Мормоны Номоос хариуг олох нь
Дэлхий дээрх бидний аялал сорилт бэрхшээлүүдтэй тулгарч болох ч хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг асуудал бэрхшээлээ ганцаараа шийдвэрлэг хэмээн дэлхийд илгээгээгүй юм. Бидэнд өгсөн Түүний агуу тусламжуудын нэг нь Мормоны Ном юм. Энэ ном зөвхөн сайн мэдээний бүрэн байдлыг заадаг төдийгүй бас бидэнд тохиолддог асуудал сорилтуудын дундуур биднийг удирддаг билээ. Бид Мормоны Номыг судлах юм бол асуудал бэрхшээлүүдийн хариуг олоход Сүнс бидэнд туслах болно.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч M.Расселл Баллард ийн гэрчилжээ:
“Мормоны Ном миний мэддэг бүх номноос илүүгээр бидний хувьд амьдралын асуудал сорилтуудад хариуг олох хамгийн агуу эх сурвалж юм. …
Асуудал сорилтуудтай тэмцэж байгаа хүмүүс Мормоны Номыг уншсан үед амар амгалан амьдралд нь хэчнээн удаа ирсэн бол! Энэ номноос үүдэлтэй сүнслэг удирдамжийн жишээ тоолох аргагүй олон юм.”1
Гишүүд эрж байсан хариугаа Мормоны Номноос хэрхэн олсон тухай дараах шастируудад хуваалцаж байна.
Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг биеэрээ мэдэрсэн нь
АНУ-ын Калифорнийн Грег Ларсен (нэрийг өөрчлөв) бага байхдаа сайн мэдээний тухай мэдсэн ч хожим нь сүмийг орхисон аж. Тэрээр мансууруулах бодисонд орж, удалгүй шоронд хоригджээ. Тэр амьдралаа хэвийн болгож өөрчлөхийг хүссэн ч чухам яаж гэдгээ мэдэхгүй байжээ.
“Орон нутгийн тойргийн эрчүүд шоронд ирж ням гарагийн хичээл заадаг байсан. Хэрэв би Мормоны Номыг уншвал амьдрал минь дээрдэх болно гэж тэдний нэг нь надад хэлсэн. Тиймээс би энэ номыг уншдаг байлаа.
Шоронгоос гараад сүмдээ эргэж очсон ч нөгөөх муу зуршилдаа эргэж орсон. Мормоны Номыг цааш уншсанаар Хаан Лемонайн хүмүүсийн ‘зүрх сэтгэл өөрчлөгдөж, тэд хилэнцийг үйлдэх хүсэлгүй болсныг’ Aлма19:33 мэдсэн билээ. Зүрх сэтгэлийн ийм өөрчлөлтийн төлөө би залбирч эхэлсэн” гэж Грег бичжээ.
“Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчрах тэрхүү итгэл хийгээд наманчлалын” тухай заадаг Хиламан 15:7-аас Грег залбирлынхаа хариуг олсон ажээ.
“Эдгээр үгсийг уншихад нүүрийг минь даган нулимс урсаж билээ. Тэнгэрлэг Эцэг миний надад хайртай бөгөөд надад туслах болно гэдгийг Сүнс надад гэрчилсэн юм. Хэрэв бишоптойгоо ярилцах хангалттай итгэл надад байсан бол дажгүй л байх байсан гэж би боддог. Би нүглээ Аврагчийн хөлд тавьснаар жинхэнэ зүрх сэтгэлийн өөрчлөлтөд хүрсэн билээ.”
Замаа олсон нь
АНУ-ын Айдахогийн Лора Свенсон нэг өдөр санаагаар унаж, нулимс урсгасаар гэртээ иржээ. Лора гэрлээгүй бөгөөд коллежид орж, ажлын гараагаа эхлэх төлөвлөгөө болон мөрөөдөл нь нуран унасан ажээ. “Бүр хаашаа явахаа ч мэдэхгүй байлаа” гэж тэр бичжээ.
