2012
Өдөр бүр авдаг адислалууддаа Бурханы мутрыг хүлээн зөвшөөрөхүй
2012 оны нэгдүгээр сар


Өдөр бүр авдаг адислалууддааБурханы мутрыг хүлээн зөвшөөрөхүй

2011 оны 1-р сарын 9-нд Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх ярилцлага дээр хэлсэн үгнээс. Англи хэл дээрх бүрэн эхийг http://speeches.byu.edu-оос үз.

Ахлагч Д.Тодд Кристофферсон

Өдөр тумынхаа талхыг Бурханы мутраас гуйж, хүлээн авах нь Түүнд итгэж сурах болон амьдралд тохиолддог сорилт бэрхшээлүүдийг тэсч даван туулахад амин чухал юм.

Их Эзэний шавь нарын нэг нь Түүнээс, “Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч” (Лук 11:1) гэж асуусныг Лук өөрийн цэдэгт тэмдэглэсэн байдаг. Тэгэхэд нь Есүс Их Эзэний Залбирал хэмээн нэрлэгдсэн залбирлын загварыг өгсөн ажээ (Лук 11:2–4-ийг үз; мөн Maтай 6:9–13ийг үз).

Их Эзэний Залбиралд “Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч” (Maтай 6:11; мөн Лук 11:3-ыг үз) гэсэн гуйлт байдаг. Тэнгэрлэг Эцэгтээ өдөр бүр хандан гуйдаг хэрэгцээ бид бүгдэд байдаг. Зарим хүмүүсийн хувьд талх гэсэн үг тухайн өдөр амь зуулгыг нь хангах хоол хүнс гэсэн шууд утгаараа хэрэглэгддэг. Бас архаг өвчтэй эсвэл өвчин нь удаан хугацаанд илааршдаг хүмүүст сүнсний болон бие бялдрын хүч тэнхээг гуйж болно. Бусад тохиолдлуудад гуйлт нь хэн нэгний тухайн өдрийн ажил төрөлтэй холбоотой зүйлс, жишээ нь хичээл заах, шалгалт өгөх зэрэг тулгамдсан хэрэгцээ байж болно.

Бид тухайн өдөр шаардлагатай тусламж, хоол хүнс буюу өдөр тутмын талхныхаа төлөө Бурханд найдлага тавьдаг байх ёстойг Есүс бидэнд бас шавь нартаа сургасан билээ. Өдөр тутмын талхаа Тэнгэрлэг Эцэгийнхээ мутраас гуйх Их Эзэний урилга нь хүүхдүүдийнхээ өдөр тутмын өчүүхэн хэрэгцээг ч сайн мэддэг бөгөөд тэдэнд нэг бүрчлэн туслах энгүй их хүсэлтэй хайраар бялхам Бурханд ойртох уриалга юм. “Бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч” Түүнээс бид итгэлээр гуйвал “түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) гэж Тэрбээр хэлсэн юм. Энэ нь мэдээжийн хэрэг, үлэмж итгэл төрүүлэхүйц хэдий ч, өдөр бүр юм хүлээн авахаас илүү чухал зүйл энд байдаг. Өдөр тутмынхаа талхыг гуйж авснаар Бурхан болон Түүний Хүүд итгэх бидний итгэл өсөн хөгждөг билээ.

Бурханд өдөр бүр найдлага тавих нь

Израилын овгууд Египетээс ялгууснаар гарч явсны дараа амлагдсан нутагт орохоосоо өмнө 40 жил цөлд бэдэрсэн юм. Сая гаруй хүнтэй дүрвэгчдийн энэ асар том бүлгийг тэжээх хэрэгтэй байлаа. Нэг дор тийм олон хүн ангийн махаар удаан хугацаанд амь зуух аргагүйгээс гадна тэд хагас нүүдлийн байдлаар амьдарч байсан болохоор тариа тарьж ургац хураан авах буюу мал аж ахуй эрхлэх боломжгүй байв. Иехова тэдний өдөр тутмын талх—маннаг тэнгэрээс илгээж, тулгарсан бэрхшээлийг гайхамшигтайгаар шийдсэн билээ. Их Эзэн Мосегоор дамжуулан маннаг өдөр бүр тухайн өдөрт хүрэлцэх хэмжээтэйг, харин Хүндэтгэлийн өдрийн өмнөх өдөр хоёр хоногт хүрэх хэмжээгээр хурааж байхыг хүмүүст зааварласан ажээ.

