2012
Айлчлагч багш нар намайг Есүс Христ өөд хөтөлсөн юм
2012 оны нэгдүгээр сар


Бид Христийн тухай ярьж байна

Айлчлагч багш нар намайг Есүс Христ өөд хөтөлсөн юм

“[Их Эзэн] [Петрт] гурав дахь удаагаа, Чи Намайг хайрладаг уу? гэхэд [Петр], Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд, Миний хоньдыг хариул гэлээ” (Иохан 21:17).

1970-аад оны сүүлчээр нэг найз маань Нийгмийн Халамжийн Бүлэгт өөртэйгөө хамт явахыг надаас хүсч билээ. “Тэр чинь юу юм бэ?” гэж би асуулаа. Найз маань, “Очоод үз л дээ” гэв. Хөөх! Бүр эхний мөчөөс л миний сэтгэл хөдөлсөн гээч!

Тэр зун оройхон Леанн манайд ирж, миний гэрийн багш гэдгээ хэллээ. Энэ нэг бодоход хачирхалтай, нэг бодоход гайхалтай юм шиг санагдав. Тэр тусмаа би Сүмийн гишүүн биш байхад шүү! Ингээд тэр сүнсдэг бодлоо надтай хуваалцахын тулд зав чөлөөгүй хуваариасаа цаг гаргаж, надад хэрхэн, юугаар тусалж болохыг шалгаж эхэллээ. Тэр үнэхээр чин сэтгэлээсээ хандаж байгааг би түүний санаа сэтгэлээс мэдэж байлаа. Би Леанныг болон надтай хуваалцдаг байсан захиасуудыг хэзээ ч мартахгүй.

Хоёр жил өнгөрсний дараа Францес манай тойрогт шилжиж ирлээ. Би хараахан гишүүн болоогүй байсан болохоор үнэндээ энэ нь “манай” тойрог байж чадахгүй байв. Гэвч би тэр тойргийг манай тойрог гэж боддог байлаа. Тэр үед би хоёр бяцхан охинтой байсан бөгөөд Сүмийн туслах бүлгүүд охидын минь амьдралыг хэрхэн адисалсныг харсан юм. Бороотой ч байсан, нартай ч байсан, миний шинэ айлчлагч багш надад хичээл, сонирхолтой түүх зааж, инээд баясал бэлэглэн, туслагч гар болдог байлаа. Нэгэн завгүй үдээс хойш Францес манайд ирснийг би санадаг. Францес намайг ярьж, суух ч завгүй байгааг хараад охиндоо тусалж байх хооронд маань миний хийж байсан хоолыг хутгаж эхэллээ.

Олон жил өнгөрсний дараа би шилжив. Сүмийн нөхдөө орхиход би үнэхээр дургүй байсан ч удалгүй “шинэ” тойргийнхоо Нийгмийн Халамжийн Бүлэгт бат бөх гэрчлэлтэй, өгөөмөр уужуу сэтгэлтэй эгч нартай танилцлаа. Нийгмийн Халамжийн Бүлгийн нэг багш бидэнд чимэглэх хуудас өгч, дээд талд нь “Найрсаг бай” гэж өдөр бүр бичихийг дэмждэг байв. Миний дэргэд сууж байсан эгч нар болон би “Энэрэл хэзээ ч дуусдаггүй” (Moронай 7:46) гэсэн Нийгмийн Халамжийн Бүлгийн уриаг онцгойлон дэмжих нь агуу санаа гэж бодлоо.

Дараа нь би нэг анхдагч эмэгтэйн тухай түүх уншив. Тэр эмэгтэйг хүүхэд байхад алслагдсан бөглүү нутагт Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сууринг байгуулахад туслахыг түүний гэр бүлээс хүссэн гэнэ. Дүү нарынх нь нэг нь эндэж, тэдэнд уй гашуу тохиолджээ. Ээж нь санаа сэтгэлээр унаж, гэр бүл нь гүнзгий уй гашууд автав.

Нэг өдөр нөгөөх бяцхан охин цонхоор гадагш харж байж. Гэр бүлийнх нь даруухан байшингийн эргэн тойронд цас нэвсийтэл дарсныг охин харсан гэнэ. Хоёр хүн гэрийг нь чиглэн аажуухан алхан ирж байгааг бяцхан охин алсын бараа харагдах газраас харсан гэнэ. Аажуухан алхсаар ирж буй хоёр хүн нь ээжийнх нь айлчлагч багш нар болохыг охин таньжээ.

Энэ түүх надад сүнслэг нөлөө үзүүлсэн юм. Би 1983 онд баптисм хүртсэн. Би өөрөө айлчлагч багш болсон нь нэр хүндтэй хэрэг байлаа. “Эрдэнэсээс ч үнэтэй,” “арван хуруу тэгш” (Сургаалт Үгс 31:10) үлгэр жишээч олон эмэгтэйчүүдтэй харилцаатай байхдаа би дуртай. Түүнчлэн эелдэг уриалгахан байж, бие биеэ хайрлан, бусдыг Христэд авчрахыг хичээдэг эмэгтэйчүүдтэй хамт байх нь сайхан байдаг.

Айлчлагч багш нар сайн мэдээний захиасыг хуваалцдаг бөгөөд заримдаа туслагч гар болдог. Тэдний айлчлан очдог эгч нар, эелдэг уриалгахан байж, бие биеэ хайрлан, бусдыг Христэд авчрахыг хичээдэг эмэгтэйчүүдтэй хэлхээ холбоотой байснаар итгэл нь бат бөх болдог.

Томпсон эгчийн гэрэл зураг © Busath.com; гэрэл зураг чимэглэлийг Жон Лук