2012
Үнэ цэнэтэй зүйл
2012 оны нэгдүгээр сар


Үнэ цэнэтэй зүйл

Рафаел Барриос, Санта Фе, Аргентин

Би үйлчлэгчдэд утсаар үйлчилгээ үзүүлэх төвд ажилладаг байлаа. Энд хамт ажиллагчид хоорондоо уулзаж, харилцах боломжгүй байлаа. Бие биетэйгээ танилцах боломжийг бидэнд олгохын тулд манай дарга нийт ажиллагсдадаа зориулж нэг бямба гарагт үдийн хоол өгөхөөр шийдсэн юм. Хүн бүр өөртөө үнэ цэнэтэй ямар нэг юмаа авчирч, яагаад энэ нь эрхэм чухал болохыг тайлбарлахыг тэр бид бүгдэд зааварлав.

Би даргынхаа энэ хүсэлтийн талаар бодож үзээд, энэ нь миний хувьд хамт ажиллагсдадаа сайн мэдээний тухай заах боломж юм гэдгийг ойлгож билээ. Шүтлэг бишрэл бол эмзэг сэдэв гэдгийг мэдэж байсан болохоор авч очих юмныхаа талаар болгоомжтой байж, уг зүйл надад яагаад үнэ цэнэтэй болохыг хэрхэн тайлбарлахаа бодлоо.

Хоол өгөх өдөр бид бие биетэйгээ сайн танилцсандаа бүгдээрээ баяртай байлаа. Хоолны дараа манай дарга өөрийн үнэтэй зүйл—гэр бүлийн фото зургийн цоморлигоо үзүүлж, үйл ажиллагааг эхлэв. Тэрээр нөхрөөсөө салж, өрх толгойлсон эх болоод амьдралаа шинээр эхлэхэд туулсан сорилт бэрхшээлүүдийн талаар бидэнд ярилаа.

Нэлээд хэдэн хүний дараа миний ээлж ирлээ. Миний авчирсан зүйл бол өдөр бүр биендээ авч явдаг ЗС (Зөвийг сонго) бөгж юм гэдгийг би хамт ажиллагсдадаа ярилаа. Би тэдэнд ЗС гэдэг хоёр үсэг бол “Зөвийг сонго” гэдэг үгсийг товчилсон үсэг болохыг хэлээд энэ бөгж Бурханы зарлигуудад үргэлж дуулгавартай байхыг надад сануулдаг юм гэлээ. Нэлээд хэдэн хүн Сүм болон Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн итгэл бишрэлийн тухай асуусан нь Тэнгэрлэг Эцэгээс хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөн дэх гэр бүлүүдийн ач холбогдлын тухай, гэр бүлүүд үүрд мөнх оршиж болно гэдгийг мөн бидний төлөө амиа өгсөн Аврагч бидэнд бий гэдгийг тэдэнд ярих боломжийг надад олгосон юм. Би бас номлолынхоо зарим туршлагаас хуваалцлаа. Би ярьж байх үедээ хамт ажиллагсдынхаа нэгэн адил Сүнсийг мэдэрсэн.

Тэр өдрөөс хойш зарим хүмүүс сайн мэдээний талаар нэлээд олон асуулт асуухад би тэдний заримыг нь сүмд урьж билээ. Хожим нь би ажлаа өөрчилсөн болохоор тэднээс хэн нэг нь илүү их зүйл мэдэхийг сонирхсон эсэхийг мэдээгүй ч, Есүс Христийн үнэн Сүм дэлхий дээрх байдгийг, хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт байдгийг хамт ажиллагсдадаа ярьж өгсөндөө сэтгэл тэнэгэр байдгаа мэдсэн билээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид сайн мэдээг хуваалцах үүрэг хариуцлагатай билээ. Бид ЗС бөгж мэтийн өчүүхэн бөгөөд энгийн зүйлсээр дамжуулан, ах, эгч нарынхаа авралын төлөө үйлчилж болох агуу хичээлүүдийг зааж чадна.