Зарим хүмүүс Мосегийн зааврыг эс хайхран нэг өдөрт хүрэхээс илүүг хурааж үлдсэнийг нь нөөцлөхийг хичээжээ.

“Мосе тэдэнд, нэг ч хүн үүнийг өглөө үлдээж болохгүй гэж хэлсэн.

Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрсөн” (Eгипетээс Гарсан нь 16:19–20).

Харин тэд зааврын дагуу зургаа дахь өдөр маннаг хоёр өдөр хүрэлцэх хэмжээгээр хураасанд тэр нь өмхийрсөнгүй (Eгипетээс Гарсан нь 16:24–26-ийг үз). Гэтэл зарим хүмүүс нүдээр үзэхгүйгээр итгэсэнгүй, дахиад Хүндэтгэлийн өдөр маннаг түүхээр явсан ч “тэд юу ч олсонгүй” (Eгипетээс Гарсан нь 16:27–29-ийг үз).

Иехова нэг өдрийн амь зуулгыг нэг удаа хангаснаар 400 гаруй жилийн хугацаанд өвөг дээдсийнхээ итгэлийг үлэмж хэмжээгээр мартсан үндэстэнд итгэлийг заахыг хичээсэн ажээ. Тэрбээр Өөртөө итгэхийг тэдэнд зааж байв. Чухамдаа, Израилын хүүхдүүд өдөр бүр Түүнтэй хамт амьдарч, маргааш нь, тэгээд дараагийн өдөр нь Тэр хангалттай хоол хүнс өгөх болно гэдэгт итгэх хэрэгтэй байлаа. Ингэснээрээ Тэрбээр тэдний оюун санаа, зүрх сэтгэлээс хол хөндий байх аргагүй байв.

Израилын овгууд цаг нь ирсэн үед өөрсдийгөө хангах шаардлагатай болсон юм. Үүн лүгээ адил бид өдөр тутмын талхаа олж чадахгүй эсвэл тухайн үед өөрийгөө тэтгэж чадахгүй болсон үед Бурханаас гуйдаг ч гэсэн, амьдралаа авч явахын тулд чадах бүхнээ хийх ёстой.

Их Эзэнд итгэхүй

Би хэдэн жилийн өмнө Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан үедээ хэдэн жил нададтөвөг удсан эдийн засгийн асуудалтай тулгарав. Уг асуудал ноцтой биш, яаралтай шийдэх шаардлагагүй байсан ч бүрмөсөн шийдэгдээгүй байлаа. Зарим үед энэ сорилт манай гэр бүлийн сайн сайхан байдалд заналхийлж байсан болохоор бид санхүүгийн хувьд дампуурч мэдэх нь гэж боддог байлаа. Тэгээд хөндлөнгийн гайхамшигтай оролцооны төлөө залбирав. Би уг залбирлыг олон удаа зүрх сэтгэлийнхээ чин хүслээр хэлдэг байсан ч хариу ерөөсөө ирсэнгүй. Тэгээд эцэст нь, “Гэвч миний хүсэл бус харин Таны хүсэл биелэгдэг” (Лук 22:42) хэмээн залбирсан Аврагч шиг залбирч сурсан юм. Эцсийн шийдэлд хүрэх замын дагуу жижигхэн алхам хийх бүрдээ Их Эзэний тусламжийг эрэлхийлж байлаа.

