Английн болон Бразил гэгээнтнүүдийн үйлчлэлийн өдрүүд
Өнгөрсөн 4-р сард Тэргүүн Зөвлөлөөс энэ жил Сүмийн гишүүдийг үйлчлэлд илүү идэвхтэй оролцохыг уриалснаас хойш дэлхий дахины Гэгээнтнүүд үйлчлэлд илүү идэвхтэй оролцдог боллоо. Англи болон Бразилийн Сүмийн нэгжүүд өөрсдийн орныхоо бусад гишүүдтэй хүчээ нэгтгэн хамтран үйлчиллээ.
Англи
2011 оны 9-р сарын 5-нд Тотенхам Маршес дахь Тусламжийн гар хөтөлбөрт Английн 11 гадасныхан бүсийн ерөнхийлөгч, Далын гишүүн Ерик В.Копискитэй оролцлоо.
Энэ үйл ажиллагаа нь Сүмийн халамжийн хөтөлбөрийн 75 жилийн ой болон Лондон хотын 2011 оны их цэвэрлэгээний аяныг эхлүүлэх үйл явдалтай давхцсан юм. Гишүүд хотын захиргааны ажилчидтай хамтран таван цагийн турш зэрлэг зулгааж, цэцгийн мандал суулгаж, илүү ургасан мод сөөг тайрч, Лий Валли цэцэрлэгийн хогийг цэвэрлэлээ.
Мөн тэр өдөр Лондон хотын бусад бүсийн гишүүд Тусламжийн гар хөтөлбөрт хамрагдаж Хавен Хоуз болон Ричард Хоузын хүүхдийн эмнэлэгүүдэд үйлчлэл үзүүллээ.
Стратфорд тойргийн 18 гишүүн Ричард Хоузын хүүхдийн эмнэлэгт очиж эмнэлэгийн оффисыг будаж, зэрлэг түүж, гаднах талбайг шүүрдэж, багажнуудыг засч янзаллаа. Ричард Хоузын үйлчилгээ хариуцсан менежер: “Манай эмнэлгийн хувьд энэ Сүмийнхэнтэй анх удаа хамтран ажиллаж байна.
Сайн дурынхан энэ ажлуудыг баяр хөөртэйгөөр хийсэн нь үнэхээр сайхан байлаа. Зам дагуу шүүрдэх зэрэг энгийн үүрэг даалгаврыг ч тэд маш сайн хийлээ” хэмээн хэлсэн.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Их Британи болон Умард Ирландын Сүмийн гишүүд улс даяар зохион байгуулагдсан 10 гаруй үйлчлэлийн хөтөлбөрт оролцлоо.
Бразил
Олон нийтийн үйлчлэл хийж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусалдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Мормоны Тусламжийн гар хөтөлбөрийн 12 жилийн ойд зориулж 2011 оны 7-р сарын 30-нд шар хантааз өмссөн гишүүд Бразил даяар хийсэн хэдэн зуун үйлчлэлд оролцлоо.
Мормон Тусламжийн гар (Mãos que Ajudam) нь найз нөхөд болон хөршүүддээ Сүмийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх үүднээс анх Бразилд үүссэн. Харин одоо үүнийг жил бүр тэмдэглэн явуулдаг болсон.
Латин Америкийн хамгийн том, олон хүн амтай уг улсад энэ жилийн үйлчлэлийн өдрөөр 120,000 хүмүүс болон хүүхдүүд цугларан, инээд баясал, дуу хууртайгаар гудамж талбай шүүрдэн, сургуулиудыг цэвэрлэж, байшин барилга засварлаж, цэцэрлэгүүдийг тордож үйлчлэлийн ажилд оролцлоо. Сүмийн гишүүд бүх нийтэд тустай үйлчлэлд иргэдтэй хамтран оролцлоо.
Бело Хоризонте, Ресифе болон Бахиад 6000 гаруй сайн дурынхан халуун хумхаа өвчтэй хүмүүст туслалаа. Рио де Жанейро хотод сайн дурынхан улсын дунд сургууль болон цэцэрлэгүүдийг цэвэрлэв. Порто Алегре хотод 1500 сайн дурынхан сургуулиудыг цэвэрлэж мөн хар тамхины эсрэг лекцүүдэд оролцов.
Үйлчлэлийн өдрөөс хоёр сар гаруйн өмнө 500 гаруй сайн дурынхан хандивын хоол хүнс цуглуулан үүнийгээ 7-р сарын 30-нд Сан Хосе хотын 175 гачигдалтай өрхүүдэд тараан өглөө.
Блүменау хотын Сүмийн гишүүд 136 кг хоол хүнсийг Casa de Apoio às Crianças Portadoras de Mielomeningocele e Neoplasia (Нуруу нугасны гэмтэл ба хавдартай хүүхдүүдийн эмнэлэгт) хандивлалаа. Мөн сайн дурынхан хоол хүнс нөөцлөх энгийн аргуудын талаар байгуулгуудад заалаа.
“Хоол хүнсээ чийгэнд муутгахгүй, зооринд хэрхэн хадгалах аргыг сурлаа” гэж нийгмийн ажилтан Ж.Бакес Риоф хэллээ.