2012
Айлчлагч багшийн үйл ажиллагаагаар дамжуулан анхаарал халамж тавьж, үйлчлэх нь
2012 оны нэгдүгээр сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Айлчлагч багшийн үйл ажиллагаагаар дамжуулан анхаарал халамж тавьж, үйлчлэх нь

Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарын итгэлийг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Итгэл, Гэр бүл, Халамж

“Энэрэл гэдэг бол ач буяны мэдрэмжээс хавьгүй илүү зүйл юм. Энэрэл нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээс бий болдог бөгөөд Түүний Цагаатгалын үр дүн мөн” гэж Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хенри Б.Айринг сургажээ.1 Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нарын хувьд айлчлагч багшийн үйл ажиллагаа нь Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлэн ашиглах чухал арга зам мөн.

Бид айлчлагч багшийн үйл ажиллагаагаар дамжуулан эгч бүртэй холбоотой байж, сайн мэдээний захиасыг хуваалцан, түүний өөрийнх нь болон гэр бүлийнх нь хэрэгцээг мэдэхийг хичээдэг. “Бидний анхаарал тоон дээр биш, хүмүүс дээр төвлөрсөн үед айлчлагч багшийн үйл ажиллагаа Их Эзэний ажил болдог. Чухамдаа, айлчлагч багшийн үйл ажиллагаанд эцэс төгсгөл гэж ерөөсөө байдаггүй. Энэ бол ажил үүрэг гэхээс илүү амьдралын хэв маяг юм. Айлчлагч багшаар итгэлтэй үйлчлэх нь бидний хувьд шавь байхын нотолгоо мөн” гэж Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б.Бек тайлбарлажээ.2

Бид байнга залбирч, анхаарал халамж тавьсан үед эгч нар болон тэдний гэр бүлийн хэрэгцээг хамгийн сайнаар шийдвэрлэж, тэдэнд тусалж чадна. Үйлчлэл олон хэлбэртэй, зарим нь өргөн хүрээтэй, зарим нь жижигхэн байж болно. “Хэн нэгний гэр бүлийн талаар санаа тавьж асуух, урам хайрласан ганц хоёр үг хэлэх, чин сэтгэлээсээ магтаал, талархал илэрхийлж утсаар товчхон ярих зэрэг үйлчлэлийн жижигхэн үйлдлүүд нь хүний сэтгэл санааг өргөж, түүнийг адислах нь олонтоо тохиолддог. Хэрэв бид сонор соргог, ажигламтгай байж, өөртөө ирдэг сүнсний өдөөлтүүдийн дагуу үйлдэх юм бол сайн сайхан үйлс олныг бүтээж чадна. … Нийгмийн Халамжийн Бүлгийн айлчлагч багш нарын агуу армийн үзүүлдэг үйлчлэл тоо томшгүй олон юм” гэж Ерөнхийлөгч Томас С.Монсон сургасан билээ.3

Судруудаас

Иохан 13:15, 34–35; 21:15; Moзая 2:17; Сургаал ба Гэрээ 81:5; Moсе 1:39

Бидний түүхээс

1843 онд Иллинойн Науву дахь Сүмийн гишүүд дөрвөн тойрогт хуваагджээ. Тэр жилийн 7-р сард Нийгмийн Халамжийн Бүлгийн удирдагчид дөрвөн эгчээс бүрдсэн айлчлагч багшийн хороог тойрог бүрт томилжээ. Айлчлагч хороодын үүрэгт эгч нар болон тэдний гэр бүлийн хэрэгцээг тодорхойлж, хандив цуглуулах ажил ордог байжээ. Нийгмийн Халамжийн Бүлэг цуглуулсан хандивыг тусламж хэрэгтэй хүмүүст олгодог байв.4

Айлчлагч багш нар хандив цуглуулахаа больсон ч, эгч нарын сүнсний болон материаллаг хэрэгцээг тодорхойлж, тэдгээр хэрэгцээг шийдвэрлэхийн төлөө ажиллах үүрэг нь хэвээр үлдсэн ажээ. Нийгмийн Халамжийн Бүлгийн хоёр дахь ерөнхий ерөнхийлөгч Элиза Р.Снөү (1804–87) тайлбарласан нь: “Багш хүн …хэн нэгний гэрт орохдоо тэнд ямар сүнстэй тулгарахаа мэдэхүйц тийм хэмжээгээр Их Эзэний Сүнстэй байх ёстой.” …Тухайн айлд ямар сүнс ноёрхдогийг мэдэж, тэр дагуу үйлдэх боломжтой байхын тулд … мөн амар амгалан болон тайтгарлын үгсийг ярихын тулд [Сүнстэй] байхын төлөө Бурхан, Ариун Сүнс хоёроос гуй. Хэрэв та тухайн эгчийн сэтгэл санаа тааруухан байгааг мэдвэл, хүүхдийг эх нь энхрийлэн цээжиндээ тэвэрдэг шиг сэтгэлийг нь бүлээцүүлж урам хайрла.”5

Эшлэл

  1. Хeнри Б.Айринг, “The Enduring Legacy of Relief Society,” Лиахона, 2009 оны 11-р сар, 121.

  2. Жюли Б.Бек, ““Relief Society: A Sacred Work,” Лиахона, 2009 оны 11-р сар,114

  3. Томас С.Монсон, “Three Goals to Guide You,” Лиахона, 2007 оны арваннэгдүгээр сар, 120–21.

  4. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 105-ыг үз.

  5. Эдиза Р.Снөү, Daughters in My Kingdom, 108.

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер