Уур хүрмээр шударга бус байдал
Есүс Христ шударга бус байдлыг ойлгодог бөгөөд Түүнд эдгээх хүч бий.
1994 онд Африкийн зүүн бүс нутаг дахь Руанда улсад тохиолдсон хоморголон устгах явдал зарим талаараа овгийн гүн бугшсан сөргөлдөөнөөс үүдэлтэй байв. Хагас сая гаруй хүний амь нас үрэгдсэн гэсэн тооцоо гарсан байдаг.1 Гайхалтай нь, Руандагийн ард түмний ихэнх нь эвлэрэн нэгдсэн2 боловч энэ үйл явдлын үр нөлөө байсаар байна.
Арван жилийн өмнө эхнэр бид хоёр Руандад айлчлахдаа, Кигали онгоцны буудал дээр нэг зорчигчтой яриа өрнүүлсэн юм. Тэрээр хоморголон устгах явдал дэндүү муухай шударга бус зүйл байсан тухай халаглан, “Хэрэв Бурхан байдаг юм бол энэ талаар ямар нэг зүйл хийхгүй байх байсан гэж үү?” хэмээн эрс ширүүн асууж билээ. Зовлон зүдгүүр, харгис хэрцгий шударга бус байдал нь тэр хүнд ч, бидний олонхын хувьд ч сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн бодит байдалтай нийцэхгүй байгаа мэт санагдаж болно. Гэвч Тэр бодит бөгөөд сайхан сэтгэлтэй, бас Өөрийн хүүхэд бүрийг төгс хайрладаг. Энэ хоёрдмол ойлголт нь хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш байсаар ирсэн бөгөөд үүнийг гарчиг шиг цөөн үгээр эсвэл машины наалт дээр байдаг үг шиг тайлбарлах боломжгүй юм.
Үүнийг зах зухаас нь ойлгохын тулд янз бүрийн шударга бус байдлын талаар судалж шинжицгээе. Нэг гэр бүлд хүүхэд нь гэр орны энгийн ажил хийснийхээ төлөө долоо хоног бүр мөнгөн тэтгэмж авдаг байж гэж бодъё. Хүү Жон нь мөнгөөрөө чихэр худалдан авсан бол охин Анна нь мөнгөө хадгалдаг байжээ. Эцэст нь Анна өөртөө унадаг дугуй худалдан авав. Анна унадаг дугуйтай болж, өөрт нь харин дугуй байхгүй байгаа нь шударга бус явдал гэж Жон боджээ. Гэхдээ эцэг эхийнх нь оролцоо энд байгаагүй, харин Жоны өөрийнх нь сонголт л тэгш бус байдалд хүргэсэн шүү дээ. Анна чихэр авч идэх гэсэн хүслээ дарахаар шийдсэнээрээ Жонд шударга бус хандсан хэрэг биш юм. Яагаад гэвэл, Жонд ч гэсэн эгчийнхтэй нь яг адилхан боломж байсан.
Үүнтэй адил, бидний хийсэн сонголт урт хугацааны давуу эсвэл сул талуудыг бий болгодог. Их Эзэний илчилснээр, “Хэрэв хүн өөрийн хичээл зүтгэл мөн дуулгавартай байдлаар дамжуулан бусдаас илүү мэдлэг мөн оюун билгийг энэ амьдралд хуримтлуулах аваас, тэрээр ирэх дэлхийд маш их давуу талтай байх болно.”3 Бусад хүнийг хичээнгүй сонголтынхоо үр шимийг хүртэх үед бид адилхан боломжтой байсан атлаа шударга бус хандлаа гэж дүгнэх нь буруу.
Шударга бус байдлын өөр нэг жишээ гэвэл, миний эхнэр Рутад бага байхад нь тохиолдсон нэг үйл явдал юм. Нэг өдөр ээж нь охин дүү Мэрлад нь шинэ гутал авч өгөхөөр дагуулан явах гэж байгааг Рут мэджээ. Рут “Ээж, наадах чинь шударга бус байна! Мэрла саяхан шинэ гутал авсан шүү дээ” гэж гомдоллов.
Ээжийгээ “Рут, чиний гутал таарч байгаа юу?” гэж асуухад
тэр “Таарч байгаа л даа” гэж хариулжээ.
Харин ээж нь “Тэгвэл Мэрлагийн гутал багадсан байна” гэж хэлсэн юм.
Рут гэрийнх нь хүүхэд бүр таарсан гуталтай байх ёстой гэдэгтэй санал нэг байлаа. Хэдийгээр Рут шинэ гуталтай болохыг хүсэж байсан ч нөхцөл байдлыг ээжийнхээ нүдээр хараад, шударга бус хандаж байна гэж бодохоо больсон юм.
Зарим нэг шударга бус байдлыг тайлбарлах боломжгүй байдаг ч тайлбарлах аргагүй шударга бус байдал уур хүргэдэг. Төгс бус, гэмтэж бэртсэн, өвчин зовлонд нэрвэгдсэн биетэй амьдрах нь шударга бус мэт мэдрэмж төрдөг. Мөнх бус амьдрал угаасаа л шударга бус юм. Зарим нь баян чинээлэг орчинд төрсөн байхад зарим нь тийм биш байдаг. Зарим нь хайраар дүүрэн эцэг эхтэй байхад, заримд нь тийм эцэг эх байдаггүй. Зарим нь урт удаан амьдардаг байхад, зарим нь богино насалдаг. Иймэрхүү жишээ олон бий. Зарим нь сайн үйл хийхийг хичээж байхдаа ноцтой алдаа гаргадаг. Зарим нь чадах байсан мөртлөө шударга бус явдалтай тэмцдэггүй. Зарим нь болохгүй гэдгийг мэдсээр байж Бурханы өгсөн сонгох эрхийг бусдыг зовоож шаналгахын тулд ашигладаг.
Янз бүрийн шударга бус байдал нэгдэн нийлсээр, дийлдэшгүй хар шуурга мэт шударга бус байдлыг үүсгэсэн байдаг. Жишээлбэл, КОВИД-19 цар тахал нь олон янзын суурь хүчин зүйл, нөхцөл байдлын улмаас шалтгаалан таагүй нөхцөлд амьдарч байгаа хүмүүст тэгш бус хэмжээгээр хүндхэн тусаж байна. Ийм шударга бус байдалтай тулгарсан хүмүүсийг харахад зүрх шимширдэг ч гэсэн Есүс Христ шударга бус байдлыг ойлгодог төдийгүй шийдвэрлэж өгөх хүчтэй гэдгийг би шаналж байгаа зүрхнийхээ угаас тунхаглая. Тийм шударга бус байдалтай нүүр тулгарсан хүн Түүнээс өөр байхгүй. Хүн төрөлхтний бүх зовлон шаналлыг амссан нь шударга явдал байгаагүй. Тэрээр миний болон таны үйлдсэн нүгэл, алдааны төлөө зовж шаналсан нь шударга явдал байгаагүй. Гэвч Тэр биднийг болон Тэнгэрлэг Эцэгийг хайрладаг тул энэ бүхнийг хийхээр шийдсэн юм. Тэр бидний туулж, амсаж байгаа бүхнийг төгс ойлгодог.4
Эртний израилчууд Бурханыг өөрсдөд нь шударга бус хандаж байна гэж гомдоллож байсан тухай сударт цэдэглэсэн байдаг. Үүний хариуд Иехова “Учир нь эх хүн хөхүүл хүүхдээ мартаж хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу?” гэж асуусан. Үрдээ хайртай эх хүн нялх үрээ мартдаггүйн адил, үнэнч сэтгэл хэзээ ч хувирахгүй хэмээн Иехова тунхагласан юм. Тэрээр “Хэдийгээр тэд мартаж болох ч Би чамайг мартахгүй. … Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө”5 хэмээн батлан хэлсэн. Есүс Христ эцэс төгсгөлгүй цагаатгагч золиосыг хийсэн учраас бидний зовлонг төгс ойлгодог.6 Тэр бидний хэн гэдгийг мөн нөхцөл байдал маань ямар байгааг үргэлж мэддэг.
Мөнх бус амьдралд нигүүлслийг олж авч, эдгэрч, тусламж дэмжлэг хүлээн авахын тулд бид Аврагчид “зоримгоор очи[ж]”7 чадна. Ямар ч шалтгаангүйгээр зовж зүдэрч байхад ч гэсэн Бурхан биднийг энгийн, ердийн, ач холбогдол бүхий арга замаар адисалж чадна. Эдгээр адислалыг ялган таньж сурах үед Бурханд итгэх итгэл маань өсөн нэмэгдэх болно. Мөнх амьдралд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бүх шударга бус явдлыг шийдвэрлэж өгнө. Бид яаж мөн хэзээ гэдгийг ойлгохыг хүсэх нь мэдээж. Тэд яаж үүнийг хийх юм бол? Тэд хэзээ үүнийг хийх юм бол? Миний мэдэж байгаагаар Тэд хэзээ, яаж гэдгээ илчлээгүй.8 Гэхдээ тэд илчлэх болно гэдгийг би мэднэ.
