2012
Жорж Альберт Смит: Тэрбээр сургадаг байсныхаа дагуу амьдардаг байлаа
2012 оны нэгдүгээр сар


Жорж Альберт Смит

Тэрбээр сургадаг байсныхаа дагуу амьдардаг байлаа

Ерөнхийлөгч Жорж Альберт Смит сайн мэдээнд зөвхөн итгэдэг байсан төдийгүй үүгээр амьдардаг байсныг түүний амьдралын туршлага харуулж байна.

Сэтгэл санаанд дарамт учруулсан тэр өдрийн сүүлчээр Жон А.Видцөү “ажлын өдрийнхөө дараа нэлээд ядарчихсан” оффистоо сууж байлаа. Тэрээр ярвигтай асуудалтай тулгарсны сацуу үүрэг хариуцлагынхаа хүндийг мэдэрч байлаа. “Шургаж унатлаа ядарлаа” гэж тэр хэллээ.

“Тэгтэл хаалга тогшиж, Жорж Альберт Смит орж ирлээ. ‘Ажлынхаа дараа гэр уруугаа явж байна гэж тэр хэлэв. Би таны тухай бас таны шийдвэрлэх ёстой асуудлуудын тухай бодож байлаа. Таныг тайтгаруулж, адислахаар хүрч ирлээ’ гэж тэр хэллээ.’

“… Би үүнийг огт мартахгүй. Бид хоёр хэсэг хугацаанд хамт яваад салж, тэр харихаар явлаа. Санаа сэтгэл өөдрөг сайхан байлаа. Ядаргаа бүр арилчихаж.”

Олон жилийн дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн болсон Ахлагч Видцөү (1872–1952) энэхүү болсон явдлыг дурсан санаж өгүүлсэн нь: “Тэрбээр бусдын төлөө … өөрийн цаг зав, хүч чадлыг өгдөг байсан нь түүний төрөлхийн зан юм.”1

Хэрэв бидэнд Есүс Христийн сайн мэдээний тухай гэрчлэл үнэхээр байдаг бол энэ нь бидний амьдралд тэр тусмаа бие биедээ ханддаг бидний хандлагад харагдах болно гэдэгт 1945–1951 онуудад Сүмийн найм дахь Ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Жорж Альберт Смит (1870–1951) итгэдэг байжээ. “Зөв шударга, чигч тууштай амьдрал бол энэ ажлын үнэнийг гэрчлэх боломжийг бидэнд олгох хамгийн хүчтэй гэрчлэл мөн” гэж тэр заажээ.2

Мелкизедек санваартнуудын болон Нийгмийн Халамжийн Бүлгийн 2012 оны сургалтын хөтөлбөр Teachings of Presidents of the Church: George Albert Smith-д Ерөнхийлөгч Смитийн гэрчлэл түүний сургаалууд болон амьдралынх нь түүхүүдээр яруу тодоор илэрхийлэгдсэн байгаа. Эдгээр сургаалууд болон түүхүүдээс зарим жишээг доор харуулав.

Нинжин сэтгэлийн хүч

Зуны нэгэн халуун өдөр хэсэг ажилчид Ерөнхийлөгч Смитийн гэрийн гадаах гудамжинд засварын ажл хийж байв. Ид ажлын үеэр улам халуун болж, ажилчид зохисгүй, бүдүүлэг үгс хэлж эхэлжээ. Удалгүй хөршүүдийн нэг нь хүрч ирэн Жорж Алберт Смит энд ойрхон суудгийг хэлээд ажилчдыг бүдүүлэг үгс хэлснийх нь төлөө зэмлэсэн гэнэ. Ажилчид огт тоосонгүй бүр ч илүү муухай хараалын үгс урсгаж эхэлжээ.

Тэр үед Ерөнхийлөгч Смит нимбэгийн ундаа бэлтгэн гал тогооны өрөөндөө байжээ. Тэр нимбэгийн ундаагаа тосгуур дээр хэдэн шилэн аяганы хамт авч гарч ирээд, “Найз нар минь, та нар их халууцаж, ядарсан байна шүү. Та нар наашаа ирж, манай моддын дор сууж, хүйтэн ундаа уугаач” гэжээ.

