2012
Дээшээ хар
2012 оны нэгдүгээр сар


Дээшээ хар

Ахлагч Карл Б.Кук

Бид бүгдэд тохиолддог нэг сорилт бол хүмүүс бидний амьдралыг юу гэх бол гэж хажуу тийшээ харах биш, харин Бурхан биднийг юу гэх бол хэмээн дээшээ харах явдал юм.

Би залуу байхдаа Германы Гамбургт номлолд үйлчлэхээр дуудагдсан. Өнөөгийн номлогчийн бэлтгэлийн төвийг орлож байсан Хэлний Бэлтгэлийн Номлолд би герман хэл сурах гэж шар махтайгаа хатдаг байж билээ. Нэг долоо хоног, дараа нь хоёр долоо хоног өнгөрлөө. Миний дүүрэг дэх бусад залуус надаас хавьгүй илүү өсч хөгжиж байгааг би харлаа. Тэд герман хэлний хэцүү дүрмүүдийг амжилттай эзэмшиж байхад миний “дай”,“дер”, “дас” угтвар үгс ёстой л “будаа” болж байлаа.

Миний санаа зовж, урам хугарч эхэллээ. Заахаар дуудагдсан хүмүүстэйгээ харилцаж чадахгүй юм бол би яаж номлолд амжилттай үйлчлэх юм бэ?

Тэгээд тусламжийн төлөө залбирч, санваарын адислал аваад нэлээд итгэлтэй болов. Харин хэчнээн ч чармайгаад нэг өдөр би улам санаагаар унаж, өмнөхөөсөө бүр илүү сэтгэл түгшиж байгаагаа мэдрэв. Хамтрагч бид хоёр үүдний хонгилоор явж байгаад би сахиулын ханын жижигхэн өрөөний дэргэд зогсож, хамтрагчаа түр хүлээнэ үү гэв. Би тэр жижигхэн өрөөнд орж, угаалтуур дээр өвдөг сөгдөн сууж, Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйлаа.

Их Эзэн миний залбиралд хариулсан юм. “Би чамайг герман хэлийг сайн эзэмш гэж дуудаагүй, харин бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа үйлчил гэж дуудсан юм” гэсэн үгс санаанд минь тодхон орж ирснийг би мэдэрч билээ.

Би үүнийг чадна шүү дээ. Би бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа үйлчилж чадна. Хэрэв Их Эзэн үүнийг л надаар хийлгэх гэж дуудсан юм бол би үүнийг хийж чадна” гэсэн бодол тэр даруй төрлөө. Залбирлаас босох үед санаа сэтгэл тун сайхан болсон байлаа.

Тэр үеэс эхлэн өсөлт хөгжилтөө хэмжих миний хэмжүүр өөрчлөгдсөн юм. Би өөрийн өсөлт хөгжилт, амжилтыг хамтрагч болон дүүргийнхээ бусад гишүүдийнхтэй харьцуулан хэмжихээ больж, үүний оронд миний хийж байгаа зүйл Их Эзэнд ямар санагдах бол гэдэгт анхаарал төвлөрүүлэх болов. Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулж хажуу тийшээ харахын оронд би дээшээ хардаг, өөрөөр хэлбэл, Их Эзэн миний хүч чармайлтын талаар юу гэж боддогийг мэдэхийг хичээдэг боллоо.

Тэр үеэс хойш би герман хэлийг хэр зэрэг түргэн, хэр зэрэг сайн сурснаа мэддэггүй ч, нэг үе санаа зовдог байсан зүйлээ дахин мэдрээгүй юм. Их Эзэн надаар юу хийлгэхийг хүсдэгийг, мөн үүнийг хийхэд миний хүч хангалттай гэдгийг би мэдэж байлаа.

Тухайн өдөр юу болохыг мэддэггүй байсан ч би чадах бүхнээ хийх болно гэдгийг Тэнгэрлэг Эцэгт хэлж, өглөө бүр Түүнтэй зөвлөдөг боллоо. Би залбиралдаа, “Миний сурч чадах юм бүхнийг сурах боломжийг надад олгож өгөөч, юу байх нь хамаагүй, би чадах бүхнээ Танд зориулах болно” гэж хэллээ.

Өдөр нь юу сурч мэдсэн, юу хийснээ шөнө нь илтгэхийн тулд дахин залбирдаг байлаа. Түүнчлэн өөрийн сорилт бэрхшээл, амжилт бүхнийг би тэнгэр дэх Эцэгтэйгээ хуваалцдаг байлаа. Өсөлт хөгжилтөө түргэсгэхийн тулд өөр хүмүүст ч биш, өөртөө ч биш, зөвхөн Бурханд ханддаг болсон билээ.