Шударга бус нөхцөл байдалд орохдоо бидний биелүүлбэл зохих үүргүүдийн нэг бол “Амьдралын талаарх шударга бус юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин зөв болгогдох болно” 9 гэдэгт итгэх явдал юм. Есүс Христ энэ дэлхийг ялан дийлж, бүх шударга бус зүйлийг “Өөр дээрээ авсан.” Түүний ачаар бид энэ дэлхийд амар амгаланг мэдэрч, зоригтой байж чадна.10 Түүнд боломж олгох юм бол Есүс Христ шударга бус байдлыг бидэнд ашигтайгаар эргүүлж чадна.11 Тэр биднийг тайтгаруулж, алдагдсаныг сэргээхээс12 гадна шударга бус байдлыг бидний тусын тулд ашиглах болно. Хэзээ, яаж гэсэн асуултын хувьд бид үүнийг Алмагийн адил хэзээ, яаж гэдэг нь “үл хамаарах болно. Учир нь Бурхан эдгээр бүх зүйлийг мэддэг; мөн энэ нь тохиохыг мэдсэн нь надад хангалттай”13 гэдгийг бид олж харан, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Бид өөрт байгаа хэзээ, яаж гэсэн асуултаа түр хойш тавихыг хичээн, Есүс Христэд болон Түүнд бүхнийг засаж залруулах хүч байгаа гэдэгт мөн Тэрээр засаж залруулахыг хүсдэг14 гэдэгт итгэх итгэлээ хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг. Бидний хувьд хэзээ, яаж гэдгийг мэдэхийг шахаж шаардах нь үр ашиггүй бөгөөд эцсийн эцэст үүнийг миопи буюу алсын хараагүй байгааг илтгэдэг.15
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн зэрэгцээ бид Түүнтэй адилхан болохыг эрэлхийлэх хэрэгтэй. Бусдад энэрэнгүй сэтгэлээр хандаж, шударга бус зүйлтэй тулгарах үедээ тэмцэх юм бол16 бид өөрсдийн нөлөөлж чадах хүрээнд засаж залруулахыг хичээх ёстой. Үнэхээр бид “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой”17 хэмээн Аврагч зааварласан.
Шударга бус явдлын эсрэг санаа сэтгэлээ бүрэн зориулан тэмцэж яваа хүмүүсийн нэг бол өмгөөлөгч Брайан Стивэнсон юм. Нэгдсэн Улс дахь түүний хуулийн компани хилс хэрэгт хэлмэгдэгчдийг өмгөөлөх, хэт хатуу шийтгэлийг болиулах, хүний үндсэн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Хэдэн жилийн өмнө ноён Стивэнсон хүн амины хилс хэрэгт хэлмэгдэж, цаазын ял авсан хүнийг өмгөөлжээ. Хэдийгээр тэр эр сүмд идэвхтэй явдаггүй мөн гэр бүлээс гадуурх харилцаанд орсноосоо болж олны өмнө нэр хүндээ алдсан байсан ч ноён Стивэнсон орон нутгийн Христийн сүмээс нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн байлаа.
Цугларагсдын анхаарлыг бодит асуудал дээр төвлөрүүлэхийн тулд ноён Стивэнсон садар самуун үйлийнхээ төлөө Есүсийн өмнө авчрагдсан нэгэн эмэгтэйн тухай түүхийг ярьжээ. Буруутгагчид чулуу шидэж түүнийг алахыг хүсэхэд Есүс “Нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид”18 хэмээн хэлснээр буруутгагчид нь тарж явдаг. Есүс тэр эмэгтэйг буруутгаагүй бөгөөд дахин нүгэл бүү үйлд хэмээн зарлигласан.19
Энэ түүхийг ярьсныхаа дараа ноён Стивэнсон өөрийн зөв гэдэгт хэт итгэх итгэл, айдас хүйдэс, уур уцаар Христэд итгэгчдийг хүртэл бүдэрч унасан хүмүүс рүү чулуу шидэхэд хүргэдэг болохыг онцолсон юм. Дараа нь тэрээр “Би ийм явдал болж байгааг зүгээр хараад сууж чадахгүй” гээд, цугларагсдыг “чулууг замаас нь барьдаг”20 хүмүүс болохыг уриалжээ. Ах, эгч нар аа, чулуу шидэхгүй байх нь бусдад нигүүлсэнгүй хандах анхны алхам юм. Харин хоёр дахь алхам бол бусдын шидсэн чулууг замаас нь барьж авах явдал билээ.
Таатай, таагүй явдлыг хэрхэн шийдвэрлэх нь амьдрал гэгч сорилтын нэгэн хэсэг. Бид хэлсэн үгээрээ биш, харин сул дорой, хүнд байдалд байгаа хүмүүст хэрхэн хандсанаараа шүүгдэнэ.21 Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид Аврагчийн үлгэр жишээг даган, сайныг үйлдэхийг эрэлхийлдэг.22 Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийн нэр хүндийг хамгаалахын тулд ажилласнаар хөршдөө хайртайгаа харуулж чадна.