Бий болсон ярвигтай асуудлыг нэг тийш болгохын тулд явах газар ч үгүй, хандах хүн ч үгүй болоод байсан үед би бүх нөөц боломжоо шавхаж дуусаад байлаа. Өөр ямар ч боломжгүй болсон учир би нулимс урсган Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө Түүний тусламжийг гуйн нэг бус удаа өвдөг сөгдөн залбирав. Тэр үнэхээр тусалсан шүү. Заримдаа зүгээр л амар амгалангийн мэдрэмж, бүх зүйл сайн болно гэсэн мэдрэмж төрдөг байлаа. Тэрбээр ямар арга замаар хэрхэн туслахыг би мэдэхгүй байсан ч Их Эзэн шууд буюу шууд бусаар замыг нээх болно гэдгийг надад мэдүүлсэн юм. Нөхцөл байдал өөрчлөгдөж болно, ашигтай, шинэ санаа толгойд орж ирж болно, санаандгүй ямар нэг орлого юм уу нөөц боломж яг зөв цагт гарч ирж мэднэ. Тэгсээр яаж ийж байгаад асуудлыг шийдсэн юм.

Зовж шаналж байсан, тулгарсан асуудал тэр дороо түргэн шийдэгдээгүйд одоо би баярладаг. Бурханд хандан хэдэн жил бараг өдөр бүр тусламж гуйдаг байсан нь хэрхэн чин сэтгэлээсээ залбирч, залбирлынхаа хариуг хэрхэн авдгийг, мөн Бурханд итгэлтэй байх практик арга замыг надад заасан юм. Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёр, өөр ямар нэг байдлаар, ямар нэг арга замаар тохиох боломжгүй зүйлийг тохиолгон, надад урт удаан хугацаанд анхаарал халамж тавьж болно гэдгийг би мэдсэн билээ. Өдөр тутмын талх бол үнэт эрдэнэ гэдгийг би мэднэ. Өнөөдөр манна Библийн түүхэнд манна бодитой байсан дугаа адил бодитойг би мэдсэн. Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэхийг би сурсан. Өдөр бүр Түүнтэй хамт алхахыг би сурсан.

Асуудлаар дамжуулан ажиллах нь

Бурханаас долоо хоногийн, сарын эсвэл жилийнхээ талхыг гуйхын оронд өдөр тутмынхаа талхыг гуйх нь бидний хувьд шийдвэрлэж болохуйц, жижиг асуудлуудад анхаарлаа төвлөрүүлэх нэг арга зам мөн. Бид ямар нэг том асуудлыг шийдэхийн тулд үүнийг олон хэсэг болгон, өдөр бүр нэг бага хэсэг дээр ажиллах хэрэгтэй. Зарим үед бидний нэг өдөрт шийдэж чадах зүйл нь тухайн өдөр нэг удаа л хийх зүйл байдаг.

1950-иад оны үед манай ээж хавдрын хүнд мэс засал хийлгэсний дараа цацраг туяаны цуврал эмчилгээ хийлгэсэн юм. Тэр үед эмээгийн түүнд зааж сургасан нэг зүйл ээжид минь тэр цагаас хойш тусалсаар байгааг ээж маань дурсан ярьдаг байлаа.

“Бүх бие шархиран өвдөж, ядарч туйлдсан нэг өдөр би, ‘Ээж минь ээ, би дахиад цацраг туяаны 16 эмчилгээ хийлгэж давахгүй юм байна’ гэлээ.

“Чи өнөөдөр явж чадах уу? гэж түүнийг асуухад,

“Чадна аа гэв.

“Сайн байна, охин минь. Өнөөдөрийн хувьд ингээд л болоо.

“Нэг өдөр нэг зүйлийг зөвхөн нэг л удаа хийдэг байсан нь надад олон удаа тусалсныг би санадаг.”

Бид урагшаа харж, нэг өдөр нэг л зүйлийг нэг удаа хийсэн үед, Сүнс биднийг удирдах болно.