Ажилчид даруусгагдан, түүний саналыг баяртайгаар хүлээн авсан аж. Аятай сайхан завсарлагааны дараа тэд ажлаа нам гүмхэн, хүндэтгэлтэйгээр дуусгасан гэдэг.3

Энэ мэтийн бусад олон туршлага нь бид “өөрийн асуудлуудыг хүн бүхнийг хайрлаж, тэдэнд нинжин сэтгэлээр хандсанаар шийдвэрлэж” чадна гэсэн Жорж Альберт Смитийн итгэл үнэмшлийг харуулж байна.4 “Алдаа гаргадаг хүмүүс байдаг” гэж тэр хэллээ. “Бидний дунд төөрч замаа алдсан хүмүүс бий. Гэвч тэд бол бидний Их Эзэний хүүхдүүд. Тэрээр тэднийг хайрладаг. Тэдэнд хайр, нинжин сэтгэл, тэвчээр, адислах хүслээр хандан, гаргасан алдаагаа ялахад нь туслах эрхийг Тэрбээр та бидэнд олгосон билээ. Бусдыг шүүх нь надад өгөгдсөн эрх биш. … Харин, хэрэв тэд буруу зүйл хийж байвал, боломжтой бол тэднийг Селестиел хаант улсад мөнх амьдрах замд нь буцааж оруулахыг ямар нэг арга замаар хичээх нь надад өгөгдсөн онцгой боломж юм.5

“Нинжин сэтгэлээр дамжуулан хөршүүдийнхээ амьдралд баяр баясал, тайтгарал, сэтгэл ханамжийг өгөх нь хэчнээн сайхан билээ. Би энэ үгийг том үсгээр бичин, агаар мандалд бэлгэдэл болгон намиргахыг хэчнээн их хүсдэг билээ. Нинжин сэтгэл бол хатуу зүрх сэтгэлийг зөөллөж, зөрүүд бодгалийг зөв замд нь оруулах Бурханаас бидэнд өгсөн хүч юм.”6

Сайн мэдээг хуваалцахуй

Ерөнхийлөгч Смит сайн мэдээг хуваалцахыг “оргил нинжин сэтгэл” хэмээн үзсэн байдаг.7 Тэрбээр бусад сүмүүдийн сайн талыг хүлээн зөвшөөрч, үүнд баярладаг байсан ч сэргээгдсэн сайн мэдээ бол бусдаас ялгарах өвөрмөц онцлогтой бөгөөд хүн төрөлхтөнд үнэт зүйлсийг санал болгодгийг мэддэг байлаа.

Түүнийг нэгэнтээ номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхад нь нэг хүн түүнд, “Ингэхэд, танай сүм бусад аль ч сүмийн адил сайн юм гэдгийг би мэдсэн” хэмээн хэлсэн гэдэг.

“Тэр хүн биднийг тэнгэрт тултал магтлаа гэж бодсон байх гэж би бодож байна” гэж Ерөнхийлөгч Смит хэлжээ. “Харин би түүнд: ‘Хэрэв энд миний төлөөлж байгаа сүм хүмүүний үрсэд бусад аль ч сүмээс илүү чухал биш бол, миний энд ирсэн үүрэг зорилго буруу байгаа хэрэг” хэмээн хэлж билээ.’”8

Бидний захиас туйлын чухал байдгийн нэг шалтгаан нь “Хожмын Үеийн Гэгээтнүүд бол сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэхэд Тэнгэрлэг Эцэгээсээ эрх мэдлийг авсан цорын ганц хүмүүс мөн гэдэгт байгаа юм. Бид дэлхийд хэрэгтэй хүмүүс” гэж Ерөнхийлөгч Смит сургажээ.9

Үүний улмаас, Хожмын Үеийн Гэгээнтнүүд “Тэнгэрлэг Эцэгээс бидэнд элбэг дэлбэгээр соёрхсон сайн сайхан зүйлсийг Түүний бүх хүүхдүүдтэй хуваалцах энгүй их, оргилуун хүсэлтэй байхыг” Ерөнхийлөгч Смит хүсэн хүлээдэг байжээ.10

“Бид [сайн мэдээний] ач холбогдлыг хангалттай мэдрэхгүйгээс бид үүний шаарддаг оргилуун хүслээр сайн чадахгүй байна гэж би заримдаа боддог.”11

