Номлолын талбараас
Бурхан хоёр залбиралд хоёуланд нь хариулсан юм
Намайг Мексикийн Дурангод номлогчоор үйлчилж байх үед манай номлолын ерөнхийлөгч номлол даяар “золиослолын долоо хоног” зохион байгуулж билээ. Тэр долоо хоногийн турш онцгой зорилго дэвшүүлж, илүү их хүч чармайлт гарган шаргуу ажиллахыг тэрбээр биднээс хүсэв. Хэрэв бид ийм маягаар золиос хийвэл Их Эзэн биднийг адисалж, бид заах олон хүмүүсийг олно гэдэгт хамтрагч бид хоёр итгэлтэй байлаа.
Гэвч золиослолын долоо хоногт бид тийм ч их амжилт олсонгүй. Заах гэр бүл олдсонгүй болохоор бидний урам хугарав.
Тэр долоо хоногийн дараа нэг өглөө хамтрагч бид хоёр манай бүсийн газрын зургийг харж байлаа. Манай бүс маш том байсан ч бид хамгийн алслагдсан цаад талын хэсэг уруу явах хэрэгтэйг мэдэрч билээ.
Бид тэнд хүрээд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, аль гудамжаар, аль байшин уруу очих ёстойгоо асуув. Бид хоёр залбирч дуусаад бүх гудамжуудыг харахаар эргэтэл ойрхон нэг төмөр хашаа харагдсанд дээгүүр нь өнгийж харлаа. Гартаа хогийн шүүр барьсан нэг эмэгтэй нүдээ аниад сууж байх юм.
Миний хамтрагч “Сайн байна уу!” гэсэнд нөгөөх эмэгтэй босч, юу ч болоогүй юм шиг хог шүүрдэж эхэллээ. Тэгэхэд нь бид Есүс Христийн Сүмийн номлогчид байна гэж хэлээд түүнд зориулсан захиас бидэнд байна гэлээ. Тэр эмэгтэй биднийг гэртээ оруулахад бидний хооронд маш сүнслэг яриа өрнөж билээ. Бид түүнд Иосеф Смитийн тухай, тэрээр үнэнийг мэдэхээр залбирахын тулд ойн цоорхой уруу хэрхэн очсон тухай, залбирлынх нь хариуд Бурхан Эцэг, Есүс Христ хоёр түүн дээр хүрч ирсэн тухай ярилаа.
Тэр эмэгтэй бидний үгийг тасалж, “Тэр үнэн. Бурхан бидний залбиралд хариулдгийг би мэднэ. Та нарыг надтай ярих үед би Их Эзэнд хандан залбирч, Түүний замд ороход намайг удирдах хэн нэгнийг илгээгээч гэж гуйсан юм. Тэгтэл та хоёр тэр дорхноо хүрч ирсэн” гэлээ.
Бид Сүнсийг мэдэрч, Бурхан биднийг түүн уруу илгээснийг, Түүний хүүхдүүдийн хэнд нь бидний тусламж хэрэгтэй байгааг мэдэхийн тулд бид ч бас тэр дороо залбирснаа гэрчиллээ. Руфина эгч удалгүй баптисм хүртэв. Дараагийн долоо хоногуудад түүний хүүхдүүд, ач зээ нар, бас зарим хөршүүд нь бүгд нийлээд манай бүсэд 20 хөрвөгч баптисм хүртэж билээ. Их Эзэн биднийг Рупина эгч уруу удирдсан бөгөөд тэрээр сайн мэдээг түүний гэр бүл, хөршүүдтэйгээ хуваалцах үүд хаалгыг нээж өгсөн юм.
Хэрэв бид гуйвал Тэнгэрлэг Эцэг бидний итгэлийг сорьж үзсэний дараа биднийг адисалдгийг би мэднэ. Хамтрагч бид хоёр Их Эзэний мутарт зэмсэг байж, сайн мэдээний захиасыг сонсоход бэлэн хүмүүсийг олж чадсандаа би баяртай байдаг. Бурхан бидэнд хайртай бөгөөд хэрэв бид хүсэх юм бол Тэр биднийг удирдах болно гэдгийг би мэднэ.