Чадавхиа бүрэн ашиглах нь

Өдөр тумынхаа талхыг Бурханы мутраас гуйж, хүлээн авах нь Түүнд итгэж сурах болон амьдралд тохиолддог сорилт бэрхшээлүүдийг тэсч даван туулахад амин чухал юм. Ямар хүмүүс болоход маань туслах тэнгэрийн талх бас бидэнд хэрэгтэй. Наманчилж, төгөлдөржин, эцэстээ “Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд” (Eфес 4:13) хүрэх нь алхам алхмаар хэрэгжих үйл явц юм. Шинэ бөгөөд эрүүл саруул дадал зуршлыг зан байдалдаа төлөвшүүлж, муу зуршил буюу донтолтыг даван туулах нь олон өдөр, сар, бүр олон жил үргэлжилж болох, өдөр тутмын, өөрөөр хэлбэл, өнөөдрөөс маргааш, маргаашаас нөгөөдөр тасралтгүй үргэлжлэх хүч чармайлт байх нь олонтоо тохиолддог. Гэвч бид өдөр тутмын талхаа Бурханаас гуйж болно. Учир нь бидэнд тусламж өдөр бүр хэрэгтэй.

Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх асан Ерөнхийлөгч Н.Элдон Таннер (1898–1982) хэлсэн нь: “Аливаа асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийн үнэ цэнийг тунгаан бодоод шийдлийг анхааралтай сонгож авахад өөрийгөө сахилгажуулах, шийдлийн зорилгыг тодорхойлон, хэрэгжүүлэхэд ямагт тууштай байж, биднийг зогсоох боломжийг аливаа саад бэрхшээлд олгохгүй байцгаая. Тухайн өдөр нэг л шийдлийг хэрэгжүүлэх ёстойг өглөө бүр өөртөө сануулж байцгаая.”1

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар, гэр бүлийн залбирал, судар судлах, гэр бүлийн үдэш зэрэг өдөр тутмын энгийн үйл ажиллагаануудыг байнга хийдэг байх нь бат бөх гэр бүлүүдийг төлөвшүүлэхэд амин чухал юм гэж саяхан сургажээ. “Өчүүхэн жижиг мэт санагдах зүйлсийг байнга хийж байх нь сүнслэг байдлын чухал үр дүнд хүргэж чадна” хэмээн тэрбээр хэлжээ.2

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994) наманчлалын тухай дараах зөвлөгөөг өгсөн юм: “Бид [Христтэй] улам адилхан болохыг эрэлхийлэхдээ анхааралтай байх ёстой. Ийм болж чадахгүй юм байна хэмээн санаагаар унаж, найдвараа алдаж болохгүй. Христтэй адилхан болох нь насан туршийн зорилго бөгөөд өсөлт олонтоо гарах ч өөрчлөлт нь удаан, бараг боломжгүй юм шиг санагддаг.”3

Үйлчлэлд Их Эзэний тусламжийг эрэлхийлэх нь

Бид тэнгэрийн талхны өдөр тутмын хувийг гуйхдаа зөвхөн амин хувиа хичээх ёсгүйг санагтун. Хэрэв бид, “үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд” (Maрк 10:45) хүрч ирсэн Их Эзэнтэй илүү адилхан болохыг үнэхээр хүсдэг бол, бусдын төлөөх үйлчлэлдээ Түүний тусламжийг өдөр бүр эрэлхийлэх ёстой.

Ерөнхийлөгч Томас С.Монсон миний мэдэх хэнээс ч илүүгээр энэ зарчмаар амьдардаг хүн. Эргэн тойрныхоо хүмүүст аль ч өдөр эсвээс тэр өдрийн аль ч агшинд туслахын тулд Бурханы илчлэх хэрэгцээ ба арга хэрэгслийн төлөөх залбирал түүний зүрх сэтгэлд ямагт бэлэн байдаг юм. Түүнийг бишоп байх үеийн ганцхан жишээ нь, зарим үед багаахан хүч чармайлт ч гэсэн Сүнсний үйл хэрэг байж, гайхалтай үр дүнд хүрдгийг харуулсан ажээ.

