Ерөнхий чуулган
Лацдан холбох хүч
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


14:25

Лацдан холбох хүч

Лацдан холбох хүч дэлхийн хаана ч Бурханы хүүхдүүдэд хувь хүний аврал хийгээд гэр бүлийн өргөмжлөлийг боломжтой болгодог.

Хамгийн эртдээ Исаиагийн үеэс1 эхлэн хожмын өдрүүдэд Израилын угсаа болох Их Эзэний гэрээт хүмүүс “далайн арлуудаас, мөн газар дэлхийн дөрвөн зүгээс цуглуулагдах”2 ба “өөрсдийн өв болох нутгуудад сэргээгдэх болно”3 хэмээн бошиглогдсоор ирсэн. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ цугларалтын талаар олон удаа хүчирхэг үг хэлэхдээ үүнийг “өнөөдөр дэлхий дээр болж буй хамгийн чухал зүйл”4 гэж нэрлэсэн.

Энэ цугларалтын зорилго юу вэ?

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ гэрээт хүмүүсийн хамгаалалт болох нэг зорилгыг тодорхойлсон. Тэрээр: “Сионы газар нутагт, мөн түүний гадаснуудад хамтдаа цуглах нь батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар байх [болно]”5 хэмээн хэлсэн. Энд дурдсан “хилэгнэл” гэдгийг Бурханы хууль, зарлигуудад өргөн олноороо дуулгаваргүй байснаар ирэх үр дагавар гэж ойлгож болох юм.

Хамгийн чухал нь уг цугларалтын зорилго бол аврал, өргөмжлөлийн адислалуудыг, тэдгээрийг хүлээн авах бүгдэд авчрах явдал билээ. Тэрхүү цугларалт нь Абрахамд өгөгдсөн гэрээний амлалтын биелэл бөлгөө. Их Эзэн Абрахамд түүний үр удам, санваараар дамжуулан “дэлхийн бүх гэр бүл авралын адислалууд, бүр мөнх амьдралын адислалууд болох Сайн мэдээний адислалуудаар адислагдах болно”6 хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Нэлсон үүнийг: “Сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртсэнээр бид өөрсөд дээрээ Есүс Христийн ариун нэрийг авдаг. Баптисм бол Абрахам, Исаак, Иаков болон тэдний үр удамд Их Эзэний эрт дээр үеэс өгсөн бүх амлалтын хамтран залгамжлагчид болоход чиглүүлдэг хаалга юм”7 хэмээн илэрхийлсэн.

1836 онд Мосе Көртландын ариун сүмд бошиглогч Иосеф Смитэд үзэгдсэн ба “дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг … даатгав.”8 Яг энэ явдлын үеэр Елиас хүрч ирж, “бид болон бидний дараах бидний бүх үр удам адислагдах болно гэдгийг хэлээд, Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгав.”9 Бид энэ эрх мэдлээр Есүс Христээр дамжин ирэх гэтэлгэлийн сайн сайхан мэдээ болох Түүний сайн мэдээг дэлхийн бүх хэсэгт болон хүмүүст хүргэдэг ба сайн мэдээний гэрээнд орох бүгдийг цуглуулна. Тэд “Абрахамын удам, мөн сүм ба хаант улс, мөн Бурханы сонгосон хүмүүс”10 болдог.

Яг тэр үед гурав дахь тэнгэрлэг элч Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр хүрч иржээ. Би бошиглогч Елиагийн тухай ярих ба өнөөдөр би түүний сэргээсэн эрх мэдэл, түлхүүрүүдийн талаар ярихыг хүсэж байна.11 Бүх санваарын ёслолыг баталгаажуулах, тэдгээрийг газарт болон тэнгэрт холбох хүч бүхий лацдан холбох хүч нь хөшигний хоёр талд байгаа гэрээт хүмүүсийг цуглуулж, бэлтгэхэд нэн чухал юм.

Үүнээс хэдэн жилийн өмнө, Моронай Иосеф Смитэд “бошиглогч Елиагийн гараар би та нарт Санваарыг илчлэх болно”12 хэмээн Елиа санваарын амин чухал эрх мэдлийг авчрах болно гэдгийг тодорхой хэлсэн. Иосеф Смит дараа нь ийнхүү тайлбарласан байдаг: “Яагаад Елиаг илгээнэ гэж? Яагаад гэвэл тэрээр санваарын бүх ёслолыг гүйцэтгэх эрх мэдлийн түлхүүрүүдийг эзэмшдэг бөгөөд [хэрэв] тэрхүү эрх мэдэл өгөгдөхгүй бол ёслолууд зөв шударга байдалд гүйцэтгэгдэж чадахгүй,”13 өөрөөр хэлбэл ёслолууд энэ амьдралд болон үүрд мөнхөд аль алинд нь хүчин төгөлдөр байх боломжгүй.14

Өдгөө Сургаал ба Гэрээний нэг судар болсон сургаал дээр бошиглогч Иосеф Смит: “Дэлхий дээр цэдэглэдэг буюу холбодог хүч нь мөн тэнгэрт холбодог хэмээн бид ярьдаг нь нэн зоримог номлол юм гэж заримд нь санагддаг байж болох юм. Гэсэн хэдий ч, дэлхийн бүх үеүдэд, Их Эзэн жинхэнэ илчлэлтээр хүнд, эсвээс ямар нэг хэсэг хүнд санваарын эрин үеийг хэдийд ч өглөө гэсэн, энэхүү хүч цаг ямагт өгөгдсөөр ирсэн билээ. Эндээс, тэдгээр хүмүүс эрх мэдлээр Их Эзэний нэрээр юуг ч хийлээ гэсэн, мөн үүнийг зөвөөр мөн итгэлтэйгээр хийж, мөн тэрхүү зүйлийн тухай зохих ёсны хийгээд итгэл бүхий цэдэг хөтлөхөд, энэ нь дэлхий дээр хийгээд тэнгэрт хууль болж, агуу их Иеховагийн тогтоолуудын дагуу, хүчингүй болох нь үгүй бөлгөө”15 хэмээн хэлсэн.

Бид уг лацдан холбох эрх мэдлийг зөвхөн тодорхой хэдэн ариун сүмийн ёслолд хамааралтай гэж боддог хэдий ч тэрхүү эрх мэдэл нь аливаа ёслолыг хүчин төгөлдөр болгож, үхлээс цааш баталгаажуулахад шаардлагатай байдаг.16 Лацдан холбох хүч нь тухайлбал баптисм тань энд болон тэнгэрт хүлээн зөвшөөрөгдөх хууль ёсны байдлыг батлах тамга тэмдэг олгодог. Эцсийн дүнд, бүх санваарын ёслолыг Сүмийн ерөнхийлөгчийн түлхүүрүүдийн дор гүйцэтгэдэг ба Жозеф Фийлдинг Смит “Тэрээр [Сүмийн ерөнхийлөгч] тэдгээр түлхүүрийг атгадаг учраас бидэнд лацдан холбох санваарын хүчийг өгсөн юм”17 хэмээн тайлбарласан.

Дэлхий дээр болон тэнгэрт лацдан холбох тухай ярьж буй тохиолдолд Израилын угсааг цуглуулах өөр нэгэн онцгой утга учир бүхий амин чухал зорилго байдаг бөгөөд энэ нь ариун сүмийн барилга, үйл ажиллагаа юм. Бошиглогч Иосеф Смит “Бурханы хүмүүсийг дэлхийн аль нэг эрин зуунд … цуглуулахын зорилго юу байсан юм бэ? Гол зорилго нь Өөрийн өргөөний ёслолууд болон хаант улсынхаа алдар сууг хүмүүст илчилж, авралын замыг хүмүүст заах өргөөг Их Эзэнд зориулан барих явдал байлаа. Учир нь энэхүү зорилгын төлөө барьсан газар буюу өргөөнд зааж, гүйцэтгэх ёстой тодорхой ёслолууд болон зарчмууд байдаг билээ”18 хэмээн хэлсэн.

Лацдан холбох хүчний хүчин төгөлдөр байдлыг олгодог санваарын ёслолуудад мэдээж Их Эзэний тодорхойлсон газар болох Түүний ариун сүмд гүйцэтгэдэг төлөөлөн хийх ёслолууд багтдаг. Дэлхийн хаана ч, хэзээ ч амьдарч байсан Бурханы хүүхдүүдэд хувь хүний аврал хийгээд гэр бүлийн өргөмжлөлийг боломжтой болгож байгаагаас нь лацдан холбох хүчний сүр жавхлан, ариун нандин байдлыг бид хардаг. Өөр ямар ч номлол, гүн ухаан эсвээс эрх мэдэл нь бүгдийг оролцуулсан ийм боломжийг олгодоггүй. Энэхүү лацдан холбох хүч нь Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайрын төгс илрэл билээ.

Уг лацдан холбох хүчийг олж авснаар зүрх сэтгэл маань аль хэдийн энэ амьдралыг орхин одсон хүмүүс рүү аажмаар эргэдэг. Гэрээнд цуглах хожмын үеийн цугларалт нь хөшигний цаад талд ч хамааралтай. Бурханы төгс дэг жаягт амьд хүмүүс өвөг дээдэс маань болох “эцгүүд”-тэй холбох бат бөх холбоосгүйгээр мөнхийн амьдралыг бүрэн дүүрэн мэдрэх боломжгүй. Үүнтэй адил, аль хэдийн нөгөө талд байгаа эсвэл лацдан холболтын ашиг тусыг хүртэлгүйгээр хөшгөөр дамжин гарч болох хүмүүсийн өсөлт хөгжил нь төлөөлөн гүйцэтгэх ёслолууд тэднийг бидэнтэй, тэдний үр удамтай мөн биднийг тэдэнтэй тэнгэрлэг жаягаар холбох хүртэл дутуу байна.19 Хөшиг дамнан бие биедээ туслах үүрэг хариуцлага нь шинэ бөгөөд үүрдийн гэрээний нэг хэсэг болох гэрээний амлалтад ордог. Иосеф Смитийн хэлснээр бид “нас барагсдыг эхний амилуулалтаар урагш гарч ирэхээр лацдан холболт хий[хийг]”20 хүсдэг.

Лацдан холбох хүчний хамгийн ариун, дээд илрэл нь гэрлэлтээр ирэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мөнхийн нэгдэл ба хүн төрөлхтнийг бүх үе удмаар нь холбох холбоос юм. Эдгээр ёслолыг гүйцэтгэх эрх мэдэл нь маш ариун нандин учир Сүмийн ерөнхийлөгч үүнийг бусдад шилжүүлэх ажилд биечлэн хяналт тавьдаг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли нэгэн удаа “Сэргээлтийн бүх уй гашуу, зовлон шаналал гэр бүлүүдийг үүрд нэгтгэх ариун санваарын лацдах хүчнээс өөр зүйлийг авчраагүй байсан ч гэсэн тэр бүх золиос дэмий байгаагүй гэдгийг би олон удаа хэлж байсан”21 хэмээн хэлсэн.

Мөнхийн гэр бүлийг үүсгэж, одоогийн болон ирэх үе удмыг холбох лацдан холболтгүйгээр бид мөнхөд үндэс, мөчиргүй буюу өвөг дээдэс, үр удамгүй үлдэх байсан. Нэг талаасаа хувь хүмүүсийн чөлөөт, хөндийрсөн байдал, нөгөө талаасаа Бурханы томилсон гэрлэлт, гэр бүлийн харилцааг эсэргүүцдэг холбоо нь дэлхийн бүтээлтийн гол зорилгыг алдагдуулах байсан.22 Уг байдал нь хэвийн үзэгдэл болох аваас Их Эзэний ирэлтээр дэлхий “бүр мөсөн устгагдаж”,23 зүхлээр арчигдахтай адил байх байсан.

Бид яагаад “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг”24 ойлгох болно. Үүний зэрэгцээ, төгс бус одоо цагт энэ нь бодит байдал биш ба зарим хүмүүсийн хувьд бүр бодит байх боломж ч үгүй гэдгийг бид ухаарна. Гэвч бидэнд Христэд найдах найдвар бий. Бид Их Эзэнийг хүлээх зуур “сайн мэдээний гэрээнүүдийг итгэлтэй сахидаг хүн бүр өргөмжлөгдөх боломжийг олж авах болно хэмээн судрууд болон хожмын үеийн бошиглогчид баталдаг”25 болохыг ерөнхийлөгч М.Рассэлл Баллард бидэнд сануулсан.

Зарим хүн аз жаргалгүй, эрүүл бус гэр бүлийн нөхцөл байдлыг даван туулдаг бөгөөд мөнхийн гэр бүлийн холбоог төдийлөн хүсдэггүй. Ахлагч Дэвид А.Бэднар дараах: “[Гэр бүлүүдэд зориулсан Бурханы загвар] нь та нараас эхэлдэг гэдгийг гэр бүл салалт эсвэл үнэнч бус байдлын зовлонг туулсан та бүхэн санаарай. Та нарын удам угсааны гинжний нэг холбоос тасарсан байж болох ч бусад зөв шударга холбоо болон одоо байгаа гинж мөнхийн ач холбогдолтой. Та нар өөрсдийнхөө гинжийг бэхжүүлж, тэр ч байтугай тасарсан холбоосыг сэргээн засахад тусалж чадна. Үүнийг бид нэг, нэгээр хийж чадна”26 гэж заасан.

Өнгөрсөн 7-р сард ахлагч Жэффри Р.Холландын эхнэр Пат Холланд эгчийн оршуулгын ёслол дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Патришиа, Жэффри хоёр мөдхөн дахин уулзах болно. Дараа нь тэд өөрсдийн хүүхдүүд болон тэдний гэрээгээ сахидаг үр удамтай нэгдэх ба Бурханы Өөрийн итгэлтэй хүүхдүүдэд хадгалсан баяр хөөрийн бүрэн дүүрэн байдлыг мэдрэх болно. Үүнийг мэдсэнээр, Патришиагийн амьдралын хамгийн чухал өдөр нь түүний төрсөн өдөр эсвээс нас барсан өдөр ч биш гэдгийг бид ойлгоно. Түүний хувьд хамгийн чухал өдөр нь 1963 оны 6-р сарын 7 буюу Жэффтэй Сэйнт Жоржийн ариун сүмд  лацдан холбогдсон өдөр билээ. … Энэ нь яагаад чухал вэ? Учир нь дэлхий бүтээгдсэн гол шалтгаан нь гэр бүлүүд бий болж, бие биетэйгээ лацдан холбогдох явдал байсан. Аврал хувь хүмүүсийнх, гэвч өргөмжлөл гэр бүлийнх байдаг. Хэн ч ганцаараа өргөмжлөгдөх боломжгүй” хэмээн заасан.

Саяхан эхнэр бид хоёр Ютагийн Баунтифул ариун сүмийн холболтын өрөөнд найзтайгаа хамт орсон юм. Би энэ найзтайгаа Аргентины Кордобад түүнийг хүүхэд байхад нь анх танилцсан. Миний номлолын хамтрагч бид хоёр номлолын албанаас хэдхэн гудамжны цаана байдаг хороололд хүмүүстэй холбоо тогтоож байхдаа түүний гэрт нь очиход тэр хаалгаа нээж билээ. Эцэст нь тэр ээж, ах эгч нарын хамт Сүмд нэгдэж, итгэлтэй гишүүд хэвээр үлдсэн юм. Тэрээр өдгөө хайр татам эмэгтэй болсон. Тэр өдөр бид ариун сүмд түүний өөд болсон эцэг эхийг хооронд нь болон түүнтэй лацдан холбосон.

Олон жилийн турш түүнтэй дотно нөхөрлөсөн найзууд болох нэгэн хос тахилын ширээн дээр түүний эцэг эхийг төлөөлөв. Энэхүү сэтгэл хөдөлгөсөн сайхан мөч Аргентин найз маань эцэг эхтэйгээ холбогдох үед сэтгэлийг улам илүү уярааж байлаа. Нам гүмхэн тэр өдөр дэлхийгээс ангид бид зургуулхнаа байсан ч дэлхий дээр болдог хамгийн чухал зүйлсийн нэг тэнд өрнөж байлаа. Залуу номлогч байхдаа хаалгыг нь тогшиж байснаас эхлэн энэ олон жилийн дараа түүнийг эцэг эх, өмнөх үетэй нь лацдан холбох ёслолыг гүйцэтгэх хүртэлх миний үүрэг, нөхөрлөл бүрэн дүүрэн болж гүйцэлдсэн би их баярлаж байв.

Энэ бол дэлхий даяар ариун сүмд байнга болдог үзэгдэл юм. Энэ бол гэрээт хүмүүсийн цугларалтын эцсийн алхам юм. Энэ бол Есүс Христийн Сүм дэх гишүүнчлэлийн тань хамгийн дээд онцгой эрх юм. Та тэрхүү эрхийг итгэлтэйгээр эрэлхийлснээр энэ амьдрал хийгээд үүрд мөнхөд үүнийг гарцаагүй эдлэх болно гэдгийг би амлаж байна.

Иосеф Смитээр дамжуулан дэлхийд сэргээгдсэн лацдан холбох хүч, эрх мэдэл нь үнэн бодит бөгөөд дэлхий дээр холбогдсон юу ч тэнгэрт үнэхээр холбогддог гэдгийг би гэрчилж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн ерөнхийлөгчийнхөө хувиар өнөөдөр энэхүү ер бусын хүчийг ашиглах ажлыг өөрийн түлхүүрээр удирддаг дэлхий дээрх цор ганц хүн гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн Цагаатгал нь өргөмжлөгдсөн гэр бүлийн холбоог боломжтой болгож, үхэшгүй байдлыг бодитой болгосон гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.