Ерөнхийлөгч Смит сайн мэдээг хуваалцахад “оргилуун хүслийн” үлгэр жишээг харуулдаг байсныг дотны нэг найз нь ажигласан ажээ: “Ерөнхийлөгч Смиттэй нэлээд хэдэн удаа галт тэргээр хамт явах аз жавшаан надад тохиосон юм. Галт тэрэг хөдөлснөөс хойш нэлээд хугацаа өнгөрмөгц тэр цүнхнээсээ сайн мэдээний хэдэн товхимол гаргаж ирээд халаасандаа хийж, зорчигдын дундуур яваад өгдөг байлаа. Тэрбээр нөхөрсөг, хэнтэй ч эв нийцтэй хүн байсан болохоор удалгүй нэг зорчигчтой танилцав. Тэр түүнээс хойш удалгүй Бошиглогч Иосеф Смит Сүмийг хэрхэн үндэслэсэн тухай түүх, Гэгээнтнүүд Наувугаас дүрвэсэн болон уудам хээр талыг туулан Юта уруу хийсэн хүнд хүчир аяны үеэр тэдэнд тохиолдсон гай зовлон, хүнд сорилтуудын тухай шинэ найздаа ярьж, сайн мэдээний зарим зарчмуудыг тайлбарлаж байхыг би сонслоо. Тэрээр аялал дуустал нэг зорчигчийн дараа өөр нэг зорчигчтой дээрх байдлаар яриа хөөрөө өрнүүлдэг байлаа. Ерөнхийлөгч Смиттэй дөчин жил гаруй сайн танил байсны хувьд тэрбээр хаана ч байсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шилдгээс шилдэг, манлай номлогч байсныг би мэднэ.12

Хүүхдүүдээ заах нь

Жорж Альберт Смит, түүний эхнэр Люси хоёр “хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэх” (С ба Г 93:40) бурханлаг үүрэгтээ туйлын хариуцлагатай ханддаг байжээ. Аав нь нэг удаа хичээл заасан тухай тэдний охин Эдит дараах зүйлийг ярьжээ. Тэр төгөлдөр хуурын хичээлээсээ гэртээ харихаар троллейбусанд суужээ. Кондуктор нь түүнээс мөнгө хураасангүй. “Кондукторыг хажуугаараа өнгөрөхөд би гартаа таван центийн зоос барьсан хэвээр буух газартаа ирчихсэн байлаа. Ингээд билетийнхээ мөнгийг хэмнэсэндээ их баяртай байлаа.

“… Би аз хийморийнхоо тухай аавдаа ярихаар чухам л хөл газарт хүрэхгүй баярлаж билээ. Аав миний яриаг тэвчээртэй сонсов. Өнөөдөр миний аз шовойсон өдөр байлаа хэмээн би бодож байсныг яана. …

Намайг болсон явдлаа ярьж дуустал, ‘Гэвч охин минь, энэ тухай кондуктор мэдээгүй ч гэсэн чи мэдэж байгаа, би мэдлээ, бас Тэнгэрлэг Эцэг мэдэж байгаа шүү дээ. ‘Иймээс, хэрэв чамайг үйлчлүүлснийхээ төлөө мөнгөө бүрэн төлөхийг харвал бид гурав гурвуулаа сэтгэл хангалуун байх болно гэв.’”

Эдит гудамжны булан уруу буцаж очоод мөнгөө төлжээ. “Миний алдааг эелдгээр залруулж өгсөн аавынхаа уужуу тайван ухаанд би их баярласан даа. Учир нь хэрэв аав тэр явдлыг үл ялих зүйл гээд дуугүй өнгөрсөн бол тэр намайг дэмжлээ гэж би бодох байсан биз ээ” гэж тэр хожим нь дурсчээ.13

Хайр нь зөв шударгаар амьдрахад хүүхдүүдэд сүнслэг нөлөө үзүүлэх хүчтэй байдгийг Ерөнхийлөгч Смит Сүмийн гишүүдэд заахдаа: “Хүүхдүүддээ ёс суртахууны хуулийг хэрхэн сахихыг заа. Хүүхдүүд чинь хаана ч байлаа гэсэн нүгэл хилэнц үйлдэх аливаа уруу таталтанд автагдах хүсэлгүй байхын тулд тэднийг хайрын гараараа тэвэр.”14