“Түүний [Ерөнхийлөгч Монсон] гараа сунган тусалсан хүн бол Харольд Галлачер байлаа. Эхнэр, хүүхдүүд нь Сүмд идэвхтэй байсан атал тэр өөрө идэвхгүй байв. Харольдын охин Шарон аавыгаа дахин идэвхтэй болгохын тулд ‘ямар нэг юм’ хийгээч гэж Бишоп Монсонгоос гуйжээ. Бишопын хувьд түүнийг нэг өдөр Харольдынд оч гэж сүнс өдөөсөн гэнэ. Зуны нэгэн халуун өдөр тэр Харольдын шилэн хаалгыг тогшжээ. Харольд сандал дээрээ суугаад, тамхи татаж, сонин уншиж байгаа нь бишопт харагдсан гэнэ. Харольд дээшээ харалгүй, ‘Хэн бэ?’ гэж дорой дуугаар асуухад,

“‘Бишоп чинь байна’ гэж Том хариулжээ. ‘Би тантай танилцаж, гэр бүлийнхээ хамт цуглаанууддаа оролцож байгаач гэж гуйх гэж ирлээ.’

“‘Үгүй ээ, би толгой өндийлгөх завгүй байна’ гэж үл тоомсорлосон байдалтай хариулаад, ядахдаа дээшээ ч харсангүй. Үгийг нь сонссонд Том талархал илэрхийлээд босгон дээрээс буцав. Харольд цуглаануудад огт оролцолгүй байсаар тэднийх өөр газар шилжсэн аж.

“Олон жилийн дараа … Галлачер ах Ахлагч Томас С.Монсонгийн оффис уруу утасдаж, түүнтэй улзах цаг товлож өгнө үү гэж хүсчээ.

“… Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр хоёр тэврэлдэн уулзсан гэнэ. ‘Олон жилийн тэртээ тэр нэгэн зун таныг гэртээ оруулалгүй, сандлаасаа ч босоогүйн төлөө би уучлал гуйхаар ирлээ’ гэж Харольдыг хэлэхэд Ахлагч Монсон түүнийг Сүмд идэвхтэй байсан уу гэж асуужээ. Харольд егөөтэй инээмсэглээд: ‘Одоо би тойргийнхоо бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөх. Сүмдээ яваач гэсэн таны урилга, үгүй гэсэн миний хариулт намайг ихэд шаналгаж тэгээд энэ талаар ямар нэг юм хийе гэж шийдсэн юм гэж хариулжээ.’”4

Өдөр бүр сонголт хийх нь

Өдөр тутмын талхныхаа тухай бодсоноор бид амьралынхаа нарийн ширийн зүйлсийн тухай, өдөр бүр болдог энгийн жижиг юмсын талаар сайн мэдлэгтэй болдог. Жишээ нь, гэрлэлтэд, нинжин сэтгэл, бие биедээ туслах, хайраа үргэлж халуунаар нь байлгахын төлөө анхаарах явдал, энгийн харьцаа нь хааяа нэг тохиох сэтгэлийн хөөрөл, үнэтэй бэлэг сэлтээр тодорхойлогдох биш харин байнгын үйл явц байх ёстойг амьдралын туршлага харуулж байна.

Үүн лүгээ адил, бид өдөр тутмын сонголтоороо өөрсдийн амьдралд болон ямар хүмүүс болоход маань нөлөөлж мэдэх сэм шургалагч далдын нөлөөнөөс урьдчилан сэргийлж болно. Ахлагч Нийл А.Максвелл (1926–2004) бид хоёрын хооронд хэдэн жилийн өмнө болсон албан бус нэгэн ярианд, хэрэв хүн зөв сонголтууд хийх юм бол порнограф болон порнографын дүрслэлүүдээс зайлсхийж чадна гэсэн дүгнэлтийг бид хийсэн юм. Энэ нь чухамдаа, биет болон электрон хэлбэрээр порнографыг үзэж болох газар уруу явахгүй байх нь хувь хүний сахилгын асуудал юм. Гэсэн ч, порнограф нь эмгэнэлт уршигтай учраас хүний ажил хэрэг хэвийн байлаа ч оюун санаанд нь хортойгоор нөлөөлдөг. “Тийм ээ. Харин хүн үүнээс тэр даруйд татгалзаж чадна шүү дээ. Хүн порнографт гэртээ морилон, хоймортоо тухлан суух боломж олгох ёсгүй” хэмээн Ахлагч Максвелл хэлж билээ.