“Мормоны Номонд хандахаар сүнсээр өдөөгдөв. 1 Нифай 18-аас би асуудлынхаа хариуг олсон юм. Дээрх шүлгүүдэд гэр бүлээ амлагдсан нутаг уруу авч явахаар Нифайн барьсан усан хөлөг онгоцны тухай өгүүлдэг. Уг усан онгоцыг ‘нямбайлан урнаар дархалсан’ бөгөөд ‘хүмүүсээр сургагдсан тэр маягаар (шүлэг 1–2) бэлтгэсэнгүй; харин Их Эзэн үзүүлсэн тэр маягаар барьсан билээ.’ Нифай усан онгоц барьж байхдаа Их Эзэнтэй байнга зөвлөж байв. Усан онгоц дуусахад ‘энэ нь сайн болсон мөн … үүний ур хийц үлэмж сайн байлаа’ (шүлэг 4).
“Миний хувийн аялал ‘өвөрмөц сонин’ байсныг ойлголоо. Энэ нь хүмүүнд асуудал тохиолдоход ямар байдагтай адилгүй харин Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхийн тулд хаашаа явах хэрэгтэйг надад харуулсан юм. Дээрх шүлгүүд харанхуйд надад гэрэлт цамхаг болсон билээ. Миний асуудлууд нэг шөнийн дотор нэг тийш болсонгүй, харин би өөртөө хэрэгтэй хэтийн төлөвийг олж мэдсэн юм. Эдүгээ би хэзээ ч төлөвлөж байгаагүй тийм их урам хайрлагч ажилтай байна.”
Бас нэгэн гэрээг илрүүлж мэдсэн нь
Гондурас залуу Адриан Раз Замбрано Библи яагаад зөвхөн Иерусалимын эргэн тойрон дахь нутгийн тухай өгүүлдэгт мөн Есүс Христ бусад үндэстнүүдэд айлчилж очсон гэдэгт эргэлзэж гайхдаг байжээ.
“Түүнээс хойш олон жилийн дараа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хоёр номлогч манайд хүрч ирлээ” гэж Адриан бичжээ. Тэд надад Мормоны Номыг үзүүлж, Христ Америк тивд айлчилсан тухай 3 Нифайг уншихад намайг урив.
Уншаад үзтэл, бага байхад надад тулгардаг байсан асуултууд энд байлаа. Асуултуудын хариуг ч олов. Би Мормоны Номын ачаар Есүс Христ Амилалтынхаа дараа Америк тивд айлчилсныг мэдсэн юм. Бурхан бүх хүүхдээ хаана байдаг ямар нөхцөлд амьдардгийг үл харгалзан хайрладгийг би мэдсэн ураас баяр хөөрөөр дүүрэн байлаа.
Адриан эхнэртэйгээ хамт Сүм үнэн үү гэдгийг мэдэхийн тулд хамт залбирч, хоёул гэрчлэлтэй болсон гэнэ. Тэд баптисм хүртэж, гишүүнээр батлагдан, нэг жилийн дараа гэр бүл нь ариун сүмд лацдан холбуулжээ.
Гэр бүлээ тэжээсэн нь
АНУ-ын Нью Мексикийн Эрик Жеймс 30-тайдаа бөөрний өвчтэй болох нь оношлогдсон аж. Залуу эцэг тэрээр гэр бүлээ тэжээж чадах болов уу хэмээн санаа сэтгэлээр унаж, аргаа баржээ.
Мормоны Номыг уншаад Нифай сайн чанарын гангаар хийсэн нумаа хугалсан үед мөн ингэж бодож байсныг мэдлээ. Гэвч Нифай модоор нум хийсний дараа гэр бүлээ тэжээх боломжтой болсон аж. (1 Нифай 16:18–32-ыг үз.)
“Нифайн түүх гялбах гэрэл лүгээ адил сэтгэл санааг минь өргөж, Нифайн ган нумтай адил болоод байсан эрүүл мэнд минь бүр сайжирсан гээч. Эрүүл мэнд минь муудсан үед миний нум хугарсан юм шиг санагдаж билээ. Харин Их Эзэн бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар дамжуулан намайг модон нумаар адисалсныг би ойлгосон. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал гэр бүлээ тэтгэх хүч чадлыг бас итгэл найдварыг надад өгсөн юм. Эдүгээ бараг 10 жилийн дараа би гэр бүлээ тэжээхийн хамт чадах чинээгээрээ Их Эзэнд үйлчилсээр байна.”
