2012
Ганцаар зогсох зоригтой бай
2012 оны нэгдүгээр сар


Ганцаар зогсох зоригтой бай

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Ганцаар зогсох зоригтой бай” Лиахона, 2011 оны 11-р сар, 61–62.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Дэлхийн 2-р дайны дараахан Нэгдсэн Улсын усан цэрэгт алба хааж байхад итгэлийнхээ төлөө зориг гарган зогсох шаардлага анх удаа тулгарсан юм. …

Би эхний долоо хоногийн ням гарагийг ямагт санадаг. Бид ахлах офицероос баяртай мэдээ дуулсан билээ. Калифорнийн сэрүүн салхинд сургалтынхаа талбайд жагсан зогссоны дараа ахлагч маань: “Өнөөдөр надаас бусад нь бүгдээрээ сүмд явах болно. Харин би амарна!” хэмээн тушаав. Тэгээд тэр “Бүх католикчууд Декатурын лагерьт цуглана. Тэндээсээ гурван цаг болтол эргэж ирж болохгүй. Урагшаа алхаад, марш!” гэж хашгирав. Ихэнх цэргүүд түүний тушаалаар хөдлөв. Тэр дахин чангаар, “Та нарын дундах еврейчүүд Хенригийн лагерьт цуглана. Тэндээсээ гурван цаг болтол эргэж ирж болохгүй. Урагшаа алхаад, марш!” хэмээн бархирав. Хэдэн хүмүүс алхан одов. Тэгээд тэр, “Үлдсэн протистантчуудаа, та нар Фаррагутын лагерийн бага танхимд цугларах болно. Гурван цаг болтол эргэж ирэх хэрэггүй. Урагшаа алхаад, марш!” гэв.’

Тэр даруй миний бодол санаанд, “Монсон, чи бол католик биш, чи еврей ч биш, чи мөн протистант ч биш. Чи бол Мормон, тиймээс яг эндээ зогсоод үлдээрэй!” гэсэн бодол орж ирлээ. Надад гав ганцаараа юм шиг санагдаж байсан гэдгийг би та нарт батлан хэлж чадна. Тиймээ, эр зоригтой, шийдэмгий гэвч ганцаараа.

Тэгж байтал би ахлах офицероос сайхан үг сонсох нь тэр. Тэр миний зүг хараад, “За та нар чинь ингэхэд хэн гэдэг нь билээ?” хэмээн асуув. Тэр мөчийг болтол би сургалтын талбай дээр өөрийнхөө ард өөр хэн нэгэн байгааг огт анзаараагүй байсан юм. Бид бараг нэг зэрэг “Мормончууд!” хэмээн хариулсан билээ. Өөрийнхөө ард зогсох хуруу дарамхан усан цэргийг харахад зүрх сэтгэл минь ямар их баяраар дүүрснийг дүрслэн хэлэхийн аргагүй юм.

Тэгтэл бүрэн бус эрхэт ахлах офицер толгойгоо маажин таавар тааж ядан байх мэт бодож байснаа эцэст нь, “За яахав, уулзах газраа өөрсдөө олцгоо. Тэгээд гурван цаг болтол бүү эргэж ирээрэй. Урагшаа алхаад, марш!” гэв. …

Хэдийгээр нөхцөл байдал санаснаас өөрөөр эргэсэн ч, би хэрэгтэй болвол ганцаар зогсохдоо бэлэн байсан юм.

Энэ явдлын дараа ч гэсэн миний ард зогсох хэн нэгэн үгүй байх үе олонтоо тохиолдсон бөгөөд тэр бүхэнд би ганцаараа зогсож байсан билээ. Би олон жилийн тэртээ итгэлдээ үнэнч хүчтэйгээр үлдэж, хэрэгтэй бол шашныхаа төлөө тэмцэхэд байнгын бэлтгэлтэй байя хэмээн шийдсэндээ ямар талархалтай байна вэ.

Бодож тунгаах асуултууд:

  • Итгэлтэй, зоригтойгоор зогсох нь бусдад хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Танд өөрийн итгэл болон зоригоо харуулах үе тохиолдож байсан уу? Тэр үед та юу хийсэн бэ?

  • Итгэлтэй зоригтой зогсохын тулд бид хэрхэн бэлтгэж чадах вэ?

Өөрийн бодол санааг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж, энэ талаар бусад харилцан ярилц.

Хэвлэх