Хүүхдүүдээ хамгаалж, хайрлахын зэрэгцээ тэд бидний зөвлөгөөг дуртай сонсдог байхын тулд тэдний хайрыг татахад хангалттай цаг гаргах нь бидний онцгой боломж бас бидний үүрэг гэдгийг би та бүхэнд хэлэх ёстой.15

Мөнхийн гэр бүлүүд

Жорж Альберт Смит, Люси Смит хоёр гэрлээд 40 орчим жил болоход Люсигийн эрүүл мэнд муудаж, өвчинтэйгөө урт удаан хугацаанд тэмцжээ. Ерөнхийлөгч Смит эхнэрийнхээ эрүүл мэндийн талаар санаа нь зовон, чадлынхаа хэрээр түүнийг тайвшруулах гэж хичээдэг байсан бөгөөд Ерөнхий эрх мэдэлтний үүрэг нь түүнийг гэр орноо орхиж томилолтоор явахыг олонтоо шаарддаг байв. Ерөнхийлөгч Смитийг нэг удаа оршуулга дээр үг хэлсний дараа, түүнийг гэртээ түргэн эргэж ирнэ үү гэсэн зурвасыг хэн нэгэн нь түүнд өгчээ. Тэрээр хожим нь өдрийн тэмдэглэлдээ:

“Би тэр даруй цуглааны байрнаас гарч явсан ч хайрт эхнэр минь намайг гэртээ ирэхээс өмнө сүүлчийн амьсгалаа хураасан байлаа. Намайг оршуулга дээр үг хэлж байх үед тэр минь өөд болсон ажээ. Чин үнэнч ханиа алдаж уй гашууд автан байлаа би, түүнгүйгээр яана даа би.

Манай гэр бүл үлэмж гашуудсан ч, хэрэв бид итгэлтэй байх юм бол түүнтэйгээ дахин учран золгох болно гэсэн итгэл найдварыг сэтгэлдээ тээн тайтгарч билээ” хэмээн тэрээр цааш нь бичжээ. … Их Эзэн нинжин сэтгэлтэй бөгөөд үхэл хагацлын гунигт мэдрэмж бүрийг арилгадаг. Чухам үүний төлөө би үлэмж баяртай байдаг билээ.16

Ерөнхийлөгч Смит авралын төлөвлөгөөний тухай гэрчлэлээсээ болон гэр бүлүүдийг үүрд мөнхөд лацдан холбодог ариун сүмийн ёслолуудаас хүч чадал, тайтгарлыг авдаг байлаа. Тэрбээр сургасан нь:

“Эцэг эх хүүхдүүд, эхнэр нөхрүүд бидний харилцаа тэнгэрт үргэлжлэх бөгөөд энэ бол Эцэг бидэнд тэнгэрт өвлүүлэхээр зэхсэн агуу, алдар суут хаант улсын зөвхөн эхлэл гэсэн итгэл үнэмшил нь биднийг найдвар хийгээд баяр баяслаар дүүргэдэг билээ.

“Хайрт гэргий минь бас энэрэлт эцэг эх минь талийгаач болж, миний амьдралаас эгнэгт авагдсан болохоор би тэднийгээ дахин харахгүй хэмээн олон хүний боддогтой адилаар бодох юм бол, энэ нь амьдралдаа миний эдэлдэг хамгийн агуу баяр баяслуудын нэгийг: тэдэнтэйгээ дахин уулзаж, хайр энэрэлд нь дахин багтаж, надаас өмнө хорвоог орхисон бүх хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ талархах тэрхүү боломжийг надаас салгах болно.”17

“Үхэл бол мөнх байдлын туршид Бурханы хүүхдүүдийн хийх алхмуудын зөвхөн ганцхан нь бөгөөд энэ нь түүний төлөвлөгөөний дагуу тохиож байгааг бид ойлгосон үед үхлийн ялзралыг зайлуулж, мөнх амьдрал үнэн бодитойг бидний нүдэн дээр тохиолгох болно. Олон гэр бүл талийгаач болсон хайртай хүмүүстээ түр зуур баяртай гэж хэлэх хувь тавилантай юм. Үхэл хагацал болоход бид үймэн тэвдэж, барьц алдах юм бол энэ нь бидний амьдралд их уй гашууг авчрах болно. Харин бидний сүнсний мэлмий нээгдэж, түүгээрээ харж чадах юм бол бид харсан тэр зүйлээрээ тайтгарах болно гэдэгт би итгэлтэй байна. Их Эзэн биднийг итгэл найдваргүйгээр орхидоггүй юм. Харин ч үүний эсрэгээр хэрэв бид дэлхийд мөнх бус байдалд байхдаа түүний зөвлөгөөг хүлээн авч хэрэгжүүлбэл тэрбээр бидэнд мөнхийн аз жаргалын баталгаа бүрийг өгөх болно.

