс Христийн үлгэр жишээг даган эелдэг зөөлөн, номхон дөлгөөн, цэвэр ариун хайраар үйлчилж, зааж сургаснаар хийдэг (Матай 20:26–28-ыг үзнэ үү). Гэр бүлийг тэргүүлэхэд гэр бүлийн гишүүдийг тогтмол залбирч, сайн мэдээнээс суралцахад мөн бишрэл шүтлэгийн бусад тал дээр удирдан залах явдал бас ордог. Эцэг эхчүүд эдгээр үүрэг хариуцлагаа гүйцэтгэхээр нэгдмэл байдалд ажилладаг.
“Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”). Өсгөн хүмүүжүүлэх гэдэг нь Аврагчийн үлгэр жишээг даган тэжээж тэтгэх, зааж сургах, дэмжиж туслах гэсэн утгатай (3 Нифай 10:4-ийг үзнэ үү). Эх хүн нөхөртэйгөө нэгдэн, гэр бүлийнхэндээ сайн мэдээний үнэнд суралцаж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлтэй болоход нь тусалдаг. Тэд гэр бүл дотроо хайраар дүүрэн уур амьсгалыг бий болгодог.
“Энэхүү ариун үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”). Тэд хамтдаа болон Их Эзэнтэй залбиран зөвлөлддөг.
2.2
Гэр орон дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажил
Тэргүүн Зөвлөл “Гэр орон бол зөв шударга амьдралын үндэс суурь юм” хэмээн хэлсэн (First Presidency letter, Feb. 11, 1999). Хувь хүн, гэр бүлүүд гэр орондоо Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахад оролцож байдаг.
Гэр орондоо Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг хийхэд нь гишүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Сүмийн удирдагчид Сүнс оршдог гэр орныг бий болгоход тэднийг урамшуулдаг. Тэд бас Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, сайн мэдээнээс гэр орондоо суралцаж, судлах, долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийх зэрэгт гишүүдийг урамшуулан дэмждэг. Удирдагчид гэр бүлийнхээ зүгээс тусламж дэмжлэг эсвэл урам зориг авах боломжгүй хүмүүст онцгойлон тусламж дэмжлэг үзүүлдэг.
2.2.1
Сүнс оршдог гэр орон
Сүмийн гишүүдийг гэр орноо сүнслэг хүчийг хүлээн авч, баяр баясгаланг мэдэрдэг газар болгоход урамшуулан дэмждэг. Тэд энгийн үйлдлээр Их Эзэний Сүнсийг гэр орондоо урин авчирч болно.
2.2.2
Хүндэтгэлийн өдрийг сахих
Бурхан Өөрийн хүүхдүүдэд “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” (Гэтлэл 20:8) хэмээн зарлигласан. Сүмийн гишүүд Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг дурсан санахын тулд ариун ёслолоос хүртэхээр Хүндэтгэлийн өдөр цугладаг (Сургаал ба Гэрээ 59:12-ыг үзнэ үү). Хүндэтгэлийн өдөр бол сүм дээр болон гэртээ сайн мэдээнээс суралцаж, заах өдөр юм. Гишүүд дараах үйл ажиллагаанд оролцсоноор Хүндэтгэлийн өдөр хүчирхэгждэг. Тухайлбал:
-
Залбирч, мацаг барьж, хувиараа шүтэн бишрэх
-
Сайн мэдээнээс суралцаж, судлах
-
Бусдад тохинуулж, үйлчлэх
-
Гэр бүлийн түүх
-
Гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх
-
Бусад зохистой цуглаан.
2.2.3
Гэртээ сайн мэдээнээс суралцаж, судлах
Сайн мэдээнээс суралцаж, судлахыг гэрт төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байх учиртай. Сүмийн удирдагчид бүх гишүүнийг Хүндэтгэлийн өдөр, мөн долоо хоногийн туршид сайн мэдээнээс гэртээ суралцахад урамшуулдаг. Сайн мэдээг гэртээ судлах нь хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлдэг. Энэ нь Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн Есүс Христэд хөрвөх хөрвөлтийг гүнзгийрүүлдэг.
Гэртээ сайн мэдээг судлахдаа Ирээд, Намайг дага гарын авлагад тусгасны дагуу судраас судалбал зохино.
Хувь хүн, гэр бүлүүд өөрсдийнх нь хэрэгцээнд юу хамгийн тохиромжтой болохыг сонгохдоо сүнслэг удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй. Ирээд, Намайг дага дээр санал болгосон судрын хэсгүүдээс гадна тэд дараах зүйлсийг залбирч байгаад судалж болно. Үүнд:
-
Мормоны Ном ба бусад судар
-
Ерөнхий чуулганы захиаснууд
-
Сүмийн сэтгүүлүүд ба бусад сэнхрүүлэх агуулга бүхий зүйл
2.2.4
Гэр бүлийн үдэш ба бусад үйл ажиллагаа
Хожмын үеийн бошиглогчид Сүмийн гишүүдэд гэр бүлийн үдшээ долоо хоног бүр хийхийг зөвлөсөн. Энэ бол хувь хүн, гэр бүлүүдийн хувьд сайн мэдээнээс суралцаж, гэрчлэлээ хүчирхэгжүүлж, эв нэгдлийг тогтоон, бие биетэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх ариун нандин цаг юм.
