Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг
Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх тусам биднийг хүрээлэн байж болох харанхуйг үлдэн хөөх гэрлийг бид хүлээн авдаг.
Хайрт ах, эгч нар аа, бидний Их Эзэн, Аврагч, Есүс Христийн амилсан өдрийн өглөө гийсэн алдар суут гэрлийг би энэхүү адислагдсан Христийн амилсны баярын ням гарагт та нартайгаа хамт төсөөлөн харж, баясаж байна.
Мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Есүс “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно”1 хэмээн тунхаглажээ. Христийн сүнс “бүх зүйлд байдаг, [мөн] бүх зүйлд амьдралыг өгдөг.”2 Энэ нь биднийг хүрээлэх байсан харанхуйг ялан дийлдэг.
Хэдэн жилийн өмнө би хоёр хүүгийнхээ хамт өсвөр насны залуусын бүлэгтэй хамт Moaning Cavern [Дуут агуй] руу адал явдал хайн аялсан юм. Нэгэн цагт энэхүү агуйн амаас дуу авиа гарч, цуурайтдаг байсан тул ийн нэрлэсэн байдаг. Энэ агуй 55 метр гүн ба Калифорни дахь хамгийн том босоо ганц агуй юм.
Агуй руу доош буухын тулд аюулгүй дугуй шатаар буух юм уу олсоор агуйн ёроол руу буух гэсэн хоёр л арга зам бий. Би хөвгүүдтэйгээ олсоор буухыг сонгосон. Том хүү маань эхэлж доош буув. Харин бага хүү бид хоёр хамт буухын тулд зориуд сүүлд нь буухаар болж билээ.
Хөтчүүдийг зааварчилгаа өгч, биднийг бат бөх олсоор бэхэлсний дараа бид бага багаар ухарч буусаар, улам цаашилбал буцаж гарах боломжгүй болох мөн агуйн амаар тусах нарны гэрэл цааш харагдахгүй болох эцсийн заагт ирээд, өөрсдийгөө зоригжуулахаар зогсов.
Биднийг хойшоо дахин нэг алхахад, Эрх чөлөөний хөшөөг бүхэлд нь залгиж чадахуйц маш гүн, өргөн ангал мэт том агуй угтах нь тэр. Бид олсноос дүүжлэгдсээр аажуухан эргэж, нүд маань ч харанхуйд даслаа. Биднийг доошлон буух явцад цахилгаан гэрэл агуйн ер бусын гайхмаар гялтганах шовх үзүүрт хадан унжлагуудыг гэрэлтүүлэв.
Гэтэл гэнэт тас харанхуй болов. Ангалын дээр дүүжлэгдсэн биднийг олсноосоо тас зуурсан гараа ч харж чадахааргүй хав харанхуй нөмрөн авч билээ. Яг тэр мөчид “Аав аа, аав аа, та байна уу?” гэсэн дуу гарч,
“Байна аа, хүү минь, би яг энд байна” гэж би хариулав.
Гэнэт гэрэлгүй болдог нь цахилгаан гэрэлгүйгээр энэхүү агуй ямар таг харанхуй болохыг харуулахаар төлөвлөсөн хэрэг байжээ. Төлөвлөгөө ёсоор бид харанхуйг “мэдэрсэн.” Гэрэл эргэн асахад, харанхуй гэрэлд үргэлж ялагддаг шиг, бүр өчүүхэн гэрэлд ч ялагддаг шиг тэр даруй харанхуйлахаа болив. Энэ явдлаас бид урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй харанхуйн талаарх дурсамжийг болон тэрхүү гэрэлд илүү их талархах хэзээ ч мартагдахгүй талархлыг мөн харанхуйд бид хэзээ ч ганцаараа байдаггүй гэсэн баталгааг авч үлдсэн юм.
Агуй руу буусан аялал маань бидний мөнх бус амьдралын аялалтай зарим талаараа төстэй. Бид тэнгэрийн алдар суут гэрлээс явж, марталтын хөшгөөр дамжин харанхуй дэлхийд буусан. Тэнгэрлэг Эцэг маань биднийг харанхуйд хөсөр хаяагүй, харин бидний аялалд Өөрийн Хайрт Хүү Есүс Христээр дамжуулан гэрэл өгөхөөр амласан.