Дуулгавартай байдлыг хүүхдүүдэд заах нь
Аргентины Хуан Хосе Резанович хүүхдүүдээ бага байхад тэдэнд хэрхэн зааж, өсгөн хүмүүжүүлэх асуудалтай тулгарсан үедээ Мормоны Номонд хандсан гэнэ. “Эхнэр бид хоёр хүүхдүүддээ сүнслэг нөлөө үзүүлэх судруудыг эрсээр хариуг нь үргэлж олдог байлаа.”
Резановичийнхэн 1 Нифай 3:5–6 дахь Нифайн үлгэр жишээг тэдэнд харуулах замаар хүүхдүүддээ дуулгавартай байдлыг заадаг байлаа:
“Ах нар чинь бувтналдаж, тэднээс миний шаардсан зүйлийг хүнд бэрх гэцгээв; гэвч болгоогтун, тэднээс үүнийг шаардсан нь би биш, харин энэ бол Их Эзэний зарлиг.
Тиймийн тул яв, хүү минь, мөн чи дургүйцээгүй учир Их Эзэний адислалыг чи хүртэх болно.”
“Нифай дэлхийн эцэг эхээ болон Бурханы юмст хүндэтгэлтэй ханддаг байсныг бид хүүхдүүддээ заадаг байлаа” гэж Хуан бичжээ. “Бид Нифайн дуулгавартай, хүндэтгэлтэй ханддаг зан төлөвийг гэр бүлийнхээ зорилго болгосон юм.
Манай бүх хүүхэд номлолд үйлчилсэн. Бид хүүхдүүдээ номлолд үйлчлэх ёстой гэж шахаж шаардаагүй. Тэд сайн оюутан, сайн найз нөхөд, сайн хүүхдүүд болсон юм. Манай гэр бүл төгөлдөржиж, зорилгодоо хүрэхэд Мормоны Ном маш их тусалсан билээ.”
Донтолтын хүлээснээс зайлсхийх нь
АНУ-ын Ютагийн Сюзан Лант хоолны хэнхэг болж донтсон үедээ тусламж гуйн залбирсан гэнэ. Тэрээр Мормоны Номонд хандаж, ах нар нь гар хөлийг хүлсэн хүлээснээс чөлөөлөгдсөн тухай уншжээ.
“Ай Их Эзэн Танд итгэх миний итгэлийн улмаас та намайг ах нарын минь гараас зайлуулаач; тийм ээ, намайг хүлсэн энэ хүлээсийг тасар татах хүчийг надад өгөөч.
Мөнхүү улиран тохиох дор … хүлээс алдуурав” (1 Нифай 7:17–18).
“Энэ судар намайг донтолтын хүлээсэнд байх үед санаа сэтгэл минь ямар байсныг яг дүрсэлсэн байлаа. Нифайн гар, хөлний хүлээс чөлөөлөлтийг гуйсан даруйд тайлагдсан юм” гэж Сюзан бичжээ. Миний хүлээс олс дээс биш байсан ч тухайн үед донтолтыг даван туулж чадахгүй байсан ч дээрх үгсийг уншаад дотор сэтгэлдээ ямар нэг зүйлийг мэдэрч билээ. Миний зүрх сэтгэл, оюун ухаан, биеийг минь хүлсэн хүлээс тайлагдсаныг мэдэрч, донтолтыг даван туулж чадсанаа мэдэж билээ.
Тэрээр Мормоны Номноос олсон сүнслэг нөлөөнийхөө ачаар өөрийг нь хүлсэн муу зуршил, уур уцаар, аминч үзэл, бардамналыг ялж, үлэмж өсөлт дэвшил гаргаж чадсан ажээ. “Мормоны Ном бол Бурханы үг гэдгийг, амьдралын аливаа асуудлуудын хариуг энэ номноос олж болно гэдгийг би мэднэ.”