Ерөнхий чуулган
Түүний нэрээр адислах нь
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


13:4

Түүний нэрээр адислах нь

Санваарыг бидэнд өгөх болсон зорилго бол Их Эзэний өмнөөс, Түүний нэрээр хүмүүсийг адислах боломж олгох явдал юм.

Хүндэт ах нар аа, Бурханы санваарын хамтран үйлчлэгчид та бүхэнд энэ үдэш хандан ярина гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би та нарыг асар ихээр хүндэлж, талархаж явдгаа илэрхийлж байна. Та нартай ярьж, гайхалтай итгэлийн тань талаар сонсохдоо дэлхийд санваарын хүч өмнөхөөсөө илүү өсөн нэмэгдэж, чуулгууд нь улам хүчирхэгжиж, итгэлтэй санваартнууд хэзээ хэзээнээс илүү итгэлтэй болж байгаа гэдэгт би итгэдэг.

Та бүхэнд хандан ярих хэдэн хормынхоо туршид би санваарын хувийн үйлчлэлээ улам үр дүнтэй хийхийг хүсэж байгаа хүмүүст хандан ярих болно. Дуудлагаа эрхэмлэн биелүүлэх зарлигийг та нар мэднэ.1 Гэвч дуудлагаа эрхэмлэн биелүүлэх гэдэг нь өөрийн тань хувьд юу гэсэн үг болохыг та бодож байж болох юм.

Дөнгөж сая дуудагдсан диконуудаас эхэлье. Учир нь тэд санваарын үйлчлэлээ эрхэмлэн биелүүлэх гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар тодорхой сайн мэдэхгүй байх магадлалтай. Саяхан томилогдсон ахлагчид ч мөн сонсохыг хүсэж байж болох юм. Дуудагдаад хэдхэн долоо хоног болж байгаа бишопууд бас үүнийг сонирхож байгаа болов уу.

Дикон байсан үеэ эргэн харахад надад сургамжтай санагддаг. Тэр үед одоо та нарт өгөх гэж байгаа зөвлөгөөг хэн нэгэн надад өгсөн ч болоосой гэж би боддог. Тэгсэн бол энэ нь тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл хүлээн авсан санваарын үүрэг даалгавраа биелүүлэхэд надад туслах байсан.

Би маш жижигхэн салбарт диконоор томилогдсон тул салбарынхаа цорын ганц дикон, харин ах Тэд маань цорын ганц багш нь байсан юм. Мөн манай гэр бүл салбарынхаа цорын ганц гэр бүл байв. Салбарынхан маань бүгдээрээ гэрт маань цуглардаг байлаа. Ах, бид хоёрын санваарын удирдагч дөнгөж санваараа хүлээн авсан шинэ хөрвөгч байв. Гэрийнхээ зочны өрөөнд ариун ёслол түгээх нь санваарын маань цорын ганц үүрэг гэж би боддог байлаа.

Манай гэр бүл Юта руу нүүхэд би олон диконтой том тойрогт ирсэн юм. Анхны санваарын цуглаанаар, диконууд нь ариун ёслолыг түгээж байхдаа сайтар бэлтгэгдсэн баг шиг няхуур нямбай хөдөлж байгааг би анзаарав. Диконууд миний хувьд нэгэн арми шиг санагддаг.

Би их айсан байсан учраас дараагийн ням гарагт хэнд ч харагдалгүй ганцаараа байхын тулд тойргийн байрандаа эрт ирэв. Солт Лэйк Сити дэх Иэлкрэст тойрог байсан санагдаж байна. Ямар ч байсан хөшөөтэй байсан. Би хөшөөний ард ороод, ариун ёслолыг түгээхэд оролцохдоо яаж алдаа гаргахгүй байх вэ хэмээн тусламж гуйн чин сэтгэлээсээ залбирав. Миний залбирал ч хариулагдсан юм.

Гэхдээ санваарын үйлчлэлдээ өсөж хөгжихийг хичээхдээ энэ талаар залбирч, бодох өөр илүү сайн арга зам байдгийг би одоо мэднэ. Яагаад хүмүүст санваар хүртээдгийг ойлгож байж би үүнийг олж мэдсэн. Санваарыг хүлээн авах болсон бидний зорилго бол Их Эзэний өмнөөс, Түүний нэрээр хүмүүсийг адислах боломжтой байх явдал юм.2

Энэ нь амьдрал дээр яг ямар утга учиртай болохыг би дикон болсноосоо хойш нэг жил өнгөрсний дараа ойлгож билээ. Дээд прист байхдаа би асрах төвийн ариун ёслолын цуглаанд оролцохоор томилогдов. Надаас ариун ёслол түгээхийг хүсэхэд, би ариун ёслолыг түгээх явц, няхуур нямбай байх тухай бодохын оронд ариун ёслол түгээж байхдаа ариун ёслолоос хүртэж буй ахмад настнуудын хүн нэг бүрийн царай руу харсан. Тэдний дунд олон хүн уйлж байхыг би харсан юм. Нэгэн эмэгтэй миний ханцуйнаас зуурч, дээш харан, чангаар “Баярлалаа, баярлалаа” гэж билээ.