35 жилийн тэртээ ханын жижигхэн өрөөнд миний авсан тэрхүү сургамж, олон дуудлага, ажил үүрэг гүйцэтгэх явцад насан туршид санаанд минь тодхон үлдсэн юм. Миний хүч чадлаас хэтэрсэн юм биш үү гэж санагдахаар ямар нэг зүйл хийхийг надаас хүссэн үед дээрх туршлага надад, “Хүлээ. Хэн чамайг дуудсан билээ? Хэнд чи үйлчилж байгаа билээ? Хэнийг чи баярлуулахаар чармайж байгаа билээ? гэж надад хэлдэг.

Өнөөгийн бидний амьдарч байгаа дэлхийд олон янзын хэмжүүр байдаг ч тэдгээрийн олонх нь биднээс шууд хамааралгүй юм. Ялангуяа залуу хүмүүст ийм хэмжүүрүүд онцгой хатуу байж болно гэж би боддог. Чи сургуульд сурч аль нэг хичээлээр дүн авдаг, гэвч энэ дүнг бусад хичээлүүд, чиний гэр бүл болон амьдралын нөхцөл байдал чинь ямар билээ гэдэгтэй холбогдуулан үзэх шаардлагагүй. Заримдаа биднийг харагдах байдлаар эсвэл унаж яваа машинаар үнэлэн дүгнэх нь байдаг. Бид өөрийнхөө үнэ цэнийг нийгмийн сүлжээний сайтууд дахь вэб хуудсанд хэчнээн найз нөхөд бичигдсэнээр үнэлж болох юм. Бид ямар хүнтэй болздог талаар эсвэл сургууль төгсөхөөсөө өмнө гэрлэвэл хүмүүс юу гэж бодох бол хэмээн санаа зовдог. Бусдыг баярлуулахыг боддогоо харуулах нь амархан ч, бид дээрх гална талын хэмжүүрүүдэд итгэж болохгүй. Учир нь дэлхий магтах, муулах хоёрт аль алинд нь хэтэрхий түргэн.

Бид бүгдэд, тэр тусмаа залуу насанд хүрэгчдэд тохиолддог нэг сорилт бол хүмүүс бидний амьдралыг юу гэх бол гэж хажуу тийшээ харах биш, харин Бурхан биднийг юу гэх бол хэмээн дээш харахыг хичээх явдал мөн гэж би боддог. Тэрбээр гаднах байдлыг биш харин зүрх сэтгэлийг хардаг (1 Самуел 16:7). Мөн Тэрбээр бид бүгдийн хэрэгцээг өөр хэнээс ч илүү сайн мэддэг.

Ингэхлээр хэрхэн “дээшээ харах” билээ? Бидэнд тусалж чадах хэдэн зарчим байдаг.

Сүнсний хүч чадлыг эзэмш

Бид өдөр бүр хувиараа залбирч, судар судлах замаар шийдвэр гаргахад өөртөө хэрэгтэй сүнсний хүч чадлыг эзэмшиж болно. Өдөр тутмын залбирал нь бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөөнд хүлээн зөвшөөрөгдөхүйц гуйлтыг агуулж болно. Бид уг төлөвлөгөөг бүхэлд нь харж чадахгүй ч, тухайн өдрийн төлөвлөгөөг хүлээн авч, хэрэгжүүлэх чадварыг гуйж болно. Бид сүнсний өдөөлтийг хүлээн авамтгай байсан үед Түүнийг дагахаар хийсэн сонголтынхоо үр дүнг үзэх болно. Мөн хүлээн авсан өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэх чадвартай болно. Бид адармаатай зүйлсийг хийх, шаардлагатай болсон юуг ч гэсэн зөв учир шалтгааны улмаас хийх чадвартай болно.

Хүлээн авсан удирдамжиндаа үнэнч бай

Бид хувийн илчлэлтээр дамжуулан хайрт Тэнгэрлэг Эцэгээсээ хүлээн авсан удирдамжиндаа үнэнч байснаар “дээшээ харж” чадна. Зарим үед хүмүүс биднийг хүлээн авсан удирдамжийнхаа дагуу ажиллахгүй байхыг ятгаж мэднэ. Бүр тэдний бодол зөв байсан ч бид мэдэрсэн зүйлдээ тууштай үнэнч байх хэрэгтэй.