“Энэ бол хоосон мөрөөдөл биш. Энэ бол бодит үнэн.”18

Хайр ба үйлчлэл

Ерөнхийлөгч Смит бол бусдад үзүүлдэг хайраар нэрд гарсан хүн байлаа. Хайр бол сайн мэдээний голт зүрх гэдэгт тэрбээр итгэдэг байлаа. “Та нарт хүртээмжтэй болсон Есүс Христийн сайн мэдээ нөхдөө хайрлах хайрын мэдрэмжийг зүрх сэтгэлд тань суулгаагүй бол энэ Сүм зохион байгуулагдах үед дэлхийд ирсэн гайхамшигт бэлгийн бүрэн үр жимсийг та нар амсаагүй байгаа нь тэр гэдгийг би хэлмээр байна” хэмээн тэрбээр Гэгээнтнүүдэд хандан хэлсэн юм.19

Ерөнхийлөгч Смит Сүмийн Ерөнхийлөгчийн хувьд дэлхий даяарх халамжийн ажил болон бусад санаачлагуудаар дамжуулан мянга мянган хүний амьдралыг адисалсан юм. Үүний сацуу тэрбээр илүү хувийн шинжтэй, өчүүхэн жижиг үйлчлэл хийхэд цаг хугацаа олж чаддаг байлаа. Түүнтэй хамтран ажиллагчдын нэг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Эванс (1906–71) ийн бичжээ: “Ажлын өмнө эсвэл дараа түүнийг эмнэлгийн коридороор алхлан, эргэлтийн нэг өрөөнөөс нөгөөнд гэнэт хүрч очин өвчтөнүүдийг адислан, урам хайрлаж, хөгжөөн, тайтгаруулж, итгэл төрүүлэхэд тэд маш их баярладаг байжээ. … Тэр хаана ч очлоо гэсэн хүмүүст тусалж, урам хайрладаг нь түүний зан төлөвийн шинж юм.”20

Ерөнхийлөгч Томас С.Монсон Ерөнхийлөгч Смитийн хайрын нэгэн жишээний тухай ийн өгүүлсэн байдаг: “Өвлийн нэгэн хүйтэн өглөө, гудамж цэвэрлэх багийнхан [Солт Лейк хотод] гудамжин дахь шуудуунаас том том мөсийг зайлуулж байжээ. Ажил эрхлэх нь туйлын шаардлагатай байсан түр хугацаагаар ажиллагчид байнгын багт тусалж байсан аж. Битүү захтай, хөнгөн ноосон цамцтай нэг хүн ихэд даарсан харагджээ. Сахлаа сайхан засч янзалсан өндөр гоолиг нэг хүн цэвэрлэгээний багийнхны дэргэд зогсож, нөгөөх ажилчнаас, ‘Өглөө ийм хүйтэн байхад та ноосон цамцнаас илүү дулаан хувцас өмсөх хэрэгтэй шүү дээ. Хүрэм чинь хаана байгаа юм бэ?’ гэж асуухад нөгөөх хүн хүрэм байхгүй гэжээ. Тэгтэл тэдэн дээр ирсэн хүн хүрмээ тайлж, тэр ажилчинд өгөөд, ‘Энэ хүрэм таных. Зузаан ноосоор хийсэн болохоор та даарахгүй. Бид энүүхэнд гудамжны нөгөө талд ажилладаг гэв.Тэр нь Саут Темпл гудамж байлаа. Сүмийн Удирдлагын Байр уруу өдөр тутмын ажлаа хийхээр хүрэмгүйгээр алхаж орсон сайн самари хүн бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч Жорж Альберт Смит байлаа. Хар амиа үл бодсон түүний өгөөмөр сэтгэлийн энэхүү үйлдэл зүрх сэтгэлийнх нь өрөвч зөөлнийг харуулсан юм. Тэр ахынхаа манаач байсан нь лавтай.”21