Их Эзэн Өөрийнх нь нэрээр үйлчилсэн миний үйлчлэлийг адисалсан. Би тэр өдөр үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх талаар биш, харин ийм гайхамшгийн төлөө, хайраар дүүрэн үйлчлэлээр минь дамжуулан хүмүүс Их Эзэний хайрыг мэдрээсэй гэж залбирсан байлаа. Энэ бол Түүний нэрээр бусдад үйлчилж, бусдыг адислахын түлхүүр юм байна гэдгийг би сурсан юм.

Саяхан болсон нэгэн үйл явдал тэр хайрыг надад сануулсан. КОВИД-19 цар тахлын улмаас Сүмийн бүх цуглааныг зогсооход, нэгэн тохинуулагч ах ахлагчдын чуулгын ерөнхийлөгчөөсөө өөрийн тохинуулдаг эгчийнд ариун ёслолыг адисалж, түгээх үүрэг даалгавар хүлээн авчээ. Түүнийг ариун ёслолыг адисалж, түгээх талаар ярихаар утсаар залгахад тэр эгч дурамжхан маягтай зөвшөөрч, ийм аюултай цаг үед уг ахыг гэрээс нь гаргаж байгаадаа дургүйцэж, удалгүй бүх зүйл хэвэндээ орно гэдэгт итгэж байв.

Тэр ахыг ням гаргийн өглөө гэрт нь ирэхэд мөнөөх эгч өөр нэг зүйл хүсмээр байгаагаа хэлжээ. Тэд хажуугийн хаалганд амьдардаг 87 настай хөрш эмэгтэйгийнд орж, ариун ёслолыг адисалж, түгээж өгч болох болов уу? Бишопын зөвшөөрлөөр тэр адисалж, түгээхээр боллоо.

Олон олон долоо хоног, хүн хоорондын зай барих болон бусад аюулгүйн зааврыг маш няхуур баримтлан энэхүү гэгээнтнүүдийн жижиг бүлэг ням гараг бүр, энгийн ариун ёслолд оролцохын тулд цугларсан юм. Талхны хэдхэн жижиг өөдөс, цөөхөн аяга устай байсан ч хайраар дүүрэн Бурханы нинжин сэтгэлийн хариуд олон дусал нулимс урссан.

Цаг хугацаа өнгөрөн, тохинуулагч ах, түүний гэр бүл мөн түүний тохинуулж байсан эгч сүмдээ дахин явах боломжтой болсон ч 87 настай бэлэвсэн хөрш эгчийг болгоомжлох үүднээс гэрт нь үлдээх болсон юм. Тохинуулагч ах энэ настай эгчид биш, түүний хөршид тохинуулах үүрэг авсныг та нар санаж байгаа байх. Тэр ах өнөөдрийг хүртэл ням гараг бүр түүний гэрт судар, жижигхэн талх хоёроо барьсаар Их Эзэний зоогийн ариун ёслолыг түгээхээр чимээгүйхэн очдог.

Тэр ах санваарын үйлчлэлээ асрах төвд тэртээх нэгэн өдөр миний үзүүлсэн үйлчлэлийн адил хайраар үзүүлсэн юм. Үнэндээ тэр тохинуулагч ах тохинуулах хэрэгтэй өөр хүн тойрогт нь байгаа эсэхийг бишопоосоо саяхан асуусан байна. Их Эзэний нэрээр, зөвхөн Түүний л мэдэх арга замаар үйлчлэх үед санваарын үйлчлэлээ эрхэмлэн биелүүлэх түүний хүсэл өсөн нэмэгдсэн байв. Тэр тохинуулагч ах Их Эзэний хайрыг мэдрүүлээч гэж өөрийн үйлчилж байгаа хүмүүсийн төлөө над шиг залбирсан эсэхийг би мэдэхгүй ч Их Эзэний нэрээр үйлчилсэн тул үр дүн нь ижилхэн байсан.

Намайг өвчтэй юм уу тусламж хэрэгтэй хүнд санваарын адислал өгөхөөсөө өмнө залбирах үед үүнтэй адил гайхамшигтай үр дүн гардаг. Яарч сандарсан эмч нар надад санваарын адислал өгөх боломж олгохын оронд, ажлаа хийхийн тулд намайг хурдхан замаасаа холдохыг шавдуулан, нэгэнтээ тушаахад ийм зүйл тохиолдсон юм. Би үлдээд, адислал өгөх болов. Эмч нарын үхэх байх гэж бодож байсан тухайн өдөр миний адисалсан бяцхан охин амьд үлдэж чадсан. Би тэр үед орхиж яваагүйдээ, харин Их Эзэн тэр бяцхан охинд адислал өгөхийг хүсэж буйг мэдэрсэндээ талархдаг. Би адислал ямар байхыг мэдэж байсан. Би түүнийг эдгээхийн тулд адисалсан. Тэр эдгэрсэн.

