Судрууд
Мормон 2


Бүлэг 2

Мормон нифайчуудын их цэргийг удирдав—Цус мөн хядаан уг нутгийг бүрхэв—Нифайчууд яллагдагсдын шаналлаар гашуудаж мөн гаслав—Тэдний ач ивээлийн өдөр улирч одсон буюу—Мормон Нифайн ялтаснуудыг олж авав—Дайнууд үргэлжлэв. Ойролцоогоор МЭ 327–350 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэр жил нифайчууд болон леменчүүдийн хооронд дахин дайн эхлэв. Мөн би залуу байсан хэдий ч, биеэр том байв; тиймийн тул Нифайн хүмүүс намайг өөрсдийн удирдагч буюу их цэргийнхээ удирдагчаар томилов.

2 Тиймийн тул улиран тохиох дор би арван зургаан насандаа нифайчуудын их цэргийн тэргүүнд, леменчүүдийн эсрэг явсан билээ; тиймийн тул гурван зуун хорин зургаан жил улиран одсон байв.

3 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун хорин долоо дахь онд леменчүүд бидний дээр үлэмж агуу хүчээр ирж, үүний хэрээр тэд миний их цэргийг сүрдүүлэв; тиймийн тул тэд тулалдсангүй, мөн тэд умард нутгуудыг чиглэн ухарч эхлэв.

4 Мөнхүү улиран тохиох дор бид Ангол хотод ирээд, мөн бид хотыг эзэмшилдээ авч, мөн леменчүүдээс өөрсдийгөө хамгаалахаар бэлтгэл хийв. Мөнхүү улиран тохиох дор бид өөрсдийн хүчээр хотыг бэхлэв; гэвч бидний бүх бэхлэлт байсан хэдий ч леменчүүд бидний дээр ирж мөн биднийг уг хотоос хөөн гаргав.

5 Мөн тэд түүнчлэн биднийг Давидын нутгаас хөөн гаргав.

6 Мөн бид урагшлан алхаж мөн, тэнгисийн эргийн дэргэдэх өрнөд хилд байх Иошуа нутагт ирэв.

7 Мөнхүү улиран тохиох дор бид өөрсдийн хүмүүсийг нэг бүлэг болгон бөөгнүүлж болохын тулд, тэднийг аль болох хурднаар цуглуулав.

8 Гэвч болгоогтун, уг нутаг дээрэмчдээр мөн леменчүүдээр дүүрсэн байв; мөн миний хүмүүсийн дээр агуу устгал нүүрлэж байсан хэдий ч, тэд хилэнцэт үйлсээ наманчилсангүй; тиймийн тул нифайчуудын тал мөн түүнчлэн леменчүүдийн талын аль алинд нь, нутгийн бүх гадаргуу дээгүүр, цус мөн хядаан тархав; мөн уг нутгийн бүх гадаргуу даяар бүхнийг хамарсан үймээн байв.

9 Мөн эдүгээ, леменчүүд хаантай байлаа, мөн түүний нэр Аарон байв; мөн тэрбээр бидний эсрэг дөчин дөрвөн мянган цэрэгтэйгээ ирэв. Мөн болгоогтун, би дөчин хоёр мянгатайгаа түүнийг сөрөн зогсов. Мөнхүү улиран тохиох дор би түүнийг өөрийн их цэрэгтэйгээ дийлснээс тэрбээр миний өмнө зугтав. Мөн болгоогтун, энэ бүхэн тохиож, мөн гурван зуун гучин жил улирч одсон байлаа.

10 Мөнхүү улиран тохиох дор бошиглогч Самуелын бошиглосны дагуу нифайчууд алдсаа наманчилж эхлэв, мөн хашхиран гомдоллож эхлэв; учир нь болгоогтун, уг нутагт байсан хулгайч нар, дээрэмчид мөн алуурчид, мөн илбийн ид шид, мөн шулмын аргын учир хэн ч өөрийн болох юуг ч хадгалж чадахгүй байлаа.

11 Тийн бүх нутагт, мөн ялангуяа Нифайн хүмүүсийн дунд эдгээр зүйлийн улмаас гашуудал мөн гаслан байж эхлэв.

12 Мөнхүү улиран тохиох дор, Мормон би, Их Эзэний өмнөх тэдний гашуудал, тэдний гаслан мөн тэдний шаналлыг үзээд дотроо зүрх сэтгэлдээ баясаж эхлэв, Их Эзэний нигүүлсэл болон тэсвэр тэвчээрийг мэддэг учир, тиймийн тул тэрбээр тэдэнд нигүүлсэнгүй хандаж, тэгснээр тэд дахин зөв шударга хүмүүс болох болно хэмээн бодов.

13 Гэвч болгоогтун миний энэ баяр хөөр үр дүнгүй байв, учир нь тэдний шаналал Бурханы сайн сайхнаас үүдэх наманчлалд хүргэсэнгүй; харин, нүгэлдээ аз жаргалыг хүртэхийг нь Их Эзэн тэдэнд байнга зөвшөөрдөггүй учир энэ нь яллагдагсдын шаналал байсан буюу.

14 Мөн тэд харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр Есүст ирсэнгүй, харин тэд Бурханыг зүхэж, мөн үхэхийг хүсэж байв. Гэсэн хэдий ч тэд амиа хамгаалахаар илд барин тэмцдэг байв.