Нарны гэрэл дэлхий дээрх амьд бүхэнд чухал ач холбогдолтой гэдгийг бид мэднэ. Бидний сүнслэг амьдралд Аврагчаас цацрах гэрэл мөн адил чухал ач холбогдолтой. Бурхан “дэлхийд ирдэг”3 хүн бүрийг “сайныг хилэнцтээс ялган мэдэж,”4 “үргэлж сайныг үйлдэхэд”5 өдөөгдөөсэй гэсэндээ Христийн гэрлийг Өөрийн төгс хайраар өгдөг. Тэрхүү гэрэл нь бидний ухамсар гэж ихэнхдээ нэрлэдэг тэр зүйлээр дамжуулан өөрийгөө илчилж, биднийг ямагт илүү сайн үйл хийхийг мөн хамгийн сайнаараа байх хүслийг өдөөж өгч байдаг.
Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх тусам биднийг хүрээлэн байж болох харанхуйг үлдэн хөөх гэрлийг бид хүлээн авдаг. “Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг.”6
Христийн гэрэл биднийг “Бурханы Сайн мэдээний үнэнд итгүүлэх хүч”7 болох Ариун Сүнсний тохинууллын нөлөөллийг хүлээн авахад бэлддэг. Бурхан Тэргүүтэний гуравдагч гишүүн болох Ариун Сүнс бол “сүнсэн хүн”8 юм. Тэнгэрлэг Эцэгийн мөнх бус байдалд танд заяасан хамгийн агуу гэрлийн эх үүсвэр нь “оюуныг чинь гэгээрүүлж [мөн] сүнсийг чинь баяраар дүүргэхэд”9 нөлөөлдөг Ариун Сүнсээр дамжин ирдэг.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд сэргээгдсэн санваарын эрх мэдлээр та нүглээс ангижруулах усанд умбуулалтаар баптисм хүртдэг. Дараа нь таны толгой дээр гар тавин, энэхүү гайхамшигт, Ариун Сүнсний “үгээр илэрхийлшгүй бэлгийг”10 танд өгдөг.
Үүний дараа таны хүсэл тэмүүлэл, үйлдэл гэрээний зам дээр төвлөрсөн байх аваас Ариун Сүнс таны доторх гэрэл болж, үнэнийг гэрчлэн11, аюулыг сэрэмжлүүлж, тайтгаруулан,12 ариусгаж13 мөн зүрх сэтгэлийг тань амар амгалан14 болгодог.
“Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг”15 тул Ариун Сүнстэй байнга нөхөрлөх нь таныг гэрэлд байлгах сонголтуудыг хийхэд хөтөлнө; эсрэгээрээ Ариун Сүнсээр нөлөөлүүлэлгүй гаргасан шийдвэрүүд тань таныг сүүдэр, харанхуй руу хөтлөх хандлагатай байдаг юм. Ахлагч Робэрт Д.Хэйлс “Гэрэл байхад харанхуй замхарч арилах ёстой. Ариун Сүнсний сүнслэг гэрэл байхад Сатаны харанхуй арилдаг”16 гэж заасан.
Миний амьдралд тэрхүү “гэрэл” байгаа юу? Хэрэв байхгүй бол хамгийн сүүлд хэзээ надад байсан бэ? гэсэн асуултыг та нар одоо өөрсдөдөө тавих цаг нь болсон гэж би хэлмээр байна.
Нарны туяа өдөр бүр дэлхийг шинэчилж, амь амьдралыг тэтгэдэг шиг Есүс Христийг дагахыг сонгосноор чи өдөр бүр өөрийн доторх гэрлийг илүү сайн гэрэлтүүлж чадна.
Бурханыг эрэлхийлэн залбирах, “Түүнийг сонсохоор”17 судраас судлах, амьд бошиглогчдынхоо зөвлөмж, илчлэлтийн дагуу үйлдэх болон “Их Эзэний бүх ёслолд алхахын”18 тулд зарлигуудыг дагаж мөн сахих бүрд тань нарны туяа бага багаар нэмэгддэг.
