Аккумлятор ба зэврүүн салхи
К.Лий Бендиксен, Айдахо, АНУ
Нэг өдөр Айдахогийн Фоллс Ариун сүмд ээлж солигдсоны дараа би тус ариун сүмээс өмнө зүгт байдаг хурдны зам дээр унтарч орхисон машин руу нь хоёр ахыг сайн дураараа хүргэж өгөв. Гэр бүлийн нэгэн эелдэгхэн хос арванхоёрдугаар сарын хацар хайрам хүйтэн өдөр зам дээр зогсож, Томпсон ах, Кларк ах хоёрыг тэндээс ариун сүмд хүргэж өгсөн ажээ.
Томпсон ах машиндаа шинэ аккумлятор худалдаж авъя гэсэн болохоор би түүнийг ойролцоох автомашины дэлгүүрт хүргэж өглөө. Миний машинд багаж байсан учир би аккумляторыг нь сольж өгье гэлээ.
Аз болоход би хос шинэ бээлий авчирснаас гадна өвлийн хүрэмтэй байлаа. Би машины хамрыг сөхөөд ажилгүй болсон аккумляторыг авч шинэ аккумлятор тавихаар бэлтгэлээ.
Аккумляторыг солихын тулд машины зарим сэлбэгийг, түүний дотор салхивчны шил угаагчийг авч буцааж угсрах хэрэгтэй байлаа. Миний багажнууд бүх болтны хэмжээнд нь тохирохгүй байснаас гадна нэлээд хэдэн болтонд түлхүүр ерөөсөө багтахгүй байлаа. Янз бүрийн багажийг, өөр өөр байрлалаас хэрэглэх гэж оролдсон ч огт тус болсонгүй. Гадаа температур Цельсийн хасах 15 хэм байсан бөгөөд бага даацын ачааны машиныг яс янгинам хүйтэн салхи улих мэт сүнгэнэн үлээнэ. Ингээд хүйтэн жаварт хаашаа ч үгүй гацсан болохоор
байж болох цорын ганц тусламжийг гуйгаад үзэхээр шийдэв. Өөртөө хэрэгтэй байгаа зүйлийг Тэнгэрлэг Эцэгт тайлбарлан, эрэг боолтуудыг суллах арга замыг олоход туслахыг гуйж чин сэтгэлээсээ залбирлаа. Залбирлаа дуусгаад бахь шүүрэн авч, сулрахгүй байсан эргийг эргүүлтэл тэр дороо суларчихав! Чин үнэнээсээ, чимээгүйхэн талархал илэрхийлээд нөгөөх эргийг авч, цааш нь үргэлжлүүлэв.
Тэгтэл машины доод хэсэгт тэр доор нэг болт сулардаггүй ээ. Яах ч учраа олсонгүй. Дахиад чин үнэнээсээ, улам их итгэлтэйгээр залбирлаа. Энэ удаад эхлээд цаад талд нь байгаа хэдэн боолтыг дараа нь аккумляторын бүсийг тайлж авахад би чиглүүлэгдлээ. Сулрахгүй байсан боолт амархан суларлаа. Хэдэн хормын дараа хуучин аккумляторыг салган гаргаж ирэв.
Шинэ аккумляторыг тавьж, бээрснээс мэдээ алдсан хуруунуудаар бүх эрэг боолтуудыг чадахынхаа хэрээр буцааж эргэдсэний дараа цахилгааны утсуудыг залгав. Томпсон ах түлхүүрээ эргүүлээд, машин асахад яралзтал инээмсэглэв. Тэгэхэд нь би машины хамрыг хаалаа. Гадаа цаг орчим байсан болохоор миний шилбэ, тавхай даарснаас мэдээ алдаж, хөшсөн учир машинд орохдоо эв хавгүй бүдрэв.
Би Томпсон ах, Кларк ах хоёрыг гэртээ эсэн мэнд хариг гэж тэдний араас дагаж явлаа. Машиндаа суугаад явах үед халаагуур ажиллан, шилбэ, тавхайг алгуурхан дулаацууллаа. Би Тэнгэрлэг Эцэгтээ тусалсных нь төлөө үлэмж ихээр талархлаа. Би буцах замдаа Тэрбээр энэ хоёр ахын залбиралд намайг Өөрийн үйлчлэгч болгон илгээснийг мэдээд сэтгэл догдолж билээ. Их Эзэн өөрийн гайхалтай арга замаар тэдний хэрэгцээг хангаж, миний итгэлийг дахин нотолсон юм.