15 Мөнхүү улиран тохиох дор би дахин шаналж, мөн тэдний хувьд, зуурдын амьдралын мөн сүнслэг байдлын хувьд ч ач ивээлийн өдөр дууссан болохыг би харсан юм; учир нь Бурханаа илтээр эсэргүүцэн, тэдний мянга мянга нь цавчигдан унахыг мөн уг нутгийн гадаргуу дээр өтөг бууц мэт овоологдохыг би харсан буюу. Мөн гурван зуун дөчин дөрвөн жил тийн улирч одов.

16 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун дөчин тав дахь онд нифайчууд леменчүүдийн өмнө зугтаж эхлэв; мөн тэднийг ухрах явцад нь зогсоох боломж гарахаас өмнө, тэд бүр Жашоны нутагт ирэх хүртлээ мөрдөн хөөгдсөн ажгуу.

17 Мөн эдүгээ, Жашоны хот нь Аммарон цэдгүүдийг, тэдгээр нь устгагдахгүй байж болохын тулд, Их Эзэний төлөө хадгалсан тэр нутгийн ойролцоо байв. Мөн болгоогтун би Аммароны үгийн дагуу явж, мөн Нифайн ялтаснуудыг авч, мөн Аммароны үгсийн дагуу цэдгийг үйлдэв.

18 Мөн Нифайн ялтаснууд дээр би бүх ёс бус байдал болон жигшүүрт хэргүүдийн бүрэн шастирыг бичсэн болой; гэвч эдгээр ялтас дээр би тэдний ёс бус байдал болон жигшүүрт хэргүүдийн бүрэн шастирыг үйлдэхээс зайлсхийв, учир нь болгоогтун, хүмүүний үйлсийг болгоож мэддэг насанд хүрснээс минь хойш, ёс бус болон жигшүүрт хэргүүдийн үргэлжийн дүр зураг нүдний минь өмнө байсан буюу.

19 Мөн тэдний ёс бусын улмаас би халаглаж байна; учир нь тэдний ёс бусын улмаас миний бүх өдрүүдэд зүрх сэтгэл минь харууслаар дүүрсээр ирсэн юм; гэсэн хэдий ч, эцсийн өдөр өргөгдөх болно гэдгээ би мэднэ.

20 Мөнхүү улиран тохиох дор энэ жилд Нифайн хүмүүс дахин мөрдөгдөж мөн хөөгдөв. Мөнхүү улиран тохиох дор Шем хэмээн нэрлэгдэх умард зүгийн нутагт ирэх хүртлээ бид хөөгдсөн буюу.

21 Мөнхүү улиран тохиох дор бид Шем хотыг бэхлэв, мөн бид тэднийг устгагдахаас аварч магадын тул, бид боломжийн хэрээр өөрсдийн хүмүүсийг цуглуулсан болой.

22 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун дөчин зургаа дахь онд тэд дахин бидэн рүү дайрч эхлэв.

23 Мөнхүү улиран тохиох дор би өөрийн хүмүүст ярьж, мөн өөрсдийн эхнэр, хүүхдүүд, мөн өөрсдийн байшин, мөн гэр орныхоо төлөө леменчүүдийн өмнө зоригтойгоор зогсохыг агуу эрч хүчээр тэдэнд уриалав.

24 Мөн миний үгс тэднийг эрч хүчтэй байдалд өдөөж, үүний хэрээр тэд леменчүүдийн өмнө зугтсангүй, харин тэдний эсрэг зоригтойгоор зогсов.

25 Мөнхүү улиран тохиох дор гучин мянгатай их цэрэгтэйгээр бид тавин мянгатай их цэргийн эсрэг тэмцсэн юм. Мөнхүү улиран тохиох дор бид тэдний өмнө гуйвшгүйгээр зогссон тул тэд бидний өмнө зугтсан болой.

26 Мөнхүү улиран тохиох дор тэднийг зугтахад бид тэднийг их цэрэгтэйгээ мөрдөн хөөж, мөн тэдэнтэй дахин тулав, мөн тэднийг дийлэв; гэсэн хэдий ч Их Эзэний хүч бидэнтэй хамт байсангүй; тийм ээ, Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байгаагүй тул бид өөрсдөдөө л найдах болов; тиймийн тул бид ах дүүсийнхээ адил сул дорой болсон байв.

27 Мөн миний хүмүүсийн, тэдний ёс бус болон тэдний жигшүүрт хэргүүдийн улмаас, энэ агуу гай гамшгийн улмаас, зүрх сэтгэл минь шаналав. Гэвч болгоогтун, бид леменчүүдийн мөн Гадиантоны дээрэмчдийн эсрэг, бид өвийн нутгуудаа эзэмшилдээ дахин авах хүртлээ тулалдсан бөлгөө.

28 Мөн гурван зуун дөчин ес дэх он улирч одов. Мөн гурван зуун тавь дахь онд бид леменчүүд болон Гадиантоны дээрэмчидтэй хэлцэл байгуулж, ингэхдээ бид өвийн нутгуудаа хувааж авав.

29 Мөн леменчүүд бидэнд умард зүгийн нутгийг, тийм ээ, бүр өмнөд нутагт хөтлөх нарийн гарц хүртэлх нутгийг өгсөн бөлгөө. Мөн бид өмнө зүгийн бүх нутгийг леменчүүдэд өгөв.

Хэвлэх