Наманчлах бүрдээ та сүнслэг нарны гэрлийг бодгальдаа мөн амар амгаланг амьдралдаа урих болно. Та Аврагчийн нэрийг өөр дээрээ авахаар долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, Түүнийг байнга дурсан санаж, зарлигуудыг нь сахиснаар Түүний гэрэл таны дотор үргэлж гэрэлтэх болно.
Сайн мэдээг хуваалцаж, гэрчлэлээ хэлэх бүрд нарны гэрэл сэтгэлд тань асаж байх болно. Аврагчийн адилаар бие биедээ үйлчлэх бүрд та зүрх сэтгэлдээ Түүний халуун дулааныг мэдрэх болно. Тэнгэрлэг Эцэгийн гэрэл Түүний ариун сүмд оршдог ба Их Эзэний өргөөнд очдог бүх хүний дээр тусдаг. Бодгальд тань орших Түүний гэрэл таны сайхан сэтгэлийн үйлдэл, тэвчээр, уучлал, энэрлээр нэмэгддэг бөгөөд таны баяр баясгалантай царайнаас харагддаг. Нөгөөтээгүүр, хэрвээ бид уурлахдаа хэт хурдан эсвэл уучлахдаа хэт удаан байвал сүүдэрт алхана. “Нарны гэрэл рүү чиглэн алхах тусам сүүдэр ард тань хоцрохоос өөр аргагүй болно.”19
Ариун Сүнстэй нөхөрлөхүйц зохистой амьдрах тусам “илчлэлт хүлээн авах сүнслэг чадавх чинь нэмэгдэх болно.”20
Амьдралд бэрхшээл, саад байдаг бөгөөд бид бүгд харанхуй өдрүүд болон салхи шуургатай нүүр тулах ёстой болдог. Энэ бүхнийг туулахдаа, хэрвээ бид “Бурханыг амьдралдаа ялуулах”21 юм бол Ариун Сүнсний гэрэл бидэнд тулгарч буй сорилт бэрхшээл утга учиртай, зорилготой байдгийг илчилж мөн эдгээр нь биднийг илүү сайн хүн, Христэд илүү найддаг, илүү бат итгэлтэй, илүү бүрэн дүүрэн хувь хүмүүс болгон хувиргаж, Бурхан бидний харанхуй өдрүүдэд бидэнтэй хамт байсныг мэдэх болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Гай зовлон дагуулсан харанхуй ихсэх нь Есүс Христийн гэрлийг улам тод гэрэлтэхэд хүргэдэг”22 гэж заасан байдаг.
Амьдралын цаг мөчүүд бодож байгаагүй, хүсээгүй газарт биднийг аваачиж чадна. Хэрэв нүгэл чамайг тийшээ хөтөлсөн бол харанхуйн хөшгийг яран, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр Тэнгэрлэг Эцэгтээ даруухнаар ойртож эхэл мөн наманчил. Тэр чиний үнэн сэтгэлийн залбирлыг сонсох болно. “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно.”23 Та нар үргэлж Есүс Христийн Цагаатгалын хүчинд харьяалагдаж байх болно.
Би буянт сайн эцэг эхээс болон Есүс Христийн гэрэл, сайн мэдээг дагадаг итгэлтэй өвөг дээдсээс гаралтай бөгөөд тэдний амьдрал сүнслэг байдлын хувьд мятаршгүй хойч үеийнхнийг адисалсан юм. Миний аав өөрийн аав Мило Т Дайкэсын тухай мөн түүний Бурханд итгэх итгэл нь өдөр шөнийн алинд ч түүний хувьд гэрэл болдог байсан талаар байнга хуваалцдаг байв. Өвөө минь ой хамгаалагч байсан ба ихэвчлэн ууланд ганцаараа явдаг мөн Бурханы удирдамж, хайр халамжид амьдралаа ямар ч эргэлзээгүй даатгадаг нэгэн байж билээ.