Орныхоо хажууд гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн, адислал аваад эдгэрнэ хэмээн хүсэн хүлээж буй, мөдхөн амьсгал хураах гэж байгаа хүнд адислал өгөхөд ийм үр дүн олон удаа гарч байв. Надад ганцхан хором үлдсэн байсан ч Их Эзэний нэрээр надаар өгүүлэх ямар адислал Түүнд байгааг мэдэхийн төлөө би үргэлж залбирдаг. Би бас эргэн тойронд нь байгаа хүмүүсийн хүслээр биш, харин Их Эзэн хэрхэн уг хүнийг адислахыг хүсэж байгааг мэдэхийг хүсэж залбирдаг. Миний олж харснаар, адислал нь өөрийнх нь эсвэл хайртай хүмүүсийнх нь хүссэн адислал байгаагүй ч Сүнс тэдний зүрх сэтгэлийг хөндөж, тэд сэтгэлээр унахын оронд адислалаа хүлээн зөвшөөрч, тайтгарах нь бий.

Патриарх ч гэсэн Их Эзэний хувь хүнд зориулсан адислалыг өгөхийн тулд удирдамж заавар авахаар мацаг барьж, залбирахдаа ийм сүнслэг өдөөлтийг хүлээн авдаг. Дахин хэлэхэд, намайг болон адислал хүлээн авч байгаа хүнийг гайхшируулж байсан олон адислалыг би сонсож байсан. Адислал Их Эзэнээс ирсэн нь гарцаагүй байсан ба сэрэмжлүүлэг, амлалт хоёрын аль алиныг агуулж байв. Патриарх өргөсөн залбирал, барьсан мацгийнхаа шагналыг Их Эзэнээс авсан.

Би зохистой байдлын ярилцлагыг хөтлөн явуулж байхдаа, Их Эзэн тухайн хүнд юу хүсэж байгааг мэдэрч, аливаа сүнслэг өдөөлтийг өөрийн шүүлтээр оруулалгүй хүргэхийн тулд Их Эзэнд хандан залбирч сурсан. Энэ нь Их Эзэн хэн нэгнийг хайраар засаж залруулан адислахыг хүсэх үед хэцүү байдаг. Өөрийн эсвэл өөр хүний хүслийг Их Эзэнийхээс ялган танихын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай.

Бид амьдралынхаа туршид, магадгүй энэ амьдралын дараа ч гэсэн санваарын үйлчлэлээ эрхэмлэн биелүүлж чадна гэдэгт би итгэдэг. Энэ нь Их Эзэний тааллыг мэдэхийг хичээж, Түүний дуу хоолойг сонсохын тулд гаргах хичээл зүтгэлээс маань хамаарна. Ингэж чадах юм бол Их Эзэний төлөө үйлчилж байгаа хүмүүст маань Тэрээр юу хүсэж байгааг бид илүү сайн мэдэж болно. Үүргээ ийн эрхэмлэн биелүүлэх нь жижиг алхмуудаас эхэлнэ. Энэ нь алгуур боловч ирэх болно. Их Эзэн үүнийг бидэнд ийн амласан.

“Учир нь миний ярьсан энэхүү хоёр санваарыг хүртэхэд, мөн дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд итгэлтэй байдаг хэн ч гэсэн, биеэ шинэчлэхийн тулд Сүнсээр ариусгагддаг бөлгөө.

Тэд Мосегийн хийгээд Аароны хөвгүүд мөн Абрахамын удам, мөн сүм ба хаант улс, мөн Бурханы сонгосон хүмүүс болдог.

Мөн тэрчлэн энэхүү санваарыг хүлээн авдаг тэд бүгд намайг хүлээн авдаг хэмээн Их Эзэн хэлдэг.”3

Бошиглогч Иосеф Смитэд санваарын түлхүүрүүдийг сэргээж өгсөн гэдгийг би гэрчилж байна. Бидний нүдний өмнө өрнөж, харж болох гайхамшигтай үйл явдлуудад зориулан санваарыг сэргээхийн тулд Их Эзэний үйлчлэгчид тэнгэрээс бууж ирсэн. Израил цугларч, Их Эзэний хүмүүс Түүний гайхамшигт Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдэж, Сэргээлт үргэлжлэх болно. Их Эзэн мөн Өөрийн өөр олон тааллыг бошиглогч, үйлчлэгчдэдээ илчилнэ.

Их Эзэний өгөх агуу илчлэлт, хийх өөрчлөлттэй харьцуулахад та дэргэд нь өчүүхэн жижиг мэт санагдаж болох юм. Хэрэв танд тэгж санагдвал, Их Эзэн хэрхэн таныг хардгийг залбирч байгаад асуугаарай хэмээн би урьж байна. Тэрээр таны хэн болохыг мэддэг. Тэр танд хайртай мөн Түүний хайрладаг хүмүүсийг Өөрийнх нь нэрээр адисална гэж итгэдэг тул та босоод, санваараа эрхэмлэн биелүүлэх нь Түүний хувьд чухал.

Одоо энэ мөчид Түүний хайр, итгэлийг мэдрэх болтугай хэмээн би та нарыг Их Эзэн Есүс Христийн нэрээр адисалж байна, амен.