Өөрсдийн сул болон давуу талыг санаж, эргэцүүлэн бодох нь эрүүл сэтгэлгээ. Жоны хувьд Анна яагаад унадаг дугуйтай болсныг ойлгох нь нүдийг нь нээсэн хэрэг болсон. Рутын хувьд Мэрлад гутал хэрэгтэй байгааг ээжийнхээ нүдээр харсан нь түүнийг ухааруулсан. Аливаа зүйлийг мөнхийн талаас харах нь нөхцөл байдлыг тодорхой ойлгоход тусалдаг. Аврагчтай илүү адилхан болох үед бидний өрөвдөх сэтгэл, бусдыг ойлгох чадвар, энэрэл илүү сайн хөгждөг.
Кигалид танилцсан зорчигч Руандад болсон хоморголон устгах явдал шударга бус байсан талаар халаглан ярьж, “Хэрэв Бурхан байдаг юм бол Тэр энэ талаар ямар нэг зүйл хийхгүй байх байсан гэж үү?” хэмээн асуусныг эргэж харъя.
Хоморголон устгах явдлын уршгаар хүмүүст учирсан гай зовлонг үгүйсгэлгүйгээр мөн тийм зовлон шаналал ямар байдгийг мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрснийхөө дараа бид Есүс Христ уур хүргэмээр шударга бус байдлыг шийдвэрлэхийн тулд юу хийсэн тухай түүнд ярьж өгсөн.23 Бид Есүс Христийн тухай мөн Түүний сэргээгдсэн Сүмийн тухай сайн мэдээний олон сургаалыг түүнд тайлбарласан.24
Үүний дараа, танилцсан залуу маань биднээс “Нас барсан эцэг эх, авга ахынхаа төлөө хийж чадах зүйл надад байгаа гэсэн үг үү?” гэж нулимс цийлэгнүүлэн асуухад,
бид “Тийм ээ, байгаа” гэж хэлсэн юм. Дараа нь бид амьдралд тохиох шударга бус санагдаж байгаа бүх зүйл Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдож, Түүний эрх мэдлээр гэр бүлүүд мөнхөд холбогдох боломжтой гэдгийг гэрчилсэн.
Шударга бус зүйлтэй тулгарах үед бид өөрсдийгөө Бурханаас холдуулж болно, аль эсвэл Түүнд хандан тусламж, дэмжлэг авч болно. Жишээлбэл, нифайчууд, леменчүүдийн хооронд олон жил үргэлжилсэн дайн дажин хүмүүст өөр өөр байдлаар нөлөөлсөн. Мормон “олных нь зүрх сэтгэл хатуур[сан]” байхад “олных нь зүрх сэтгэл зүдгүүрүүдийнхээ учир зөөлөрч, үүний хэрээр тэд Бурханы өмнө … өөрсдийгөө даруусгасныг”25 ажиглажээ.
Шударга бус байдлаас болж хахир хатуу болж, Бурханд итгэх итгэлээ зэврүүлэх хэрэггүй. Оронд нь Бурханаас тусламж гуйгаарай. Аврагчид талархах талархал, итгэл найдвараа нэмэгдүүл. Өшөө хорслоор дүүрэхийн оронд илүү сайн болоход тань туслах боломжийг Түүнд олго.26 Зовлон бэрхшээлээ “Христийн баясалд авт[уулахын тулд]27 цөхрөлтгүй байхад туслах боломжийг Түүнд олго. “Шаналсан зүрхтэйг эдгээх”28 гэсэн Түүний үйл хэрэгт нэгдэн, шударга бус байдлыг багасгаж, чулууг барьж авагч болохыг хичээ.29
Аврагч амьд гэдгийг би гэрчилж байна. Тэр шударга бус байдал гэж юу болохыг ойлгодог. Алганых нь шарх үргэлж Түүнд таныг болон таны нөхцөл байдлыг сануулж байдаг. Ямар ч зовлон зүдгүүр тохиосон бай Тэрээр танд тохинуулна. Түүн дээр ирсэн хүмүүсийн хувьд үзэсгэлэнт титэм гашуудлын үнсийг; хөөр баясал, баяр баясгалан уй гашуу, уйтгар гунигийг; баяр талархал, найр наадам цөхрөл, сэтгэлийн зовиурыг орлох болно.30 Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийнхээ хариуд та төсөөлж байснаасаа ч илүү их шагналыг хүртэх болно. Бүх шударга бус байдал, ялангуяа уур хүрмээр шударга бус байдал таны тусын төлөө ажиллах болно. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.