Нэгэн намрын сүүлчээр өвөө минь өндөр уулс дунд ганцаараа явж байжээ. Өвөл хэдийнээ хаяанд ирсэн байлаа. Өвөө минь хайртай морьдынхоо нэг болох Принс хэмээх хөгшин морио эмээллээд, гуалин моднуудыг банз болгон хөрөөдөхөөс өмнө очиж хэмжихээр мод бэлтгэх газар луу явжээ.
Бүрэнхий болоход тэр ажлаа дуусгаад, мориндоо мордов. Тэгтэл хүйтэрч, өвлийн ширүүн цасан шуурга уулыг бүрхэв. Гэрэл ч үгүй, хөтлөх зам ч харагдахгүй болсон тул тэрээр байгаль хамгаалагчдын байр луу буцааж аваачна байх гэж бодсон зүгтээ Принсийг чиглүүлжээ.
Харанхуйд олон километр явсны дараа Принс сажилж, сүүлдээ бүр зогсов. Өвөө минь Принсийг хөдөлгөх гэж олон удаа хүчилсэн ч огт хөдөлсөнгүй. Цасан шуурга нүүр нүдгүй балбахад өвөө минь Бурханы тусламж хэрэгтэйг ухаарчээ. Тэрээр амьдралынхаа турш залбирсаар ирсэн шигээ даруухнаар “ямар ч эргэлзээгүй, итгэлээрээ гуй[в].”24 Гэтэл нэгэн намуун зөөлөн дуу хоолой “Мило жолоогоо тавь” гэж хариулсан байна. Өвөөг дуулгавартайгаар жолоогоо сул тавихад Принс буцаж эргэн, өөр зүг рүү хөдөлжээ. Нэлээн хэдэн цаг явсны дараа Принс дахин зогсоод, толгойгоо гудайлгав. Ийнхүү хүчтэй цасан шуурганаар өвөө минь байгаль хамгаалагчдын байранд эсэн мэнд ирснээ харсан байна.
Өглөө нь нар мандмагц өвөө минь цасанд бүдгэрсэн Принсийн явсан мөрийг мөшгөжээ. Тэрээр жолоогоо сул тавьсан газраа олоод, гүнзгий амьсгаа авав. Энэ газар нь өндөр уулын хадан хясааны яг ирмэг дээр байсан бөгөөд хэрэв нэг л алхам урагшилсан бол шовх хаднууд руу унаж, хоёул үхэх байжээ.
Энэхүү туршлага болон өөр олон туршлагад үндэслэн өвөө минь “Чиний хамгийн сайн, хамгийн агуу хамтрагч бол Тэнгэр дэх Эцэг чинь юм шүү” гэж байнга зөвлөдөг байж билээ. Аав минь өвөөгийн түүхийг ярихдаа
“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод.
Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана”25 хэмээн судраас эш татдаг байсныг нь би санаж байна.
Есүс Христ бол “харанхуйг гийгүүлдэг”26 үхэшгүй мөнхийн гэрэл гэдгийг би гэрчилж байна. Тэр гэрлийг дарах, мөхөөх, ялах эсвэл дийлж чадах ямар ч харанхуй гэж үгүй. Тэнгэрлэг Эцэг тэрхүү гэрлийг танд өгөөмрөөр өгөхийг хүсдэг. Та хэзээ ч ганцаараа биш. Тэр залбирал бүрийг сонсож, хариулдаг. Тэр “харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан.”27 Таныг “Эцэг минь, Эцэг минь, та тэнд байна уу?” гэж асуухад, Тэр “Би энд байна, хүү минь. Би энд байна” хэмээн хариулна.
Есүс Христ бидний Аврагч, Гэтэлгэгчийн28 хувьд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн гэдгийг би гэрчилж байна. Тэр бол бидний гэрэл, амьдрал, зам мөн. Түүний гэрэл хэзээ ч бөхөхгүй,29 суу алдар нь хэзээ ч мөхөхгүй. Тэр чамайг мөнхөд буюу өчигдөр, өнөөдөр мөн үүрд хайрлана. Есүс Христийн нэрээр, амен.