Хор хөнөөлтэй бусад нөлөө, зуршлуудын хувьд ч мөн л ийм юм. Хортой нөлөө, муу зуршлуудаас дөнгөж эхэлж байхад нь зайлсхийх нь сонор сэрэмжгүй байснаас нүгэл хилэнц, сул дорой байдал бидний бодгальд нэгэнт соёолсныг хожмын нэг өдөр мэдэж харамсахаас биднийг хамгаалж чадна.

Амьдрал дээр, огт учир холбогдолгүй олон зүйл ганцхан өдөр болдоггүй. Өдөр бүр давтагддаг энгийн үйл ажиллагаанууд өчүүхэн жижиг байж болох ч бидний төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл биелэхэд хэрэгтэй сахилга бат болон зан чанарыг төлөвшүүлэхэд барилга барихад тоосго хэрэгтэйн адил чухал юм. Тиймээс, та өдөр тутмын талхаа гуйж залбирахдаа өөрийн тулгамдсан хэрэгцээ болон өөрийгөө юунаас хамгаалах хэрэгтэй байгааг буурь суурьтай бодож байхад анхаар. Унтахаар орондоо орохдоо, тухайн өдөр ямар амжилт олсон, ямар ажил бүтээгүйг болон маргааш нь бага ч болов хэрхэн илүү сайн ажиллах талаар бодож бай. Таныг тухайн өдрийн турш дэмжин тэтгэх маннаг Тэнгэрлэг Эцэг замын чинь дагуу байрлуулсанд таларх. Зарим зүйлийг тэсэн өнгөрүүлж, заримыг нь өөрчлөхөд Түүний мутар өөрт чинь тусалж байгааг та хараад Түүнд итгэх итгэл чинь өсөн нэмэгдэхийг харах болно. Дахиад нэг өдөр ард өнгөрч, мөнх амьдрал өөд дахиад нэг алхам хийсэндээ та баярлах болно.

Амийн талхнаас хуваалцахыг сана

Юуны өмнө Түүний манна бол Гэтэлгэгчийн хэв шинж, бэлгэдэл байсан гэдгийг санагтун

“Би бол амийн талх байна.

Та нарын өвөг дээдэс цөлд маннаг идсэн бөгөөд тэд нас барцгаасан.

Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй.

Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн нь энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм” (Иохан 6:48–51).

Амийн Талх, Есүс Христ амьд гэдгийг, Түүний Цагаатгал үнэн бодитой, хүч нь хязгааргүй гэдгийг би гэрчилж байна. Эцсийн эцэст, Түүний Цагаатгал, Түүний ач ивээл бол бидний өдөр тутмын талх юм. Тэрбээр Эцэгтэйгээ нэг байдгийн адилаар бид Түүнтэй нэг байхын тулд бид өдөр бүр Түүнийг эрэлхийлж, өдөр болгон Түүний хүслийг биелүүлдэг байх ёстой (Иoхан 17:20–23-ыг үз). Бидний ингэсэн тохиолдолд Тэнгэрлэг Эцэг биднийг өдөр тутмын талхаар хангах болтугай.

Эшлэл

  1. Н. Eлдон Таннер, “Today I Will … ,” Лиахона, 2003 оны 3-р сар, 27–28.

  2. Давид A.Беднар, “More Diligent and Concerned at Home,” Лиахона, 2009 оны 11-р сар, 20.

  3. Эзра Тафт Бенсон, “A Mighty Change of Heart,” Tambuli, 1990 ны 3-р сар, 7.

  4. Хейди С.Свинтон, To the Rescue: The Biography of Thomas S. Monson (2010), 160–61.

Чимэглэлийг Диане Хейден