Манай нэг охин Испанид бүрэн цагийн номлолд үйлчилдэг. Намайг номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байх үед охин маань Шинэ Зеландад ахлах сургуульд сурч байлаа. Тэр 21 хүрээд, “Аав, ээж хоёр оо, би номлолд үйлчилмээр байна” гэж билээ. Мэдээж хэрэг, охин маань зөв шийдвэр гаргасанд бид баяртай байсан ч, өсвөр насныхаа жилүүдэд найз нөхөд, гэр бүлээсээ алс хол амьдарч байсан нь түүний хувьд золиослол болсныг мэдэж байсан учир би, “Чи номлолд аль хэдийн үйлчилсэн шүү дээ” гэв.

Охин маань инэмсэглэснээ, “Үгүй ээ, аав аа, та үйлчилсэн шүү дээ. Харин би одоо Их Эзэнд үйлчилмээр байна” гэлээ.

“Сайн байна” гээд би инээмсэглэн, “Охин минь номлолдоо яв. Үйлчлэх өдөөлтийг дага” гэв.

Өнөөдөр охин минь зөвхөн Тэнгэрлэг Эцэгтээ болон Испани дахь Түүний хүүхдүүдэд үйлчилж байгаа төдийгүй өөрийн мэдэрсэн сүнслэг өдөөлтийг дагасанд би баяртай байна. Охин минь аавынхаа хий гэж хэлсэн зүйлээс өөр зүйл хийхдээ амьдралд нь зөв зүйтэй бөгөөд өөрт нь зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд орсон зүйлийг хийсэн юм.

Зоригтой үйлдэхээс бүү бай

Бидний амьдралд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг мэдэх нь чухал болохоор бид заримдаа аль нэг зүйлийн эхлэлээс төгсгөлийг хүртэл бүх юмыг нэгд нэгэнгүй нарийн мэдэх гээд төвөгтэй байдалд орж гацдаг. Ийм занганд бүү ор. Эрүүл саруул ухаанаар зөв сонголт хийвэл амьдрал чинь урагш ахина. Бид зөв сонголт хийснээрээ адислагддаг. Алдаа гаргахаас айдаг бол сонголт хийхээс бүү ай. Шинэ зүйлийг туршиж үзэхээс бүү ай. Ингэснээр чи аялалдаа баяр баяслыг олох болно.

Тэвчээртэй хүлээ

Манай гэр бүлийг Шинэ Зеландад амьдарч байхад сонирхогчид, шинэ хөрвөгчид, номлогчид болон бусад хүмүүст тохиолддог байсан олон сорилт бэрхшээл заримдаа биднийг тэвдүүлдэг байж билээ. Бид хариу авахын тулд олон удаа залбирч, хариугаа түргэн авна гэж боддог байлаа!

Бид бүгдэд тусламж хэрэгтэй. Заримдаа бид эрж байгаа шийдэлдээ түргэн хүрдэг. Гэвч зарим үед шийдэл нь бидний бодож байснаас өөр замаар, эсвэл бидний хүсэн хүлээж байснаас хожуу ирдэг. Заримдаа хариу ерөөсөө ирэхгүй юм биш үү ч гэж бодогдож мэднэ.

Дээрх тохиолдлуудад, Их Эзэн тусламж илгээтэл урт удаан хугацаа өнгөрөх байлаа ч “тэвчээртэй хүлээ”. Гэвч тэвчээртэй хүлээ гэдэг нь зүгээр суу гэсэн үг биш. Дээр өгүүлснээр, зоригтой үйлдэхээс бүү ай. Үргэлж сайн зүйлсийг хийж бай. Зарлигуудыг үргэлж сахь. Заавар хүлээн автал байнга залбирч, судар судлан, чадах бүхнээ хийсээр бай. Тэвчээртэй хүлээхээс бүү шантар. Их Эзэн Өөрийн цагт бүх зүйлс чиний сайн сайхны төлөө үйлчлэхээр болгоно.

“Дээшээ харсан нь” Хэлний Бэлтгэлийн Номлолд байсан үеэс эхлэн намайг удаа дараа адисалсан юм. Их Эзэн Хиламан 3:27-д, “Зүрх сэтгэлийнхээ гүнээс түүний ариун нэрийг дуудах бүгдэд Их Эзэн нигүүлсэнгүй байдгийг” Мормон тайлбарласан байдаг. Би Түүний нигүүлсэл, хайр энэрлийг биеэрээ амсаж, мэдэрсэн хүн. Түүнд итгэж, нэрийг нь дуудсан үед Түүний нигүүлсэл бид бүгдэд ирнэ гэдгийг би мэднэ.

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер