Ерөнхий чуулган
Христэд найдах нь
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


15:45

Христэд найдах

Бид ганцаардлыг мэдэрдэг эсвэл аливаа зүйлийн нэг хэсэг мэт санадаггүй хүмүүст туслахыг хүсдэг. Ялангуяа одоо ганц бие байгаа хүмүүсийг би дурдмаар байна.

Ах, эгч нар аа, Христийн амилсны энэхүү баяраар бид өөрсдийн Их Эзэн, Аврагч Есүс Христийн алдар суут Амилалтад төвлөрдөг. “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

“Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн”1 хэмээх Түүний найрсаг урилгыг бид санацгаадаг.

Над руу ир хэмээх Аврагчийн бүх хүнд хандан өгсөн урилга Түүн рүү ирэхэд төдийгүй Түүний Сүмийн нэгээхэн хэсэг болоход урьдаг юм.

Энэхүү найрсаг урилгын өмнөх шүлэгт, Түүнийг дагахыг эрэлхийлснээр үүнийг хэрхэн хийхийг Есүс заасан. Тэрээр “Эцэгээс өөр хэн ч Хүүг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг мэдэхгүй”2 гэж тунхаглажээ.

Бурхан бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг гэдгийг мэдээсэй хэмээн Есүс биднээс хүсдэг.

Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладгийг мэдэх нь өөрийнхөө хэн болохыг мөн Түүний мөнхийн агуу гэр бүлийн нэгэн хэсэг гэдгээ мэдэхэд бидэнд тусална.

Маяо клиникийнхэн саяхан “Нэгэн хэсэг гэдгээ мэдрэх нь маш чухал. … Бидний амьдрал бараг бүхэлдээ ямар нэг зүйлийн нэгэн хэсэг байх мэдрэмж дээр зохион байгуулагдсан байдаг” гэж тэмдэглэжээ. Уг тайланд “Нэгэн хэсэг байх гэдэг мэдрэмжийг өөрсдийн сэтгэл санаа, бие махбодын эрүүл мэндээс тусад нь авч үзэх боломжгүй”3 гэж нэмж онцолсон байсан ба дээр нь би сүнслэг байдлын эрүүл мэндийг нэмье.

Гетсеманид зовж шаналан, загалмай дээр амьсгал хураахынхаа өмнөх орой Аврагч Сүүлчийн оройн зоог барихаар шавь нартайгаа уулзжээ. Тэр тэдэнд “Ертөнцөд та нар зовлонтой байна: Гэвч зоригтой байгтун; Би ертөнцийг ялсан”4 хэмээн айлдсан юм. Маргааш нь нар жаргахаас өмнө, Есүс Христ бидний төлөө зовж шаналан “[загалмай] дээр үхсэн.”5

Түүнийг дагаж байсан итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс Иерусалимд нар жарган, харанхуй нөмөрч, айдаст автах үед ганцаардлыг ямар их мэдэрсэн бол гэж би боддог.6

Бараг 2000 жилийн өмнө амьдарч байсан эртний энэ шавь нарын адил та нарын дунд олон хүн үе үе ганцаардлыг мэдэрдэг байх. Миний сайхан эхнэр Барбара хоёр жилийн өмнө өөд болсноос хойш би ганцаардлыг мэдрэх болсон. Миний амьдралын хайр хажууд минь байхгүй болсон болохоор гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс эргэн тойронд минь байгаа ч ганцаардлыг мэдрэх гэж юу болохыг би мэднэ.

Олон хүн КОВИД-19 цар тахлын үеэр энэ ганцаардлыг, тухайлбал бусдаас холдсон мэт мэдрэмжийг гүнзгий мэдэрсэн. Гэсэн хэдий ч амьдралд тулгарах сорилтоос үл хамааран бид найдвар тээж, аливаа зүйлийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэхийн тулд Их Эзэнд хандсанаар Христийн амилсан анхны баярын өглөө шиг шинэ, гайхамшигт боломж, шинэ бодит байдал, шинэ амьдралд Христ дотор сэрж чадна.

Аливаа зүйлийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэхгүй байгаа хүмүүсийн зовлонг би биеэрээ мэдэрдэг. Дэлхийн мэдээ үзэхдээ би энэ ганцаардлыг амсаж буй олон хүнийг хардаг. Тэдний ихэнх нь Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь хайрладгийг мөн бид бүгдээрээ Түүний мөнхийн гэр бүлийн нэгэн хэсэг гэдгийг мэддэггүй учраас ганцаарддаг гэж би боддог. Бурхан бидэнд хайртай мөн бид Түүний хүүхдүүд гэдэгт итгэх нь тайтгарал, итгэл найдварыг өгдөг.

Бид Бурханы сүнсэн хүүхдүүд учир хүн бүр бурханлаг гарал үүсэл, мөн чанар, чадавхтай. Бидний хүн нэг бүр “Тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг охин, хүү юм.”7 Энэ бол бидний онцлог шинж. Энэ бол бидний үнэн төрх!

Биднийг үндэс угсаа, соёл, үндэстний өв уламжлал зэрэг мөнх бус байдал дахь онцлог шинж чанараа ойлгохын хэрээр сүнслэг шинж чанар маань боловсронгуй болж байдаг.

Энэхүү сүнслэг болон соёлын онцлог шинж, хайр, нэгэн хэсэг гэдгээ мэдрэх нь Есүс Христийг хайрлах хайр, Түүнд найдах найдварыг өдөөдөг.

Би Христэд найдах найдварыг хий мөрөөдөл биш, харин биеллээ олох хүлээлт талаас нь ярьж байна. Ийм найдвар нь зовлон бэрхшээлийг даван туулж, сүнслэг хүч чадал, уян хатан байдлаа хөгжүүлэн, Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг бөгөөд бид Түүний гэр бүлийн нэгэн хэсэг болох хүүхдүүд гэдгээ мэдэхэд юу юунаас илүү хэрэгтэй.

Христэд итгэж найдах үед бид ариун гэрээнүүдийг байгуулж, сахиснаар хамгийн эрхэм хүсэл, мөрөөдөл маань Түүгээр дамжин биелэх болно гэдгийг мэдэж авдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан ганцаардсан, аливаа зүйлийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэхгүй байгаа хүмүүст хэрхэн тусалж болохыг мэдэх гэсэн чин хүсэл тээн, залбирлын сүнсээр хамтдаа зөвлөлдсөн юм. Бид ийм мэдрэмжтэй байгаа хүмүүст туслахыг хүсдэг. Ялангуяа одоо ганц бие байгаа хүмүүсийг би дурдмаар байна.

Ах, эгч нар аа, өнөөдөр Сүмийн насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь бэлэвсэрсэн, салсан эсвэл гэрлээгүй байгаа хүмүүс байна. Зарим нь Бурханы төлөвлөгөөнд болон Сүмд эзэлдэг байр суурь, боломждоо эргэлздэг. Мөнх амьдрал бол бидний одоогийн гэрлэлтийн төлөв байдлын асуудлыг биш, харин “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй”8 шавь мөн эсэхийг тань авч үздэг юм. Ганц бие бүх хүний найдвар бол Их Эзэний сэргээгдсэн Сүмийн бүх гишүүний адил “Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар”9 Христийн нигүүлслийг хүлээн авах явдал байдаг.

Бидний ойлговол зохих зарим чухал зарчмыг би санал болгоё.

Нэгдүгээрт, сайн мэдээний гэрээнүүдийг итгэлтэй сахидаг хүн бүр мөнх оршихуйд орох боломжийг олж авах болно гэж судрууд болон хожмын үеийн бошиглогчид баталдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэний цаг хугацаа болон арга замаар Түүний итгэлтэй гэгээнтнүүдэд бүх адислал өгөгдөх болно. Их Эзэн хүн нэг бүрийг үйл хэрэг хийгээд зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүн, шагнах болно”10 гэж заасан.

Хоёрдугаарт, өргөмжлөлийн адислалуудыг өгөх цаг хугацаа, арга зам илчлэгдээгүй байгаа ч тэдгээрийг өгөх нь баталгаатай.11 Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс энэ нөхцөл байдлыг “бидний Эцэгийн бүх зохистой хүүхдэдээ зориулсан аз жаргалын агуу төлөвлөгөөн дэх дуусгавар болоогүй бүхнийг гүйцэтгэх цаг хугацаа ирэх Мянган жилд хангагдана”12 гэж тайлбарлажээ.

Энэ нь адислал бүрийг Мянган жил тохиох хүртэл хүлээнэ гэсэн үг биш. Зарим адислалыг аль хэдийн өгсөн бол зарим нь тэр өдөр тохиох хүртэл өгөгдсөөр байх болно.13

Гуравдугаарт, Их Эзэнийг хүлээх гэдэг нь Түүнд үргэлжлүүлэн дуулгавартай байж, сүнслэгээр хөгжихийг хэлнэ. Их Эзэнийг хүлээх гэдэг нь цаг хугацаагаа зарцуулах гэсэн утгыг агуулаагүй. Та хэзээ ч хүлээлгийн өрөөнд байгаа мэт мэдрэх ёсгүй.

Их Эзэнийг хүлээх гэдэг нь үйлдэх гэсэн утгатай. Бусдад үйлчлэхэд Христэд итгэх итгэл найдвар маань өсөн нэмэгддэгийг би амьдралынхаа явцад сурч мэдсэн. Христийн үйлчилж байсны адил үйлчлэх юм бол Түүнд итгэх итгэл найдвар маань аяндаа өсөн нэмэгдэж байдаг.

Их Эзэнийг болон Түүний амлалтыг хүлээх явцдаа олж авч болох хувийн өсөлт хөгжил нь бидний хүн нэг бүрд зориулсан Түүний төлөвлөгөөний үнэлж баршгүй ариун нандин бүрэлдэхүүн хэсэг юм. Дэлхий дээр Сүмийг байгуулах болон Израилыг цуглуулахад хүн нэг бүрийн оруулж чадах хувь нэмэр одоо маш их хэрэгтэй байгаа. Хэн нэгний үйлчлэх чадварт гэрлэсэн эсэх нь ямар ч хамаагүй шүү дээ. Итгэлтэй мөн тэвчээртэйгээр Түүнийг хүлээж, үйлчилдэг хүмүүсийг Их Эзэн хүндэлдэг.14

Дөрөвдүгээрт, Бурхан Өөрийн бүх хүүхдэд мөнх амьдралыг санал болгодог. Аврагчийн өгсөн наманчлалын бэлгийг хүлээн авч, Түүний зарлигуудын дагуу амьдрах бүх хүн мөнх бус амьдралд үүний бүх шинж чанар хийгээд төгс төгөлдөр байдлыг бүрдүүлээгүй байсан ч мөнх амьдралыг хүлээн авах болно. Наманчилдаг хүмүүс Их Эзэний амласанчлан, Түүний уучлахдаа бэлэн байдгийг мэдэж авах болно: “Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно.”15

Эцэст нь дүгнэн хэлэхэд, сонгох эрх чөлөө болон сонголттой, ялангуяа мөнх амьдралыг хүлээн авах шаардлагыг хангахтай холбоотой хүмүүний чадамж, хүсэл, боломжийг зөвхөн Их Эзэн шүүж чадна.

Тавдугаарт, эдгээр амлалт дахь бидний итгэлтэй байдал мөнх бус амьдралд холбогдох бүх зүйлийг нигүүлслээр зөвтгөх Есүс Христэд итгэх бидний итгэлтэй холбогдсон байдаг юм.16 Амлагдсан бүх адислал Түүний Цагаатгалаар, “бүх зүйлийн доор бууж,”17 “ертөнцийг ялсан”18 Түүгээр дамжуулан боломжтой болсон. Тэр “Хүмүүний үрсийн дээрх өөрийн нигүүлслийн эрхийг Эцэгээс шаардахаар Бурханы баруун мутар талд суулаа… ; иймийн тул тэрбээр хүмүүний үрсийн хэргийг өмгөөлдөг.”19 Эцэст нь, “гэгээнтнүүд алдар суугаар дүүргэгдэх болно, мөн “Христийн хамтран залгамжлагчдын хувиар”20 “өөрсдийн өвийг хүлээн авах болно.”21

Христэд улам бүр найдаж, үүний нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд нь эдгээр зарчим бүх хүнд туслаасай гэж бид чин зүрхнээсээ хүсдэг.

Та Бурханы буюу Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхэд гэдгээ хэзээ ч бүү мартаарай. Тэрээр танд хайртай. Сүм таныг ирээсэй гэж хүсдэг. Та Сүмд хэрэгтэй. Тийм ээ, та бидэнд хэрэгтэй! Бидэнд таны дуу хоолой, авьяас, чадвар, сайн сайхан чанар, зөв шударга байдал хэрэгтэй.

Олон жилийн турш бид “ганц бие залуучууд,” “ганц бие насанд хүрэгчид,” “насанд хүрэгчид”-ийн тухай ярьсан. Энэ нэр томьёонууд зохион байгуулалт хийхэд зарим тохиолдолд тус дэм болж байсан ч бидний бусдыг харах өнцгийг цаагуураа өөрчилж байв.

Өөрсдийгөө бусдаас ялгаж зааглах хүмүүний хандлагаас зайлсхийх арга зам байна уу?

Ерөнхийлөгч Нэлсон биднээс өөрсдийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэж хэлдэг байхыг хүссэн. Энэ нь бид бүгдийг хамаатуулж байгаа хэрэг биш гэж үү?

Есүс Христийн сайн мэдээнд биднийг нэгтгэх хүч бий. Бидний ижил тал ялгаатай талаасаа хавьгүй их. Бурханы гэр бүлийн гишүүдийн хувьд бид бүгдээрээ үнэхээр ах, эгч, дүүс юм. Паул “[Бурхан] газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээсэн”22 хэмээн хэлсэн байдаг.

Гадасны ерөнхийлөгч, бишопууд мөн чуулгын болон эгч нарын удирдагч та нарт хандан хэлэхэд, гадас, тойрог, чуулга, бүлгийнхээ гишүүн бүрийг дуудлагынхаа хүрээнд үйлчилж, хувь нэмрээ оруулж, өөр олон арга замаар оролцож чадах гишүүн гэдгээр бодож үзэхийг би хүсье.

Бидний чуулга, бүлэг, тойрог, гадасны гишүүн бүрд яг одоо Бурханы хаант улсыг байгуулахад тусалж чадах Бурханаас өгсөн бэлэг, авьяас чадвар бий.

Ганц бие гишүүдээр үйлчлүүлж, өргөн дэмжүүлж, заалгуулахын тулд тэднийг дуудацгаая. Зарим тохиолдолд санамсаргүй байдлаар тэднийг ганцаардуулж, үйлчилж чадахгүй, аль нэгэн хэсэгт хамааралгүй гэж бодогдуулахад хүргэдэг хуучинсаг үзэл баримтлалаа хаяцгаая.

Бидний Аврагч Есүс Христийн амилсан энэхүү ням гаргийн баярт өдөр надад болон Түүний нэрэнд итгэдэг хүн бүрд өгсөн мөнхийн найдварыг би гэрчилж байна. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр даруухнаар гэрчилж байна, амен.