Гэр бүлийн үдшийг гишүүдийн нөхцөл байдалд тааруулан хийнэ. Үүнийг Хүндэтгэлийн өдөр эсвэл өөр өдөр, цагт хийж болно. Үүнд дараах зүйлс орж болно.
-
Сайн мэдээнээс суралцаж, заах (Ирээд, Намайг дага дээрх материалыг хүссэнээрээ ашиглаж болно).
-
Бусдад үйлчлэх
-
Дуулал болон Хүүхдийн хэсгийн дууг дуулах эсвэл тэдгээрийг хөгжим дээр тоглох (19-р бүлгээс үзнэ үү).
-
Гэр бүлийн гишүүдийг Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил хөтөлбөрийг гүйцэтгэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх
-
Гэр бүлийн хурлаар зорилго тавьж, асуудлыг шийдвэрлэж, хуваариа уялдуулан холбоно.
-
Цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх үйл ажиллагаануудыг явуулж болно.
Ганц бие гишүүд, мөн бусад хүн ердийн Хүндэтгэлийн өдрөөр бишрэн шүтэх үйл ажиллагаанаас гадуур бүлгээрээ цуглан, гэр бүлийн үдэшт оролцож, сайн мэдээнээс суралцах байдлаар нэг нэгнээ хүчирхэгжүүлж болно. Хамтдаа суралцахыг хүсэж байгаа хүмүүс Ирээд, Намайг дага гарын авлагыг эх сурвалж болгон ашиглаж болно.
Гэр бүлүүдэд хамтдаа өнгөрүүлэх цаг гаргаж өгөхийн тул удирдагчид даваа гаргийн орой Сүмийн цуглаан, үйл ажиллагаануудыг явуулахгүй байвал зохино.
Удирдагчид гишүүдийг гэр бүлийн үдшээ тогтмол зохион байгуулж, гэр бүлээрээ цагаа өнгөрүүлж байхад урамшуулна (Сургаал ба Гэрээ 64:33-ыг үзнэ үү). Үүнд хамтдаа хооллох, ажиллах, үйлчлэх, цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх үйл ажиллагаанууд орж болно.
2.2.5
Хувь хүмүүсийг дэмжих
Сүмийн удирдагчид нэмэлт дэмжлэг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусална. Удирдагчид эдгээр гишүүнд болон тэдний гэр бүлд найзалж нөхөрлөх, олон нийтийн дунд эерэг харилцаатай болох, сүнслэг байдлаар өсөж хөгжих боломжтой болоход тусална. Удирдагчид тэдэнд Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах гэсэн хичээлд зүтгэлд нь тусалж, урамшуулан дэмжинэ. Удирдагчид мөн тэдэнд Сүмд үйлчлэх боломж олгоно.
2.3
Гэр орон, Сүм хоёрын хоорондын харилцаа
Бурханы аврал, өргөмжлөлийн ажил нь гэрт төвлөрч, Сүмээр дэмжигддэг. Дараах зарчмууд нь гэр орон, Сүм хоёрын хоорондын харилцаанд хамаатай.
-
Удирдагч, багш нар эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг хүндэлж, тэдэнд тусалдаг. Удирдагч, багш нар эцэг эхчүүдтэй үр дүнтэй харилцаа холбоо тогтоож, үүнийгээ хадгалдаг.
-
Сүмийн зарим цуглаан тойрог, салбар бүрд нэн чухал байдаг. Үүнд ариун ёслолын цуглаан, Хүндэтгэлийн өдөр болдог анги, чуулгын цуглаанууд орно. Чухал биш өөр олон цуглаан, үйл ажиллагаа, хөтөлбөр бий. Удирдагчид хувь хүн, гэр бүлүүдийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд тэдгээрийг хэрэгцээ шаардлагын дагуу зохион байгуулна. Удирдагчид орон нутгийнхаа нөхцөл байдал, нөөц бололцоог бас харгалзан үзнэ.
-
Хувь хүн, гэр бүлүүд чухал биш Сүмийн хөтөлбөрүүдэд оролцох шийдвэр гаргахдаа өөрсдийн нөхцөл байдлыг бодолцож үзэх хэрэгтэй.
-
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчилж, золиос гаргаж буй гишүүдийг адислах болно. Гэхдээ Сүмийн үйлчлэлд зарцуулдаг цаг нь гишүүдийн гэр орон, ажил, өөр бусад үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь саад болох ёсгүй. Удирдагчид болон гишүүдийг Сүмийн хэтэрхий олон ажил үүргээр дарахгүй байх хэрэгтэй. Мөн тэднээс Сүмийн хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжихийн тулд хэт их золиос гаргахыг хүсэх ёсгүй.
Гишүүд эдгээр зарчим болон Сүнсний өдөөлтийг дагах юм бол Тэнгэрлэг Эцэг гаргасан хүчин чармайлтыг нь адислах болно.