Өдөр тутмын амьдралынх нь нарийн ширийн зүйлс

Ерөнхийлөгч Жорж Альберт Смит галт тэргээр хамт зорчигчидтой итгэлээ хуваалцдаг байсан нь ч, гудамж цэвэрлэгч даарсан ажилчинд хүрмээ тайлж өгсөн нь ч, үйлдлээрээ болон сургаалаараа гэрчлэлээ хаа явсан газартаа хуваалцдаг байсныг харуулж байна. Teachings of Presidents of the Church: George Albert Smith номын эхнээс эцсийг хүртэлх үндсэн гол сэдэв бол Есүс Христийн сайн мэдээ бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг тухай юм.

Нэгэн судлаач Ерөнхийлөгч Смитийн тухай ийн хэлжээ: “Түүний шүтлэг бишрэл бол хөдөлгөөнгүй хөшүүн сургаал биш. Энэ бол онол биш. Энэ бол түүний хувьд бишрэм сайхан төлөвлөгөөнөөс илүү чухал зүйл. Энэ бол амьдралын философиос илүү чухал зүйл. Түүнтэй адилхан практик оюун ухаантай хүнд шүтлэг бишрэл нь хүний амьдардаг, юмсыг хийдэг хандлага, арга маяг юм. Энэ нь эелдэг уриалгахан ганц үг хэлэх эсвэл аяга хүйтэн ус өгөх зэргээр илэрч болно. Түүний шүтлэг бишрэл үйл хэргээр илэрдэг байх ёстой. Энэ нь өдөр тумын амьдралд нарийн ширийн зүйлсээр илрэх ёстой.”22

Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдийн нэг Ерөнхийлөгч Бага Ж.Рюбен Кларк Ерөнхийлөгч Смитийн амьдралыг дараах үгсээр товч тодорхойлжээ: “Тэр бол заасан зүйлийнхээ дагуу амьдарч чаддаг байсан цөөхөн хүний нэг байлаа.”23

Эшлэл

  1. Жoн A.Видцөү, Conference Report, 1951 оны 4-р сар, 99; мөн Teachings of Presidents of the Church: George Albert Smith (2011), xxxvii–xxxviii-ыг үз.

  2. Teachings: George Albert Smith, 9.

  3. Teachings: George Albert Smith, 223-ыг үз.

  4. Teachings: George Albert Smith, 223.

  5. Teachings: George Albert Smith, 227.

  6. Teachings: George Albert Smith, 228.

  7. Teachings: George Albert Smith, 124.

  8. Teachings: George Albert Smith, 152.

  9. Teachings: George Albert Smith, 125.

  10. Teachings: George Albert Smith, 129.

  11. Teachings: George Albert Smith, 150.

  12. Престон Нибли, Teachings: George Albert Smith, 123.

  13. Teachings: George Albert Smith, 235-ыг үз.

  14. Teachings: George Albert Smith, 240.

  15. Teachings: George Albert Smith, 228.

  16. Teachings: George Albert Smith, xxvii-г үз.

  17. Teachings: George Albert Smith, 83–84.

  18. Teachings: George Albert Smith, 76–77.

  19. Teachings: George Albert Smith, 14.

  20. Ричард Л.Эванс, Teachings: George Albert Smith, 11–13.

  21. Toмас С.Монсон, Teachings: George Albert Smith, 13.

  22. Брайнт С.Хинкли, Teachings: George Albert Smith, 2.

  23. Бага Ж.Рюбен Кларк, Teachings: George Albert Smith, 3.

Хөрөг зургийг Жон Хейфен, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Ерөнхийлөгч Смит Мормоны Номыг Мейни Төрквойз (зүүн талд), Мануелито Бегай нарт үзүүлж байгаа нь

Зүүн талд: гэрэл зургийг Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Дээд талд: Ерөнхийлөгч Смит хүү бага Жорж Альберт Смитийн хамт. Дээд талд: Time сэтгүүлийн 1947 оны нэг дугаарт Ерөнхийлөгч Смит болон Сүмийн тухай өгүүлэл нийтлэгджээ.

Зүүн талд: Ерөнхийлөгч Смит хүүгийн хамт, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв