Залуу Эмэгтэйчүүд ээ, босч, урагш гэрэлтүүл!
Энэ жилийн Мючелийн сэдэв бол та нарыг удирдагч байхын төлөөх уриа дуудлага юм. Энэ бол ариун журмаар, даруу хийгээд цэвэр ариун байдлаар удирдан дагуулах дуудлага юм. Энэ бол дэлхийг өөрчлөх дуудлага!
Залуу Эмэгтэйчүүдийн байгууллагын хэсэг болсон үед чинь алтан шаргал болон цагаан бамбартай хүзүүний зүүлтийг та нарт өгсөн байгаа. Энэ бол Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн залуу эмэгтэй та үнэн ба шударга ёсны төлөө чанд зогсож, босч, дэлхийг гэрлээрээ гэрэлтүүлж явахыг сануулагч юм. Энэ нь та бол Бурханы үнэ цэнэтэй охин мөн гэсэн хүндтэй нэр төрдөө чин үнэнч байх ёстой гэсэн үг юм. Энэ нь та Түүнийг болон Аврагчийг “ямар ч цагт, мөн бүх зүйлд, мөн бүх газарт” (Moзая 18:9) гэрчлэхийг хичээн чармайх ёстой гэсэн үг юм.
Та энэ жил эргэн тойрныхоо хүмүүст үлгэр жишээ үзүүлэхийн тулд бамбартай хүзүүний зүүлтээ бахархалтайгаар зүүж явах болно гэдэгт бид итгэлтэй байна. Та өдөр бүр залбирч, Мормоны Номыг уншин Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийг дуулгавартай дагаж, инээмсэглэснээр “урагш гэрэлтүүлэх” болно. Та зарлигуудыг сахьж, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдээр амьдарснаар баяр баясгалангаар гэрэлтэж, Ариун Сүнсээр удирдуулах шаардлагыг хангах болно гэдгийг бид мэдэж байна. Энэхүү удирдамж нь ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахаар зохистой байхад чинь туслах зөв сонголтууд хийх боломжийг та бүгдэд олгох болно.
Та нар эдгээр зүйлсийг хийх юм бол Аврагч замыг тань гэрэлтүүлэх болно гэдгийг Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бид гэрчилж байна. Тэрбээр та нарт, “Би та нарын гэрэл байх болно … ; мөн би та нарын өмнө замыг бэлтгэнэ, хэрэв та нар миний зарлигуудыг дагавал; … мөн та нар надаар удирдагдаж байгаагаа мэдэх болно” (1 Нифай 17:13) хэмээн амласан билээ.